| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашдэлэгийн Ганзориг |
| Хэргийн индекс | 180/2020/0131/Э |
| Дугаар | 123 |
| Огноо | 2020-06-17 |
| Зүйл хэсэг | 11.1.2.4., |
| Улсын яллагч | Б.Бямбасүрэн |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шүүхийн тогтоол
2020 оны 06 сарын 17 өдөр
Дугаар 123
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 180/2020/0131/Э
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ганзориг даргалж, шүүгч Э.Одхүү, С.Насанбуян нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:
Нарийн бичгийн дарга Г.Отгонзаяа,
Улсын яллагч Б.Бямбасүрэн,
Иргэдийн төлөөлөгч Б.Одбаяр,
Шинжээч эмч Б.Өнөрборгил,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Болортунгалаг,
Шүүгдэгч Д.Хо нарыг оролцуулан
Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Бямбасүрэнгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Х-т холбогдох 2039...дугаартай эрүүгийн хэргийг хэрэг хуваарилах журмыг батлах, хэрэг, маргаан хянан шийдвэрлэх шүүгч, шүүх хуралдаан даргалагчийн дарааллыг тогтоох тухай шүүгчдийн зөвлөгөөний 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 10 тоот тогтоолын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, Д.Х
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Д.Хо нь 2020 оны 01 дүгээр сарын 21-ний орой Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 2 дугаар багийн нутаг “Өргөн мандал” гэх газарт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хутгыг зэвсгийн чанартайгаар хэрэглэж иргэн Д.Саын зүүн эгмэн тус газарт хутгалж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Д.Хо нь 2020 оны 01 дүгээр сарын 21-ний орой Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 2 дугаар багийн нутаг “Өргөн мандал” гэх газарт согтуугаар иргэн Д.Саын зүүн эгмэн тус газарт хутгалж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан болох нь:
1. Хохирогч Д.Саын 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Манайх Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Баянзүрх багийн Өргөн мандал гэх газарт өвөлжиж байна. 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 18 цагийн орчимд... Х нар Бурхан халдун явж байна гэж орж ирсэн. Анх орж ирэхдээ Х нь ганцаараа буу үүрээд гэрт орж ирээд надад агсан тавьсан... Надтай агсраад ноцолдоод байж байхад үлдсэн 3 нөхөр нь араас орж ирсэн. Тэгээд би зугтаагаад гэрээс гараад гэрийн хажуу талын мод руу ороод хараад байж байтал энэ хэд гэрийн гадаа гараад байж байгаад машинтайгаа хөдлөөд хойшоо явсан. Тэгээд удалгүй буцаад ирсэн. Би тухайн үед гэрийн гадаа явж байсан. Тэр хэд надаас түрүүлээд гэрт орсон. Би араас нь ортол Х нь надааас уучлалт гуйгаад байсан. Тэгээд зүгээр болохгүй агсраад л орж гараад л байсан. Би цай чанаад байж байтал Х хажууд зогсож байгаад шүүгээн дээр байсан хутга аваад миний зүүн талын эгэмний орчимд 1 удаа хутгалсан... “ гэсэн мэдүүлэг /хх-ийн 21-22 тал/
