Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2000 оны 01 сарын 01 өдөр

Дугаар 2000/ДШМ/000

 

М.Д,  Б.Б нарт холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч М.Мөнхдаваа даргалж, шүүгч Д.Эрдэнэбилэг, Т.Даваасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Э.Гантулга

Шүүгдэгч  Б.Б

Шүүгдэгч  Б.Бын өмгөөлөгч *******

Нарийн бичгийн дарга Д.Сайннямбуу нарыг оролцуулан;

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2017 оны 11 дүгээр сарын 3-ны өдрийн 209 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч  Б.Бын гаргасан давж заалдах гомдлоор М.Д,  Б.Б нарт холбогдох эрүүгийн 1714001420059 дугаартай хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч М.Мөнхдаваагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Монгол Улсын иргэн, Б.Б, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй

2. Монгол Улсын иргэн, М.Д, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй

Б.Б нь өсвөр насны шүүгдэгч М.Дтэй бүлэглэн, тээврийн хэрэгсэл ашиглан Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын 1 дүгээр багийн нутаг “Улаантолгой” гэх газраас иргэн С.Мын эзэмшлийн 8 тооны адууг 2017 оны 9 дүгээр сарын 3-наас 4-нд шилжих шөнө хулгайлж 5.550.000 төгрөгийн, хохирол учруулсан,

мөн 16 нас 7 сартай өсвөр насны шүүгдэгч М.Дийг хулгайн гэмт хэрэг үйлдэх гэмт хэрэгт татан оролцуулсан,

Өсвөр насны шүүгдэгч М.Д нь шүүгдэгч  Б.Бтай бүлэглэн тээврийн хэрэгсэл ашиглан Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын 1 дүгээр багийн нутаг “Улаантолгой” гэх газраас иргэн С.Мын эзэмшлийн 8 тооны адууг 2017 оны 9 дүгээр сарын 3-наас 4-нд шилжих шөнө хулгайлж 5.550.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Баянхонгор аймгийн прокурорын газраас  Б.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.1 дүгээр зүйлийн 1, 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар, М.Дт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар Хотон овогт  Б.Бт холбогдуулан аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэнийг хэрэгсэхгүй болгож, Хотон овогт  Б.Б, өсвөр насны шүүгдэгч Өндөр мөнх овогт М.Д нарыг мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Хотон овогт  Б.Быг 8 сар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн 8.1 дүгээр зүйлийн 3, 8.7 дугаар зүйлийн 1, 8.7 дугаар зүйлийн 3, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Өндөр мөнх овогт М.Дт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялыг оногдуулахгүйгээр тэнсэж, 1 жилийн хугацаагаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэж, уг арга хэмжээг хэрэгжүүлэхийг Баянхонгор аймгийн Хүүхэд Залуучуудын Хөгжлийн асуудал эрхэлсэн байгууллагад даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар  Б.Бд оногдуулсан 8 сар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 2.2, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1, 189 дүгээр зүйлийн 189.2 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч М.Дт зан үйлээ засах сургалтад хамрагдах үүргийг хүлээлгэж, уг үүргийг хэрэгжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч М.Д нь үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг арга хэмжээг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 7.5 дугаар зүйлийн 3, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.3, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 191 дүгээр зүйлийн 191.2 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч М.Дийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан улаан хүрэн өнгийн “Мустанг-5” маркийн мотоциклийг битүүмжилсэн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын 2017 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн тогтоолыг хэвээр үлдээж, уг мотоциклийг худалдан борлуулж, орлогыг улсын төсөвт шилжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж, Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч  Б.Б, өсвөр насны шүүгдэгч М.Д нар нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч  Б.Бын эд хөрөнгийг битүүмжлээгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5, 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  Б.Бт хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэж,  Б.Бын эдлэх ялыг 2017 оны 11 дүгээр сарын 3-ны өдрөөс эхлэн тоолж, өсвөр насны шүүгдэгч М.Дт хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Шүүгдэгч  Б.Б гаргасан давж заалдах гомдолдоо: Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Би айлын том, ээж 2 дүүгийн хамт амьдардаг. Миний ээж төрөөд 2 сар гаран болж байгаа, би өөрөө ээж дүүгээ тэжээх гэж айлын мал маллаж амьдардаг юм. Намайг харж хандах ах дүү муутай, миний ээж бид хэдийн ар гэрийн байдлыг харгалзан үзэж надад боломж олгож өгнө үү. Би дахин ийм хэрэг хийхгүй, хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэжээ.

