| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэрэнчимэдийн Мөнхтулга |
| Хэргийн индекс | 180/2020/0113/Э |
| Дугаар | 90 |
| Огноо | 2020-04-27 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Г.Мөнхболд |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 04 сарын 27 өдөр
Дугаар 90
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 180/2020/0113/Э
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Мөнхтулга даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:
Нарийн бичгийн даргаар Ж.Мөнхчимэг,
Улсын яллагч Г.Мөнхболд,
Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Амаржаргал,
Шүүгдэгч Г.О нарыг оролцуулан
Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.О-д холбогдох 1939... тоот эрүүгийн хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч Г.О нь 2019 оны 02 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө уналга буюу иргэн С.Өнөржаргалын эзэмшлийн хязаалан насны адууг ашиглан, хүн байнга амьдрах орон байр болох Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын 3 дугаар баг “Шавартын үзүүр” гэх газарт оршин суух иргэн Д.Жанчивын гэрт нууцаар, хууль бусаар нэвтрэн орж дунд гарын мөнгөн чимэгтэй эмээл хулгайлж бусдад 4.500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгч Г.О 2019 оны 02 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө уналга буюу иргэн С.Өнөржаргалын эзэмшлийн хязаалан насны адууг ашиглан, хүн байнга амьдрах орон байр болох Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын 3 дугаар баг “Шавартын үзүүр” гэх газарт оршин суух иргэн Д.Жанчивын гэрт нууцаар, хууль бусаар нэвтрэн орж дунд гарын мөнгөн чимэгтэй эмээл хулгайлж бусдад 4.500.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
Хохирогч Д.Жанчивын мөрдөн байцаалтын үед өгсөн: “...манайх хэрэг гарах үед Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын 3 дугаар багийн нутаг “Шавартын үзүүр” гэх газарт хаваржиж байсан юм. 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдөр би эхнэр Энхтуяагийн хамт Улаанбаатар хот руу хувийн ажлаар явсан. Ингээд Улаанбаатар хотод очоод байхад манай хүү Мөнхзаяа 2019 оны 02 дугаар сарын 19-ний өглөө утсаар залгаж ярихдаа манай гэрт хулгай орсон байсан ба гэрийн хойморт хананд ил түшүүлээд орхисон байсан дунд гарын мөнгөн чимэгтэй эмээлийг алдсан талаар хэлсэн. Ингээд би тэр өдөртөө Улаанбаатар хотоос гарч гэртээ шөнө ирсэн. Манай хүү Мөнхзаяа нь манайхтай айл хаваржиж байсан юм. ...манай гэрээс өөр алдагдсан зүйл байхгүй” гэх мэдүүлэг. /хх-ийн 20-21 тал/
Хохирогч Ө.Ж-с мөрдөн байцаалтанд дахин өгсөн: “...Г.О нь манай гэр онгорхой байсан ч хэн нэгэн хүний зөвшөөрөлгүй нэвтрэх эрх байхгүй. ...надад нэхэмжлэх зүйл, байхгүй” гэх мэдүүлэг. /хх-ийн 117 тал/
Гэрч Б.Мөнхчимэгийн мөрдөн байцаалтын үед өгсөн: “...би 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдөр манай нөхөр Мөнхзаяа бид нар 13-14 цагийн үед байх өөрсдийнхөө машинтай Мөнхдэлгэрийнд очсон. ....гэрийнх нь гадаа машин дотроо бид хэд нэлээн юм ярьж суусан. ...тэгээд ...бид хоёр гэртээ ирсэн. Биднийг гэртээ ирэхэд 00 цаг өнгөрч байсан байх гэж бодож байна. ...тэгээд 2019 оны 02 дугаар сарын 19-ний өглөө манай нөхөр Мөнхзаяа нь хүүхэд бид хоёрыг авахаар мотоциклтой ирээд “аавын гэрт байсан мөнгөн чимэгтэй эмээл нь байхгүй байна” гэж байсан” гэх мэдүүлэг. /хх-ийн 34-35 тал/
Гэрч Ж.Мөнхзаяагийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...манайх Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын 3 дугаар багийн нутаг “Шавартын үзүүр” гэх газарт нутаглаж байна. Жаргалтхаан сумаас зүүн тийш 18 км-т байдаг газар юм. 2018 оны 02 дугаар сарын 18-ны өдөр гэрээсээ гараад Мөнхдэлгэр гэх айлынд ороод ...хөдөө гэртээ ирсэн. Намайг гэртээ ирээд цаг харахад 12 цаг өнгөрч байсан. Тэгээд 01 цагийн үед унтаж амарсан. Ингээд би 2019 оны 02 дугаар сарын 19-ний өглөө 09 цаг гэж босоод аавын гэрээр ороход гэрийнх нь хойморт байдаг мөнгөн чимэгтэй эмээл нь байхгүй байсан. Тэгээд аав, ээж хоёр руу залгаж асуухад “гэртээ гэрийн хойморт байгаа” гэж хэлэхээр нь би хулгайд алдагдсан юм байна гэж бодсон. Манай аав, ээж хоёр өчигдөр буюу 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хот руу явсан. Манайх аавынхтай хамт нутаглаж байна” гэх мэдүүлэг. /хх-ийн 39-41 тал/
