Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 117

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 180/2020/0062/Э

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны шүүгч Д.Ганзориг даргалж  шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:

Нарийн бичгийн дарга                                         Г.Отгонзаяа,

Улсын яллагч                                           Ж.Батбаатар,

Шүүгдэгчийн өмгөөлөгч                                      Г.Бадамгэрэл,

Шүүгдэгч                                                   М.Н нарыг оролцуулан

      Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ж.Батбаатараас  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр 1 дэх  хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Н-д  холбогдох 1939........дугаартай эрүүгийн хэргийг  хүлээн авч  хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, М.Н

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч М.Н нь 2019 оны 11 дүгээр сарын 07-ны орой Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг Хийдийн 25 дугаар гудамжны 10 тоот хашааны гадна байсан 39-45 ХЭА улсын дугаартай тээврийн хэрэгсэл дотроос цүнхтэй эд зүйл, 310.000 төгрөг хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч М.Н нь 2019 оны 11 дүгээр сарын 07-ны орой Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг Хийдийн 25 дугаар гудамжны 10 тоот хашааны гадна байсан 39-45 ХЭА улсын дугаартай тээврийн хэрэгсэл дотроос цүнхтэй эд зүйл хулгайлж 1.218.600 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

1. Хохирогч С.Пийн   мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Би 2019 оны 11 дүгээр сарын 07-ны орой 17 цагийн орчим баруун талын хашааны найз Базарын хашааны урд өөрийн тээврийн хэрэгслийг тавиад найз Базарын гэрт орж хоол идсэн. Би Vith маркийн 39-54 ХЭА улсын дугаартай мөнгөлөг саарал өнгийн автомашинтай. Базартай нийлж 1 шил архи хувааж уусан юм. Тэгээд бид хоёр юм ярилцаж нэлээд суусан. Тэгээд 21 цаг 30 минутын орчим би өөрийн автомашиныг Базарын хашаанд оруулж тавихаар гарсан. Тэгээд машинаа асааж унаад Базарын хашаанд оруулж ирээд өөрийн цүнхтэй эд зүйлээ харсан чинь байхгүй болсон байсан. Тэгээд цагдаад дуудлага өгсөн. Шаргал өнгийн жижиг хэмжээтэй үүргэвчтэй арьсан цүнх алдсан. Цүнхэн дотор миний сахлын машин, гар утасны дугаар тэмдэглэсэн дэвтэр байсан. Мөн чулуун хөөрөг байсан. Мана чулуун хөөрөг нэлээд том хэмжээтэй хөөрөг байсан. Миний тэтгэврийн дэвтрийн завсар 310.000 төгрөг бэлнээр байсан. Би 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр тэтгэврээ аваад тэтгэврийн дэвтрийн завсар мөнгөө хийсэн байсан. Би тэтгэврийн мөнгөө үрээгүй байсан. 15 ширхэг 20.000 төгрөгийн дэвсгэрт 10.000 төгрөгийн дэвсгэрт нэг ширхэг байсан. Нарийн улаан шонхор тамхи 3 хайрцаг байсан... Би алдсан зүйлээ хүлээн авсан тул санал хүсэлт нэхэмжлэх зүйл байхгүй...  “ гэсэн мэдүүлэг /хх-ийн 16-18 тал/

