Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 126

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс:180/2020/0153/Э

 

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Одхүү даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн шүүх  хуралдаанд:

 

Нарийн бичгийн дарга                                 Г.Отгонзаяа

Улсын яллагч                                             Б.Бямбасүрэн

Шүүгдэгч                                                    Д.Б

Шүүгдэгчийн өмгөөлөгч                            О.Дүүриймаа нарыг оролцуулан

 

Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Бямбасүрэнгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн Д.Б холбогдох 183900096...... дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурдсанаар/

 

Яллагдагч  Д.Б нь 2018 оны 02 дугаар сарын 21-22-нд шилжих шөнө   Хэнтий аймгийн Хэрлэн  сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа  явуулдаг Өндөрхаан-Уул ХХК-ий  Наран плаза худалдааны  төвийн 2 давхарын арын вакум цонхыг хөшиж, хүч хэрэглэхгүйгээр,  нууцаар,  хууль бусаар  нэвтэрч 26 ширхэг гар утас, бэлэн 137.000 төгрөгийг  авч бусдад нийт 5.442.000 төгрөгийн  хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдааны үед дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүх хуралдааны үед шүүгдэгч Д.Б мэдүүлэг өгөхдөө: “гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэжээ.

Мөрдөн байцаалтын үед:

Хохирогч Г.Тгийн өгсөн:.. Би 2018 оны  02 дугаар сарын 22-ны 09  цаг өнгөрч  байхад   худалдааны төвийн худалдагч  Жаргалсайхан над руу  утсаар  залгаад манай худалдааны төвд  хулгай орсон байна гэж хэлсэн тэгээд  би 09 цаг  өнгөрч  байхад дэлгүүр  дээр ирсэн чинь  цагдаа нар ирсэн гаднаас  хүн оруулахгүй  байсан. Тэгээд  цагдаа  нар хэргийн газрын үзлэг хийж дууссаны дараа  дэлгүүр лүүгээ орсон, манай дэлгүүр дотроос лангуун дотор  байсан утаснуудаас хулгайлсан байсан... Нөт-3 1ш, Нөт-3 Нео 1ш,  Скай вега-920 1 ш, Скай-вега-910 1 ш,  Мотороло-4 ш,  Самсунг А7 1ш,  Жи-7 1ш,  Самсунг жи-600 2ш,  Самсунг жи-5 1ш, Самсунг гранд макс-1ш,  ЛЖ-К-10 1ш,  ЛЖ-F-490 1ш,   ЛЖ-F-570 1ш, ЛЖ-F-340-1ш,  ЛЖ-F-240 1ш, ЛЖ-770 1ш, ЛЖ-750 1ш,  ЛЖ-720 1ш,  ЛЖ-560 1ш,  ЛЖ-Ж-3 1ш,  ЛЖ-F-220 1ш,  тус тус алдагдсан байна, эдгээр  утаснууд нь Монгол  2017 онд  орж ирсэн би Улаанбаатар хотоос  2017 оны  10 дугаар сараас хойш авч ирсэн юм...Нийт 5.330.000 төгрөгөөр  үнэлж  байна...Би дэлгүүрээ хаахдаа  камераа  давхар унтраагаад  явдаг дэлгүүр  онгойсон үедээ  асаадаг юм.  Ер нь бол  өдрийн цагаар асаалттай байдаг...Би дэлгүүрийнхээ  хаалгыг  гадна  талаас  нь хятад зүүдэг цоожоор цоожилсон  байсан, цоожыг  маань  цүүг нь  мулт  хөшөөд  онгойлгосон байсан.  Манай 2 давхарын  төмөр  хаалгыг  хөшиж  онгойлгоод  орсон  байсан тэгээд манай дэлгүүрийн цоожийг эвдсэн байсан...16 ширхэг гар утсыг нь хүлээж  авсан. Би лангуунаас нийт 5.330.000 төгрөгний  гар утас алдсан...Би одоо үлдсэн 10 ширхэг  гар утасныхаа үнэ  2.220.000 төгрөгийг  нэхэмжилж байна...гэх мэдүүлэг /хх-ийн 19-23  хуу/