Хохирогч Д.Саын 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны явцад дахин өгсөн: “...18 цагийн үед манай дүү болох Д.Хо өөрөөсөө гадна 3 хүний хамтаар манай гэрт машиинтай ирсэн. Машины жолооч нь Ц.Түмэнжаргал гэдэг хүн байсан. Нөгөө хоёр нь манай сумын Бухаагийн Баярмагнай, Пүрэвийн Одгэрэл гэдэг хүмүүс байсан... Ингээд бид нар гэрт орсон. Тэгээд гэрт орохоор нь монгол хүн байна ирсэн хүмүүст цай хийж өгсөн. Тэгээд Д.Хо гаднах төрөх үйл хөдлөл нь надад агсраад томроод л, нөгөө хэддээ хүртэл агсрах аястай байсан. Тэгэхээр нь би гэрээсээ гараад малын хашаа саравчаар мал ахуйгаа эргэсэн. Дотроо тэр хэдийг яваад өгөөсэй гэж бодоод явж байсан. Тэгтэл тэр хэд овоо машинтайгаа хөдлөөд явсан. Ингээд гэртээ ороод эхнэр Хонгорзул руу утсаар яриад Д.Хоыг машинтай 3 хүн дагуулаад буу шийдэм агсаад надад бага зэрэг агсам тавиад мал ахуй нэхэж байгаад явлаа гэж утсаар хэлсэн. Тэгээд 10 минутын дараа дахин машин дуугараад Д.Хо нар манай гэрт буцаж ирсэн. Тэгээд Д.Хо “ах уучлаарай, дүү нар Бурхан халдун ууланд гарахаар явж байна. Бид хэд хоноод явна” гэж хэлсэн. Тэгээд Д.Хо Хонгорзул руу яриад эгчээ намайг уучлаарай гэж ярьсан. Ингээд би бууз жигнэж өгсөн. Би нэг жигнүүр бууз жигнэсэн. Уг буузыг Одгэрэл гаргасан. Харин жолооч Ц.Түмэнжаргал зүүн орон дээр унтаж байсан. Ингээд би дахин бууз жигнэх гэхэд Д.Хо та зугтаах гээд байгаа юм уу гээд зуухны урд зогсож байсан. Намайг гэрээс гарах, мөн Д.Хоын хаалганы хажууд зогсож байх нь таарсан. Тэрнээс биш... намайг хорьсон асуудал байхгүй. Үгээр л тэгж хэлсэн. Биеийн хүч надад хэрэглээгүй. Ингээд жолооч Ц.Түмэнжаргалаас бусад нь бууз идээд Д.Хоын машинаас авчирсан архийг уугаад сууж байсан. Хоол цай хийж өгч байтал оройны 21 цаг өнгөрсөн байх. Ингээд би гал дээр цай чанаж байгаад гал дээрээс цайгаа халуун саванд уудалж хийгээд буцаад тогоогоо зуухан дээрээс авах гээд зуух руу тонгойх гэхэд Х шүүгээний баруун талд гэрийн хаалганы хойд талд зогсож байсан. Тэгээд тонгойгоод зуухны зүүн талд очтол гэнэт миний зүүн эгэмний доод хэсэгт халуун оргиод явчихсан. Тэгээд хартал Х зуухны урд талд баруун гартаа хутга бариад зогсож байсан. Тэгэхээр нь би хоол идэж байсан хүмүүст намайг энэ хутгалчихлаа гээд Д.Хо руу толгойгоороо зангасан... Энэ үед П.Одгэрэл ирж миний зүүн мөрний доороос гарч байгаа цусыг тогтоох гээд даавуугаар дарсан. Дараа нь хөнжил, дээл зэргээр цусыг тогтоох гэж дараад байсан. П.Одгэрэл чи ахыгаа хутгалчихлаа ш дээ гэхэд Д.Хо чи үхээ, үх, би 30 жил явна гэж хэлж байсан. Тэгээд Д.Хо уужраад намайг баруун орон дээр дээш нь харуулж хэвтүүлээд цусыг маань тогтоох арга хэмжээ авч, шархыг даавуугаар дарж байсан. Би ширээний хойд талд хэвтэж байхдаа П.Одгэрэлд чи хурдан утсаар ярь гээд эхнэрийн дугаарыг П.Одгэрэлд хэлж өгөөд яриулахад П.Одгэрэл яаралтай түргэн аваад наашаа гар гэж хэл өгсөн. Ингээд тун удалгүй би Ц.Түмэнжаргалд чи дахин сум руу ярь гээд өөрийн дүү Алимаа руу яриулж хурдан ир гэж хэлүүлсэн. Ингээд намайг хутгалуулснаас хойш 10 минутын дараа Ц.