Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Эрдэмбилэгийн Лхагвасүрэн |
Хэргийн индекс | 124/2021/0086/З |
Дугаар | 221/МА2022/0187 |
Огноо | 2022-03-10 |
Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 03 сарын 10 өдөр
Дугаар 221/МА2022/0187
Ш.Аийн гомдолтой
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Д.Баатархүү
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч А.Сарангэрэл
Илтгэсэн шүүгч Э.Лхагвасүрэн
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: гомдол гаргагч Ш.А
Хэргийн оролцогчид
Гомдол гаргагч Ш.А
Хариуцагч Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн бүртгэлийн мэргэжилтэн, нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагч Ч.Э
Гомдлын шаардлага: Нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагч Ч.Эын 2021 оны 11 дүгээр сарын 4-ний өдрийн 000946 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 72 дугаар шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Гомдол гаргагч Ш.А
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Улаанмуна
Хэргийн индекс: 124/2021/0086/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Гомдол гаргагч Ш.Аээс Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн бүртгэлийн мэргэжилтэн, нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагч Ч.Эт холбогдуулан “...2021 оны 11 дүгээр сарын 4-ний өдрийн 000946 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.
2.Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 72 дугаар шийдвэрээр:
“...Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 25, Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Сонгуулийн тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.3 дахь хэсгүүдэд заасныг тус тус баримтлан гомдол гаргагч Ш.Аийн “Увс аймгийн нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагч Ч.Эын 2021 оны 11 сарын 4-ний өдрийн 0000946 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай гомдлыг хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.
3.Давж заалдах гомдлын агуулга: Гомдол гаргагч Ш.А дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
3.1.“...Монгол Улсын иргэн хэн боловч Монгол Улсын Үндсэн хуульд заасан “Тэгш шударга байх, ...талуудын тэгш байдлыг хангах, сонгох, сонгогдох эрхтэй” гэснийг зөрчсөн АНСДИТХСТ хууль нь бүхэлдээ сонгуулийг зохион байгуулах бүхий л үйл ажиллагааг хуульчилсан, мөн Зөрчлийн тухай хуулийн 25-д “Нам эвсэл, нэр дэвшигч нь сонгуулийн зардлын тайлангаа хуульд заасан хугацаанд төрийн аудитын байгууллагад хүргүүлэх үүргээ биелүүлээгүй бол хүнийг 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг 100.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж хуульчилсан.
3.2.Миний бие МАН-ын нэрийн өмнөөс Улаангом сумын 5 дугаар багт нэр дэвшиж өрсөлдсөн. Бид сонгуульд анх орохдоо бүх материалаа бүрдүүлж Улаангом сумын МАН-ын хороогоор дамжуулан бүртгүүлж нэр дэвших эрхээ олж авснаар сонгуульд өрсөлдсөн. Сонгууль эрхэлсэн байгууллага нь МАН байсан.
3.3.Гэтэл хариуцагч Ч.Э болон Төрийн аудитын газрын ахлах аудитор Т.Намжил нарын тайлбараар “...Намуудад тайлан авах талаар албан тоот, хавсралтаар журам маягтуудыг хүргүүлсэн” гэж дурдсан боловч энэ журам маягтуудтай огт танилцаагүй бөгөөд надад энэ талаар хэн ч хэлээгүй. Би үүний төлөө 10 сая төгрөгөөр торгох шийтгэл хүлээж байгаадаа гомдолтой байна.
3.4.Үндсэн хууль, Сонгуулийн тухай хуульд “Шударга ёс, тэгш байдлыг хангадаг” бол сонгуулийн хороо, сонгууль эрхэлсэн байгууллага болох МАН-ын хороо, аудитын байгууллага нар тэгш, шударгаар хандаж дээрх албан тоот, журмын маягтуудыг бидэнд, тухайлбал надад илгээх боломжтой байсан. Хэрэв би тухайн албан тоот, журам зэргийг мэдсэн тохиолдолд хуульд заасан хариуцлага хүлээхэд бэлэн.
3.5.Эрх бүхий албан тушаалтнуудын ширээнээс ширээ дамжсан журмын төлөө ганцхан надад хариуцлага хүлээлгэх нь тэгш байдлын зарчмыг зөрчсөн гэж үзэж байна. Иймд надад арга хэмжээ авахаас өмнө зөвлөмж байдлаар мэдэгдсэн эсэх, сонгууль эрхэлсэн байгууллага тайлан авах талаар албан тоотыг танилцуулсан эсэхийг тогтоох ёстой байтал тогтоогоогүйд гомдолтой байна.