 

Хохирогч С.М өгсөн:... Би 2018 оны 02 дугаар сарын  22-ны өглөө 09 цаг  өнгөрч  байхад манай худалдагч Янжин  манай гэрт  ирсэн тэгээд  дэлгүүрт хулгай  орсон талаар  хэлсэн  дэлгүүр дээр очиход  манай дэлгүүр дээр цагдаа нар ирсэн байсан.  Гаднаас хүн оруулахгүй байсан тэгээд юу болсон талаар  асуусан чинь манай худалдааны  төвийн арын 2 давхарын цонхоор хулгай  орсон байсан...Манай байгууллага камертай, дотор талдаа  8 ширхэг  камер  ажиллаж байгаа камерийн бичлэгийг үзэхэд саравчтай  малгайтай өндөр биетэй эрэгтэй  хүн орсон байсан нүүрээ  тагласан, хагас түрийтэй гуталтай, богино куртик өмссөн хүн байсан...Манай худалдааны төвийн арын цонхоор  орж ирээд дотор талын  давхар хаалгыг  хөшиж  онгойлгоод 2 давхарт  байдаг шатны хажууд талын дэлгүүр  болох Туяа  гэж эмэгтэйн лангуунаас  гар утаснууд авсан байсан, мөн нэг давхар луу  орж ирээд хүнсний хэсэг, бичиг хэрэг, гоо сайхан, ахуйн  барааны  хэсэг рүү ороод гоо сайханы хэсгээс 37.000 төгрөг  алга болсон байсан, тэгээд цаашаа  яваад хүнсний  хэсгийг  кассан  дээрээс  орлогын үлдэгдэл 90.000 төгрөг нөгөө  талын  касснаас  10.000 төгрөг авсан байсан...Миний хувьд бэлнээр 100.000 төгрөг нэхэмжилж байна...гэх мэдүүлэг /хх-ийн 25-28 хуу/

Хохирогч Д.У  өгсөн:...Би 2018 оны 02 дугаар сарын 22-ны өглөө  09:30 цаг  манай дэлгүүрт хулгай орсон талаар  бичиг хэргийн худалдагч  Зууннастаас мэдсэн тэгээд  ажил дээрээ  ирсэн. Намайг ажил  дээр ирэхэд манай ажил дээр  цагдаа нар ирсэн байсан хэргийн газрын үзлэг  хийсний дараа  ор гээд оруулаагүй тэгээд  үзлэг дууссаны дараа  орсон чинь миний шургуулганд байсан 37.000 төгрөгийг авсан байсан... Миний лангуу  худалдааны төвийн  1 давхарт  хүнсний хэсгийн  баруун  талд байрлалтай  байдаг, гоо сайханы бараа, мөн гар утасны  нэгж , гоёл  чимэглэл гэсэн эд  зүйл зардаг....Миний лангуун доор байсан бэлэн мөнгө  37.000 төгрөг  алга  болсон байна, өөр  алга болсон  эд зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 30-31 хуу/