Шүүгдэгч  Б.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Анхан шатны шүүхээс оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү гэв.

Шүүгдэгч  Б.Бын өмгөөлөгч ******* тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Анхан шатны шүүхээс шүүгдэгч нар ялыг ялгамжтай оногдуулсан нь шударга ёсны зарчимд нийцэхгүй байна. Шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшсэн зэрэг ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон тул хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү гэв.

Прокурор Э.Гантулга тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтэндээ: Оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэх эсэх нь давж заалдах шатны шүүхийн эрх хэмжээний асуудал. Мөн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт анхан шатны шүүхээс зарим нэг хуулийн заалтыг буруу бичсэн байгаа тул холбогдох хэсэгт өөрчлөлт оруулах саналтай байна гэв.

ХЯНАВАЛ:

Б.Б, өсвөр насны шүүгдэгч М.Д нар нь бүлэглэн, тээврийн хэрэгсэл ашиглан 2017 оны 9 дүгээр сарын 3-наас 4-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын 1 дүгээр багийн нутаг “Улаантолгой” гэх газраас иргэн С.Мын эзэмшлийн зөв талын гуян дээрээ дугуй тамгатай хүрэн азарга, хээр гүү, цавьдар гүү, 2 тооны хүрэн үрээ, халтар морь, саарал морь, хээр үрээ зэрэг нийт 8 тооны адууг хулгайлж бусдад 5.550.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч С.Мын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...манай адуу Улаан толгой гэх газраас хөдөлдөггүй бөгөөд 2017 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр усанд орж ирээд гарсан юм, 2017 оны 9 дүгээр сарын 4-ний өдөр морио солих гээд адуун дээрээ очтол хүрэн азаргатай нийт 8 тооны адуу байхгүй байхаар нь тэр хавиар 3 өдөр хайгаад олоогүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-17-р тал/, Баянхонгор аймгийн эд зүйлийн үнэлгээний орон тооны бус комиссын 2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн “...хүрэн азарга 850.000, хээр гүү 600.000, цавьдар морь 600.000, халтар морь 600.000, саарал морь 600.000, хүрэн үрээ 500.000, хүрэн үрээ 500.000, хээр үрээ 500.000 төгрөг гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 28-29-р тал/, М.Д,  Б.Б нарын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлсэн “...Улаан толгой гэх газраас иргэн С.Мын 8 тооны адууг хулгайлан аймгийн ар руу тууж аймгийн төвийн ар руу нэг хороонд шахсан...” хэмээн үйлдсэн хэргийнхээ талаар мэдүүлсэн мэдүүлгүүд /хх-ийн 37-39, 42-43-р тал/, өсвөр насны шүүгдэгч М.Дийн “Мустанг-5” маркийн мотоциклийг битүүмжлэх тогтоол, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 8-12-р тал/, анхан шатны шүүх хуралдааны шатанд шинжлэн судалсан хэрэгт ач холбогдол бүхий бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулан хохирогч С.Мын 8 тооны адууг хулгайлсан үйлдлийг Эрүүгийн хуулийг зөв хэрэглэн, зөв зүйлчилсэн, анхан шатны шүүхээс шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн үйл баримтын талаар хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудад тулгуурлан үндэслэл бүхий дүгнэлт хийж  Б.Бд аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг буюу “Хүүхдийг гэмт хэрэг үйлдэхэд татан оруулах” гэмт хэргийг үйлдсэн хэмээн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Ийнхүү хэргийн үйл баримтыг тогтоосон нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, дээрх нотлох баримтуудыг цуглуулахдаа хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлаагүй, шүүхээс хууль ёсны үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчиж нотлох баримт цуглуулан бэхжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй, эдгээр нотлох баримтуудаар хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай бөгөөд үнэлэх боломжтойгоос гадна анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасантай нийцсэн байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Анхан шатны шүүхээс өсвөр насны шүүгдэгч М.Дт холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ хуулийн холбогдох зүйл хэсэг заалтыг зөв хэрэглэж түүнд хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн, шүүгдэгч  Б.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн зэрэг нь тэдний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, чанарт тохирсон, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийн зүйлчлэлийг өөрчлөн ялыг хөнгөрүүлж, эсхүл шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж, хүндрүүлж болох эрх хэмжээний хүрээнд шүүгдэгч  Б.Б нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, түүний хувийн байдал, хохирогчид гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, энэ талаар хохирогч С.М гомдолгүй, цаашид нэхэмжлэх зүйлгүй, М.Д,  Б.Б нарт хорих ял оногдуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгөхийг хүссэн хүсэлт /хх-ийн 63-р тал/ зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлд зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, энэ талаар гаргасан шүүгдэгч Б.Бын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

