Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 205

 

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг  

Улсын яллагч С.Алтай  

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Цэрэндолгор

Шүүгдэгч Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Алтайгаас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б-д холбогдох эрүүгийн 2021001240217 дугаартай хэргийг 2020 оны 06 дугаар сарын 26-ны  өдөр хүлээн хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1982 оны .... дугаар сарын ....-ний өдөр Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, бага боловсролтой, мужаан мэргэжилтэй, “........” ХХК-д даамал ажилтай, ам бүл 10, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг Хан-Уулын ..... тоотод оршин суух, гавьяа шагналгүй, урьд Сүхбаатар аймгийн Сум дундын шүүхийн 1997 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн ..... дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1231 дүгээр зүйлийн 3-т зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгүүлж, тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулж байсан, мөн шүүхийн 1999 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 12 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1231 дүгээр зүйлийн 3-т зааснаар 4 жил 3 сарын хорих ялаар,

Сүхбаатар аймаг дахь Сум дундын шүүхийн 2006 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 80 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 4 сарын баривчлах ялаар тус тус шийтгүүлж байсан, Б /РД:.................................../.

Шүүгдэгч Б нь “.................” ХХК-д харуулаар ажиллаж байхдаа 2020 оны 01 дүгээр сард Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг ...................н ...... тоотод байрлах  “.........” ХХК-ийн эзэмшлийн гараашаас бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө буюу дулаалгын хулдаас 1 боодол, нарсан банз 150 ширхэг, ханын плита 21 хайрцаг 197 ширхэг, шалны плита 13 хайрцаг 202 ширхэг, угаагуур 3 ширхэг, өнгөлгөөний металл 43,2 метр куб, мөн уг хашаан дотор байсан жорлонгийн суултуур 1 ширхэг, худгийн таг бүхий хүзүүвч 2 ширхэг зэрэг эд хөрөнгийг завшиж хохирогч.................. 4.515.200 /дөрвөн сая таван зуун арван таван мянга хоёр зуу/ төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Б шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэв.

Хохирогч Н мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “... миний санаж байгаагаар 2016 оны 04 дүгээр сард Б манай компанийн даамлаар, харин эхнэр Э нь засал чимэглэлчээр ажилд орсон. Ингээд тухайн хоёр хүн гэр оронгүй байсан учраас хүүхдүүдийн хамтаар манай компанийн хашаанд байрлаж амьдрах болсон. Тухайн хашаанд манай компанийн эд зүйлс, техник хэрэгслүүд байдаг учраас Б давхар тухайн эд зүйлсийг хариуцан хамгаалж ажиллахаар болсон гэж ойлгож болно. Гэхдээ ямар нэгэн байдлаар гэрээ байгуулаагүй, амаараа тохиролцсон. ...2020 оны 01 дүгээр сарын сүүлээр манай ажилтан З “Н эгчээ нэг таксины жолооч манай компаний хашаанаас Б барилгын материал болон эд зүйлс аваад машинд ачуулаад хэд хэдэн удаа явсан гэж хэллээ. Мөн тухайн эд зүйлсээ бүгдийг нь зарсан байна” гэж хэлж байсан. Ингээд би 2020 оны 02 дугаар сарын эхээр компаний хашаанд очиж гарааш доторх эд зүйлсээ шалгах гээд очтол Б согтуу байсан. Ингээд эд зүйлсээ бүртгэхэд манай компаний эд зүйлс алга болсон байсан. Яг данс тооцоогоор бүртгээгүй. Ингээд Б алга болсон эд зүйлийг асуухад “аваагүй” гээд худлаа яриад байсан. Ингээд хэд хоногийн дараа тэрээр хамаг юмаа задгай хаяаад эхнэр, хүүхдүүдийн хамтаар нүүгээд явчихсан байсан. ...Би албан ёсоор 2020 оны 02 дугаар сарын 10-ны орчим гарааш доторх эд зүйлсээ Г, нярав Д нартай бүртгэхэд дулаалгын хулдаас 1 боодол, /1 боодол шинэ 2 метрийн өргөн, 20 метр урттай, 2,6 мм зузаантай/, нарсан банз 150 ширхэг /5см зузаантай, өмнөх мэдүүлэгт 2 метр куб гэж мэдүүлсэн байна/, ханын плита 21 хайрцаг 197 ширхэг /өмнөх мэдүүлэгт 10 хайрцаг гэж мэдүүлсэн байна/, шалны плита 13 хайрцаг, 202 ширхэг /өмнөх мэдүүлэгт мэдүүлээгүй байна/, угаагуур 3 ширхэг /өмнөх мэдүүлэгт мэдүүлээгүй байна/ өнгөлгөөний металл хавтан 43.2 м2 /өмнөх мэдүүлэгт мэдүүлээгүй байна/ 2019 оны 12 дугаар сарын бүртгэсэн бүртгэлээс дутсан байна. Ингээд гадна хашаан дотор байсан жорлонгийн суултуур 1 ширхэг, худгийн таг бүхий хүзүүвч 2 ширхэг алга болсон байсан. Тухайн гараашийн түлхүүр надад болон Г байдаг гэж хэлж болно. ...Хаалганы хажуу талд нэг том вакум цонх байдаг. Тухайн цонхоор Б орж гардаг байсан. Тухайн хашааны аюулгүй байдлыг Б хариуцан ажилладаг байсан...” гэжээ. /хх-ийн 11-14/