Гэрч Ц.Гантөмөрийн өгсөн:....Би 2018 оны 02 дугаар сарын 24-ний  өдөр  Чингэлтэй дүүрэгт  байрлах  гар утасны худалдааны төв болох TEDY дээр өөрийн  дүүтэйгээ  уулзах гээд очтол  манай дүү надад хэлэхдээ үл таних  30 орчим насны  1 эрэгтэй  хүн над дээр ирээд их хэмжээний гар утас хямдхан зарна гээд  ирээд уулзаад явсан 80563959 гэсэн дугаар  үлдээгээд явсан гэж хэлсэн.  Тэгсэний дараа би тус утасны дугаар луу залгаж Баянзүрх дүүрэгт байрлах  Нийслэл нэртэй зочид буудалд уулзахаар болсон. Очоод зарах гэж байгаа гар утаснуудыг үзээд хулгайн гар утас байж болзошгүй гэж  бодоод  юу  ч  гэсэн иргэний  лавлагаа  гэх  зэргийн  бичиг  баримт асуутал надад тийм  зүйл байхгүй гээд байсан тэгэхээр нь би ТҮЦ машинаас  хурууны хээний лавлагааг нь аваад зогсож  байхдаа  хулгай гар утаснууд  байж болзошгүй гэж бодоод эд нар чинь хулгайн гар утас байна гэж хэлтэл тэр залуу тийм зүйл байхгүй би найзаасаа авсан намайг зараад өг гээд байхлаар нь тэгвэл ойрхон  цагдаагийн газарт очоод  шалгуулчих уу  тэгээд хулгайн гар утас  биш бол  би худалдаж авна гэж хэлтэл  за гэж хэлээд хамт явж байгаад зугтаагаад явсан...Би ТҮЦ машинаас  хурууны хээний  дагуу лавлагааг нь  авахад Доржжагдагийн Бат-Эрдэнэ /сю89122511/  гэсэн лавлагаа   гарж ирсэн тухайн үед барьж явсан гар утас нь 80563959. 175 орчим см өндөртэй, туранхай бор  царайтай  хүн байсан...Надад хэлэхдээ би гар утаснуудыг Хэнтий аймагт амьдардаг найзаасаа  авсан намайг  зараад өг  гэсний дагуу  би зарах гээд явж байна гэж надад хэлсэн...Би тус хүнээс нийт  16 ширхэг гар утас авсан тус  гар утаснууд LG  MOTOROLO маркийн  гар утаснууд байсан би яг нэг бүрчлэн загвар  маркаар нь мэдэхгүй байна. Тэр гар утаснууд бүгд өөр  дээрээ үнийн дүн бичсэн цаастай байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 36-37 хуу/

 

