Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 04 өдөр

Дугаар 97

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 180/2020/0138/Э

 

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Мөнхтулга даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:

 

Нарийн бичгийн дарга                                                М.Долгоржав,

Улсын яллагч                                                              Б.Бямбасүрэн,

Шүүгдэгчийн өмгөөлөгч                                             Д.Ганхуяг

Шүүгдэгч                                                                      Б.Б  нарыг оролцуулан

 

Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Б-д холбогдох 1839... дугаартай хэргийг 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч Б.Б нь 2018 оны 08 дугаар сарын 20-21-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Дадал сумын Баян-Овоо багийн нутагт байрлах шинэ соёлын төвийн цонхоор нууцаар хууль бусаар нэвтэрч нэг ширхэг компьютерийн процессор, хоёр ширхэг компьютерийн дэлгэц зэргийг авч бусдад 3.264.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Б.Б нь 2018 оны 08 дугаар сарын 20-21-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Дадал сумын Баян-Овоо багийн нутагт байрлах шинэ соёлын төвийн цонхоор нууцаар хууль бусаар нэвтэрч нэг ширхэг компьютерийн процессор, хоёр ширхэг компьютерийн дэлгэц зэргийг авч бусдад 3.264.000 төгрөгний хохирол учруулсан болох нь:

 

Хохирогч О.Н-ын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би 2018 оны 08 дугаар сарын 21-ний өдөр Дорноговь аймгийн Сайншанд хотод амарч явахад утсаар манай ажлын эрхлэгч Ш.Гангантуул холбогдож өрөөнөөс эд зүйл алга болсон тухай анх мэдэгдсэн...Миний өрөөнөөс комьпютерийн дэлгэц, 1 ширхэг процессор, 2 ширхэг компьютерийн дэлгэц, 1 ширхэг комьпютерийн хулганы хамтаар алга болсон байна... Тухайн эд зүйлүүд дөнгөж шинээр авч ирсэн байсан. Яг тэрийг авсан Падан бичиг нь одоо олдохгүй байна. Тухайн газраасаа дахиж авах гэхээр би очиж амжихгүй байна...”гэх мэдүүлэг /хх-ийн 30-32, 33-34 тал/

 

Иргэний нэхэмжлэгч О.Н-ын 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр  өгсөн”....Би 2018 оны 08 дугаар сарын 20-21-нд шилжих шөнө соёлын төвийн миний хариуцсан ажилладаг өрөөнөөс миний ажлын буюу дуу бичлэгийн студид зориулагдсан өндөр хүчин чадалтай ASUS брэндийн комьпютерийн процесс нэг ширхэг, ASUS брэндийн комьпютерийн дэлгэц хоёр ширхэгийг тус тус хулгайд алдсан байна...Цагдаагийн байгууллагын алба хаагч нар миний алдсан эд зүйлсийг олж өгч, надад хохирол учруулсан хүн миний алдсан эд зүйлсийг бүгдийг нь буцааж өгч миний хохирлыг барагдуулсан....гэх мэдүүлэг /хх-ийн 36-37 тал/

 

Иргэний нэхэмжлэгч Н.Ч-ын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би 2018 оны 10 дугаар сард фейсбүүк зараас өндөр үзүүлэлттэй студид ашиглах боломжтой, өндөр хүчин чадалтай комьпютер худалдан авахаар зар тавьсан юм. Тэгээд 10 сарын эхээр зарын дагуу нэг залуу комьпютер үзүүлэхэд нь харж байгаад авсан...Надад компьютер зарсан Болд-Эрдэнэ гэх хүнээс 2.000.000 төгрөгөө буцаан авсан болохоор нэхэмжлэх зүйл байхгүй ээ. Би эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд дахиж оролцохгүй ээ. Одоо би гомдолгүй ээ...” гэх мэдүүлэг /хх-ийн 39-40 тал/

 

Иргэний нэхэмжлэгч Л.О-ийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би 2018 оны 09 дүгээр сард фейсбүүк зараас комьпютерийн дэлгэц зарна гэсэн зарын дагуу холбогдож байгаад ASUS брендийн хар өнгийн 23 инчийн компьютерийн дэлгэцийг 180.000 төгрөгөөр худалдаж авсан юмаа. Гэвч энэ компьютерийн дэлгэц маань хулгайд алдагдсан эд зүйл байсныг би мэдэлгүй худалдан авсан байна. Надад комьпютерийн дэлгэц зарсан Болд-Эрдэнэ гэх хүнээс би хохирлоо буцаан авсан болохоор нэхэмжлэх зүйл байхгүй. Одоо надад ямар нэгэн гомдол санал байхгүй ээ. Би эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд дахин оролцохгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 42-43 тал/