Түмэнжаргал, Б.Баярмагнай, П.Одгэрэл нар сумаас ирэх түргэний машиныг замдаа цасанд сууж магадгүй, тэгэхээр өмнөөс нь тосож яваад авчиръя гэж хэлээд явсан. Тэр гурав наанаас нь явахгүй бол цас маш их байсан учраас түргэний машин замдаа суух магадлал бас өндөр байсан... Тэгээд Х надад туслаад миний шархыг гараараа дараад байсан. Тэгээд нэг цаг гарны дараа сумын эмнэлэг, Жаргалтхааны хэсгийн цагдаа нар ирсэн. Тэр үед Д.Хо миний хажууд байсан. Ингээд цагдаа гэрт үзлэг хийж байгаад намайг хутгалсан хутгыг олоогүй. Тэгтэл манай дүү Золзаяа гал түлэх гэж байгаад зуухан дотроос шатсан хутга байна гэж хэлсэн. Тэр хутга нь намайг хутгалсан хутга юм шиг байна лээ. Тэрнээс биш би хутга галд хийгээгүй. Тэр хутгыг хэн зуух руу хийсэн гэдгийг хараагүй болохоор тодорхой хэлж мэдэхгүй байна. Бодвол намайг хутгалсан хутгыг Д.Хо өөрөө зууханд хийсэн байх гэж бодож байна. Би бол архи дарс уугаагүй, эрүүл байсан. Манай гэрт тэд нар нэг шил 0.75 литрийн архи уусан. Өөр архи уугаагүй. Тэр архиа уугаад дуусгасан байсан... Д.Хо надад сахартай цай уулгаад, цус тогтоох гэж шархыг гараараа чимхэж байсан нь үнэн. Тухайн үед Д.Хо согтуу байсан. Эрүүл байсан бол арай намайг хутгалахгүй. Бид хоёр хоорондоо маргаж муудаж байсан асуудал урьд өмнө байхгүй. Намайг хутгалж магадгүй гэж би дотроо бодсон бол арай сэрэмжтэй байх байсан. Би дүүгээ намайг хутгална ч гэж бодоогүй байсан. Би Д.Хот зүүн мөрний доод хэсэгт хутгалуулснаас болж уушиг зүсэгдэж гэмтсэн, венийн болон артерийн бүх судас тасарсан гэсэн. Одоо зүүн гарын мэдрэл 100 хувь алдагдсан. Эмнэлэгт уушиг, зүүн гарын тасарсан судас залгах хагалгаанд нийт 5 удаа хагалгаанд орсон. Гэмтэл Согог судлалын төв эмнэлэг, Улсын гуравдугаар төв эмнэлэг, Мөнгөн гүүр эмнэлэгт тус тус хэвтэж эмчилгээ хийлгэсэн... Би гомдолтой байна... Би шүүх хуралд оролцохгүй. Мэдүүлэг үнэн зөв өгсөн, баримтуудаа гаргаж өгсөн болохоор намайг оролцуулахгүйгээр шүүх хурал хийхэд татгалзах зүйл байхгүй... “ гэсэн мэдүүлэг /хх-ийн 23-24 тал/
Хохирогч Д.Саын 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Би урьд өмнө хохирогчоор мэдүүлэг өгөхдөө эмчилгээний зардалд 12.000.000 /арван хоёр сая/ төгрөгний зардал гарсан гэж тооцоолсон. Тухайн үед нарийн тооцоогүй байсан. Ингээд мэдүүлэг өгснөөсөө хойш баримт тулгаж, тоолоход 13.880.478 /арван гурван сая, найман зуун наян мянга, дөрвөн зуун далан найм/ болсон байна. Иймд би энэ эмчилгээний зардлыг нөхөн төлүүлэх хүсэлтэй байна. Өнөөдрийн байдлаар эмчилгээний зардалд 800.000 /найман зуун мянга/ төгрөг өгсөн. Бусад хохирлыг барагдуулаагүй байна.... “ гэсэн мэдүүлэг /хх-ийн 26-26 тал/
2. Гэрч Х.Хонгорзулын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... 2020 оны 01 дүгээр сарын 21-ний орой 20 цагийн үед Бор буюу Одгэрэл утсаар залгаад яаралтай эмнэлэг аваад ир гэж хөдөө гэрийн утсаар ярьсан. Ингээд би сумын эмнэлэгт мэдэгдэж цагдаа нартай хөдөө гэртээ очиход гэрийн баруун талын орон дээр манай нөхөр С дээшээ хараад хэвтсэн байсан. Гэр дотор энд тэндгүй цустай хувцас хөнжил, даавуу зэрэг байсан. Манай нөхрийн хувцас болон гар, цээж хэсгээр нь цус болсон байсан... Зүүн эгэмний доод хэсэг зүрхний дээд хэсэгт хутгалагдсан шархтай маш их цус алдсан байдалтай байсан... Х нь манай нөхрийн хамаатан байгаа юм. Х өмнө нь шоронд ял эдэлж байхдаа шоронгоос мөнгө нэхэж байсан. Тухайн үед бид хэд мөнгө явуулж чадаагүй, тэгтэл намайг байнга энд байна гэж санаа юу гарч байгаад алнаа гэж занаж байсан юм... ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 27-29 тал/
3. Гэрч Б.Цэнддоржийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 21 цаг 55 минутад хүн хутгалуулсан байна гэх дуудлагын дагуу дуудлагаар Өмнөдэлгэр сумаас хойд зүгт 30 орчим км газар дуудлагад очсон. Дуудлагын дагуу гэрт нь очиход гэрийн баруун орон дээр С гэх хүн дээшээ харсан байдалтай хэвтэж байсан. Биеийн зүүн талын эгэмний яснаас доош 2 хуруу газарт хутганы зүсэгдсэн шархтай их хэмжээний цус алдсан ухаан балартсан, арьс салст цайж цонхийсон, шархны гүн нь эгц чигээрээ 9 см, өргөн нь 3 см орчим байсан... Анх гэрт ороход хохирогчийн хажуу талд Х гэх залуу биеийг тэврээд, шархан дээр алчуураар дарсан байсан. Гэр дотор хэсэг газруудад их хэмжээний цус алдсан, маш их цус үнэртэж байсан. Х нь архи уусан согтуу байсан. Дуудлаганд очсон цагдаагийн урдаас эсэргүүцэл үзүүлж, хэл амаар доромжилж байсан... ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 30-31 тал/
4. Гэрч Д.Золзаяагийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 20 цаг 40 минутад Алимаа эгч утсаар залгаад С ахынд согтуу хүмүүс ирээд буу гаргаад байна гэнэ ээ, эндээс эмнэлгийн түргэн тусламж, цагдаа нартай явах гэсэн чинь машинд нь багтахгүй байна цуг яваад өгөөч гэхээр нь би зөвшөөрөөд өөрийнхөө 48-77 ХЭҮ улсын дугаартай машинтайгаа Алимаа эгч, С ахын хүргэн Мягмарбаатар нарын хамт Өргөн мандал гэх газар байх гэр лүү нь сумын төвөөс гараад хөдөө гэрт 22 цаг 40 минутын орчимд очсон. Бид хэдийг гэрт очиход С ах гэрийнхээ баруун талын орон дээр хэвтэж эмнэлгийн анхны тусламж авч байсан. Биеийнхээ зүүн талын эгэмний доод талд шархтай байсан... Гэрийн гадаа Х болон цуг явж байсан хүмүүс байсан. Хын гар цустай байсныг хараад ямар нэгэн юм болсон байна гэж ойлгосон. Ингээд би гал түлэх гээд зуухыг нь нээж үзэхэд зуухан дотор иш нь шатсан хутга байсан. Би бодохдоо С ахыг хутгалсан хутга нь байна гэж ойлгосон. Уг нь С ах Хыг агсраад байхаар нь хутгануудаа бүгдийг нь нуусан гэж байсан. Гэхдээ хивэг задлаад орхисон цэнхэр бариултай хутгаа нуухаа мартаж дээр нь орхисон байна. Тэр хутгаар намайг хутгалсан байх гэж байсан... ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 32-33 тал/
5. Гэрч Ц.Түмэнжаргалын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Би 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Баярмагнай, Бор, Х нарын хамт Ононгийн халуун рашаан орох гээд явж байгаад замаараа С гэх айлынх ойрхон байхаар нь Х Сынхоор орно гэсэн. Бид хэд замдаа 1 шил 0.75 граммын хараа гэх архи ууцгаасан. Тэгээд Сын гадаа очоод Х миний винтов маркийн бууг бариад гэр лүү орсон. Гэхдээ бууны замаг, сум нь тусдаа байсан. Бид хэд араас нь ороход С, Х нар хоорондоо маргалдаад байж байсан. Бид хэд бууг нь аваад машиндаа хийсэн. Тэгээд С, Х нар гэрийн гадаа гараад хэрэлдээд байж байхаар нь би Хыг салгаад машиндаа суулгаад бид хэд явахаар гэрээс хойшоо даваа даваад явж байтал Х, С ахаас уучлалт гуйна гэхээр нь буцаад гэр лүү очоод хоол, цай хийлгээд хоноод өглөө явахаар болоод байж байсан юм. Гэрт ороод 1 шил архи задлаад ууцгаасан би зүүн талын орон дээр унтах гээд хэвтсэн. Тэгтэл нэг сэрсэн чинь эмнэлэг дуудаарай цус алдаад байна гэхээр нь сэрээд хартал С Хт хутгалуулчихлаа гээд гэрийнхээ хойд талын орны урдуур газар хэвтсэн. Ингээд Бор даавуу аваад хутгалуулсан шархан дээр нь дарсан. Сумын төв рүү эхнэр лүү нь Магнай утсаар залгаад түргэн дуудаарай гэж хэлсэн. Дараа нь эмнэлгийн машин тосох гээд Баярмагнай, Бор бид хэд Хыг гэрт үлдээгээд цусыг нь дараад байж бай гээд машинтайгаа явсан... ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 34-35 тал/
6. Гэрч Б.Баярмагнайн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Гэрт ороод бид хэд нэг шил 0.75 граммын хараа гэх архи ууцгаасан. Тэгээд би гэрийн зүүн талын орон дээр Түмэнжаргалын хамт унтаж байтал Бор ах Сыг Х хутгалчихлаа гэхээр нь би сэрээд хартал гэрийнхээ зүүн хойд талд газар хэвтчихсэн Х зүүн талын эгэмнийх нь орчимд даавуугаар дарсан сууж байсан. Тэр хэсгээс нь нилээн цус гоожиж байсан. Тэгээд Бор ах сумын төв рүү С ахын эхнэр лүү нь утсаар холбогдоод түргэн дуудсан... ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 39-40 тал/
7. Гэрч Д.Алимаагийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Намайг ороход ах С баруун талын оронд хэвтчихсэн зүүн эгэмний орчимд хутгалуулсан соривтой цус гарч байсан юм. Цогоо ах намайг Д.Хо буюу Бүдээ нь хутгалсан гэж байсан... С ах Д.Хо агсан тавиад байхаар нь хутгануудаа зүүн талын орны доогуур нуусан гэж ярьж байсан бөгөөд цэнхэр өнгийн иштэй нэг хутгаа нуугаагүй байсныг авч намайг хутгалчихлаа гэж ярьсан... ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 41-43 тал/
8. Гэрч П.Одгэрэлийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Би 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Түмэнжаргал, Х, Баярмагнай нарын хамт Ононгийн халуун рашаан явна гэж бүх бэлтгэлээ базаагаад Өмнөдэлгэр хөдөлсөн. Ингээд сумаас гараад Хангалын даваагаар даваад баруун хойшоо гэхээр явж байтал Х энд манай хамаатан ах С ахынх байдаг. Тэр айлаар орно гэсэн... Уг айлаар нь орохоор болж гэрийнх нь гадаа ирэхэд Х түрүүлж буухдаа машин дотор байсан Түмэнжаргалын винтов гэх бууг бариад буухаар нь араас нь бид хэд буугаад Баярмагнай бууг нь аваад машинд хийсэн. Х ямар зорилготой бууг аваад буусныг би мэдэхгүй. Тэгээд гэрт нь ороход хүн байхгүй гадаа хонь нь хашаатай байсан. Тэгтэл гэрийн гаднаас С орж ирсэн. Ингээд Х Стой юм ярихдаа би гэр барих гэж байгаа надад юм өгөхгүй байна гэх зэргээр яриа хийж байсан. Ер нь бол Хын ярианы өнгө нь агсан тавих аястай байсан. С уг нь аргадаж байгаад явуулсан. Бид хэд гэрт ороод сумын төвөөс гараад явах замдаа задалсан байсан талаасаа доогуур архийг гэрт ороод ууж дуусгасан. Сынд 20-30 орчим минут болсон байх. Ингээд бид хэд цаашаа явахаар болоод хөдлөөд явж байтал Х машин барьж байсан жолоочийг явуулахгүй С ахаас уучлалт гуймаар байна гэхээр нь бид хэд буцаж Сын гэрт ирсэн. Тэгээд гэрт ирээд Х Соос уучлалт гуйгаад тэвэрсэн. Тэгээд машинаас 1 шл архи оруулж ирээд задалсан. Мөн С бид хэдэд бууз жигнэж өгсөн. Ингээд бид хэд архи ууж дуусаад Баярмагнай, Түмэнжаргал нар зүүн орон дээр, би баруун орон дээр хувцастайгаа хэвтэж байсан. Тэгэхэд С, Х хоёр гэрийнхээ ширээний хажуу талд зэрэгцээд сууж байтал С намайг дуудаад Х намайг хутгалчихлаа гэж хэлсэн. Тэгтэл Сын зүүн талын эгэмний орчимд хутгалуулсан шархтай цус гарч байсан. Х шархыг нь дараад хажууд нь байсан. С хутгалуулчихлаа гэхэд зүүн талын орон дээр байсан Баярмагнай, Түмэнжаргал нар босоод ирсэн. Тэгээд С намайг “манай эхнэр лүү залгаад эмнэлгийн түргэн тусламж дуудаарай гэж хэл” гэхээр нь би гэрийнх нь утсаар эхнэртэй нь холбогдоод хэлсэн. Тэгээд цус нь тогтохгүй удаад байхаар нь Баярмагнай, Түмэнжаргал бид хэд эмнэлгийн түргэний машин тосох гээд машинтайгаа явцгаасан. Гэрт Х, С хоёр үлдсэн... Анх гэрт ирэхдээ та надад юм өгдөггүй гэж агсан тавьж байсан. Мөн үүнээс сүүлд бууз болж байх үед Х Сыг гэрийн хойд талын орон дээр хоолойг нь өмсөж байсан майкаар нь боогоод би чамаас айхгүй шүү гэж хэлээд орон дээр дарж байсан. Гэр дотор Х, Сод агсан тавьж хэрэлдэж байсан... Би баруун талын орон дээр дээшээ хараад хэвтэж байсан. Тэгтэл С Х намайг хутгалчихлаа гэхээр нь би харсан. Тэгэхэд С газар унасан байдалтай энд хутгалчихлаа гээд зүүн талын эгэмний орчимд дарж байсан. Тэгтэл Х би ахыгаа хутгалчихлаа гэж байсан. Гар нь цус болсон байсан... ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 44-46 тал/
9. Шинжээч эмч Б.Өнөрборгилын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Би Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын иргэн Дамдиндоржийн Сын 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Гэмтэл Согог судлалын Үндэсний төвийн өвчтөний түүхийг үндэслэн 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 83 дугаартай шинжээчийн дүгнэлт гаргасан. Өвчтөний түүхэнд Д.Саын биед зүүн эгмэн доорх артер, венийн судасны тасрал, мөрийн мэдрэлийн багцны тасрал, цээжний хөндийд хий шингэн хуримтлал зэрэг гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.8-д заагдсанаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Харин нэмэлт шинжилгээ хийсэн 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 155 дугаартай миний гаргасан шинжээчийн дүгнэлтээр иргэн Д.Саын биед учирсан гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 4.15, 64.3-д заагдсанаар ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги 25 хувь алдагдуулсан тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна гэж дүгнэлт гаргасан.... Д.Саын биед хэрэг болох үед үүссэн гэх дээрх гэмтлүүд нь амь насанд аюултай тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.8-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна... ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 51-53 тал/
10. Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн №83 дугаартай: “...
1. Д.Саын биед зүүн эгмэн доорх артер, венийн судасны тасрал гэмтэл, мөрний мэдрэлийн багцын тасрал, цээжний хөндийд шингэн, хий хуримтлал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь хурц, ир ирмэгтэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
3. Уг гэмтэл шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.8-д заагдсанаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулах эсэх нь эмчилгээ болон эдгэрэлтээс хамаарна... “ гэсэн мэдүүлэг /хх-ийн 57-58 тал/
11. Шүүгдэгч Д.Хоын мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн: “... Би 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Өмнөдэлгэр сумаас найз Баярмагнай, Түмэнжаргал, Одгэрэл нарын хамт дөрвүүлээ Түмэнжаргалын автомашинтай Ононгийн халуун рашаан руу явсан. Ингээд орой 17 цагийн үед сумын төвөөс гараад Ононгийн халуун рашаан орох замд тус сумын 2 дугаар багийн нутаг “Өргөн мандал” гэх газраар дайрч явах болсон. Өргөн мандал гэх газарт манай ээжийн төрсөн дүү Сынх байдаг болохоор би цуг явсан хүмүүстээ хэдүүлээ С ахын гэрээр дайраад хоол цай идэж уугаад гаръя гэж ярьсан. Тэгээд С ахын гэрийн гадаа очиход манай ах намайг согтуу байна гээд гэртээ оруулаагүй. Тэгэхээр нь ахтайгаа бага зэрэг яагаад оруулахгүй байгаа юм, ороод нэг цай уугаад гаръя гэж хэлсэн.Тэгээд дургүй болохоор гэрт нь ороогүй. Тэгээд бид нар машинтайгаа халуун рашаан руу 1 километр орчим яваад би нөгөө хэддээ би эргэж очиж уучлал гуйя, тэрийн болгон ордог биш, би ойрхон байгаа дээрээ уучлал гуйгаад учраа олоод явъя гээд нөгөө хэдтэйгээ С ахын гэрт буцаж очсон. Тэгээд ч цас ихтэй, шөнө орой төөрч магадгүй унтаад явсан нь дээр байх гэж бид нар хоорондоо ярилцсан юм. Ингээд С ахын гэрт ороод уучлалт гуйгаад, шөнө орой цас ихтэй, танайд хоноод явъя гэхэд ах тэг тэг гээд хоол унд хийж өгсөн. Тухайн үед машинд байсан 0.5 литрийн архийг гэрт оруулаад бид нар тойруулж уусан. Тэгээд Баярмагнай, Түмэнжаргал хоёр гэрийн зүүн талын орон дээр нуруугаа амраая гээд унтах шинжтэй хэвтэж байсан. Мөн гэрийн баруун орон дээр Одгэрэл унтах гэж байгаа бололтой хэвтэж байсан. Тэр үед С ах бууз жигнээд цай чанаж байсан. Би анх гэрчээр мэдүүлэг өгөхдөө бууз жигнэж байхад нь хутгаар хатгасан гэж андуурсан