| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэрэнчимэдийн Мөнхтулга |
| Хэргийн индекс | 180/2020/0110/Э |
| Дугаар | 92 |
| Огноо | 2020-04-28 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Б.Бямбасүрэн |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 04 сарын 28 өдөр
Дугаар 92
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 180/2020/0110/Э
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Мөнхтулга даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:
Нарийн бичгийн дарга М.Долгоржав,
Улсын яллагч Б.Бямбасүрэн,
Хохирогч С.Б
Шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан
Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Б холбогдох 1839... дугаартай хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч Б.Б нь 2018 оны 06 дугаар сарын 28-наас 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн Хэнтий аймгийн Хэрлэн сумын иргэн С.Б-г урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж түүний хүү Т.Энхбаатарыг Бүгд Найрамдах Солонгос улс руу гаргах виз гаргаж өгнө гэж хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгож, нийт 730.000 төгрөгийг залилсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.Б нь 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрөөс 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн хооронд Хэнтий аймгийн Хэрлэн сумын иргэн С.Б ийг урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж түүний хүү Т.Энхбаатарыг Бүгд Найрамдах Солонгос улс руу гаргах виз гаргаж өгнө гэж хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгож, нийт 730.000 төгрөгийг залилсан болох нь:
Хохирогч С.Б ий мөрдөн байцаалтд өгсөн: “.... Миний хамгийн том хүү Энхбаатар нурууны суулттай групптэй халамжид байдаг юм. Энхбаатар Хэнтий аймгийн Дадал сум руу 2018 оны 06 дугаар сар гаргаад явсан юм. Манай хүү Энхбаатар Хэнтий аймгийн Дадал суманд 10-аад хоноод ирэхдээ Батдулам гэх эмэгтэйн хамт ирсэн. Энхбаатар надад хэлэхдээ Батдуламтай танилцсан гэж байсан. Батдулам манайд ирээд 2-3 хоносон. Батдулам манай хүү Энхбаатарыг Бүгд Найрамдах Солонгос улс руу авч яваад эмчлүүлнэ, би өөрөө ирэх очих зардлыг нь хариуцна гэж хэлсэн. Тэгээд 650,000 төгрөг одоо хэрэгтэй, манай дүү элчин сайдын яаманд ажилладаг юм гэж надад хэлсэн. Тэгээд Батдулам надад 2025009040 тоот дансны дугаар өгсөн, би Батдуламын өгсөн дансанд тэтгэврийн зээл аваад 650,000 төгрөг тушаасан. Батдулам явахдаа манай хүүгийн бичиг баримтыг хуулбарлаад аваад явсан. Улаанбаатар хотоос Батдулам яриад дахиад 50,000 төгрөг хэрэг боллоо гэж хэлсэн, Дараа нь гадаад паспортын мөнгө гээд 30,000 төгрөг нэхэж авсан. Батдулам 88949279 гэсэн дугаартай байсан одоо энэ утас нь холбогдохгүй байгаа. Би Батдулам гэх эмэгтэйг миний хүүг Солонгос улсад эмчлүүлнэ гэж худлаа хэлээд надаас 730,000 төгрөг авсан. Би Батдулам гэх хүнд гомдолтой байна. Би Батдуламаас 730,000 төгрөг нэхэмжилж байна”.....гэх мэдүүлэг /хх-ийн 19-21 тал/
Гэрч Т.Энхбаатарын мөрдөн байцаалтад өгсөн: “... Би 2018 оны хавар шиг санаж байна Улаанбаатар хотоос Хэнтий аймаг явж байгаад Багануур дүүрэг дээр Батдулам гэх эмэгтэйтэй танилцсан юм. Бид хоёр нэг нэгэндээ гар утасны дугаараа өгсөн. Би 2018 оны 06 дугаар сард Хэнтий аймгийн Дадал суманд амралтын баазад мужааны ажил хийсэн юм. Энэ тухайгаа Батдуламд хэлэхэд очиж амарна гэсэн, тэгээд дадал суманд ирсэн. Би өөрөө өвчний учир 60 хувиар хөдөлмөрийн чадвар алдсан өвчний группд байдаг. Би Батдуламд өөрийн өвчний талаар ярихад чи ийм өвчтэй юм чинь Солонгос гархад амар, эмчилгээний журмаар 650,000 төгрөг байршуулаад Солонгос улс гарна би чиний зардлыг даана гэж хэлсэн....Би Батдуламаас Солонгос явах болж байна уу гэхэд 7 дугаар сард гарна, 8 дугаар сард гарна гэж хэлдэг байсан. 2018 оны 09 дүгээр сарын 20-ны орчим над руу залгаад виз гарчихлаа хүрээд ир гэсэн. Би таксинд суугаад Улаанбаатар хотод очоод Батдулам руу залгаад би хотод ирчихлээ гэсэн чинь хэрэглээний мөнгөө бэлдсэн үү гэж асуусан, би тэгэхээр нь виз гарсан юм уу, манай ах харна гээд байна виз гарсан бол манай ах мөнгө өгнө гэж хэлсэн. Тэгтэл Батдулам зайл чи өөрөө виз ээ хөөцөлдөхгүй юу гэж загнасан. Маргааш өдөр нь би Батдулам руу утсаар ярьсан, Батдулам надад Солонгос улсын элчин сайдын яамыг зааж өгсөн. Гранд Плаза гэх газар элчин сайдын газар очиж би өөрийнхөө визийг гарсан уу гэж асуухад элчин сайдын газар нь нь надаас код нэхсэн. Би Батдулам руу залгаад код нэхээд байна гэж хэлсэн чинь гар утсаа тасалсан. Батдулам намайг Солонгос улс явуулж виз гаргаж өгнө гэж манай ээжээс 650,000 төгрөг авсан. Сүүлд нь 50,000 төгрөг авсан. Дахиж гадаад паспорт авна гэж 30,000 төгрөг авсан........гэх мэдүүлэг /хх-ийн 22-23 тал/
