Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 08 сарын 13 өдөр

Дугаар 901

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бямбаабаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Энхнаран,

улсын яллагч Ц.Оюун-Эрдэнэ /томилолтоор/,

хохирогч Д.А,

шүүгдэгч Э.Б, түүний өмгөөлөгч Ж.Нарантуяа (үнэмлэхийн дугаар-2264) нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд явуулсан шүүх хуралдаанаар:

Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Б овогт Э.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2003000000152 дугаартай нэг хавтаст хэргийг 2020 оны 07 дугаар сарын 16-ний өдөр хүлээн авч, мөн өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Б овогт Э.Б (РД:..........., Монгол улсын иргэн, 1982 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Говь-Алтай аймагт төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сантехникч гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-2, хамтран амьдрагчийн хамт ......... тоотод оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан байдал:

- Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 172 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн.

Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)

Шүүгдэгч Э.Б нь согтуурсан үедээ 2020 оны 03 дугаар сарын 24-ний 11 цаг 20 минутын орчим Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хорооны нутаг дэвсгэр Хамбын 3-41 тоот хашааны баруун замд 62-76 УНЭ улсын дугаартай “Х.Сонота-5” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ ....эсвэл согтууруулах ундаа, .... тээврийн хэрэгсэл жолоодох”, мөн дүрмийн 11.3-д заасан “...Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно...” гэх заалт, мөн дүрмийн 3.5-д заасан “Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх, б/осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны үзүүлж, түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу бололцоогүй бог, өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт (иргэний үнэмлэх бүюу жолоодох эрхийн үнэмлэх гэх мэт), тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж, өөрийн овог нэр, утасны дугаар, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх; г/ тухайн ослын цагдаагийн байгууллага (ажилтан)-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах" гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас 36-42 УНК улсын дугаартай “Х.Старекс” маркийн тээврийн хэрэгслийг мөргөж жолооч Д.Ариунбаатарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулан, дээрх зам тээврийн хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нар мэдүүлэхдээ:

Шүүгдэгч Э.Б: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн тул нэмж хэлэх зүйлгүй...” гэв.

Хохирогч Д.А: “...Би хохиролд 4.184.378 төгрөг нэхэмжилж байна. 300.000 төгрөгийг Э.Б надад өгсөн. Одоо үлдсэн 3.884.378 төгрөгийг нэхэмжилж байна. Биеийн байдлын хувьд ихэвчлэн өглөө зовиурладаг. Өнөөдрийг хүртэл ГССҮТөвийн эмчид үзүүлсэн. Хүнд зүйл өргөж болохгүй гэж хэлсэн. Би машинаараа л амьжиргаагаа залгуулдаг байсан. Одоо амьдрал хэцүү байна. Би улсын яллагчийн яллах дүгнэлтэд бичсэн 2.168.528 төгрөгийн баримтыг хэрэгт гаргаж өгсөн. Үлдэгдэл мөнгө,  ажилгүй байсан хугацаанд төлсөн зээлийн хүүг нэхэмжилж байгаа...” гэв.

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд:

1. Зам тээврийн осол, хзргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хэмжилтийн бүдүүвч (хавтаст хэргийн 4-11 дүгээр хуудас)