3.6.Зөвхөн туслах үүргээ аудитын байгууллагаас гадна сонгууль эрхэлсэн байгууллага болох МАН-ын хороо биелүүлээгүй гэж байна. Аль ч тохиолдолд эрх, үүргийг тэнцүү байдлаар шударга ёсны зарчимд үндэслэн тэгш эрхийн хүрээнд шийдэх ёстой. Бодит нөхцөл байдал дээр аймгийн аудитын газраас иргэн, хуулийн этгээдэд хүлээлгэх хариуцлага, түүнчлэн замын цагдаа, мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч нар ямар тохиолдолд торгууль ногдуулах эрх үүсэх талаар олон нийтийн хэрэгслээр дамжуулж иргэдэд мэдээлэх шаардлагатай.
3.7.Торгуулийн шийтгэл ногдуулж байгаа нь ойлгомжгүй, иймд тэгш байдлын зарчим алдагдсан түл гомдож байна. Хуульчилсан зарчмаа зөрчиж шийддэг ёс байхгүй, эс бөгөөс шударга байдлаар сонгууль эрхэлсэн байгууллага мөн хариуцлага хүлээх учиртай.
3.8.Аливаа хэргийн нотлох баримтыг хуулийн дагуу бүрдүүлж, буруутай этгээдэд ногдуулдаг нь хуулийн зарчим төдий зайлшгүй шалгаж шийдвэрлэдэг тул доорх асуудлуудыг шалгаж тогтоолгохоор хэрийг аудитын газарт буцааж өгнө үү. Үүнд:
А. Аудитын газраас намуудад ирүүлсэн тоотыг хэнд, хэзээ өгсөн эсэх,
Б. Зөрчлийн талаар надад танилцуулсан эсэх,
В. Зөрчил гаргахаас урьдчилан сэргийлэх ямар арга хэмжээг аймгийн сонгуулийн хороо, сонгууль эрхэлсэн байгууллага болох МАН хороо хэрхэн ажилласныг тогтоох,
Г. Аймгийн аудитын газар зөвлөл зөрчлийн хэрэг гарахаас урьдчилан сэргийлэх үүргээ хэрхэн биелүүлснийг шалгаж хэрэгт хавсаргах, өөрөөр хэлбэл энэ талаар ямар ч асуудалд аудитын байгууллага шийтгэл ногдуулахаас өөр үүрэггүй байгаад иргэний хүний хувиас харамсаж байна, түүнчлэн төрийн байгууллагад хор хохирол учруулсан зүйл байхгүй, энэ тохиолдолд надад шийтгэлийн хуудас ногдуулсанд гомдолтой байна.
Д. Миний зүгээс хариуцлага хүлээх зүйл огт хийгээгүй, харин ч Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа 318 хуулийг жирийн иргэн болон хуульчид ч бүрэн мэдэх боломжгүй. Үүний төлөө би хохирох ёсгүй гэж үзэж байна.
3.9.Би Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон онцгой эрх болох сонгох, сонгогдох эрхээ эдэлсний төлөө ашиг, орлогогүй болох нөхцөл байдалд орсон, тэр тусмаа хэн ч, ямар ч хохирол учруулаагүй атлаа 10 сая төгрөгөөр торгуулсандаа харамсаж байна. Учир нь би энэ хэмжээний торгуулийн мөнгийг төлөх боломжгүй.
3.10.Сонгуулийн үеэр миний дансанд нийт 1.701.000 төгрөгийн орлого орсон, улмаар энэ хэмжээний мөнгийг данснаасаа гаргаж дансаа хаалгасан, гэвч энэ тохиолдолд намайг 10 сая төгрөгөөр торгосон нь шударга ёсны зарчимд нийцэхгүйгээс гадна би энэ хэмжээний мөнгийг хаанаас, ямар эх үүсвэрээс олж төлөхөө мэдэхгүй байна, үнэндээ би ажил хөдөлмөр эрхэлдэггүй, ам бүл 7уулаа амьдардаг жирийн нэгэн эмэгтэй юм.
3.11.Хуулийг бодит нөхцөл байдалд нийцүүлж батлах шаардлагатай, эс бөгөөс биднийг амиа хорлох нөхцөл байдалд хүргэж байна, түүнчлэн энэ ногдуулсан торгуулийг төлөхөд миний амьдарч буй 6 ханатай гэрийг зараад ч төлж дийлэхгүй. Үүнийг яах ёстойг шүүх анхаарч үзэх ёстой байсан гэж үзэж байна. Миний хувьд өөрийгөө ард түмний дуу хоолой болох зорилгоор тус сонгуульд өрсөлдсөн.
3.12.Аливаа гэмт хэрэг зөрчилд холбогдсон хүнд ял шийтгэлийг оногдуулахдаа Зөрчлийн тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 2-т “Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд зөрчлийн шинж, хохирлын хэм хэмжээг харгалзана” гэж хуульчилсан. Харин би эс үйлдэхүйгээр ямар шинжид хамаарах, түүнчлэн ямар хэмжээний хохирол учруулж байгаагаа ойлгохгүй байна.
