Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 119

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 180/2020/0163/Э

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганзориг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:

 

Нарийн бичгийн дарга                                    Г.Отгонзаяа,

Улсын яллагч                                                  Ж.Батбаатар,

Шүүгдэгч                                                          С.Ц  нарыг оролцуулан

 

Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ж.Батбаатараас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх саналтай ирүүлсэн С.Ц-д холбогдох 2039......  дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 06 дугаар сарын 12-ны  өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, С.Ц

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч С.Ц нь 2020 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг Булгийн 15-11 тоотод архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Д.Этай маргаж, архины шилээр толгойн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч С.Ц нь 2020 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг Булгийн 15-11 тоотод согтуугаар иргэн Д.Этай маргалдаж архины шилээр толгойн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

 

1. Хохирогч  Д.Эын  мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Би 2020 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг Булгийн 15-11 тоотод Батхуягийн гэрт очиж Цтай хамт архи уух үед Батхуяг согтуу тасраад унтчихсан байсан. Ингээд би Цтай 2 шил 0.5 литрийн архи хувааж уусан. Намайг Цтай архи уухаас өмнө Ц, Батхуяг хоёр архи уусан шинжтэй архины нэг ширхэг шил, 0.5 литрийн архи байсан. Би бас 0.5 литрийн архитай очоод бид хоёр тэр архинуудыг уусан юм. Ингээд бид хоёр юм яриад сууж байхад Ц нилээн согтуу байсан. Би урьд өмнө Цт нэг жилийн амнө 100.000 /нэг зуун мянга/ төгрөг зээлсэн юм. Ингээд би архиа хувааж ууж дуусаад явъя гэж бодоод чамд  зээлсэн мөнгөнөөсөө 20.000 /хорих мянга/ төгрөг авмаар байна, чи мөнгө өгчих гэсэн чинь надад мөнгө байхгүй гэсэн. Тэгээд бид хоёр мөнгө төгрөгнөөс болж жоохон маргалдсан чинь Ц гэнэт л архины шил аваад л намайг сандал дээр сууж байхад архины шилээр толгойн тус газарт маань цохиод авсан. Тэгээд би толгойгоо бариад үзтэл толгойноос цус гарахаар нь өмсөж явсан цэнхэр өнгийн подволкоо тайлаад толгойноос гарсан цусаа тогтоох байдлаар дарсан. Ингээд би эхнэр Энхцэцэг рүү утсаар яриад байгаа газрынхаа хаягыг зааж өгөөд ирүүлсэн. Ингээд намайг Цт толгойгоо хагалуулсан байхыг эхнэр хараад Цт чи цуг архи уучихаад нэгийгээ ингэж зодлоо гэж уурлаж загнасан. Тэгээд намайг эмнэлэгт хүргэж толгойд маань оёдол тавиулсан. Ингээд эмнэлгээс цагдаагийн газарт дуудлага өгсөн байсан. Ц миний толгойг архины шилээр хагалчихаад байхад харин гэрийн эзэн Батхуяг сэргэж босож ирээд миний толгойг Ц архины шилээр цохиж хагалсан гэдгийг мэдсэн. Би цус болсон цэнхэр өнгийн подволкоо тэр өдөр эмнэлгийн хогийн саванд хийж хаясан...  Надад нэхэмжлэх зүйл байхгүй... Шүүх хуралд оролцохгүй... “ гэсэн мэдүүлэг /хх-ийн 9 тал/

2. Гэрч Х.Батхуягийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Би 2020 оны 05 дугаар сарын 02-ны өдөр найз Цын хамт миний Хэрлэн сумын 2 дугаар баг Булгийн 15-11 тоотод байдаг байшинд архи уусан. Тухайн үед бид 2 шил 0.5 литрийн архи уусан. Ингээд би нилээн согтоод унтаад өгсөн. Тэгээд нэг сэрсэн чинь манай гэрт Э ирчихсэн Цт толгойгоо хагалуулчихсан байсан. Тухайн үед Ц ууж байсан архины шилээр Эын толгойнд цохиод толгойных нь дээд хэсгийг хагалсан байсан. Тухайн үед Ц нилээн согтуу байсан. Би юун дээрээс болж маргаж муудсан юм бэ гэхэд Э Ц хоёр хоёулаа дуугарахгүй байсан. Тэгээд Э эхнэр рүүгээ утсаар яриад эхнэрээ хүрээд ир гээд манай гэрийн хаягыг зааж өгсөн. Ингээд удалгүй Эын эхнэр ирээд Эыг аваад явсан. Эын эхнэр гэх хүүхэн Цыг хүний тархи толгой хагалчихлаа гэж уурлаад, загнаж байгаад явсан. Би тэр өдөр нь Эын толгойг хагалсан архины шилийг шүүрдээд хогонд хаячихсан. Тухайн үед бид нарын байсан байшинд Эын толгойноос гарсан цус нь шалан дээр дусаагүй, толгойгоо подволкоороо дарчихсан байсан. Би бол Этай хамт архи уугаагүй. Тэр өдөр Ц бид хоёр архи хувааж уусан. Цыг хүмүүс Ц гэж дууддаг юм. Би бол Этай маргаж муудсан асуудал байхгүй... ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 10 тал/

