| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэрэнчимэдийн Мөнхтулга |
| Хэргийн индекс | 180/2019/0124/Э |
| Дугаар | 88 |
| Огноо | 2020-04-27 |
| Зүйл хэсэг | 17.12.1., |
| Улсын яллагч | Б.Бямбасүрэн |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 04 сарын 27 өдөр
Дугаар 88
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 180/2019/0124/Э
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Мөнхтулга даргалж тус шүүхийн "А" танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:
Нарийн бичгийн даргаар Ж.Мөнхчимэг,
Улсын яллагч Б.Бямбасүрэн,
Шүүгдэгч Д.Б,
Шүүгдэгч Т.А нарыг оролцуулан
Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Бямбасүрэнгээс Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Б, Т.А нарт холбогдох 2039... дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч Д.Б, Т.А нар нь бүлэглэн 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Хэнтий аймгийн Биндэр сумын Онон голын арал гэх газраас иргэн И.Д гийн ухаа халзан зүсмийн 1 тооны үхрийг хулгайлж, 1.500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Д.Б, Т.А нар нь бүлэглэн 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Хэнтий аймгийн Биндэр сумын Онон голын арал гэх газраас иргэн И.Д-ийн ухаа халзан зүсмийн 1 тооны үхрийг хулгайлж, бусдад 1.500.000 төгрөгийн хохирол учруулсан учруулсан болох нь:
Хохирогч И.Д-ийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би Хэнтий аймгийн Биндэр сумын 5 дугаар баг Шаазгай хорооны 990 тоотод оршин суудаг юм. Тэгээд 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр би уг хашаанаасаа өөрийн малын А дансан дахь ухаа халзан зүсний 1 тооны үнээгээ ойролцоогоор 09 цагийн үед бэлчээрт гаргасан юм. Би тухайн үед сумынхаа Тэмүүлэн гэх эмэгтэйн үхэрт өөрийн 1 тооны үнээгээ нийлүүлээд тавьсан. Тэгээд Тэмүүлэн гэх эмэгтэйн үхрүүд нь орой нар жаргахын өмнө ирсэн байсан. Тэгэхээр нь би өөрийн нэг тооны үхрийг ойр хавиар нэлээн хайгаад явсан боловч уг үнээний маань сураг огт гарахгүй байна... Миний хохирол төлөгдсөн... надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 30-32, 33-34 тал/,
Гэрчээр Д.Б-ийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Төмрөөтэй уулзах санаатай явж байхад Биндэр сумын зүүн талд Онон голын арал дотор айлын 10 тооны үхэр байсан. Тэр үхрийн хажуугаар гарч байхад Т.А хоёулаа эндээс чиний өрийг дарчих уу? гэхэд нь би зөвшөөрөөд Т.А эхэлж машинаас буугаад ухаа халзан зүсмийн үнээг миний машин дотор байсан цагийн өнгийн уяагаар оосорлоод авсан байсан. Т.А ыг үхэр барьж авахаар нь хажууд нь очиж зогсоод бид хоёр нийлж байгаад машиныхаа арын хаалгыг онгойлгож байгаад машин дотроо ачсан... Биндэр сумын зүүн хойд зүгт 20 км очоод машин дотроосоо үхрээ буулгаад ажиллаад ажилласан газраа арьс, толгой шийр зэргийг нь хаяад зөвхөн махыг нь ачаад шууд сумын төв дээр ирээд хулгайлсан үхрийн махандаа Биндэр сум дээр мал эмнэлэг ажиллуулдаг Чулуун эгчээс мал эмнэлгийн ариун цэврийн гэрчилгээ аваад тэр өдөр Улаанбаатар хот руу мах ачаад гарах гэж байсан Мөнхбаатар ахын машинд ачаад Нараа эгчийн утсыг нь өгөөд явуулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 46-47 тал/,
Гэрчээр Т.А ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Сумын төвөөс гараад холдолгүй Онон голын арал дотор явж байхад айлын цөөн хэдэн үхэр таарсан юм. Тэгсэн Д.Б хажууд нь зогсоод хөгшөөн эндээс нэг үхэр ажиллаад явъя гэхээр нь би юу солиороод байгаа юм хулгай хийх гээд байгаа юм уу гэхэд Д.Б хөгшинд нь өөрийн үхэр гээд байх юм байхгүй болсон эндээс нэг юм аргалахгүй бол болохгүй гэж хэлсэн. Бид хоёр ярилцаж байгаад машин дотроос буугаад арал дотор бэлчиж байсан үхэр дундаас ухаа халзан үнээг Д.Б гийн машин дотор байсан цагаан өнгийн уяагаар барьж аваад Д.Б тай нийлж машин дотор нь ачаад хүний нүднээс далд хулгайлсан үхрээ ажиллахаар болоод сумын төвөөс зүүн тийшээ 20 км орчимд айлын эзэнгүй саравчин дотор нядалсан. Яг ямар газар хэний хашаа гэдгийг нь би сайн мэдэхгүй байна. Бид хоёр нядалсан үхрийн махаа ачиж сумын төвд ирээд би буусан Д.Б махаа хэнээр яаж явуулсан талаар нь би сайн мэдэхгүй байна. Д.Б тэр үхрээ өрөндөө өгнө гэсэн болохоор зарж борлуулахад нь бол би огт оролцоогүй...”гэх мэдүүлэг /хх-ийн 48-49 тал/
Гэрч У.Мөнхбаатарын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Д.Б гэх хүн над дээр ирээд Улаанбаатар хот руу идэшний шүдлэн үхэр ачуулах гэсэн юм гэхээр нь би тэгээ болно ариун цэврийн бичгээ аваад ирээрэй гэж хэлэхэд Д.Б ариун цэврийн бичигтэй махыг хадмынхаа гадна талаас ачуулсан. Жижиглээгүй 6 хэсэг болгож эвдсэн үхрийн мах байсан”...гэх мэдүүлэг /хх-ийн 50-51 тал/,
Гэрч Г.Эрдэнэчулууны мөрдөн байцаалтанд өгсөн: “...Д.Б гэх хүн А дансандаа малтай Биндэр сумын 3 дугаар багийн иргэн гэдгийг нь би мэддэг болохоор би тухайн үед өөрийнхөө малаас ажиллаад явж байна гэж бодоод бичиг олгосон юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 52-53 тал/
