Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 08 сарын 14 өдөр

Дугаар 902

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бямбаабаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Энхнаран,

улсын яллагч Н.Ундрах

шүүгдэгч Н.Б, түүний өмгөөлөгч Б.Цолмон (үнэмлэхийн дугаар 1704) нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Н.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, эрүүгийн 2008000000881 дугаартай нэг хавтаст хэргийг 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, 2020 оны 08 дугаар сарын 14-ны өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1975 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Дундговь аймгийн Сайнцагаан суманд төрсөн, 45 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш дасгалжуулагч мэргэжилтэй, ам бүл-5, эхнэр, хүүхдүүдийн хамт ....... тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан байдал:

- Баянгол дүүргийн шүүхийн 2000 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 639 тоот таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 2-т зааснаар 3 жилийн хорих ял оногдуулж, хорих ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

- Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2003 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 08 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.3-т зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, өмнөх ялыг нэмж нэгтгэн 3 жил 7 сарын хугацаагаар хорих ял,

- Чингэлтэй дүүргийн шүүхийн 2007 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 24 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.3-т зааснаар 3 жил 2 сарын хугацаагаар хорих ял,

- Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 155тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1,  181 дүгээр зүйлийн 181.2.1-т зааснаар 3 жил 3 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, өмнөх ялыг нэмж нэгтгэн 3 жил 3 сарын хугацаагаар хорих ял шийтгэгдэн, 3 жил 3 сарын хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, Б овогт Н.Б (РД:..........)

Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)

Шүүгдэгч Н.Б нь Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Итгэл” хүнсний дэлгүүрийн гадна 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр иргэн Б.Д-гийн өмчлөлд байсан бэлэн мөнгө болох 3000 төгрөгийг илээр, хүч хэрэглэж авахаар довтолсон,

 Мөн Н.Б нь Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Итгэл” хүнсний дэлгүүрийн гадна 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр иргэн  Б.Д-гийн нүүрэн тус газарт гараараа цохиж, түүний биед баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дээд зүүн 1, 2-р шүдний сулрал, доод уруулын салстад цус хуралт, язрал, хүзүүнд цус хуралт, тархи юргилт гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Б мэдүүлэхдээ:

“...2020 оны 04 дүгээр сарын 27-ны өглөө 16 дугаар хороонд байрлах Миний хөрш дэлгүүрийн урд ном заах гээд иртэл Д нэг танихгүй эмэгтэйтэй хамт байж байсан. Тэгтэл манай найз Батбаатар ирээд надад хоёр шил архи авч өгсөн. Тэгээд Д, Батбаатар, танихгүй эмэгтэй бид хэд хувааж уусан. Тэндээс би гэртээ хариад хоёр хүүхэддээ хоол хийж өгчихөөд орой 17 цагийн үед дахин гарч иртэл гэрч Сарантуяатай таарсан. Сарантуяа намайг хамт нэг юм авч ууя гэж хэлсэн. Тэгээд бид хоёр хамт дэлгүүрт иртэл Д ном зөөж байсан. Тэгэхээр нь би Д-тэй нийлж номыг нь зөөчихөөд надад 1800 төгрөг байна, Д-г 3000 төгрөг гаргачих, гурвуулаа нэг шил юм аваад уучихъя гэж хэлсэн. Д мөнгөө гаргахгүй байхаар нь би тэгвэл мөнгөө аваад яв гээд хоёр удаа алгадсан. Тэгтэл Д босч ирээд чамтай уух албатай юм уу гээд миний шилбэ рүү өшиглөөд цагдаа дуудлаа гээд явсан...” гэв.

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд:

1. Хохирогч Б.Д-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

 “...Би тэд нарын хажуугаар гарах гэтэл Сүүгий гэдэг ах над дээр хүрч ирээд чи сая ном зөөгөөд 3000 төгрөг авсан биз дээ тэр .'өнгөө өгчих нийлүүлээд 1 юм аваад уучихая гэж гуйсан. Би мөнгө байхгүй гээд өгөөгүй. Тэгсэн чинь тэр уурлаад намайг барьж аваад хоолойг багалзуурдаж шахаад нүүрэнд гараараа 4-5 удаа цохисон. ...Миний хамар, хацар 2-оос цус арсан байсан. ...Сүүгий ахад цохиулаад миний үүдэн хоёр шүд хөдөлсөн байна. Тархи доргиж, хүзүү улайсан байсан. Мөн 2 нүд хавдаж хөхөрсөн. Нэг гараараа багалзуурдаад нөгөө гараараа нүүр лүү 4-5 удаа цохиж энэ гэмтлийг учруулсан. Сүүгий гэж хүмүүс дуудаад байдаг юм. Би Баатарсүх гэж бодоод яваад байдаг байсан чинь Б гэдэг нэртэй юм билээ...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 6-10 дугаар хуудас),

