Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 100

 

2017 оны 02 сарын 09 өдөр           Дугаар 156/ШШ2017/00100    Хэнтий аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс: 156/2017/00006/И

Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Цэрэндулам даргалж, тус шүүхийн “Б” танхимд хийсэн хуралдаанд:
Хүсэлт  гаргагч: О.Туяа,
Нарийн бичгийн дарга: А.Цэрэндулам оролцов.
Хэнтий аймгийн Норовлин сумын 2 дугаар багт оршин суух Боржигон овогт Очирын Туяагийн “ажиллаж байсан байдлыг тогтоолгох” хүсэлтийг 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, 2016 оны 12 дугаар сарын 21-нд иргэний  хэрэг үүсгэн  хянан  хэлэлцэв. 
ТОДОРХОЙЛОХ НЬ:

Хүсэлт гаргагч О.Туяа нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 1988 оны 08 дугаар сарын 01-ны өдрөөс 1990 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд Хэнтий аймгийн Бор-Өндөрийн хүүхдийн цэцэрлэг, яслийн комбинатад асрагчаар ажиллаж байсан. Би хөдөлмөрийн дэвтрээ алга болгосон тул  шүүхээр ажиллаж байсан байдлыг тогтоолгох шаардлагатай гэж нийгмийн даатгалын байцаагч хэлсэн юм. 
Иймд дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг минь тогтоож өгнө үү гэжээ. (хх-ийн 1, 16 тал) 
Шүүх хуралдаанд хавтаст хэргээс бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

Хүсэлт гаргагч Боржигон овогт Очирын Туяа нь 1988 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд Хэнтий аймгийн Бор-Өндөрийн хүүхдийн цэцэрлэг, яслийн комбинатад асрагчаар ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасан байна. 

Шүүх хүсэлтийн бүрэн хангах нь зүйтэй гэж үзэв. 


Хүсэлт гаргагч О.Туяагийн хөдөлмөрийн дэвтэр байхгүй тул аймгийн нийгмийн даатгалын хэлтэс нь тэтгэвэр тогтоолгох боломжгүй гэжээ.
Хүсэлт гаргагч нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасны дагуу өндөр насны тэтгэвэр тогтоолгох боломжгүй болсон байна. 
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар О.Туяа нь ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргах эрхтэй байна.
Хүсэлт гаргагч СЩ 62012307 регистрийн дугаартай, Боржигон овогт Очирын Туяа  нь 1988 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд Хэнтий аймгийн Бор-Өндөрийн хүүхдийн цэцэрлэг, яслийн комбинатад асрагчаар ажиллаж байсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн доорх бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд: 

1.Гэрч Г.Цэрэнпилын: ... Би 1986 оноос 1990 оныг хүртэл Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд яслын эрхлэгчээр ажиллаж байсан юм.  ... О.Туяа нь 1988 оны 04 дүгээр сараас 1990 оныг хүртэл хугацаанд Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 1 дүгээр цэцэрлэгт үйлчлэгч, туслах багшаар  ажиллаж байсан. ...  гэсэн мэдүүлэг. (хх-ийн 21-22 тал)
2. Гэрч Д.Туяагийн: ... Би 1988 оноос 1990 оныг дуустал Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 1 дүгээр цэцэрлэгт туслах тогоочоор ажиллаж байсан юм. ... О.Туяа  нь 1988 оны 04 дүгээр сараас 1990 оныг хүртэл  Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 1 дүгээр цэцэрлэгт үйлчлэгч, туслах багшаар ажиллаж байсан. ...  гэсэн мэдүүлэг. (хх-ийн  19-20 тал) 
3. Бор-Өндөрийн хүүхдийн цэцэрлэг яслийн комбинатын эрхлэгчийн 2 дугаартай тушаалын хуулбарт: ... цэцэрлэгийн асрагч М.Наранцэцэг нь өвчний акттай байх тул асрагчаар түр О.Туяаг ажиллуулсугай. ... гэжээ (хх-ийн 7 тал) 
4. Монгол улсын иргэний үнэмлэхийн хуулбарт: Боржигон овогт Очирын Туяа, 1962 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр төрсөн, СЩ 62012307 регистрийн дугаартай гэжээ. (хх-ийн 10 тал)
5.Хүсэлт гаргагч О.Туяагийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, (хх-ийн 16 тал) зэрэг болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн  40.1-д заасныг баримтлан хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан хүсэлт гаргагч СЩ-62012307 регистрийн дугаартай, Боржигон овогт Очирын Туяаг 1988 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд Хэнтий аймгийн Бор-Өндөрийн хүүхдийн цэцэрлэг, яслийн комбинатад асрагчаар ажиллаж байсныг сэргээн тогтоосугай. 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд  хянан шийдвэрлэх  тухай  хуулийн 60 дугаар  зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагч О.Туяагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2-т зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд зохигчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь анхан шатны шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурьдсугай.

 


ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Л.ЦЭРЭНДУЛАМ