 

Гэрч Д.Болдбаатарын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би тухайн үед эхнэрийнхээ хамтаар модны ажлаар Хэнтий аймгийн төвд байсан юмаа. Тухайн үед манай том хүү Болд-Эрдэнэ Дадал суманд байсан. манай хүүхдүүд бүгд Дадал суманд байсан. Тиймээ би мэдсэн. Надад энэ тухайгаа саяхан хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 77-78 тал/

 

Насанд хүрээгүй гэрч Б.Мөнх-Эрдэнэний мөрдөн байцаалтанд өгсөн: “...Гэхдээ тэр орой буюу 2018 оны 08 дугаар сарын 20-21-нд шилжих шөнө манай ах шөнө дунд гэрээсээ гарч яваад ганц хоёр цагийн дараа буцаад орж ирсэнийг би санаж байна...Манай ах 2018 оны 08 дугаар сарын сүүлчээр хичээлдээ УБ хот явахдаа нэг компьютер авч явсан. Гэхдээ тэр нь өөрийнх нь компьютер биш байсан. би хэний компьютер юм гэж асуухад манай найзын компьютер байгаа юмаа, аваад ир гэсэн юмаа гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 70-71 тал/

 

Гэрчээр Б.Б-н мөрдөн байцаалтанд өгсөн: “...Тэгээд би 2018 оны 08 дугаар сарын 20-21-нд шилжих шөнө компьютерийг авахаар шийдсэн юмаа. Тэр шөнө би гэрээсээ цонх хөшиж онгойлгох отверка, компьютер хийж авч явах шуудай, олс зэргийг авч ганцаараа очсон юм. Би шөнийн 03 цагийн орчимд очсон. Тэгээд соёлын төвийн баруун талд залгаа хийгдэж байсан барилга дотор ороод нэг давхарын цонхны доор очоод барилга дотор байсан палкнуудыг хананд түшүүлж тавиад цонх руу гарсан. Тэгээд цонхон дээр гараад хананы тоосгоноос барьж байгаад цонхны салхивчыг отверкаар хөшиж эхэлсэн. Тэгээд хөшиж байгаад хүчтэй түлхэхэд цонх онгойсон. Тэгээд би олс шуудайгаа аваад дотогш нэвтэрсэн...Тэгээд би Улаанбаатар хотод очоод 2018 оны 09 дүгээр сарын 20-нд 1 дэлгэцийг нь дангаар нь Жуковд хувь хүнд 180.000 төгрөгөөр зарсан. Дараа нь 2018 оны 10 дугаар сарын 04-нд 1 дэлгэц, 1 процессорыг хамтад нь 2.000.000 төгрөгөнд өндөр үзүүлэлттэй компьютер авна гэсэн хувь хүнд зарсан. Худалдан авсан хүмүүс маань аль аль нь хулгайн эд зүйл гэдгийг мэдээгүй ээ. Ийм зүйл болсон юмаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 72-74 тал/

 

Гэрч Б.Олзвойн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Тиймээ би мэдсэн. Би 2018 оны 10 дугаар сард ажилдаа орж ирэхдээ мэдсэн юмаа...Урлагийн авьяастай хүмүүс бүгд л орж гарч харагддаг байсан юмаа. Чухам тухайн үед хэрэг гарах үеэр ямар хүмүүс орж гарч байсан талаар үнэхээр мэдэх зүйл алга...” гэх мэдүүлэг /хх-ийн 61-62 тал/

 

Гэрч Ш.Гангантуулын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би 2018 оны 08 дугаар сарын 21-ний өдөр үдээс хойш үйлчлэгч Энхзул даргаа та доошоо буугаад ирээч гэхээр нь доошоо буугаад очтол хөгжмийн багшийн өрөөнд Болороо, Энхзул эгч хоёр хөгжмийн багшийн ширээн дээр байсан компьютер алга болчихсон байна гэж хэлсэн. Тэгээд өрөөрүү ороод хартал ширээн дээр байсан компьютерууд байхгүй болсон байсан. тэгээд хартал баруун талын вакум цонхны салхивч онгорхой байсан. Тэгээд би гялс цагдаад мэдэгд гэж хэлээд Энхзул эгчийг явуулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 46-48 тал/