2. Хохирогч Д.А-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...Би 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдөр эхнэр Тэгшбуянгийн хамт өөрийн эзэмшлийн 36-42 УНК улсын дугаартай хар өнгийн автомашинтай Драгон төвөөс гараад Содон хорооллын уулзвараар ертөнцийн зүгээр эргээд гэр хорооллын дундах замаар хойшоо чиглэлтэй өгсөөд явж байхад гэнэт урдаас урсгал сөрөөд хар өнгийн “соната 5” маркийн автомашин хүрч ирээд мөргөсөн. Эхнэр бид хоёр машинаас буугаад гарч ирэхэд тухайн автомашины жолооч гэх эрэгтэй согтуу бууж ирээд надаас уучлалт гуйгаад байхаар нь манай эхнэр тэр нөхрийг хоёр удаа цохиод авсан. Тэгсэн хаанаас ч юм гэнэт нэг эрэгтэй хүүхэд хамраас нь цус гарчихсан гарч ирсэн. Эхнэр 102 болон 103 дугаар руу залгаж дуудлага мэдээлэл өгсөн. Удалгүй түргэний тэрэг ирэхэд нөгөө залуу хүүхдээ дагуулаад зугтаагаад явсан. Миний баруун гарын сарвууны жижиг яс хугарсан. Ослоос хойш эмчилгээнд 800 гаран мянган төгрөг зарцуулсан баримтуудыг гаргаж өгсөн. Мөн автомашины үнэлгээгээр тогтоогдсон 1.300.000 төгрөг нийт 2.168.528 төгрөгийг осол гаргасан буруутай жолоочоос яаралтай гаргуулан авах хүсэлтэй байна. Зам тээврийн осол гараад сарын хугацаа өнгөрч байхад осол гаргасан жолооч нэг ч төгрөгийн хохирол барагдуулаагүй учир гомдолтой байна ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 17-19 дүгээр хуудас)

3. Насанд хүрээгүй гэрч Б.Чинтулгын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

"... 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдөр 11 цагийн орчим унтаж байгаад сэртэл аав архи уучихсан байсан. Намайг хувцсаа өмс гэхээр нь би босоод хувцсаа өмсөхөд аав машинаа унаж гараад найзтайгаа уулзана гэхээр нь би согтуу машин барьж болохгүй шүү дээ гэж хэлэхэд намайг гараараа түлхээд машиндаа суугаад намайг хашааны хаалга онгойлго гэхээр нь хашааны хаалга онгойлгоход аав машинаа унаад гарсан. Би машины баруун урд суудалд суугаад хамгаалах бүсээ зүүгээгүй. Би аавынхаа утсаар тоглоом тоглож байтал аав ууж байсан ундаагаа миний суудлын урд тал руу унагаасныгаа авах гэж тонгойж байхдаа рүлээ хажуу тийш нь дараад микро ч юм уу том машины урдаас нь мөргөөд зогссон. Би хамгаалах бүсээ зүүгээгүй явсан учраас машины голын толийг дээд уруул хэсгээрээ мөргөж цус гарсан. Би айсандаа гэр рүүгээ гүйгээд очсон. Гэртээ ороод цусаа угааж байтал аав араас орж ирээд намайг гэрээс авч гараад такси бариад Баянхошуунд Сарантуяа гэх эмэгтэйгийн гэрт очиж тэндээ хоносон. Маргааш өглөө нь аавыг цагдаагаас дуудаж байна гээд босоод явсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 21 дүгээр хуудас)

4. Гэрч Д.Тэгшбуяны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

 “...2020 оны 03 дугаар сарын 24-ний өглөө нөхөр Д.Ариунбаатарын хамт 36-42УНК улсын дугаартай автомашинтай “Драгон” төвөөс гараад 11 дүгээр хороололд ажлын байран дээрээ очих гээд 1 дүгээр хорооллын хойд замаар урдаас хойшоо чиглэлтэй өгсөөд явж байхад гэнэт урдаас урсгал сөрөөд нэг машин орж ирээд мөргөсөн. Тэгээд бид хоёр бууж ирээд машинаа харахад нөгөө автомашины жолоочийн ар талаас 40 орчим насны согтуу эрэгтэй хүн бууж ирээд эгчээ “уучлаарай гээд байхаар” нь “чи чинь хүн аллаа шүү дээ” гэж хэлээд хоёр удаа алгадсан. Тэр хүний хажууд нэг эрэгтэй хүүхэд хамраас нь цус гарсан гүйгээд ирсэн. Тэгээд удалгүй нөгөө залуу чинь хүүхдээ дагуулаад зугтаад яваад өгсөн....” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 23 дугаар хуудас)

5. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 онь 04 дүгээр сарын 02-ны өдрийн 4049 дугаар: “Хэсэг газрын үзлэгт: Баруун сарвуу хаван хавдар, өвчин эмзэглэл ихтэй, хөдөлгөөн хязгаарлагдсан. Баруун гарын алганы 5-р шивнүүрийн зөрүү ихтэй хугаралтай.