Д.Б яллагдагчаар өгсөн:...Би 2017 оны 7 дугаар сарын  үеэр  хотод ажиллаж байгаад  хамт ажиллаж  байсан ахаасаа сая  гаран төгрөг  зээлчихсэн байсан юм.  Тэгээд 2018 оны 02 дугаар сарын  үеэр мөнгө зээлсэн ах маань  надаас өрөө нэхээд байсан болохоор  би өгөх мөнгө олдохгүй тэр үеэр  ажилгүй байсан болохоор Хэрлэн сумын 3 дугаар багт байрлах  Давхар дэлгүүрээс  хулгай хийж өрөө дарах санаа гаргаад  2018 оны 02 дугаар сарын  21-ний  өдөр Хэрлэн сумын 4 дүгээр багт үйл ажиллагаа  явуулах  Шунхлай  шатахуун түгээх  станцын урд байдаг  эгчийндээ байж байгаад  03 цагийн  үед  эгчийнхээс гарч яваад  Давхар дэлгүүрийн урдуур нь  нэг тойрч  үзээд ар талд нь ирээд арынх нь хашааг давж  ороод дэлгүүрийн  ар талд байдаг вакум тамбаараар нь авираад тамбарынх  нь дээвэр дээр нь гараад  таамбарын дээврийн харалдаа байсан вакум цонхыг порчикийг  нь дугуйн  дорцоовоор  хөшиж  онгойлгоод дотогшоо порчикоор  явж ороод хоёр  давхарын  барааны  лангуун дотуур  бэлэн мөнгө  хайгаад явсан боловч  олдоогүй. Тэгээд нэг давхар луу  шатаар буугаад хүнсний  дэлгүүр лүү орсон. Тэгээд  хүнсний  дэлгүүрийн  кассны  шургуулгыг татаж үзэхэд дотор нь бэлэн 10.000 мянгатын дэвсгэртүүд байхаар нь  тэр мөнгийг нь аваад хүнсний дэлгүүрийн хажуу талын тасалгаанд байдаг гоо  сайхны лангуун  дотроос нь 30-иад мянган  төгрөг байхаар  нь тэрийг  аваад, хүнсний  дэлгүүр дотор байсан ширээн дотроос 10.000 төгрөг  аваад дээшээ  гардаг шатаар буцаад дээшээ гараад хоёр  давхар дээр гарч  ирэхэд хоёр давхарын үүдэнд бэлэн хувцастай  наад талдаа  утасны лангуу  байхаар нь үүднийх нь вакум хаалганы  цоожийг  хөшиж онгойлгоод лангуун дотроос  нь мэдрэгчтэй гайгүй  мөнгө болчих утаснуудыг нь аваад орж ирсэн цонхоороо  гараад  гэр лүүгээ харьсан.  Тэгээд хулгай  хийснээсээ хойш 2 хоногийн дараа  Улаанбаатар хот орж  авсан утаснуудаа  утас зардаг Тэди, Монтел хоёр  дээр 10 ширхэг утас зарсан. Тэгээд  буудалд байж  байхад  тэр өдөр Теди дээр надаас утас авсан залуу руу утастаад  дахиж утас авах уу гэхэд нөгөө  залуу  асуудалгүй утас юм байгаа  биз дээ  гэхээр  нь  асуудалгүй  утсаа  гэж хэлээд дуудаад нөгөө залууг ирэхээр  нь  хулгайн утас байгаа юмаа яах уу  гэхэд нөгөө залуу зүүн  аймгаас алдагдсан утаснууд байна эзнийх нь найз манай хуурай  ах байгаа  юм чи  тэрэнтэй очоод уулзчих гээд намайг дагуулаад  утасны эзэн Гантөмөрийн найз дээр очоод 16 утсаа нөгөө  залууд хүлээлгэж өгөөд, иргэний цахим мэдээлэл гаргадаг машинаас  хурууны хээгээрээ   цахим үнэмлэхний лавлагаагаа гаргаж  өгчихөөд утасны  эзнийг  нь маргааш ирвэл би  буудалдаа байж байя ирэхээр нь уулзья гээд явсан. Тэгээд маргааш  нь буудалдаа байж  байхад 12 цагийн үед утасны эзэн   Гантөмөр  гэх залуу  ирээд зарсан утаснуудаа  буцааж авъя гээд Гантөмөр гэх залуутай Теди, Монтел руу  хамт яваад утсаа авах гэсэн боловч зарсан мөнгөнүүдээ үрчихсэн байсан болохоор  утсыг нь авч өгч чадалгүй Гантөмөрөөс зугтчихсан...Би хүнд өртэй байсан болохоор өрөө дарах гээд хулгай хийсэн... хулгай хийсэндээ  гэмшиж  байна...гэх мэдүүлэг /хх-ийн 53-54 хуу/    

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, уг ажиллагааны явцад бэхжүүлж авсан гэрэл зургууд /хх-ийн 07-12 хуу/

Гэрч Ц.Гантөмөрөөс LG маркийн гар утас-10 ширхэг, Мotorola маркийн гар утас 4 ширхэг, Vega  маркийн гар утас 2 ширхэгийг тус тус  хураан авч, хохирогчГ.Тд хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 15-17 хуу/ 

ХохирогчГ.Тгийн алдсан 26 тооны гар утасны үнэлгээ үнэлгээг  5.305.000 төгрөгөөр тогтоосон Хөрөнгийн үнэлгээний Фэйр валуэшн ХХК-ий шинжээчийн 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 2020/ШД013 дугаартай дүгнэлт /хх-ийн 190-193 хуу/

Д.Б иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 77 хуу/

Д.Б нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 80 хуу/

Өндөрхаан Уул ХХК-ий улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар  /хх-ийн 187 хуу/

Оролцогчдод хэргийн материал танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 81-84, 221-224 хуу/ зэрэг болно.

 

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүгдэгч Д.Б холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.

 

   Шүүх хуралдаанаар шинжлэн судласан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Д.Б нь 2018 оны 02 дугаар сарын 21-22-нд шилжих шөнө   Хэнтий аймгийн Хэрлэн  сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа  явуулдаг Өндөрхаан-Уул ХХК-ий Наран плаза худалдааны  төвийн цонхыг хөшиж нэвтрэн 26 ширхэг гар утас, бэлэн мөнгө 137.000 төгрөгийг хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч хохирогчГ.Тд 5.305.000 төгрөгийн, хохирогч С.М д 100.000 төгрөгийн, хохирогч Д.У-д 37.000 төгрөгийн нийт 5.442.000 төгрөгийн хохирол учруулсан  нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.             