Гэрч З мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Одоогоос 14-15 хоногийн өмнө хувиараа таксинд явдаг найз Н би Хэрлэн сумын 6 дугаар баг Шүр зах дээр уулзсан юм. Тухайн үед тэрээр хэлэхдээ “Танай ажлын чинь хүн /Б/ намайг таксинд явж байхад суугаад сая Шүр зах дээр буулаа. Нэг хүнтэй утсаар ярьж байсан. Тэрээр хэлэхдээ “Хэдэн банз аваачих гэсэн юм, хэдийг аваачиж өгсөн, одоо мөнгөний хэрэг гараад байна, дээр хулдаас аваачиж өгсөн, одоо авахгүй гээд байна, 12-р байрны мужаан цехид аваачиж өгөхөөс” гэсэн утгатай зүйлс ярьсан талаар надад хэлсэн. Н яриад байгаа хүн нь надтай хамт ажилладаг Б гэх хүн байгаа юм. Тэрээр манай компанид мужаан, манаачийн ажил эрхэлдэг. Манай компаний хашаа Хэрлэн сумын 1-р .........................тоотод байдаг ба тухайн хашаанд Б эхнэр Э болон хүүхдүүдийн хамтаар амьдардаг байсан. Тэгээд би тухайн асуудлыг захирал Н мэдэгдсэн. Тэгээд захирал тухайн хашаа руу очиж эд зүйлс бүрэн байгаа эсэхийг шалгасан юм шиг байсан. Тэгээд эд зүйлс дутсан учраас Б тухайн хашаанаас явсан юм шиг байсан...” гэжээ. /хх-ийн 23-24/

Гэрч Д мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Тухайн үед Н, Г нар гарааш доторх эд зүйлсээ бүртгэж үзэхэд эд зүйлс алга болсон байсан ба алдагдсан эд зүйлсийн жагсаалтыг гаргасан. Тухайн зүйлсийг Б авсан байна гэж надад хэлж байсан. Миний сонссоноор хулдаас, плита, банз, угаалтуур, худгийн таг, жорлонгийн суултуур гэх зэрэг эд зүйлс алдагдсан байсан. Гэхдээ яг тоо ширхгийг нь  мэдэхгүй байна. Тухайн эд зүйлс 2019 оны 12 дугаар сард бүртгэхэд бүгд байсан...” гэжээ. /хх-ийн 31-32/

Б мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...би 2020 оны 01 дүгээр сард өөрийн эзэмшлийн Приус-11 маркийн ...... ДОР улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй Хэрлэн сумын нутагт явж байгаад хүний машин мөргөсөн бөгөөд тухайн осол нь миний буруу болж таарсан. Ингээд би тухайн хүнд тодорхой хэмжээний өрөнд орсон бөгөөд надад мөнгөний хэрэг гарсан. Ингээд осол болсны маргааш би “.......” ХХК-ийн хашаанд байрлах гараашийн цонхоор ороод 2 м урттай хулдаас 1 ширхэг, нарсан банз 150 ширхэг, хананы плита 197 ширхэг, шалны плита 202 ширхэг, угаагуур 3 ширхэг, өнгөлгөөний металл хавтан 30 ширхэг зэргийг авсан. Мөн хашаан дотор байсан худгийн таг, жорлонгийн суултуурыг авсан. Ингээд би Шүр зах руу очиж Портер маркийн тээврийн хэрэгсэл хөлслөөд тухайн эд зүйлсийг ачиж зах руу эргэн очоод уг эд зүйлсийг ойролцоогоор 1000.000 төгрөгт зарсан. Одоо тухайн зарсан хүнээ мэдэхгүй байна. Яагаад гэхээр би согтуу байсан. Тухайн мөнгөөс 100.000 төгрөгийг машиныг нь мөргөсөн хүнд өгч, машины засварт нь нэмж 150.000 төгрөг өгсөн. Улмаар үлдсэн мөнгөөрөө архи ууж, ахуйн хэрэглээний зүйл аваад дуусгасан. Би өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байна. Би Н гэрээ хийж сар бүр өөрийн ажлын хөлснөөс 500.000 төгрөг өгөхөөр болсон...” гэжээ. /хх-ийн 41-43/

Хэрлэн сумын Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 16/

Гэрч Г-н мэдүүлэг /хх-ийн 17-20/

Гэрч Б-н мэдүүлэг /хх-ийн 29-30/

Гэрч Б-н мэдүүлэг /хх-ийн 33-34/

Захиргааны зөрчлийн шийдвэрлэлтийн бүртгэл /хх-ийн 46-54/

“Б” ХХК-ийн барилгын материалын бүртгэл, гэрэл зураг /хх-ийн 57-62/

Хохирол барагдуулах тухай гэрээ /хх-ийн 72/

Дорнод аймгийн Хэрлэн сумын .....р багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 69/

Б-н иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /хх-ийн 70/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 63/

Хохирогч Н-н Дорнод аймгийн Прокурорын газарт гаргасан хүсэлт /хх-ийн 76/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.