Мөн анхан шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцохдоо шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн талаар хуулийн зохих диспозицийг зөв сонгож гэм буруутайд тооцоогүй, тухайн хэрэгт холбогдолтой зарим асуудлуудыг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зохих зүйл заалтуудыг дутуу бичсэн зэрэг алдаа зөрчил гаргасан байгааг шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах замаар залруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Шүүгдэгч  Б.Б нь 2017 оны 11 дүгээр сарын 3-наас 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл буюу анхан шатны шүүх хуралдаанаар хэргийг шийдвэрлэж, уг шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гарч, давж заалдах шатны шүүхэд хэрэг хүргэгдэн ирж хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх хүртэл нийт 46 хоног цагдан хоригдсон болохыг дурдаж шийдвэрлэсэн болно.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн

1 дэх хэсгийн 1.4-т заасныг тус тус заасныг удирдлага

болгон ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 3-ны өдрийн 209 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтад “...34.19 дүгээр зүйлийн...” гэсний дараа “...1 дэх хэсгийн...” гэж нэмж,

Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад “...мал хулгайлах...” гэснийг “...бусдын мал хулгайлсан...” гэж өөрчилж,

Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтад “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Хотон овогт  Б.Быг найман /8/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй...” гэснийг “...Хотон овогт  Б.Бд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссүгэй...” гэж өөрчилж,

Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтад “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч  Б.Бд оногдуулсан найман /8/ сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй...” гэснийг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч  Б.Бд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэж, уг үүргийг хэрэгжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай...” гэж тус тус өөрчилж,

Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дахь заалтад “...2.2...” гэсний өмнө “...2 дахь хэсгийн...” гэж нэмж,

Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 8 дахь заалтад “...21.5 дугаар зүйлийн...” гэсний дараа “...1 дэх хэсгийн...” гэж нэмж,

Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 9 дэх заалтад “...Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн...” гэснээс “...шүүхэд...” гэснийг хасаж, мөн заалтад “...36.8 дугаар зүйлийн...” гэсний дараа “...1 дэх хэсгийн...” гэж нэмж,

Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 10 дахь заалтад “...36.8 дугаар зүйлийн...” гэсний дараа “...1 дэх хэсгийн...” гэж тус тус нэмж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах, мөн зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг шүүгдэгч  Б.Бд сануулсугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч  Б.Быг сулласугай.

4. Шүүгдэгч  Б.Б нь 2017 оны 11 дүгээр сарын 3-наас 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл нийт 46 хоног цагдан хоригдсон болохыг дурдсугай.

5. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХДАВАА

                      ШҮҮГЧИД Д.ЭРДЭНЭБИЛЭГ

                                   Т.ДАВААСҮРЭН