 

Гэрч Г.Барсболдын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би 2018 оны 08 сарын 20-ны өдөр 14 цагийн үед Соёлын төвийн бэлтгэлийн өрөөрүү даралтад хөгжим тоглохоор орсон. Тэгэхэд даралтад хөгжим байгаагүй болохоор буцааж түгжээд урд талын өрөөнд орж хөгжимөө 1 цаг гаран тоглоод, гарахдаа тогоо унтраагаад гарсан. Түлхүүрийг ээж Ш.Гангантуулаас авч орсон” ...гэх мэдүүлэг /хх-ийн 44-45 тал/

 

Эд хөрөнгө үнэлгээний шинжээчийн №83 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 91-92 тал/,

 

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 16-24 тал/

 

Эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 25-27 тал/зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн шүүгдэгч Б.Б-д холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаар дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон, шүүгдэгч нь холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар маргаагүй болно

 

Иймд шүүгдэгч Б.Б-н орон байранд нэвтэрч бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэг мөн тул түүнийг гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

 

Хохирогч О.Н  нь “...миний бие гомдол санал нэхэмжлэх зүйлгүй байна. Гомдлыг минь барагдуулсан учруулсан хохирлоо төлсөн.../хх-ийн 134 тал/ гэсэн болох нь хохирогчийн хүсэлтээр тогтоогдож байна. Мөн иргэний нэхэмжлэгч Н.Ч ын “би хохирол 2.000.000 төгрөгийг буцаан авсан гомдол саналгүй...” гэх мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч Л.О гийн “...би хохирол 180.000 төгрөгийг буцаан авсан одоо гомдол саналгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 39-40, 42-43 тал/ зэрэг баримтуудаар хохирол төлж барагдуулсан болох нь тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Б-г бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Шүүгдэгч Б.Б-д холбогдох гэмт хэрэгт улсын яллагчаас Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жилийн хорих ял оногдуулах саналыг, шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс шүүгдэгч Б.Б-г гэмт хэрэг үйлдэхдээ 20 нас 1 сартай байсан 2015 оны Эрүүгийн хуульд заасан 21 нас хүрээгүй байхдаа гэмт хэрэг үйлдсэн бол хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авч болно гэсэн заалтыг удирдлага болгон 2020 оны Эрүүгийн хуулийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “шүүх анх удаа энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг найман жил түүнээс доош хугацаагаар тогтоосон, эсхүл энэ хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнд энэ хуулийн 7.6 дугаар зүйлд заасны дагуу шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулахдаа 7.3 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасаг үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтоож болно гэж заасны тус тус үндэслэн ял оногдуулахгүйгээр 1-3 жилийн хугацаагаар тэнсэж өгнө үү гэсэн саналыг тус тус гаргажээ.

Шүүгдэгч Б.Б нь гэмт хэрэг үйлдэх үедээ 20 нас 1 сартай байсан. Одоо 21 нас 9 сартай байх тул Эрүүгийн хуулийн 8.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийг журамлан түүнийг өсвөр насны хүн гэж үзэх үндэслэлгүй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгчид ял оногдуулахдаа хохирогчид төлөх төлбөргүй, шүүгдэгч нь үйлдсэн хэрэгтээ гэмшсэн байдал зэрэг байдлыг харгалзан үзэж хуульд зааснаас хөнгөрүүлэн ял оногдуулахаар шийдвэрлэв.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйл үгүй, шүүгдэгчийн гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлээгүй, шүүгдэгчийн биеийн байцаалттай холбоотой баримт бичиг шүүхэд ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан бусдын эд хөрөнгийг орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Б.Б-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар  01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулсугай.

 

3. Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бд оногдуулсан 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Шүүгдэгч Б.Б-г цагдан хорьсугай.

 

5. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний биеийн байцаалттай холбоотой баримт бичиг шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай хоблоотой баримт хэрэгт авагдаагүй болохыг тус тус дурдсугай

 

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

  

7. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Б-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 ДАРГАЛАГЧ                                    Ц.МӨНХТУЛГА