1. Д.А-ын биед баруун гарын сарвууны алганы 5-р шивнүүрийн далд хугарал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ.

3. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д заагдсанаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь гэмтлийн эмчилгээ эдгэрэлтээс хамаарна.

5. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна ...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 28-29 дүгээр хуудас),

6. Тээврийн цагдаагийн албаны Техникийн шинжээчийн 2020 оны 04 дүгээр сарын 08-ний өдрийн 209 дугаартай:  

 1. 36-42 УНК улсын дугаартай автомашины жолооч Д.А нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна.

  2. 62-76 УНЭ улсын дугаартай автомашины жолооч Э.Б нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.5-д заасан “Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, ...б/ осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны үзүүлж, түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх...газартаа буцаж ирэх; г/ тухайн ослын цагдаагийн байгууллага (ажилтан)-д яаралтай мэдэгдэж. ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтанг хүлээх бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах” мөн дүрмийн 11.3-д заасан “...Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно.” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна.

3. Осол хэрэг гарахад нөлөөлсөн бусад шалтгаан илрээгүй болно. Замын барилга байгууламж, хайс хашаа, тэмдэг тэмдэглэгээ, гэрэлтүүлэг цаг агаарын байдлыг дүгнэлтэд нөлөөлсөн гэх үндэслэлгүй байна.

4. Хэрэгт ач холбогдол бүхий шинэ нөхцөл байдал тогтоогдоогүй болно...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 52-53 дугаар хуудас)

7. Шүүгдэгч Э.Б-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...2020 оны 03 дугаар сарын 23-ны өдөр найз Мөнхжаргалын гэрт Хилчин хотхонд 0.75 литрийн 1 шил архи уугаад дүү Бат-Амгаланг дуудаж машинаа бариулаад гэртэй харьж унтаж амарсан. Маргааш өглөө нь машинаасаа тамхи авах гэтэл Мөнхжаргалын гэрт ууж байсан архинаас үлдчихсэн 200 гр орчим шилтэйгээ байхаар нь гэртээ авч ороод тэр архийг ганцаараа уусан. Тэгээд гэртээ байж байтал машиныхаа урд салхины шилийг солиулахаар ярьсан хүн залгаад хүрээд ирэх үү гэхээр нь 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 11 цаг 20 минутын орчим өөрийн “Х.Соната-5” маркийн 62-76 УНЭ улсын дугаартай тээврийн хэрэгслээ жолоодон хашаанаасаа гарахад авто машины баруун талын урд суудалд хүү Чинтулга суугаад хамгаалах бүсээ зүүгээд зорчиж явсан. Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо Хамбын 3 гудамжид ертөнцийн зүгээр зүүнээс баруун чиглэлд 20-25 орчим км цагийн хурдтай явж байгаад баруун талын урд шалан дээр байсан мульти ундааг тонгойж аваад эргээд босоод иртэл өөдөөс ирж явсан хар өнгийн “Х.Старекс” маркийн автомашины зүүн урд хэсэг рүү нь автомашиныхаа зүүн урд хэсгээр мөргөөд зогссон. Тэгтэл “Х.Старекс” маркийн автомашинаас бууж ирсэн эмэгтэй чи архи уучихсан байна гээд намайг 2-3 удаа алгадсан. Тэгтэл жолооч гараа бариад зогсож байсан. Старекс машинд явсан эмэгтэй 102, 103 руу дуудлага мэдээлэл өгөөд утсаар ярьж байх хооронд нь би машинаа хаячхаад зугтаагаад гэр рүүгээ ороод хүүхдээ аваад такси бариад найз Сарантуяагийнд очоод зам тээврийн ослын талаар хэлчхээд унтаад өгсөн. Тэгээд маргааш өглөө нь цагдаа дээр очсон....” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 62-64 дүгээр хуудас)  зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Э.Б-д холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:

