Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 2017/ДШМ/070

 

Ц.Бод холбогдох эрүүгийн хэргийн тухай

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч М.Мөнхдаваа даргалж, шүүгч Д.Эрдэнэбилэг, Т.Даваасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор *******

Шүүгдэгч Ц.Б

Шүүгдэгчийн өмгөөлөгч *******

Нарийн бичгийн дарга Д.Сайннямбуу нарыг оролцуулан;

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2017 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 170 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ц.Бын гаргасан давж заалдах гомдлоор Ц.Бод холбогдох эрүүгийн 1714000000002 дугаартай хэргийг 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч М.Мөнхдаваагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, Ц.Б, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавьяа шагналгүй,

2009 оны 1 дүгээр сарын 19-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 5 сар баривчлах,

2010 оны 7 дугаар сарын 16-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сар хорих,

2012 оны 12 дугаар сарын 11-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 6 сар 5 хоног хорих,

2016 оны 10 дугаар сарын 5-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 2 сар баривчлах, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 2 сар баривчлах, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 7 жил хорих ялаар тус тус шийтгүүлж, хөнгөн ялыг хүндэд нь багтаан биечлэн эдлэх ялыг 7 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоож байсан, хэрэг хариуцах чадвартай,

Ц.Б нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Дуурсах 3 дугаар багийн 11 дүгээр гудамжны 7 тоот хашаанд 2017 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 23 цагийн үед Д.Ог харгис хэрцгий аргаар, тохуурхан доромжилж, хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж хүчиндсэн,

Мөн 2017 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 22 цагийн үед Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Дуурсах 3 дугаар багт байрлах “Булаг” хүнсний дэлгүүрийн орчимд Х.Пг зодож бие махбодид нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

Баянхонгор аймгийн прокурорын газраас Ц.Бод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8, 2.10, мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх: Зэндмэн овогт Ц.Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах, хүчиндэх гэмт хэргийг харгис хэрцгий аргаар, хохирогчийг тохуурхан доромжилж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 696 цаг нийтэд тустай ажил хийлгэх, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2.8, 2.10 дахь хэсэгт зааснаар зургаан жил хорих ялаар Ц.Быг тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2.2 дахь хэсэгт зааснаар Ц.Бод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 696 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг нэг хоногоор тооцон 87 хоногийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2.8, 2.10 дахь хэсэгт зааснаар оногдуулсан зургаан жил хорих ял дээр нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 6 жил 87 хоног хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ц.Бод оногдуулсан 6 жил, 87 хоног хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц.Бын цагдан хоригдсон 57 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, Ц.Б нь гэмт хэргийн улмаас нотлох баримтаар бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хохирогч нар нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурьдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан чулуу, хутгыг устгаж, тоос сорогчны төмөр хоолойг хууль ёсны эзэмшигчид нь буцаан олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Бод цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэж, түүний эдлэх ялыг 2017 оны 9 дүгээр сарын 19-ний өдрөөс эхлэн тооцож шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Ц.Б гаргасан давж заалдах гомдолдоо: Миний бие нь хэдийгээр олон удаа шийтгэгдэж байсан боловч хийсэн хэрэгтээ үнэн сэтгэлээсээ гэмшиж байна. Архийг шунахайран өөрийн мэдрэлгүй болтлоо ууж, сүүлд нь ийм хэрэгт холбогдчихоод гэм нь урдаа гэмшил нь хойноо гэдэг шиг хэдэн жилийнхээ амьдралынхаа өдрүүдийг торны цаана өнгөрөөх болоод байгаадаа маш их харамсаж сууна. Урьд нь эд хөдөлмөрлөж явах наснаасаа л хэрэгт холбогдон ял шийтгүүлж хайран алтан үеэ алдаж байсан болохоор одоо л нэг хүн шиг амьдаръя гээд гарч ирээд ердөө дөрөвхөн хоноод л ийм хэрэгт холбогдоно гэж үнэхээр бодсонгүй, үнэхээр их гэмшиж байна. Одоо бас л хэдэн жилийн хугацааг торны цаана өнгөрөөнө гэж бодохоос нэг л харамсалтай санагдаж, зүүд байгаасай ч гэж хүртэл хааяа бодож суух юм. Гэлээ гэхдээ надад хариуцлагаас мултрах бодол байхгүй ч надад оногдуулсан зургаан жилийн ялаас хасаж өгөхийг л хүсэж байна. Намайг шоронд байх үед минь аав минь нас барсан. Одоо би ганцаараа амьдардаг. Энэ цагдан хорих байранд хоригдож байхдаа маш олон зүйлийг бодож тунгаалаа. Үеийн залуусаа харахад үнэхээр сайхан харагдаж байна.

