Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 94

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 180/2020/0135/Э

 

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Мөнхтулга даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:

 

Нарийн бичгийн дарга                                                М.Долгоржав,

Улсын яллагч                                                              М.Нарантуяа,

Шүүгдэгчийн өмгөөлөгч                                             Г.Бадамгэрэл

Шүүгдэгч                                                                      С.Т  нарыг оролцуулан

 

Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Нарантуяагаас Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Т-д холбогдох 2039... дугаартай хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авснаар, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч С.Т  нь 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдөр 17 цагийн үед Хэнтий аймгийн Жаргалтхаан сум, 2 дугаар баг Хадат гэх газарт байх өөрийн гэртээ гэртээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эхнэр Д.Ч тай маргалдаж зүүн хөлийн шагай руу гурваас дөрвөн удаа өшиглөж, 2 удаа баруун хацар руу алгадаж зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч С.Т  нь 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдөр 17 цагийн үед Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын 2 дугаар баг “Хадат” гэх газарт байх өөрийн гэртээ гэртээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эхнэр Д.Ч тай маргалдаж зүүн хөлийн шагай руу гурваас дөрвөн удаа өшиглөж, 2 удаа баруун хацар руу алгадаж зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

Хохирогч Д.Ч-н мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын 2 дугаар багийн нутагт нөхөр хүүхдүүдийн хамт мал маллаж амьдардаг. 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдөр манай нөхрийн төрсөн дүүг бэр гуйж цайллага болсон би тэр өдөр Багануурт байж байгаад өдрийн шуудангаар очсон. Уг цайллага дээр би архи уусан. Цайллага орой 20 цаг өнгөрөөгөөд тарж би нөхрийн хамт хөдөө гэртээ шөнөдөө харьсан. Хөдөө ирээд манай нөхөр согтох байсан яах гэж архи уудаг юм. Манай хамаатан ах дүү нарын хажууд миний урдаас юм шидэж агсан тавилаа гэж уурласан. Уг асуудлаас болж нөхөр бид хоёр маргалдаж манай нөхөр Төмөрбаатар миний зүүн хөлийн шагай руу гурваас дөрвөн удаа өшиглөж, 2 удаа миний баруун хацар руу алгадсан мөн миний гар хөхөрсөн. Ингээд маргааш болоод нөхрөөрөө Жаргалтхаан сум руу хүргүүлээд тэр өдөртөө Багануур дүүрэгт ирж болсон асуудлын талаар цагдаад гомдол гаргасан. 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл Багануурт эмнэлэгт хэвтсэн. Ер нь бол надаас болсон юм шиг байна лээ. Ах дүү нарынх нь хажууд агсарсан гээд уурласан байх. Урьд өмнө хэрүүл маргаан болдоггүй байсан. Бид гэрлээд 15 жил болж байна. Гэрлэлтийн баталгаатай. Бид хоёр одоо хоёр хүүхэдтэй, том хүүхэд маань 13 настай, бага хүү маань 12 настай. Бид Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын 2 дугаар  багийн нутагт мал маллаж амьдардаг. Миний өөрийн төрсөн ээж өвдөөд цуг байгаа... ” гэх мэдүүлэг /хх-ийн 11-13 тал/

Гэрч Ж.Номинчулууны мөрдөн байцаалтанд өгсөн: “...миний дүү Чанцалмаа нь нөхөр Төмөрбаатартайгаа муудалцаад хөлрүүгээ өшиглүүлж, нүүррүүгээ алгадуулсан гээд Багануур дүүрэгт эмнэлэгт хэвтсэн байсан. Би хоёр хоногийн дараа эмнэлэгт эргэж хоол цай дөхүүлсэн. Одоо хоорондоо эвлэрээд хоёр биенээ уучилсан гэсэн, ахиж ийм асуудал гаргахгүй талаар ярьцгаасан.... ” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20 тал/,

Гэрч Д.Бадамсүрэнгийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...эгч Чанцалмаа нөхөртөө зодуулсан гээд Багануур дүүрэгт нөхөр нь эмнэлэгт хэвтүүлсэн байсан. Би эмнэлэгт хэвтэж байхад нь эгч дээрээ ирсэн, ирэхэд эгч минь хөлрүүгээ өшиглүүлсэн гээд эмнэлэгт хэвтэж байсан. Тэгээд 7 хоноод гарсан. Урьд өмнө нь ийм асуудал гарч байгаагүй Одоо манай хүргэн ах эгч хоёр эвлэрсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22 тал/,

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн №166 дугаартай шинжээчийн:

“... Д.Ч гийн биед тархи доргилт, доод эрүү, зүүн шагайн үений зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

 Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хоёр болон түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 25-26 тал/,

С.Т ын мөрдөн байцаалтанд яллагдагчаар болон шүүх хуралдаанд шүүгдэгчээр өгсөн: “...Би Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын 2 дугаар багийн нутагт эхнэр хүүхдүүдийн хамт мал маллаж амьдардаг. Ингээд 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдөр миний төрсөн дүү эхнэрээ бэр гуйж авах цайллага болоод би Багануур дүүрэгт байж байгаад өдөрхөн шуудангаар очсон юм. Найран дээр бол би архи дарс уугаагүй... орой 20 цагийн орчим хөдөө гэр рүүгээ эхнэрээ аваад явсан. Очоод эхнэрээ архи ууж чадахгүй юм бол яах гэж архи уусан юм, ах дүү нар байж байхад өөдөөс юм авч чулуудаад гэж уурласан. Тэгээд хоорондоо маргаж байгаа би эхнэрээ хөл рүү нь 3 удаа өшиглөөд 2 удаа хацар руу нь алгадсан. Би өөрийн гэм буруугаа ойлгож байна. Дахин ийм асуудал гаргахгүй, эхнэрээсээ уучлал гуйж бид хоёр эвлэрсэн....” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн шүүгдэгч С.Т т холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаар дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон, шүүгдэгч нь холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар маргаагүй болно

Иймд шүүгдэгч С.Т ыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

Хохирогч Д.Ч  нь “Надад нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй, шүүх хуралдаанд оролцохгүй” /хх-ийн 72 тал/ гэх хүсэлт өгсөн байх тул шүүгдэгч С.Т ыг  бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч С.Т т холбогдох гэмт хэрэгт улсын яллагчаас Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох саналыг гаргажээ. Шүүгдэгчид ял оногдуулахдаа хохирогчид төлөх төлбөргүй, шүүгдэгч нь үйлдсэн хэрэгтээ гэмшсэн байдал зэргийг харгалзан ялын саналын хүрээнд шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзэв. 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйл үгүй, шүүгдэгчийн гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлээгүй, шүүгдэгчийн биеийн байцаалттай холбоотой баримт бичиг шүүхэд ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч С.Т-г Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Т-г 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 

 

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх зааснаар шүүгдэгч С.Т т оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд сар бүр 150.000, 150.000, 200.000 төгрөгөөр хэсэгчлэн төлж барагдуулахаар тогтоосугай. 

 

4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Т  нь оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15000 төгрөгийг 01 хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

 

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйл үгүй, шүүгдэгчийн гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлээгүй, шүүгдэгчийн биеийн байцаалттай холбоотой баримт бичиг шүүхэд ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч С.Т-т авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.     

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                         Ц.МӨНХТУЛГА