 

Шүүгдэгч Д.Б-нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний мэдүүлэг нь хохирогч Г.Т, С.М, Д.У,  гэрч Ц.Гантөмөр нарын мэдүүлэг  болон  бусад нотлох баримтуудаар тогтоогдсон, шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нь гэмт хэргийн нөхцөл байдал болон учруулсан хохирол, гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн хувьд маргаагүй болно.

 

Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Д.Б үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй байна.

 

Хэрэгт авагдсан  хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл болон Наран плаза  худалдааны  төвийн гадна,  дотор  байдлыг харуулсан гэрэл зураг, гэрч, хохирогч, яллагдагч нарын мэдүүлэг, Өндөрхаан уул ХХК-ий улсын бүртгэлийн гэрчилгээнд  үйл ажиллагааны чиглэл нь хүнс, барааны дэлгүүр, архи пиво худалдах тасаг, аж үйлдвэрийн барааны тасаг, зоогийн газар, лангуу түрээслэх гэж тусгагдсан зэргээс үзэхэд уг барилга дотор хүнс болон барааны дэлгүүрүүд үйл ажиллагаа явуулдаг болох нь тогтоогдож байгаа шүүгдэгч нь шөнийн цагаар цонхыг нь хөшиж онгойлгон орсон байх тул шүүгдэгчийн үйлдлийг хүн үйл ажиллагаа явуулах  зориулалттай орон байранд нэвтэрсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Иймд шүүгдэгч Д.Б хулгайлах  гэмт хэргийг хүн үйл ажиллагаа явуулах зориулалттай  орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож,  учруулсан хохирлыг төлсөн нөхцөл байдлыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2  дахь заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан хорих ялыг хөнгөрүүлж оногдуулах журмыг хэрэглэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан хорих ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй буюу 1 /нэг/ жил 8 /найм/ сарын хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх  нь зүйтэй  гэж үзлээ. 

Гэмт хэргийн улмаас хохирогч Г.Т-д 5.305.000 төгрөгийн, хохирогч С.Мд 100.000 төгрөгийн, хохирогч Д.У- д 37.000 төгрөгийн  хохирол учирсан болох нь тогтоогдсон бөгөөд хохирогч Г.Тд 16 ширхэг гар утсыг хүлээлгэж өгсөн, /хх-ийн 17  хуу/ мөн хохирогч нь “хохиролд тооцож 2.220.000 төгрөг хүлээн авсан санал гомдол байхгүй” гэх нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт /хх-ийн 220 хуу/ гаргасан, хохирогч С.М нь “хохиролд тооцож 130.800 төгрөг  авсан  гомдолгүй” тухай тодорхойлолт /хх-ийн 249 хуу/  гаргасан, хохирогч Д.У нь “хохиролд тооцож 37.000 төгрөг  авсан гомдолгүй” тухай нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт /хх-ийн 250 хуу/  гаргасан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

Шүүгдэгч Д.Б энэ хэрэгт 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдрөөс цагдан хоригдсон 41 хоногийг эдлэх ялд оруулан тооцож,  шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Д.Б хулгайлах гэмт хэргийг хүн үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн  гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг  журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасны дагуу шүүгдэгч Д.Б 1 /нэг/ жил 8 /найм/ сарын   хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч Д.Б  оногдуулсан 1 /нэг/ жил  8 /найм/ сарын  хугацаагаар  хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад  эдлүүлэхээр тогтоосугай.

4. Шүүгдэгч Д.Б нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг дурдсугай.

5. Шүүгдэгч Д.Б  энэ хэрэгт 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдрөөс цагдан хоригдсон 41 хоногийг  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасны дагуу эдлэх ялд оруулан тооцсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

7. Тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлт түдгэлзэх бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Б авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Э.ОДХҮҮ