Гэрч С.Өнөржаргалын мөрдөн байцаалтанд өгсөн: “...2019 оны 02 дугаар сард Жанчив гуайг эмээл алдсан талаар мэдсэн. Тухайн үед манайд мал харж байсан Г.О эмээлийг нь хулгайлсан байсан. Хэрэг гардаг өдөр нь би эхнэртэйгээ аймаг явсан байсан ба Г.О ыг мал дээрээ үлдсэн байсан. Ингээд би шөнө нь гэртээ ирэхэд Г.О нь халамцуу гэртээ унтаж байсан. Унасан байсан халтар морь гэрийн гадаа эмээлийг нь аваад өвс тавьж өгсөн байсан. Халтар морь маш их хөлстэй, цантсан байсан. Тухайн үед Г.О оос морь яагаад хөлөрсөн талаар асуухад “хөдөөгүүр яваад төөрөөд” гэж зэргээр яриа нь сонин байсан. ...халтар морь нь манай морь ба алх хадуур тамгатай морь байгаа. ...надад учирсан хохирол байхгүй. Нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг. /хх-ийн 118-119 тал/
Яллагдагч Г.О гэрчээр мөрдөн байцаалтанд өгсөн: “...би ...Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын Баян-Эрдэнэ багт “Дааган дэл” гэх газар Мөнхжаргал гэдэг айлд хонийг нь хөлсөөр хариулж байсан юм. Тэр өдөртөө би ...Бэхжих гэдэг найзындаа очиход Бэхжих нь цагаан сарын юм гээд 1 шил 0.75 литрийн “Улаанбаатар” архи гаргаж өгөхөөр нь Можоо бид нар уугаад тэднийхээс гараад тушиж орхисон морин дээрээ хүргүүлсэн. Можоо харих гээд явсан. Би морио унаад Жанжид ахынд 1 шил архи гарах байх гэж горьдоод очсон. Намайг очиход Жанчив ахын 2 гэр нь цоожгүй, дэлгээтэй, харанхуй байхаар нь ороход хэн ч байгаагүй. Би гэрлийг нь асаах санаатай тэмтрээд явж байхад гэрт авдарны хөндийд зүүн хойд талд нь нэг эмээл тэмтрэгдсэн. Би согтуу байсан болохоор гэнэтхэн энэ эмээл нэлээд хэдэн төгрөг хүрэх байх гэж бодоод нөгөө эмээлийг шууд тэр чигээр нь аваад гарсан. Миний авсан эмээл дунд гарын Батноров хийцийн, 12 чимэгтэй, шар ширэн гөлөмтэй, төмөр хар дөрөөтэй, эсгий улаан эмжээртэй тохомтой, шар улаан будгаар будсан модтой, тохоожоор эмээл байсан. Тэгээд би морьтой аваад явж байгаад “Харган” гэх газрын өвөлжөөний доод жалганд орхиод мал харж байгаа айл руугаа очсон. Гэрт нь хүн байгаагүй. Би ороод унтаж амарсан. ...харин би маргааш нь сум руу Мөнхжаргалаар хүргүүлсэн. Сумын төв дээр ирээд би 1 хоноод гэрээсээ мотоциклоо унаад нөгөө эмээлээ орхсон өвөлжөөндөө очоод эмээлээ аваад “Өвдгийн булаг”-ийн эхэнд ирээд эмээлийнхээ чимгүүдийг хутгаар хөшиж салгаж аваад эмээлийн мод, дөрөө, тохом, гөлөм зэргийг нь жалганд хийгээд булаад орхисон. ...хотод очоод Нарантуул зах ороод хойд талд нь байдаг шилэн зах гэдэг өндөр барилга руу ороод 50 гаран насны, шаравтар царайтай, махлагдуу эрэгтэй хүнд нөгөө эмээлийнхээ чимгийг үзүүлэхэд “ хэдэд өгөх гэж байгаа юм” гэхээр нь би 1.500.000 төгрөгөөр шууд өгнө гэсэн чинь “жижиг чимэг байна. Ах нь 1.000.000 төгрөгөөр авъя” гэхээр нь шууд өгсөн. Би мөнгөө бэлнээр тоолж аваад зах дээрээс 1 хоромон гутал 170.000 төгрөгөөр, эрэгтэй фудболк 50.000 төгрөгөөр авч өмсөөд, захын арын “Од” гэдэг бааранд ороод архи авч уугаад тасраад өглөө нь сэрэхэд миний халаасанд 10.000 төгрөг л байсан. 2 хоногийн дараа сум руугаа ээжээсээ зардлын мөнгө авч ирсэн” гэх мэдүүлэг. /хх-ийн 45-47 тал/
Хөрөнгийн үнэлгээний шинжээчийн 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн №217 дугаартай дүгнэлт /хх-ийн 50 тал/
Хөрөнгийн үнэлгээний шинжээчийн 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн №143 дугаартай дүгнэлт /хх-ийн 122х/,
хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгч Г.О дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг буюу бусдын орон байранд нэвтэрч эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэг мөн бөгөөд прокурор нь шүүгдэгчид дээрх зүйл ангиар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул Г.О д эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэж, ял оногдуулах үндэслэлтэй байна.