2. Шүүгдэгч М.Нгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр өгсөн: “... Би Хэнтий аймгаас баруун урагш 50 гаран км зайд айлын мал маллаж байгаад 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр замын унаанд суугаад Хэнтий аймгийн төвд ирсэн. Хэнтий аймаг би 15 цагийн орчим ирсэн. Би Эвт худалдааны төвийн зүүн талд байх дэлгүүрээс 750 граммын хараа нэртэй архи 10.000 төгрөгөөр худалдаж аваад ганцаараа гудамжинд уусан. Надаар хонь харуулсан хүн 50.000 төгрөг өгсөн юм. Би согтсон. Би тэгээд архи авах гээд дэлгүүр явсан. Замд согтуу хүмүүс тааралдсан. Тэгэхээр нь тэр согтуу хүмүүсээс зугтаад гудамжаар ороод зөрөөд явж байтал хашааны гадаа жижиг саарал өнгийн автомашин байсан. Тэр машины цонх нь хагас онгорхой байсан. Машины цонхоор харахад дотор нь цүнх харагдаж байсан. Би тэгээд машины цонхоор гараа оруулаад хаалганы түгжээг дээш нь татаж онгойлгоод хаалгыг нь онгойлгоод цүнхийг аваад явсан. Шар өнгийн цүнх байсан. Цүнхийг аваад хойд зүгт явсан. Хашааны буланд очоод цүнхийг ухаж үзсэн. Дотор нь тамхинууд байсан. Дэвтэр завсар хийсэн мөнгө, хөөрөг байсан. Цүнхийг хашааны буланд үлдээгээд тамхи, мөнгө, хөөрөг, сахлын машиныг авсан. Бэлэн 310.000 төгрөг байсан. Би мөнгийг нь үрээгүй. Намайг машин дотроос цүнх авахад гадаа харанхуй болчихсон байсан... ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 23 тал/

Шүүгдэгч М.Нгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн:”... Би одоо сар өдрөө санахгүй байна. Би тэр өдөр архи уучихсан байсан. Дахиад архи авч уухаар явж байсан. Миний урд талд олон хүмүүс явж байсан. Тэр хүмүүсээс айгаад зүгээ буруулаад буцаад явсан. Тэгээд явж байхад гудамжинд нэг жижиг машин байсан. Машины цонх нь хагас онгорхой байсан. Жолоочийн хажуу талын суудал дээр цүнхтэй эд зүйл байсан. Дотор нь хөөрөг мөнгө байхаар нь цүнхийг нь авсан. Тэгээд тэр газраасаа хойд зүгт очоод хашааны буланд очоод цүнхэн дотроос зарим эд зүйлийг нь авсан. Тэгээд тээврийн  товчоо ороод Дадал сум явах унаа хайсан. Унаа олдохгүй байсан. Тэгээд хоолны газрын гадаа байж байтал цагдаа ирж намайг барьж авсан. Миний авсан цүнхэн дотор хөөрөг, 300.000 төгрөг, сахлын машин, тамхи, тэмдэглэлийн дэвтэр, тэтгэврийн дэвтэр байсан. Би тэдгээр эд зүйлээс үрэгдүүлж дутаасан зүйл байхгүй. Хураалгаж эзэмшигчид нь өгсөн... ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 35 тал /

3. Хөрөнгийн үнэлгээний Фэйр Валуэшн ХХК-ны 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн №359 дугаартай: “:.. хулгайд алдсан цүнхтэй эд зүйлсийн зах зээлийн үнэлгээг 908.600 /есөн зуун найман мянга зургаан зуу/ төгрөгөөр тогтоов...  ” гэсэн дүгнэлт /хх-ийн 27-28 тал/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байгаа бөгөөд шүүгдэгчийн бусдын эд хөрөнгийг хулгайлсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг байна.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч С.Пид 1.218.600 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хохирогч нь хулгайд алдсан эд зүйлсээ буцааж авсан болох нь эд зүйл хүлээлгэж өгсөн тэмдэглэл /хх-ийн 8 тал/-ээр тогтоогдож байгаа бөгөөд хохирогч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад: “... Би алдсан зүйлээ хүлээн авсан тул санал хүсэлт нэхэмжлэх зүйл байхгүй...“ гэж мэдүүлсэн /хх-ийн 16-18 тал/, шүүх хуралд оролцуулах зорилгоор  хурлын тов мэдэгдэхэд: “... нэхэмжлэх зүйл байхгүй... ” гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх хохирол төлбөргүй байна гэж үзлээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг нь харгалзан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Н-г бусдын эд хөрөнгийг хулгайлсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Нг 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Нд оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч М.Нгийн цагдан хоригдсон 19 хоногийг түүний эдлэх ялд нь оруулан тооцсугай.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй ба түүний биеийн байцаалттай холбоотой бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 7. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч М.Нд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ                           Д.ГАНЗОРИГ