I. Гэм буруугийн талаар

Шүүгдэгч Э.Б нь согтуурсан үедээ 2020 оны 03 дугаар сарын 24-ний 11 цаг 20 минутын орчим Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хорооны нутаг дэвсгэр Хамбын 3-41 тоот хашааны баруун замд 62-76 УНЭ улсын дугаартай “Соната-5” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ ....эсвэл согтууруулах ундаа, .... тээврийн хэрэгсэл жолоодох;”

мөн дүрмийн 11.3-д заасан “...Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно...” гэх заалт,

мөн дүрмийн 3.5-д “Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараахь үүргийг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх, б/осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны үзүүлж, түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу бололцоогүй бол, өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт (иргэний үнэмлэх бүюу жолоодох эрхийн үнэмлэх гэх мэт), тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж, өөрийн овог нэр, утасны дугаар, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх; г/ тухайн ослын цагдаагийн байгууллага (ажилтан)-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны бүхии эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах" гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас 36-42 УНК улсын дугаартай “Старекс” маркийн тээврийн хэрэгслийг мөргөж жолооч Д.Ариунбаатарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, мөн дээрх цаг хугацаанд хугацаанд шууд санаатай үйлдлээр, зам тээврийн осол болсон хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан болох нь:

- зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч (хх4-11), хохирогч Д.Ариунбаатарын мэдүүлэг (хх17-19), насанд хүрээгүй гэрч Б.Чинтулгын мэдүүлэг (хх-21), гэрч Д.Тэгшбуянгийн мэдүүлэг (хх-23), Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 онь 04 дүгээр сарын 02-ны өдрийн 4049 дугаар дүгнэлт (хх 28-29), Тээврийн цагдаагийн албаны Техникийн шинжээчийн 2020 оны 04 дүгээр сарын 08-ний өдрийн 209 дугаар дүгнэлт (хх52-53), шүүгдэгч Э.Б-гийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг (хх62-64)  зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч нь захиргааны хэм хэмжээ тогтоосон акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.5, 11.3 дугаар зүйлийг тус тус зөрчсөн болохыг Тээврийн цагдаагийн албаны техникийн шинжээчийн дүгнэлтээр, зам тээврийн осол гаргасны улмаас тээврийн хэрэгслээр зорчиж явсан зорчигчид хүндэвтэр зэргийн гэмтэл учирсныг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тус тус тогтоосон.

Түүнчлэн шүүгдэгч Э.Б нь зам тээврийн осол болох цаг хугацаа буюу 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдөр хэргийг газрын зориуд зугтаасан, архи согтууруулах ундааны зүйлс хэрэглэсэн байдалтай байсан талаар насанд хүрээгүй гэрч Б.Чинтулга, Д.Тэгшбуян, хохирогч Д.Ариунбаатар нарын мэдүүлгээр тогтоогдсон байх тул Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ ....эсвэл согтууруулах ундаа, .... тээврийн хэрэгсэл жолоодох;” заалтыг зөрчин тээврийн хэрэгсэл жолоодож явсан байна.

Дээрх нөхцөл байдлууд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг тус тус хангаж байна.

Иймд улсын яллагчаас шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн дээрх зүйл хэсэг, заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй байх тул тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

- Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Д.Ариунбаатар нь мөрдөн шалгах ажиллагаанд баримтаар 868.528 төгрөг (хх85-89, 94-102), “Бодит үнэлгээ”ХХКомпанийн автомашины техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан (хх43-44)-гаар 1.300.000 төгрөг, нийт 2.168.528 төгрөгийн хохирол учирсан ба хохирол, хор уршгийн зардалд хохирогчид 300.000 төгрөг төлсөн болох нь тэдний шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээр тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Э.Б-аас 1.868.528 төгрөг гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй юм. Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Нарантуяа хохирол төлөх зорилгоор шүүх хуралдааныг гурав хоногийн хугацаагаар завсарлуулах хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч шийдвэрлэсэн. Энэ хугацаанд гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирол болох 1.880.000 төгрөгийг 2020 оны 08 дугаар  сарын 13-ны өдөр хохирогч Д.Ариунбаатарт төлжээ.