Хөрөнгө үнэлгээний шинжээчийн 131 дугаартай дүгнэлт /хх-ийн 63 тал/,
Иргэний нэхэмжлэгч Г.Энх-Амгалангийн мөрдөн байцаалтад өгсөн: “...мөнгөлөг өнгийн саарал өнгийн 62-03 УНӨ улсын дугаартай Hyundai Grace маркийн тээврийн хэрэгсэл нь миний өмч юм. Би 2014 онд Улаанбаатар хотод Архангайн малчин хүнд уг тээврийн хэрэгслийг худалдан борлуулж байсан юм. Уг тээврийн хэрэгслийн мөнгөнөөс 500.000 төгрөг дутуу өгөхөөр нь би тээврийн хэрэгслээ нэр дээр нь шилжүүлж өгөөгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 44-45 тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн шүүгдэгч Д.Б, Т.А нарт холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаар дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон, шүүгдэгч нь холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар маргаагүй болно
Иймд шүүгдэгч Д.Б, Т.А нарыг Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын малыг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлд 2020 оны 01 сарын 16-ны өдөр өөрчлөлт орж гэмт хэрэг үйлдэхдээ бүлэглэсэн, машин механизм ашигласан тохиолдолд гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүн болохоор хуульчилсан. Шүүгдэгч нар нь хуульд өөрчлөлт орохоос өмнө дээрх гэмт хэргийг үйлдсэн байх ба гэмт хэрэг үйлдэх үеийн хуулиар эрүүгийн хариуцлага хүлээлгэх, эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй тухай эрүүгийн хуулийн зарчмыг удирдлага болгон шүүгдэгч нарт ашигтайгаар шийдвэрлэх нь хууль ёсны болон шударга ёсны зарчимд нийцнэ.
Шүүгдэгч Д.Б, Т.А нарт холбогдох гэмт хэрэгт улсын яллагчаас Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус оногдуулах, Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэ болох 4.500.000 төгрөгийг гэмт хэрэг үйлдэхэд санаачилга гаргасан, ооролцоо зэрэг байдлыг харгалзан шүүгдэгч Д.Бгаас 2.500.000 төгрөгийг, шүүгдэгч Т.А аас 2.000.000 төгрөгийг тус тус хуваан гаргуулж улсын орлого болгуулах саналыг гаргасныг шүүх хүлээн авах үндэслэлтэй байна..
Шүүх шүүгдэгч Д.Б, Т.А нарт хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж, шүүгдэгч нарын хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж зэргийг харгалзан шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Хохирогч И.Д нь “Надад нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй, шүүх хуралдаанд оролцохгүй” /хх-ийн 112, 116 тал/ гэх хүсэлт өгсөн байх тул шүүгдэгч Д.Б, Т.А нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шар өнгийн бариултай хутга 1 ширхэг, цагаан өнгийн 8 метр 28 см урттай мяндсан уяаг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, мөнгөлөг саарал өнгийн 62-03 УНӨ улсын дугаартай Hyundai Grace маркийн авто машины 0274127 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хууль ёсны өмчлөгч Г.Энх-Амгаланд буцаан олгов.
Шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нарын биеийн байцаалттай холбоотой бичиг баримт шүүхэд ирээгүй, цагдан хоригдоогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдав..
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Д.Б , Т.А нарыг Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөний ангийн 1.8, 1.9 дүгээр зүйл, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б, Т.А нарыг тус бүр 400 /дөрвөн зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
4. Шүүгдэгч Д.Б, Т.А нарт оногдуулсан 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг Хэнтий аймгийн Хэрлэн сумын төвд эдлүүлэхээр шийдвэрлэсүгэй.
5. Эрүүгийн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын эдлээгүй үлдсэн найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
6. Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Д.Б, Т.А нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 62-03 УНӨ улсын дугаартай Hyundai Grace маркийн тээврийн хэрэгслийг хууль ёсны өмчлөгч Г.Энх-Амгаланд буцаан олгож, шүүгдэгч нараас уг тээврийн хэрэгслийн үнэ 4.500.000 /дөрвөн сая таван зуун мянга/ төгрөгийг 2 хуваан шүүгдэгч Д.Бс 2.500.000 /хоёр сая таван зуун мянга/ төгрөг, шүүгдэгч Т.А аас 2.000.000 /хоёр сая/ төгрөг тус тус гаргуулан 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор улсын орлого болгосугай.
7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шар өнгийн бариултай хутга 1 ширхэг, цагаан өнгийн 8 метр 28 см урттай мяндсан уяаг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, мөнгөлөг саарал өнгийн 62-03 УНӨ улсын дугаартай Hyundai Grace маркийн авто машины 0274127 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг хууль ёсны өмчлөгч Г.Энх-Амгаланд буцаан олгосугай.
8. Хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нарын биеийн байцаалттай холбоотой баримт бичиг шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт хэрэгт авагдаагүй болохыг тус тус дурдсугай.
9. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай
10. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Ц.МӨНХТУЛГА