Өөрийн гэсэн ажил амьдралтай, хийсэн эрхэлсэн хувийн бизнестэй хэний ч өмнө нүүр улайхааргүй амьдарч явааг нь харахад өөрийн эрхгүй өөртөө гутрах сэтгэл төрж суух юм. Мөн өөрөөсөө маш их ичдэг юм. Өнгөрсөн хугацаанд хорих байгууллагаар дамжиж явахдаа үеийнхээ сайхан сайхан залуусаар туугдаад мал шиг явахдаа өөрийн эрхгүй огшиж амьдарлаа өөрийн эрхгүй өөрчилье гэсэн чин хүслээр дүүрч байсан үе минь саяхан. Гэвч өөрийнхөө буруугаас болж, архи ухаанаа алдтал уусны хар гайгаар хийсэн хийгээгүй нь мэдэгдэхгүй хэрэгт холбогдон бүхэл бүтэн амьдралынхаа 6 жилийг торны цаана өнгөрөөх болчихоод яахаа мэдэхгүй шаналан суух үнэхээр хэцүү байна. Миний хувьд эхнэр авч, сайн сайхан амьдарна гэсэн бодол маш их байсан. Ямар нэгэн мэргэжил олгох сургалтанд хамрагдаж, ажил хөдөлмөр эрхэлж, амьдрал ахуйгаа өөд татаж хүн шиг сайхан амьдрах боломж бололцоо нас надад байна.

Эрхэм шүүгч та энэ байдлыг минь харгалзан үзэж, надад амьдрах итгэл, боломж олгон оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү гэжээ.

Шүүгдэгч Ц.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Анхан шатны шүүхээс оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү гэв.

Шүүгдэгч Ц.Бын өмгөөлөгч ******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Давж заалдах шатны шүүхээс хуульд заасан эрх хэмжээний хүрээнд Ц.Бод оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор ******* гаргасан дүгнэлтэндээ: Шүүгдэгч Ц.Бын гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй байна. Ц.Б нь урьд нь дандаа хүнд гэмт хэрэгт ял шийтгүүлж байсан тул хувийн байдлыг нь харгалзан үзэж түүний гомдлыг хэрэгсэхгүй болгуулж, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээлгэх дүгнэлтийг гаргаж байна гэв.

ХЯНАВАЛ:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хуульд заасан үндэслэл журмын дагуу тухайн хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, шүүгдэгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан шийдвэрлэлээ.

Ц.Бод холбогдох хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хооронд нь харьцуулан судлан үзвэл мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчих, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн алдаа зөрчил гаргасан байхад хэргийг эцэслэн шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.

Тухайлбал: Баянхонгор аймгийн прокурорын газрын хяналтын прокурор ******* 2017 оны 7 дугаар сарын 16-ны өдөр 04 тоот тогтоолоор Ц.Б нь бэлгийн дур хүслээ ёс бусаар хангах гэмт хэргийг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татах тогтоол үйлдсэн /уг тогтоолын эрүүгийн хэргийн дугаар нь засвартай сүүлийн орон нь хэдийн тоо болох нь мэдэгдэхгүй хх-ийн 2-р тал/, мөн 2017 оны 7 дугаар сарын 26-ны өдөр 1714000000018 дугаар тогтоолоор Ц.Б нь хүний биед хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар тус тус татжээ. /хх-ийн 3-р тал/