 Тиймээс шүүгдэгч Э.Б-г энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Харин хохирогч нь өөрт учирсан хохирол, хор уршгийн зардлаа нотлох баримтаа бүрдүүлсний эцэст Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Улсын яллагчаас шүүгдэгч Э.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, 1 жил 3 сарын хорих ял, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 1 жил 4 сарын хугацаагаар хорих ял оногдуулах” дүгнэлт,

 шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар тэнсэж, үүрэг хүлээлгэж өгнө үү” гэх дүгнэлтийг тус тус гаргасан болно.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Э.Б нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, мөн зүйлийн 1.2 дахь заалтад зааснаар “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлоо төлсөн” байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба түүнд мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг үндэслэн гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал болон эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаар гаргасан дүгнэлтийг хөнгөрүүлж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 8 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв.

Тодруулбал шүүгдэгч Э.Б-ийн холбогдсон эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах ба тухайн гэмт хэрэг нь мөн хуулийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар болгоомжгүй үйлдэгддэг. Нөгөө талаас шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас хохирогч Д.А-ын эмчилгээ болон автомашины хохирлын үнэлгээгээр нийт 2.168.528 төгрөгийг төлсөн зэрэг үндэслэлүүдээр улсын яллагчийн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нь зүйтэй гэж үзсэн болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлд “Хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулах” талаар хуульчилсан бөгөөд шүүхээс шүүгдэгч Э.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хэд хэдэн гэмт хэрэгт нь хэд хэдэн төрлийн ял оногдуулж шийдвэрлэсэн.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг хорих ялын нэг хоногоор тооцох 30 хоногийн хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан 8 сарын хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялыг 9 сарын хугацаагаар тогтоож, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй.

Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан хорих ял оногдуулахгүй тэнсэх эрх хэмжээг хуулиар шүүхэд олгосон ба шүүгдэгчийн өмгөөлөгчийн хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү гэх дүгнэлтийг  хүлээн авах боломжгүй гэж үзэж хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Мөн шүүгдэгч Э.Б нь урьд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 2020/ШЦТ/172 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 3/16766 дугаартай албан бичгээр түүнийг уг торгох ялыг биелүүлээгүй гэсэн байх боловч шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Нарантуяагаас шүүхийн хэлэлцүүлэгт торгуулийн ялыг биелүүлсэн баримтыг гаргаж өгсөн байх тул түүнийг өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг биелүүлсэнд тооцсон болно.

Бусад асуудлаар:

Эрүүгийн 2003000000152 тоот хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Шүүгдэгч Э.Б-гийн 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдрөөс 2020 оны 08 дугаар сарын 13-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 28 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, эдлэх ялаас хасах, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тогтоолд дурдав.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч  Б овогт Э.Б-г

- Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан,

- Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Э.Б-г тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 (гурван) жилийн хугацаагаар хасаж, 8 (найман) сарын хугацаагаар хорих ял,

- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 (хоёр зуун дөч) цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.2, 2.4 дахь заалтад зааснаар шүүгдэгч Э.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногийн хорих ялаар тооцон 30 хоногийн хорих ял дээр, мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 8 сарын  хорих ялыг нэмж нэгтгэн, түүний нийт биечлэн эдлэх хорих ялын хэмжээг 9 (ес) сарын хугацаагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б-ийн цагдан хоригдсон 28 (хорин найм) хоногийг эдлэх ялд оруулан тооцож, эдлэх ялаас хассугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Э.Б-гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 (гурван) жилийн хугацаагаар хассан ялыг хорих ялыг эдэлж дууссаны дараа хугацааг тоолсугай.

7. Эрүүгийн 2003000000152 тоот хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Э.Б нь хохирогчид энэ тогтоолоор төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдаж, хохирогч Д.А нь өөрт учирсан хохирол хор уршгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлүүлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тэмдэглэсүгэй.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч Э.Б-д авсан цагдан хорих таслах сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, түүний эдлэх хорих ялыг 2020 оны 08 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн тоолсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Б-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Б.БЯМБААБААТАР