Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 845

 

Б.Түвшинбаярын нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Г.Даваадорж, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 181/ШШ2017/00512 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Б.Түвшинбаяр,

Хариуцагч Д.Отгонбаатарт холбогдох,

 

1 146 625 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

 

Хариуцагч Д.Отгонбаатарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Б.Түвшинбаяр,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Отгонцэцэг,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Янжинлхам нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2014 оны 09 дүгээр сараас өөрийн хашаанд Д.Отгонбаатар гэдэг айлыг буулгаж, сарын 30 000 төгрөгийн түрээсийн төлбөр авахаар тохиролцсон. Д.Отгонбаатар нь түрээсийн төлбөр төлөхгүй, бас түрээслэхдээ цахилгааны төлбөр хамт төлөх байсан боловч төлөөгүй. Иймд 2014 оны 11, 12, 2015 оны 01-02, 2016 оны 01-12, 2017 оны 01-05 дугаар сарууд буюу  31 сарын түрээсийн төлбөрт 930 000 төгрөг, 2016 оны 10 дугаар сарын цахилгааны төлбөр 16 625 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Б.Түвшинбаярын хашаанд 2014 оны 09 дүгээр сараас хойш сарын 30 000 төгрөгийн түрээсийн төлбөр төлөхөөр амьдарч байсантай бол маргахгүй. Энэ хугацаанд түрээсийн төлбөрөө бүрэн төлж ирсэн, 2016 оны 10 дугаар сараас хойш бол төлбөрөө төлөөгүй байгаа. Цахилгааны төлбөрийг хувааж төлдөг байсан. 200 000 төгрөг зээлсэн гээд байгааг би аваагүй, Б.Түвшинбаярын ах авсан. Иймд нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1, 302 дугаар зүйлийн 302.1, 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.Отгонбаатараас 800 000  төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Түвшинбаярт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 306 625 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 33 920 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 23 750 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.   

 Хариуцагч Д. Отгонбаатар давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Д.Отгонбаатар миний бие нь Б.Түвшинбаярын хашаанд хөлсөөр сууж байх хугацаандаа сарын 30 000 төгрөгийг сар бүр өгч байсан. Шүүхээс тогтоосон 800 000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. Шүүх Б.Түвшинбаярын талд шийдвэр гаргасанд гомдолтой байна. Иймд энэ шийдвэрийг үнэн зөв шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсгийн шаардлагад нийцсэн, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч Б.Түвшинбаяр нь хариуцагч Д.Отгонбаатараас 1 146 625 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ хариуцагч нь манай хашаанд бууж, сарын 30 000 төгрөг төлөхөөр тохиролцсон боловч төлбөрөө төлөөгүй 2014 оны 11 дүгээр сараас 2017 оны 05 дугаар сар хүртэл нийт 31 сарын хугацааны төлбөрт 930 000 төгрөг, 2016 оны 10 дугаар сарын цахилгааны төлбөр 16 625 төгрөг, зээлж авсан 200 000 төгрөг, нийт 1 146 625 төгрөг болно гэснийг хариуцагч эс зөвшөөрч маргахдаа хашаанд нь буусны сарын хөлс 30 000 төгрөгийг тухай бүр төлж байсан, харин 2016 оны 10 дугаар сараас хойшхи төлбөрийг төлөөгүй байгаа, 200 000 төгрөгийг миний бие зээлж аваагүй гэжээ.

Хариуцагч Д.Отгонбаатар нь 2014 оны 09 дүгээр сараас Б.Түвшинбаярын  хашаанд бууж, сарын 30 000 төгрөгийн хөлс төлөхөөр амаар тохиролцсон болохоо үгүйсгээгүй ба зохигчдын хооронд Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1 дэх хэсэгт заасан эд хөрөнгө хөлслөх гэрээний харилцаа үүссэн гэж үзэх тул хөлслөгч нь бусдын хашаанд бууж амьдарсан хугацаанд хэлэлцэн тохиролцсон хөлсийг төлөх үүрэгтэй.

Хариуцагчаас 2016 оны 10 дугаар сарыг хүртэл хөлсийг төлж байсан гэх тайлбараа нотолсон баримтыг шүүхэд гаргаагүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар  татгалзлаа баримтаар нотлоогүй байна.

Гэрч Т.Наранцэцэгээс 60 000 төгрөгийг Д.Отгонбаатарт төлөхийг харсан гэж мэдүүлсэн боловч гэрчийн мэдүүлгийг батлах өөр баримт хэрэгт авагдаагүй, уг мэдүүлэг эргэлзээтэй байх ба мөн 2017 оны 3-5 дугаар сарын хөлсийг урьдчилан нэхэмжилжээ.

Иймд шүүх нэхэмжлэлийг 2014 оны 11 дүгээр сараас 2017 оны 02 дугаар сар хүртэл хугацааны 28 сарын төлбөр 840 000 төгрөгөөр хангах үндэслэлтэй гэж дүгнэсэн нь зөв бөгөөд хэргийн баримтыг Иргэний хэрэг шүүхэд шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журамд нийцүүлэн үнэлсэн гэж үзнэ.

Харин нэхэмжлэгч зээлсэн гэж 200 000 төгрөг, цахилгааны төлбөр 16 625 төгрөг нэхэмжилсэн боловч Д.Отгонбаатарт мөнгө зээлдүүлсэн болон цахилгааны төлбөр төлсөн гэдгээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх зааснаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй тул шүүх нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг  хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй байна.

Шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгт хариуцагчаас 840 000 төгрөгийг гаргуулахаар дүгнээд тогтоох хэсэгтээ 800 000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь техникийн алдаа хэдий ч нэхэмжлэгч энэ талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 161 дүгээр зүйлийн 161.1 дэх хэсэгт заасны дагуу давж заалдах гомдол гаргаагүй тул энэ хэсэгт өөрчлөлт оруулаагүйг дурдах нь зүйтэй.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны  шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 181/ШШ2017/00512 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас төлсөн 24 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Н.БАТЗОРИГ

                                    ШҮҮГЧИД                                           Г.ДАВААДОРЖ

                                                                                                А.ОТГОНЦЭЦЭГ