3. Гэрч Э.Энхцэцэгийн мөрдөн шалгах ажилллагааны явцад өгсөн: “... Би 2020 оны 05 дугаар сарын 02-ны өдөр гэртээ байж байтал нөхөр Э над руу утсаар яриад би Хэрлэн сумын 2 дугаар баг Булгийн 15-11 тоотод байна. Чи хүрээд ир гээд архи уусан бололтой ярихаар нь тэр хаягаар очиход манай нөхөр Эын толгойн дээд хэсэгт хагарчихсан, цус гараад хөхө өнгийн подволкоор өөрөө толгойгоо дарчихсан байсан. Тэгээд юу болсон гэхэд энэ Ц намайг архины шилээр толгой руу маань цохиод толгойг маань хагалчихлаа гэсэн. Тэгээд би та нар ууж идэж чадахгүй нэгийгээ архины шилээр цохиж хүн алах шахлаа гэж уурласан. Тухайн үед тэр хашааны баруун хойд талд нэг цагаан байшин онгорхой байсан. Тэр байшинд ороход Э, Ц, гэрийн эзэн нь гээд нэг бор залуу байсан. Өөр хүн байгаагүй. Э гэрийн эзнийг энэ согтуу унтаж байгаад сая босож ирээд байгаа юм. Энэнд ямар ч хамаа байхгүй гэж байсан. Чи яагаад манай нөхрийн толгойг хагалж байгаа юм бэ гээд Цаас асуухад Ц нилээн согтуу дуугарахгүй байсан. Тухайн үед Э Цт зээлсэн мөнгөнөөсөө 20.000 /хорин мянга/ төгрөг авъя гэсэн чинь нөгөөх нь байхгүй гээд л тэр мөнгөнөөс болж маргасан юм байна лээ... ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 12 тал/

4. Шүүгдэгч С.Цын мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн: “... Би Эыг гаргаж өгөөд эргэж орж иртэл Э араас орж ирээд надад 20.000 төгрөг өгчих гэхээр нь надад мөнгө байхгүй гэсэн. Тэгтэл Э урьд надад зээлсэн 100.000 төгрөгнөөс мөнгө өгчих гээд байсан юм... учир зүггүй мөнгөө нэхээд уурлаад байсан. Тэгэхээр нь гэнэт миний уур хүрээд хоосон архины шилийг ширээн дээрээс аваад толгойд нь нэг удаа цохисон юм. Тэгтэл Э толгойгоо бариад өөрийн өмсөж явсан хөх өнгийн подволкоороо толгойгоо дараад байсан. Тэр үед Батхуяг унтаж байгаад сэрсэн... Би Эыг зодож биед нь гэмтэл учруулсан асуудлаа хүлээн зөвшөөрч байна. Би өөрийн гэм буруугаа маш их ойлгосон... Би найз Этай сайн дураараа эвлэрсэн. Би Эад эмчилгээний зардалд 200.000 /хоёр зуун мянга/ төгрөг өгсөн... ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 19 тал/

5. Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн №254 дугаартай: “...

1. 2. Д.Эын биед толгойн орой хэсэгт язарсан шарх гэмтэл тогтоогдлоо.

3. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна.

4. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна.

5. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заагдсанаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

6. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй...  ” гэсэн дүгнэлт /хх-ийн 22-23 тал/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байгаа бөгөөд шүүгдэгчийн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг байна.

 

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Д.Эын  эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь шүүгдэгчид гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй /хх-ийн 36  тал/ гэсэн тодорхойлолтыг мөрдөн шалгах ажиллагааны явцад гаргаж өгсөн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн байдлыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр ял оногдуулах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5,  36.2 дугаар зүйлийн 1, 2, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ц-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Цыг 450  нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох  ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар С.Цт   оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц сард 150.000 төгрөг төлөхөөр буюу 3 сарын дотор төлж дуусгахыг даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар С.Ц нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг анхааруулсугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг  дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

7. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч С.Цт авсан хувийн баталгаа гаргах  таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ                                    Д.ГАНЗОРИГ