Хохирол төлбөрийн хувьд хохирогч Д.Жанчив нь “хохирол төлбөр барагдсан, надад Г.О-с нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн хүсэлтийг /хх-ийн 146 тал/ ирүүлсэн байх тул шүүгдэгч Г.О-г бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч Г.О-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Г.О д Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг журамлан шүүхээс түүний өмнө тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, мөн хуулийн 6.8-д заасныг журамлан шүүгдэгч Отгоны үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23 дугаар зүйлийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 6 сарын хорих ял, түүний үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт 2 жилийн хорих ял тус тус оногдуулж, түүний оногдуулсан хорих ялыг нэмж нэгтэн биеэр эдлэх нийт ялыг 2 жил 6 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх санал гаргасан бөгөөд, шүүгдэгчийн өмгөөлөгч П.Амаржаргал нь улсын яллагчийн саналаас доош татаж, хувийн байдлыг харгалзан ял оногдуулж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргажээ.
Шүүгдэгч Г.О-н хувьд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж бага, бусдад төлөх төлбөргүй зэрэг хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт оногдуулахаар заасан хорих ялын доод хэмжээнээс доош нь татаж ял оногдуулах, ял эдлүүлэх дэглэмийг тогтоох нь зүйтэй гэж шүүх үзэв.
Шүүгдэгч Г.О-н цагдан хоригдсон 47 хоногийг Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож, энэ битүүмжлэгдсэн зүйлгүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлээгүй,түүний биеийн байцаалттай холбоотой баримт бичиг шүүхэд ирээгүй болно.
Шүүгдэгч Г.О-н гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан уналга буюу хязаалан насны морины үнэ 800.000 төгрөгийг шүүгдэгч Г.О-с гаргуулж улсын төсөвт шилжүүлэх нь зүйтэй байна. Эд мөрийн баримтаар хураагдсан эмээлийн эсгий тохом, олом, улаан өнгийн эмээлийн модны зөөлөвчийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, шүүгдэгчийн биеийн байцаалттай холбоотой баримт бичиг шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт хэрэгт авагдаагүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Г.О-г Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан бусдын эд хөрөнгийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Г.О-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг журамлан Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 20 дугаартай шийтгэх тогтоолын 2 дахь заалтын хорих ял оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнссэн хэсгийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 23.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хорих ял оногдуулсугай.
4. Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлүүдэд зааснаар Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногуулсан 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн 23.1 дугаар зүйлийн 1-д зааснаар 6 /зургаа/ сарын хорих ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх хорих ялын хугацааг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сараар тогтоосугай
5. Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.О-д оногдуулсан 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
6. Шүүгдэгч Г.О ыг цагдан хорьсугай.
7. Шүүгдэгч Г.О нь 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдрөөс цагдан хоригдсон 47 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.
8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан хязаалан морины үнэ 800.000 төгрөгийг шүүгдэгч Г.О оос гаргуулж улсын төсөвт шилжүүлсүгэй.
9. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эмээлийн эсгий тохом, олом, улаан өнгийн эмээлийн модны зөөлөвчийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, шүүгдэгчийн биеийн байцаалттай холбоотой баримт бичиг шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт хэрэгт авагдаагүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл үгүй болохыг тус тус дурдсугай
10. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
11. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Ц.МӨНХТУЛГА