3.13.Тухайн тайланг нөхөн гаргаж өгч болдоггүй юм уу, субьектив нөхцөл байдал тогтоогдоогүй байхад эс үйлдэхүй гэж таамаглан хуульд заасан хариуцлага хүлээлгэж байгаа нь буруу. Хуулийн туршилтад жирийн иргэд бид Үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдэлснийхээ төлөө золиослогдох ёсгүй. Тэр тусмаа төрийн нэрийн өмнөөс ард түмнийхээ улс төрийн эрхийг зөрчиж шийдвэр гаргаж байх шүүх гэж байх ёсгүй.
3.14.Жил бүр сонгуулийн тайлангаа өгөхийг иргэн, хуулийн этгээдэд сануулах зорилгоор олон нийтийн хэрэгслээр дамжуулж мэдээлэл өгч байвал зохино, бид хариуцлага хүлээх ёсгүй, нөгөөтээгүүр хуулийг дагаж мөрдөх үүрэгтэй боловч бүгдийг мэдэх, дагаж мөрдөх, хэвшүүлэх боломж байхгүйг анхаарч үзнэ үү.
Иймд Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 72 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
1.Шүүхийн шийдвэрт Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай болон Зөрчлийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн, нэхэмжлэгч Ш.А 2020 оны орон нутгийн ээлжит сонгуульд МАН-аас нэр дэвшиж оролцохдоо хуульд заасан хугацаанд сонгуулийн зардлын тайландаа аудитын дүгнэлт гаргуулан Увс аймаг дахь Төрийн аудитын газарт хүргүүлээгүй зөрчил гаргасан нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон байх тул түүнд 10 сая төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан нь хуульд нийцжээ.
2.Тухайлбал Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 25-д “…нэр дэвшигч нь сонгуулийн зардлын тайлангаа хуульд заасан хугацаанд төрийн аудитын байгууллагад хүргүүлэх үүргээ биелүүлээгүй бол хүнийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, …торгоно” гэж заасан бөгөөд сонгууль эрхэлсэн төв байгуулага болох аймгийн МАН-ын хороо болон аймгийн аудитын газраас сонгуулийн зардлын тайланг гаргах талаар урьдчилан танилцуулж, шаардсан эсэх, сонгуульд ялсан эсэхээс үл хамаарч зардлын тайлангаа заасан хугацаанд хүргүүлэх нь нэр дэвшигчийн хувьд Ш.Аийн үүрэг болно.
3.Уг хуулийн 3.1 дүгээр зүйлийн 2-т “Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд зөрчлийн шинжийг харгалзан энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу шийтгэл оногдуулна”, 3-т “Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийг үүргээ биелүүлээгүйтэй нь холбогдуулж шийтгэл оногдуулсан нь уг үүргээ биелүүлэхээс чөлөөлөх үндэслэл болохгүй”, 1.2 дугаар зүйлийн 1-д “Зөрчлийн шинжийг энэ хууль, бусад хууль, захиргааны хэм хэмжээний актаар тодорхойлно”, 1.3 дугаар зүйлийн 1-д “Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээ нь зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж, хохирлын хэр хэмжээнд тохирсон байна”, 2-т “Энэ хуульд заасан зөрчил тус бүрд шийтгэл оногдуулна”, 2.1 дүгээр зүйлийн 2-т “Хүн, хуулийн этгээд нь хууль, захиргааны хэм хэмжээний актыг биелүүлэх боломжтой байсан боловч түүнийг биелүүлэх зохих арга хэмжээг хэрэгжүүлээгүй бол зөрчил үйлдсэнд тооцно”, 2.3 дугаар зүйлд шийтгэлээс чөлөөлөх үндэслэлийг тус тус хуульчилсан байна.
4.Хуулийн эдгээр зохицуулалт болон нэхэмжлэгчээс сонгуулийн зардлын тайлангаа заасан хугацаанд холбогдох байгууллагад ирүүлээгүй шалтгаанаа тайлбарласан давж заалдах гомдлын агуулгаас үзэхэд үүнийг зөрчлийн шинжгүй, бусдад хохирол учруулаагүй тул шийтгэл ногдуулах үндэслэлгүй гэж дүгнэх боломжгүй.
Өөрөөр хэлбэл Зөрчлийн тухай хуульд заасан шийтгэлээс чөлөөлөх үндэслэлд энэ тохиолдол хамаарахгүй, нэхэмжлэгчийн гаргасан зөрчлийг дээрх болон бусад хууль, хэм хэмжээний актаар зөрчлийн шинжгүй гэж тодорхойлоогүй болно.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 72 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, гомдол гарагч Ш.Аийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан гомдол гаргагчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70 200 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэсэн үндэслэлээр хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 5 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ
ШҮҮГЧ А.САРАНГЭРЭЛ
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН