Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 27 өдөр

Дугаар 87

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 180/2020/0122/Э

 

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Мөнхтулга даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:

 

Нарийн бичгийн дарга                                                Ж.Мөнхчимэг,

Улсын яллагч                                                              Ж.Батбаатар,

Шүүгдэгчийн өмгөөлөгч                                             Г.Баярсайхан

Шүүгдэгч                                                                      Б.Н нарыг оролцуулан

 

Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ж.Батбаатараас Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Н-д холбогдох 1939... дугаартай хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч Б.Н нь 2018 оны 07 дугаар сарын 29-30-ны өдрийн хооронд Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг Хийдийн 27-03 тоотод байх иргэн Ц.Д-н хашаанаас 20 ширхэг 4 метр урттай палк модыг хулгайлж 600.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.Н  нь 2018 оны 07 дугаар сарын 29-30-ны өдрийн хооронд Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг Хийдийн 27-03 тоотод байх иргэн Ц.Д-н хашаанаас 20 ширхэг 4 метр урттай палк модыг хулгайлж 600.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

 

Хохирогч Ц.Д-н мөрдөн байцаалтанд өгсөн: “...Манайх хуучин Хийдийн 27-03 тоот хашаанд байж байгаад 2014 онд нүүсэн юм. Тэгээд манай хашаа эзэнгүй байж байгаад 2017 оны намар манай хадмууд болох Ойнмандах гэдэг хүн 68 ширхэг 3 метрийн урттай палк хүнээс худалдаж аваад манай хуучин хашаанд хураасан. Тэгээд манай хашаа эзэнгүй байсан болохоор 2018 оны 06 дугаар сард манай цайны газарт угаагч хийдэг байсан Баагий гэх эмэгтэй гуйгаад байсан болохоор нь хашаандаа буулгасан тэгээд Баагий удаагүй ажлаасаа гараад Баагийгийн эгчийнх гээд өндөр туранхай Б.Н  гэдэг залуугийнх үлдсэн. Тэгээд 2018 оны 07 дугаар сарын 25-ны үеэр таксинд явдаг Амгаа гэдэг хүн залгаад надад танайх хашаан дахь палкаа зарах гэж байгаа юм уу Б.Н  гэдэг хүн тэгээд явж байна гэхээр нь би үгүй гээд орой нь хуучин хашаандаа ирээд палкаа тоолоход бүрэн байсан. Тэрнээс хойш өдөр болгон ажил тараад шалгахад бүрэн байсан. Харин өнөөдөр 16 цагийн үед очоод харсан чинь 29 ширхэг палк дутсан байсан. Тэгээд би дуудлага өгсөн... Б.Н гийн намайг очих болгонд цоожтой байдаг. Өчигдөр бас л цоожтой байсан.. Би хашаагаа болон хашаан доторх эд зүйлсээ харуулж үлдээсэн...Тухайн палк мод нь миний эзэмшлийн палк мод байсан. Манай хадам аав надад авчирч өгч байсан. Тухайн үед би 29 гэж бодоод байсан одоо бодоход 20 ширхэг палк мод алдсан юм шиг байна лээ. Палк модныхоо үнэлгээг гаргуулсан байгаа. Тэр мөнгийг гаргуулмаар байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 14,17,19 тал/

 

Гэрчээр Л.Энхжаргалын мөрдөн байцаалтанд өгсөн: “...2018 оны 07 дугаар сарын сүүлээр намайг гэртээ байж байхад 10-11 цагийн үед Б.Н  гэж зүс таньдаг залуу манай гадаа тааралдсан. Намайг Батноров машинтайгаа яваад өгөөч гэхээр нь би үгүй гэсэн чинь тэгвэл та хэдэн ширхэг палк худалдаад авчих би Батноров явах зардал мөнгөтэй болмоор байна гэсэн. Тэгээд би мөнгө байхгүй 10 ширхгийг л авуул авна гэсэн та 20 ширхгийг авчих би нэг ширхгийг нь 10.000 төгрөгөөр өгье гэхээр нь би очиж харъя гээд гээд өөрийнхөө 29-40 ХЭҮ улсын дугаартай машинаар Хийдийн 27-03 тоотод орчиж харсан чинь гэрийнх нь баруун талд хураалттай палк харуулсан. Тэгээд би Б.Н г машин тэрэг олоод аваад ир гэсэн юм. Тэгээд би Б.Н тэй унаа хайж яваад үдийн хойно гэрийнх нь зүүн талын Од дэлгүүрийн гадаа буулгаж өгөөд явсан.Тэгсэн 30-40 минутын дараа манай гадаа Б.Н  ирээд би хөдөө явах гээд байна та өөрөө аргалаад очоод авчих гэхээр нь бид хоёрт Эвт худалдааны төв ороод тэндээс 20.000 төгрөгөөр цагийн портер хөлслөөд Хийдийн 27-03 тоотод очиж жолооч Б.Н  бид гурав нийлээд 20 ширхэг 4 метр урттай хуучин палк ачсан. Тэгээд би Б.Н д бэлэн 100.000 төгрөг өгөөд хашаандаа буулгасан. Харин үлдсэн мөнгө болох 100.000 төгрөгийг нь Батноров явж ирээд авна гэсэн.. Биндэрээс авч ирээд байшин бариад илүү гарсан нь үлдээд байгаа юм гэж хэлж байсан.. одоо бол байхгүй. Хагасаар нь тухайн үед байшин барьж байсан тэрэндээ оруулаад заримаар нь амбаарынхаа нурсан хэсгийг битүүлээд барьсан байгаа. Ганц хоёр палк үлдсэн тэрийг нь түлээд дууссан... ” гэх мэдүүлэг /хх-ийн 25, 27 тал/,

 

Гэрчээр Б.Н-н мөрдөн байцаалтанд өгсөн: “...Манайх 2018 оны 05 дугаар сард Хийдийн 27-03 тоотод Мандах гэдэг айлын хашаанд буусан юм. Манай эхнэрийн дүүтэй цуг ажилладаг хүний ахынх нь хашаа гэж байсан. Тэгээд тэдний хашаанд байсан хураалттай палкнаас би 21 ширхгийг 2018.07.29-ний өдөр 17 цагийн үед киномантажын ард ганцаараа явж байгаа туранхай шар эрэгтэй хүн явж байхаар нь та палк авах уу 4 метрийн урттай палк байна гэхэд нөгөө ах 20 ширхэг палк авы чи 100.000 төгрөгөнд өгчих гэхээр нь би тэг тэг гээд Хийдийн 27-03 тоот руу дагуулаад цагаан өнгийн портер машинтай явсан. Очоод би гуйж буусан айлынхаа палкнаас 21 ширхгийг машинд нь ачиж өгөөд буцаад машинтай нь киномантаж ороод “Мандах” дэлгүүрийн баруун талын баруун тийшээ харсан ногоон хаалгатай, хүрэн дүнзэн байшинтай урд талдаа гэртээ айлд очоод буулгасан. Тэгсэн нөгөө палк худалдаж авсан ахад би ахынхаа палкыг нууцаар зарж байгаа юмаа гэсэн чинь нөгөө ах би чамайг танихгүй, чи намайг танихгүй, 2 биенийгээ танихгүй шүү гээд надад 100.000 төгрөг бэлнээр тоолж өгсөн... ” гэх мэдүүлэг /хх-ийн 21, 23, тал/

 

Яллагдагчаар Б.Н-н мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би 2018 оны 05 дугаар сараас Хийдийн 27-03 тоотод эхнэр хүүхэд, эхнэрийн дүү бид хамт амьдарч байсан. Бид нар тэр хашаанд нүүж очиход хашааны баруун талд барагцаагаар 60 гаран палк байсан. Тэгээд би Замын үүд орж ажил хийж байгаад 2018 оны 07 дугаар сарын сүүлчээр гэртээ ирсэн. Гэртээ ирэхэд гэрт нь хүн байхгүй цоожтой, хашааны баруун талд нь палкнууд хэвээрээ байж байсан... Хийдийн 27-03 тоот хашаанд байх палкнаас 20 ширхгийг киномантажын байранд байдаг Л.Энхжаргал гэдэг ахад бөөндөөд 100.000 төгрөгөөр зарсан... ” гэх мэдүүлэг /хх-ийн 63, тал/

 

Хөрөнгө үнэлгээний шинжээчийн 126 дугаартай дүгнэлт /хх-ийн 45 тал/,

 

Шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээчийн дүгнэлт /хх-ийн 49 тал/

Шүүгдэгч Б.Н-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Дахин ийм гэмт хэрэг үйлдэхгүй. Буруу зүйл хийснээ ойлгож ухамсарлаж байна...” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.  зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн шүүгдэгч Б.Н-д холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаар дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон, шүүгдэгч нь холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар маргаагүй болно

 

Иймд шүүгдэгч Б.Н-г Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

 

Хохирогч Ц.Д  нь “Надад нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй, шүүх хуралдаанд оролцохгүй” /хх-ийн 87-88 тал/ гэх хүсэлт өгсөн байх тул шүүгдэгч Б.Нг  бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.Нд холбогдох гэмт хэрэгт улсын яллагчаас Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэх эрүүгийн хариуцлага хүлээлгэх саналыг гаргажээ. Шүүгдэгчид ял оногдуулахдаа хохирогчид төлөх төлбөргүй, шүүгдэгч нь үйлдсэн хэрэгтээ гэмшсэн байдал зэргийг харгалзан ялын саналын хүрээнд шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзэв. 

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйл үгүй, шүүгдэгчийн гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлээгүй, шүүгдэгчийн биеийн байцаалттай холбоотой баримт бичиг шүүхэд ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б.Н-г Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н-д хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5, 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.Н-д тэнсэгдсэн 1 /нэг/ жилийн хугацаанд оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхийн байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ тус тус хэрэглэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н нь хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч Б.Н нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг тус тус мэдэгдсүгэй.

 

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, тэрээр цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт хэрэгт авагдаагүй болохыг дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

  

8. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Н-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 ДАРГАЛАГЧ                                    Ц.МӨНХТУЛГА