2. Гэрч Ц.Сарантуяагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

 “...Миний дэлгүүрийн арын зүүн тийш харсан хаалгатай Итгэл хүнсний дэлгүүрийн зүүн буланд зүс таних Д-г Сүүгий хочтой Б зодож байсан. Д-гийн нүүрнээс цус гарсан байсан. Би тэр хоёр дээр очоод Д-г салгаад дагуулаад Пирамидын үүдэн дээр очиход Д Барс-2 зах руу явна гээд салаад явсан. Д надад ярихдаа “би сая ном зөөж өгөөд 3000 төгрөг авсан. Баатарсүх мөнгөө нийлүүлээд архи ууя гэхээр нь Д мөнгөө өгөөгүй. Тэрнээс болоод уурлаад зодсон” гэсэн...”  гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 11-12 дугаар тал),

3. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 5187 дугаартай: “Хэсэг газрын үзлэгт: Баруун нүдний доод зовхи, дотор булн хэсгийг хамарсан, зүүн хөмсөг, зүүн нүдний дээд зовхи, гадна булан хэсгийг хамарсан хөхөлбөр ягаан өнгийн цус хуралттай, овойж хавдсан, дээд зүүн 1.2-р шүд урагш арагш хоёр чиглэлд бага зэрэг хөдөлгөөнтэй, доод уруулын салстад 1.5х1см хүрэн улаан өнгийн цус  хуралттай, уг цус хуралтын төвд 0.5х0х2см шаргал өнгөр бүхий  язралттай. Хүзүүний баруун хажуу хэсэгт 2х1см 1х1см хөхөлбөр ягаан өнгийн цус хуралттай.

1.2. “...Б.Д-гийн биед баруун зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дээд зүүн 1, 2-р шүдний сулрал, доод уруулын салстад цус хуралт, язрал, хүзүүнд цус хуралт, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо.

 3.4 Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

 5. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна

  6. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 19-20 дугаар тал)

4. Шүүгдэгч Н.Б-гийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн:

 “...Д-гийн биед гэмтэл учруулсанаа хүлээн зөвшөөрч байна. Тухайн үед Д хамт ном зөөж 3000 төгрөг авчихаад архи хувааж ууя гэсэн чинь тэр 3000 төгрөгийг харамлаад өөдөөс элдэв янзын юм яриад байхаар нь дургүй хүрээд наад мөнгөө аваад зайл гээд алгадсан ...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 71-73 дугаар хуудас)

5. Шүүгдэгч Н.Б-ийн хувийн байдалтай холбоотой баримтууд: Иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 38 дугаар хуудас) Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 54 дүгээр тал), урьд ял шийтгэл эдэлж байсан шийтгэх тогтоолын хуулбарууд (хавтаст хэргийн 46-53 дугаар хуудас) зэрэг  нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

I. Гэм буруугийн талаар

Улсын яллагч шүүгдэгч Н.Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, мөн бусдын өмчлөлд байсан эд зүйлийг илээр, хүч хэрэглэж авахаар довтолсон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцуулах” дүгнэлтийг

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Цолмонгоос “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм буруутайд тооцох саналыг хүлээн зөвшөөрч байна. Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцох үндэслэлгүй гэж мэтгэлцсэн болно.

Шүүгдэгч Н.Б нь Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Итгэл” хүнсний дэлгүүрийн гадна 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр иргэн Б.Д-гийн өмчлөлд байсан бэлэн мөнгө 3000 төгрөгийг илээр, хүч хэрэглэж авахаар довтолсон, мөн дээрх цаг, хугацаа, газарт хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдан иргэн Б.Д-гийн нүүрэн тус газарт гараараа цохиж, түүний биед баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дээд зүүн 1, 2-р шүдний сулрал, доод уруулын салстад цус хуралт, язрал, хүзүүнд цус хуралт, тархи доргилт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

- хохирогч Б.Д-гийн мэдүүлэг (хх6-10), гэрч Ц.Сарантуяагийн мэдүүлэг (хх11-12), Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 5187 дугаар дүгнэлт (хх), шүүгдэгч Н.Б-гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 71-73 дугаар хуудас) зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг нь иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эд хөрөнгө, эсхүл түүнийг өмчлөх эрхийг гэмт этгээд хэрхэн хохирогчоос шилжүүлэн өөрт олж авч байгаагаас хамааран хулгайлах, дээрэмдэх, залилах, завших гэмт хэргийн шинжийг харуулдаг.