 

Шүүгдэгч Б нь “Б” ХХК-д харуулаар ажиллаж байхдаа 2020 оны 01 дүгээр сард Дорнод аймгийн Хэрлэн сумын..........................тоотод байрлах  “Б” ХХК-ийн эзэмшлийн гараашаас бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө буюу дулаалгын хулдаас 1 боодол, нарсан банз 150 ширхэг, ханын плита 21 хайрцаг буюу 197 ширхэг, шалны плита 13 хайрцаг буюу 202 ширхэг, угаагуур 3 ширхэг, өнгөлгөөний металл хавтан 43,2 метр куб, мөн уг хашаан дотор байсан жорлонгийн суултуур 1 ширхэг, худгийн таг бүхий хүзүүвч 2 ширхэг зэрэг эд хөрөнгийг завшиж хохирогч Н 4515.200 /дөрвөн сая таван зуун арван таван мянга хоёр зуу/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн “...би “Б” ХХК-ийн хашаанд байрлах гараашийн цонхоор ороод 2 м урттай хулдаас 1 ширхэг, нарсан банз 150 ширхэг, хананы плита 197 ширхэг, шалны плита 202 ширхэг, угаагуур 3 ширхэг, өнгөлгөөний металл хавтан 30 ширхэг зэргийг авсан. Мөн хашаан дотор байсан худгийн таг, жорлонгийн суултуурыг авсан. Ингээд би Шүр зах руу очиж Портер маркийн тээврийн хэрэгсэл хөлслөөд тухайн эд зүйлсийг ачиж зах руу эргэн очоод уг эд зүйлсийг ойролцоогоор 1000.000 төгрөгт зарсан...” гэх мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн хохирогч Н “...гарааш дотор эд зүйлсээ Г, нярав Д нартай бүртгэхэд дулаалгын хулдаас 1 боодол, нарсан банз 150 ширхэг, ханын плита 21 хайрцаг 197 ширхэг, шалны плита 13 хайрцаг 202 ширхэг, угаагуур 3 ширхэг,  өнгөлгөөний металл хавтан 43.2 м2 бүртгэлээс дутсан. Гадна хашаан дотор байсан жорлонгийн суултуур 1 ширхэг, худгийн таг бүхий хүзүүвч 2 ширхэг алга болсон байсан. Тухайн гараашийн түлхүүр надад болон Г байдаг гэж хэлж болно...” гэх мэдүүлэг, Хэрлэн сумын Эд зүйлийн үнэлгээ, гэрч Г, З, Д, Б, Б нарын мэдүүлэг,  “Б” ХХК-ийн барилгын материалын бүртгэл, гэрэл зургийн үзүүлэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.       

Шүүгдэгч Б нь бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд юмсыг хувьдаа ашиг олох шунахайн сэдэлт, зорилгоор хууль бусаар ашиглалтад оруулж өмчлөгчид нөхөн төлбөрийг өгөхгүйгээр өөрийн эзэмшил, өмчлөлд оруулсан байх бөгөөд дээрх гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан бусдын эд хөрөнгөд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хохирол, хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгджээ.

Шүүгдэгч Б холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Дорнод аймгийн Прокурорын газрын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул  шүүгдэгч Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 болон 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ... прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан ба шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгч Б- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах саналыг гаргасан.

            Шүүхээс шүүгдэгч Б-нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн, хохирогч Н 4.465.000 төгрөгийн хохирол төлбөр барагдуулах талаар харилцан тохиролцсон гэрээ байгуулсан зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж заасныг журамлан шүүгдэгч Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан оршин суугаа газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэх нь гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзлээ.

 Шүүгдэгч Б үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч  Н-д 4515.200 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж мөрдөн шалгах ажиллагааны шатанд “Хохирол барагдуулах тухай гэрээ”-г хохирогч Н-тэй харилцан тохиролцон байгуулсан болохыг дурдах нь зүйтэй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэлээ.

Монгол Улсын  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр  зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б-г Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн  1  дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Б-д тэнссэн 1 /нэг/ жилийн хугацаанд оршин суугаа газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч Б-т мэдэгдэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан этгээдэд хяналт тавихыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Г.Батзориг нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Н-д 4.465.000 төгрөгийн хохирол төлбөр барагдуулахаар харилцан тохиролцон гэрээ байгуулсан болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн ЛМ.............. регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                П.ПАГМА