Гэтэл хавтаст хэргийн 1 дүгээр талд авагдсан “Эрүүгийн хэргийг нэгтгэх тухай” Баянхонгор аймгийн прокурорын газрын 2017 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 21 тоот тогтоолд Ц.Бод холбогдох эрүүгийн 1714000000018 дугаартай хэргийг яллагдагч Ц.Бод холбогдох эрүүгийн 1714000000004 дугаартай хэрэгт нэгтгэсэн атлаа /хх-ийн 1-р тал/ мөрдөгч Ц.Баттөмөр нь Ц.Бод холбогдох 1714000000002 дугаартай хэргийг шүүхэд шилжүүлэх саналыг прокурорт гаргаж прокуророос 1714000000002 дугаартай хэрэгт яллах дүгнэлт үйлдэн /хх-ийн 184-189-р тал/ хэргийг шүүхэд шилжүүлсэн хэргийн дугаарууд илт зөрүүтэй байна.   

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “...шүүх, прокурор, мөрдөгч хохирогчоор тогтоох тухай шийдвэр гаргана...” гэж хуульчилсан байхад тухайн хэрэгт Д.Ог дээр дурдсан эрх бүхий албан тушаалтнуудын ямар нэгэн шийдвэр гараагүй байхад хохирогчоор мэдүүлэг авч /хх-ийн 22-27/, тухайн хэрэгт хохирогчоор оролцуулсан нь хуулийн дээрх заалтыг зөрчсөн зөрчил болжээ.  

Баянхонгор аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 328 тоот дүгнэлтээр “...Д.Огийн биед зүүн VII-VIII хавирганы хугарал, цээж, бугалга, гуяанд цус хуралт, зүүн шанаа, чамархай, гуя, өвдөг, шилбэ тохой, дал нуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо..., ...гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” /хх-ийн 50-51-р тал/ гэжээ.

Гэтэл мөрдөн байцаалт болон прокурорын шатанд Ц.Бын үйлдсэн дээрх гэмт хэрэгт ял сонсгож, яллагдагчаар татан яллах дүгнэлт үйлдэлгүй орхигдуулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “...энэ хуулийн тусгай ангид заасан хэд хэдэн гэмт хэргийн шинжийг нэг удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэнд тооцно...” гэж заасныг зөрчсөн буюу өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзнэ.  

Мөн мөрдөгчөөс мөрдөн шалгах ажиллагаа явуулж дууссаны дараа холбогдох саналыг гаргаагүй байхад хавтаст хэрэгт прокуророос 2017 оны 8 дугаар сарын 17-ны өдөр 96 тоот яллах дүгнэлт /хх-ийн 184-189-р тал/ үйлдсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг зөрчсөнд тооцогдоно.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, магадлалд заасан үндэслэлээр Ц.Бод холбогдох эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Нөгөөтэйгүүр, анхан шатны шүүх Ц.Бод холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэл, журмын дагуу шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хэлэлцэж, хэргийг прокурорт буцаах эсэхийг хянан шийдвэрлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.

Ийнхүү давж заалдах шатны шүүхээс хэргийг шийдвэрлэсэнтэй холбоотойгоор шүүгдэгч Ц.Бын гаргасан давж заалдах гомдлуудад дурьдсан үндэслэлийг энэ удаад хянан шийдвэрлэх боломжгүй байгаа болно.

Ц.Бын хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн шинжийг харгалзан хэргийг анхан шатны шүүхэд очтол түүнд хэрэглэсэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэн шийдвэрлэсэн болно.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн

1 дэх хэсгийн 1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны  9 дүгээр сарын 19-ний өдрийн 170 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Хэргийг анхан шатны шүүхэд очтол Ц.Бод хэрэглэсэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХДАВАА    

                  ШҮҮГЧИД Д.ЭРДЭНЭБИЛЭГ

                              Т.ДАВААСҮРЭН