байна лээ. Цай гаргаж байхад нь тийм зүйл болсон. Хэрэг болсоноос хойш би шокын байдалтай байгаа болохоор зарим зүйлийг наана, цаана нь оруулж ярьсан байна. Ингээд ахыг цай уудлаад тогоотой цайг ах гаргаж байх үед би зуухны тагийг таглах гэж байхдаа гарт байсан хутгаараа ахын цээжинд нь хатгачихсан байсан. Ах цээжээ дараад халуун оргиод явчихлаа гэж хэлэхэд нь би гарт байсан хутганд орчихлоо гэж бодсон. Ингээд би ахад тусламж үзүүлж нөгөө хэдийгээ түргэн дууд гэж хэлээд сумын төв рүү түргэн дуудуулж замдаа машин нь төөрч, цасанд сууж магадгүй гэж бодоод цуг явсан машинтай хүмүүсээр сумаас ирэх түргэний машиныг тосуулахаар явуулсан. Ингээд түргэн иртэл би ахын шархыг даавуугаар дарж, гараараа бага зэрэг чимхэж, сахартай бүлээн цай аманд нь хийж өгч байсан. Би анх С ахын гэрийн гадаа очихдоо машинд байсан бууг өөрөө гартаа бариад буусан... Би Сын биед гэмтэл учруулсан асуудлаа хүлээн зөвшөөрч байна. С ах бид хоёрын дунд урьд өмнө өр, авлага, өс хонзон байхгүй, бид хоёр маргаж муудаж үзээгүй. Би эмчилгээний зардлыг төлж хохиролгүй болгоно... “ гэсэн мэдүүлэг /хх-ийн 138-139 тал/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байгаа бөгөөд шүүгдэгчийн зэвсэг хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэг байна.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Д.Саын эрүүл мэндэд хүнд хохирол учирсан бөгөөд хохирогч нь гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд нь учирсан хохиролд зарцуулсан эмчилгээний зардалд нийт 13.880.478 төгрөг нэхэмжилсэн бөгөөд шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт оролцуулахаар дуудахад “... Миний бие Дамдиндорж овогтой С би эмчилгээний зардал болох 13.880.478 төгрөгийг Даваацэрэн овогтой Хаас Багануур дүүргийн 4-р хорооны Тогос-Уул 20-4 тоотод 4 тал хашаа, 6х7 харьцаатай торхыг мөнгөн дүндээ тооцуулан хохирлыг харилцан тохиролцож авсан нь үнэн. Бидний зүгээс нэхэмжлэх санал гомдол байхгүй... ” гэсэн тодорхойлолтыг гаргаж өгсөн, шүүх хуралдаанд оролцуулахаар утсаар шүүх хуралдааны тов мэдэгдэхэд шүүх хуралд оролцохгүй, гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн хариу өгсөн тул шүүгдэгчийг хохирогчид төлөх төлбөргүй байна гэж үзлээ.
Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо төлсөн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан 7 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Хыг зэвсэг хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Д.Хоыг 7 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Хот оногдуулсан 7 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсгийн 8.5, 8.8, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шатаж харалсан хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй ба түүний биеийн байцаалттай холбоотой бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Д.Хот авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьсугай.
ДАРГАЛАГЧ Д.ГАНЗОРИГ
ШҮҮГЧИД Э.ОДХҮҮ
С.НАСАНБУЯН