Дээрэмдэх гэмт хэргийн хувьд бусдын эд хөрөнгийг хууль бусаар авахад саад болж байгаа аливаа этгээд буюу өмчлөгч, эзэмшигч, итгэмжлэгдэн хариуцсан болон хамгаалах үүрэг бүхий этгээдийн амь биед аюултайгаар хүч хэрэглэж, эсхүл хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцлийг дарж довтолсон идэвхтэй хэлбэрээр илэрдэг ба хохирлын хэмжээ шаарддаггүй довтолгооноор төгсдөг.

Бусдын эд хөрөнгийг хууль бусаар авах зорилгоор хохирогч Б.Д-г ном зөөж 3000 төгрөгтэй болсоныг мэдэж байсан, хамт архи ууя гэхэд мөнгөө харамлаад өгөөгүй болохоор нь шүүгдэгч зодож хохирогчийн эрх чөлөө, эрүүл мэндэд нь хохирол учруулан, улмаар үйлдлээр айлган сүрдүүлж буй хүч хэрэглэхээр довтолсон үйл баримт тогтоогдсон байна.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэвэл шүүгдэгч Н.Б нь хууль зүйн хувьд шунхайн сэдэлтээр, хялбар аргаар мөнгө олж архи уух зорилгоор, хохирогчийн биед халдаж илээр, хүч хэрэглэж авахаар довтолсон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн дүгнэлтийг хүлээн авах боломжгүй юм.

Мөн шүүгдэгч Н.Б нь Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болох ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг тус тус хангасан байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан хэд хэдэн гэмт хэргийн шинжийг нэг удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэнд тооцно” заасан бөгөөд шүүгдэгчийн үйлдэл нь тухайн нутаг дэвсгэрт, нэг цаг хугацаанд хэд хэдэн гэмт хэргийг шинжийг хангасан гэж үзнэ.

Иймээс улсын яллагчаас шүүгдэгч Н.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасныг хүлээн авч тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Цолмонгийн шүүхэд гаргаж өгсөн 2020 оны 07 дугаар сарын 22-ны өдөр гаргасан Б.Энхмаа, хохирогч Б.Д- нарын тайлбарууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 1, 2, 4, 6, 7 дахь хэсэгт заасан шаардлагыг хангахгүй байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй, нотлох баримтаар тооцоогүй, үнэлээгүй болохыг тэмдэглэв.

  • Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигийн талаар.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б.Д нь хохирол төлбөр нэхэмжлээгүй байх тул шүүгдэгч Н.Б-г энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Улсын яллагчаас “шүүгдэгч Н.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, ял оногдуулах дүгнэлт”-ийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Цолмонгоос: “...хуульд заасан хамгийн хөнгөн ялыг оногдуулж өгнө үү...” гэх дүгнэлтийг гаргасан болно.  

Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзах учиртай.

Шүүгдэгч Н.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх шүүгдэгч Н.Б-гийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогчид учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар хэр хэмжээ, хувийн байдал зэрэгт дүгнэлт хийж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар түүнд 2 жилийн хугацаагаар хорих, Мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Бусад асуудлаар:

Эрүүгийн 2008000000881 тоот хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Н.Б нь 2020 оны 08 дугаар сарын 06-ны өдрөөс  2020 оны 08 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 9 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус  тогтоолд дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Н.Б-г бусдыг эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б-г 2 (хоёр) жилийн хорих ял,

-  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 (хоёр зуун дөч) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дах хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б-д мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногийн хорих ялаар тооцон 30 хоногийн хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн, түүний нийт биечлэн эдлэх хорих ялыг 2 (хоёр) 1 (нэг) сарын хугацаагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Н.Б-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б-гийн цагдан хоригдсон 9 (ёс) хоногийг эдлэх ялд оруулан тооцож, эдлэх ялаас хассугай.

6. Эрүүгийн 2008000000881 тоот хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Н.Б нь бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч Н.Б-д авсан цагдан хорих таслах сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, түүний эдлэх хорих ялыг 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн тоолсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Б-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Б.БЯМБААБААТАР