Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 99

 

2017 оны 02 сарын 09 өдөр          Дугаар 156/ШШ2017/00099    Хэнтий аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс: 156/2017/00046/И
Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Цэрэндулам даргалж, тус шүүхийн “Б” танхимд хийсэн хуралдаанд:
Хүсэлт  гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Бодьсүрэн,
Нарийн бичгийн дарга: Н.Энхзул оролцов.
Хэнтий аймгийн Батноров сумын 1 дүгээр баг, “Эрдэнэчандмань” гэдэг газар нутаглах, Тангад овогт Баясгалангийн Батмөнхийн “ажиллаж байсан байдлыг тогтоолгох” хүсэлтийг 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, 2017 оны 01 дүгээр сарын 16-нд иргэний  хэрэг үүсгэн  хянан  хэлэлцэв. 
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Хүсэлт гаргагч Б.Батмөнх нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би 1981 оны 6 дугаар сарын 09-ний өдрөөс 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд  Хэнтий аймгийн Батноров сумын “Социализмын зам” нэгдэлд саальчин, малчнаар ажиллаж байсан. Би хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлсэн тул дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг шүүхээр тогтоолгох шаардлагатай гэж нийгмийн даатгалын байцаагч хэлсэн юм. 
Иймд дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг минь тогтоож өгнө үү гэжээ. (хх-ийн 1, 25 тал) 
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Бодьсүрэн нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Батмөнх нь 1981 оны 6 дугаар сарын 09-ний өдрөөс 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд  Хэнтий аймгийн Батноров сумын “Социализмын зам” нэгдэлд саальчин, малчнаар ажиллаж байсан. Б.Батмөнх нь хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлсэн тул ажиллаж байсан байдлаа шүүхээр тогтоолгох шаардлагатай болсон. 
Иймд дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг нь тогтоож өгнө үү гэв. (хх-ийн 25 тал)
Шүүх хуралдаанд хавтаст хэргээс бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Хүсэлт гаргагч Тангад овогт Баясгалангийн Батмөнх нь 1981 оны 6 дугаар сарын 09-ний өдрөөс 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд Хэнтий аймгийн Батноров сумын “Социализмын зам” нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасан байна. 
Шүүх хүсэлтийн бүрэн хангах нь зүйтэй гэж үзсэн байна. 
Хүсэлт гаргагч Б.Батмөнхийн хөдөлмөрийн дэвтэр байхгүй тул аймгийн нийгмийн даатгалын хэлтэс нь тэтгэвэр тогтоолгох боломжгүй гэжээ.
Хүсэлт гаргагч нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасны дагуу өндөр насны тэтгэвэр тогтоолгох боломжгүй болсон байна. 
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Б.Батмөнх нь ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргах эрхтэй байна.
Хүсэлт гаргагч СА-67070405 регистрийн дугаартай, Тангад овогт Баясгалангийн Батмөнх нь 1981 оны 6 дугаар сарын 09-ний өдрөөс 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд Хэнтий аймгийн Батноров сумын “Социализмын зам” нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн доорх бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд: 
1.Гэрч Л.Үл-Олдохын: ... Би 1968 оноос 1990 оныг хүртэл хугацаанд Хэнтий аймгийн Батноров сумын “Социализмын зам” нэгдлийн 1 дүгээр бригадын дарга, Батноров сумын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргаанд орлогч дарга, нарийн бичгийн дарга, санхүүгийн тасгийн даргаар ажиллаж байсан юм.  ... Б.Батмөнх нь 1981 оноос 1983 оныг хүртэл хугацаанд Хэнтий аймгийн Батноров сумын “Социализмын зам” нэгдлийн 1 дүгээр багт саальчин, 1983 оноос 1990 оныг хүртэл хугацаанд тус бригадад хоньчноор ажилладаг байсан. ...  гэсэн мэдүүлэг. (хх-ийн 30-31 тал)
2. Гэрч Г.Гантөмөрийн: ... Би 1972 оноос 1980 оныг хүртэл хугацаанд Хэнтий аймгийн Батноров сумын “Социализмын зам” нэгдлийн 2, 3 дугаар бригадын даргаар, 1980 оноос 1992 оныг хүртэл хугацаанд Батноров сумын 6 дугаар бригадад даргаар ажиллаж байсан юм. ... Б.Батмөнх нь 1981 оноос 1990 оныг хүртэл хугацаанд Хэнтий аймгийн Батноров сумын “Социализмын зам” нэгдлийн 1 дүгээр багт саальчин, хоньчноор ажилладаг байсан.  ...  гэсэн мэдүүлэг. (хх-ийн  32-33 тал) 
3. Хэнтий аймгийн архивын цалингийн тодорхойлолтод: Хүсэлт гаргагч Б.Батмөнхийн 1983 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг дуустал хугацаанд авч байсан цалинг он, сараар нь бичсэн байна. (хх-ийн 11-12 тал) 

4. Хэнтий аймгийн Батноров сумын “Социализмын зам” нэгдлийн даргын 115 дугаартай тушаалын хуулбарт: ... 1. Мал аж ахуйн 1, 2, 3 дугаар бригадуудаас ирүүлсэн хуваарьт заасан нэр бүхий 131 малчдад ажлын 15 хоногийн амралт олгосугай. ... Хавсралтын ... 24 дугаарт Б.Батмөнх 10 дугаар сарын 15-наас ...  гэжээ. (хх-ийн 15-16 тал)

5. Хэнтий аймгийн Батноров сумын “Социализмын зам” нэгдлийн даргын 143 дугаартай тушаалын хуулбарт: ... 1 дүгээр бригадын зөвлөлийн протоколыг үндэслэн дараах малчин, саальчин хүмүүсийг 11 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн ажлын 15 хоногоор 1988 оны ээлжийн амралтыг олгосугай. Үүнд: ... 9 дугаарт  Б.Батмөнх ... гэжээ. (хх-ийн 17 тал)

6. Хэнтий аймгийн Батноров сумын “Социализмын зам” нэгдлийн даргын 04 дугаартай тушаалын хуулбарт: ... 1. Мал аж ахуйн бригадуудын ирүүлсэн тодорхойлолтыг үндэслэн тушаал шийдвэргүй ажиллаж байгаа малчин, саальчдыг хавсралт 1-ээр ажилд баталсугай. ... хавсралтын ... 20 дугаарт Б.Батмөнх ... гэжээ.     (хх-ийн 18-19 тал)

7. Монгол улсын иргэний үнэмлэхийн хуулбарт: Тангад овогт Баясгалангийн Батмөнх, 1967 оны 07 дугаар сарын 04-ний өдөр төрсөн, СА-67070405 регистрийн дугаартай гэжээ. (хх-ийн 5 тал)

8. Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Бодьсүрэнгийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, (хх-ийн 25 тал) зэрэг болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн  40.1-д заасныг баримтлан хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан хүсэлт гаргагч СА-67070405 регистрийн дугаартай, Тангад овогт Баясгалангийн Батмөнхийг 1981 оны 6 дугаар сарын 09-ний өдрөөс 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд Хэнтий аймгийн Батноров сумын “Социализмын зам” нэгдэлд малчнаар ажиллаж байсныг сэргээн тогтоосугай. 
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар хүсэлт гаргагч Б.Батмөнх нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай. 
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2-т зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд зохигчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь анхан шатны шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурьдсугай.


ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Л.ЦЭРЭНДУЛАМ