Гэрч Л.Түвшинжаргалын мөрдөн байцаалтад өгсөн: “...2018 оны 06 дугаар сард өдрөө санахгүй байна. Б.Б миний гар утас руу залгаад данс байна уу эгч нь дансгүй мөнгө хийчий очоод авна хөдөө явж байна гэж ярихаар нь би өөрийн төрийн банкны 2025009040 дугаарын дансыг өгөхөд 650.000 төгрөг миний дансанд орж ирсэн. Тэгээд түүнээс хойш 2-3 хоногийн дараа Б.Б эгчтэй Улаанбаатар хотод уулзаад цуг банк ороод мөнгийг нь авч өгсөн....” гэх мэдүүлэг /хх-ийн 25 тал/
Гэрчээр Б.Бын мөрдөн байцаалтад өгсөн: “...Тэгсэн Энхбаатарын ээж нь бас манай хүүг Солонгос руу аваад яв гэж байсан юм. Тэгэхээр Энхбаатарын ээжид Солонгос улс руу явах виз гаргах, бичиг баримт хөөцөлдөхөд 650,000 төгрөг болдог гэж хэлсэн юм. Тэгсэн 2018 оны 06 дугаар сарын 28-нд 650,000 төгрөг байна гэхээр нь Багануур дүүрэгт манай хашаанд гэр барьж амьдарч байсан. Л Түвшинжаргал гэх эмэгтэйн 2025009040 данс руу шилжүүлчих гээд 650,000 төгрөг шилжүүлүүлсэн юм. Би Багануур дүүрэгт гэртээ очсон хойноо 2018 оны 06 дугаар сарын 30-нд байх Түвшинжаргалын дансанд хийсэн мөнгийг бэлнээр авахуулсан юм. Түвшинжаргал надад 550,000 төгрөг авч ирж өгсөн, 100,000 төгрөг хоол, хүнс. эм авахад хэрэглэсэн гэж надад хэлж байсан юм. Энхбаатар намайг Багануурт гэрт ирсэн байх үед ч бас араас утсаар холбогдож наана чинь очно гэх зэргээр байнга ярьж хэлдэг байсан. Би болохоор Энхбаатартай хамт байхыг хүсээгүй болохоор аль болох арга саам хийж холдохыг бодож байсан юм. Тэгж надтай утсаар холбогдож ярьж байгаа нь надад үнэхээр дарамттай байсан юм...” гэх мэдүүлэг,/хх-ийн 26-27 тал/
Капитал банкны 2025009040 тоот дансны, Хаан банкны 5012015644 тоот дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 15 тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн шүүгдэгч Б.Б-д холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, улсын яллагчийн гэм буруугийн талаар дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон, шүүгдэгч нь холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар маргаагүй байна гэж үзлээ.
Иймд шүүгдэгч Б.Б-г Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.Б-д холбогдох гэмт хэрэгт улсын яллагчаас Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал гаргасан бол шүүгдэгч нь торгох ял онодуулж өгнө үү гэсэн саналыг тус тус гаргасан байна. Шүүгдэгчид ял оногдуулахдаа түүний насанд хүрээгүй хүүхэдтэй өрх толгойлсон эх, Багануур хот тохижолтын байгууллагад ажилладаг зэрэг хувийн байдлыг харгалзан үзэж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзэв.
Шүүгдэгч Б.Б нь хохирогч С.Б д нь хохирол 730.000 төгрөгийг 2020 оны 05 дугаар сарын 01-ны өдөр гэхэд бүрэн төлж барагдуулна гэсэн бөгөөд хохирогч С.Б нь түүнийг хүлээн зөвшөөрсөн болохыг дурдах нь зүйтэй байна.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй болохыг дурдаж, шүүгдэгчийн гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлээгүй, шүүгдэгчийн биеийн байцаалттай холбоотой баримт бичиг шүүхэд ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.Б-г Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Б.Б-г Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 хэсэгт зааснаар 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх зааснаар шүүгдэгч Б.Б-д оногдуулсан 600 / зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 6 сарын хугацаанд сард 100.000 төгрөгөөр хэсэгчлэн төлж барагдуулахаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15000 /арван таван мянга/ төгрөгийг 01 хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Б.Б-с шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 730.000 /долоон зуун гучин мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч С.Б д олгосугай.
6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт хэрэгт авагдаагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Б-д авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
ДАРГАЛАГЧ Ц.МӨНХТУЛГА