| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Борхүүгийн Бямбаабаатар |
| Хэргийн индекс | 188/2020/2156/Э |
| Дугаар | 903 |
| Огноо | 2020-08-14 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Б.Ундрах |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 08 сарын 14 өдөр
Дугаар 903
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбаабаатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Энхнаран,
улсын яллагч Б.Ундрах (томилолт),
хохирогч Г.З,
шүүгдэгч Б.М, түүний өмгөөлөгч А.Очбадрал (үнэмлэхийн дугаар-2185) нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А-1” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Б.М-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, эрүүгийн 1908051740515 дугаартай нэг хавтаст хэргийг 2020 оны 07 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, 2020 оны 08 дугаар сарын 14-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1992 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Баянхонгор аймагт төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-3, эцэг, эхийн хамт Дархан-Уул аймаг, Дархан сум 1 дүгээр баг Пионер 6-9 тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан байдал:
- Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 94 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын баривчлах ял,
- Дархан-Уул аймгийн Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 26 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 2 жил хорих ялаар шийтгэж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг нэмж нэгтгэн 3 жил 6 сарын хорих ял,
- Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 384 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 cap хорих ялаар тус тус шийтгэгдсэн, Б овогт Б. М (РД: .............)
Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэд дурдсанаар)
Шүүгдэгч Б.Мөнх-Эрдэнэ нь 2019 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 16-17 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо 113 дугаар байрны 207 тоотод байрлах иргэн Д.З-ийн гэрээс “Huawei” брэндийн ухаалаг бугуйн цаг, Хаан банкны виза карт, “adidas” брэндийн пүүзэн гутал зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж бусдад 2.989.240 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.М-д мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэхгүй...” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.З мэдүүлэхдээ: “...Манай бохирын шугам бөглөрчхөөд сэлээсэр Даваадагваг гуйгаад янзлуулахаар болсон ба 2019 оны 10 дугаар сарын 5-ны өглөө Даваадагва нэг хүүхэдтэй хамт орж ирсэн. Тэгээд янзалж байгаад юм дутлаа гэхээр нь картаа өгөөд явуулсан. Тэр үед кодыг нь мэдэж авсан байх. Тэгээд янзалж дуусчхаад гарч явсан. Удалгүй Даваадагватай хамт явсан хүүхэд орж ирээд би утсаа мартчихжээ гэхээр нь ороод авчих гэж хэлсэн. Тэгээд тэр хүүхэд гараад явсан ба манай гэрээс миний дэрэн доороо хийсэн байсан карт, пүүзийг аваад гарсан байсан. Миний утасны дууг хаасан байсан. Тийм болохоор би мөнгө авсныг нь мэдээгүй байж байгаад шөнө сэрээд утсаа харахдаа мөнгө гарсныг нь мэдээд охиндоо хэлсэн. Тэгээд манай охин маань цагдаад хэлээд бас Даваадагватай ярьсан. Би тухайн үед Орос улс руу явах гэж байсан болохоор картдаа их мөнгөтэй байсан. Хохирлоо барагдуулж мөнгө авмаар байна. Хохирлоо нэхэмжилж байна...” гэв.
Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд:
1. Хохирогч Д.З-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:
“...2019 оны 10 дугаар сарын 05-ны өдөр байрныхаа ванны өрөөний бохирыг янзлуулж засвар хийлгэхээр сантехникч Даваадагваг дуудсан. Даваадагва нь үл таних залуугийн хамт орж ирээд засварын ажлаа эхэлсэн. Удалгүй Даваадагва “Эгчээ засвар хийхэд юм дутчихлаа, нэмж материал авах хэрэгтэй байна’’ гэхээр нь би өөрийнхөө Хаан банкны картаа өгсөн. Ойролцоогоор 30 орчим минутын дараа Даваадагва нөгөө залуугийн хамт материалаа аваад хүрч ирсэн. 16 цагийн үед ажлаа дуусгахаар нь би Даваадагвагийн данс руу 300.000 төгрөг шилжүүлсэн. Удалгүй Даваадагватай хамт явж байсан залуу ганцаараа буцаж орж ирээд “би гар утсаа орхиод гарчихсан байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь за гэж хэлээд би нойлын өрөө ороод гараад ирэхэд тэр залуу явчихсан байсан. Тэгээд унтаж байгаад үүрийн 04 цагийн үед гар утсаа үзэхэд миний данснаас 2.820.000 төгрөгийн зарлага гарчихсан байсан. Тэгээд цагдаагийн байгууллагад шууд хандсан. Ухаалаг бугуйн цагаа буцаагаад авсан, Пүүз нь адидас брэндийн хар өнгийн пүүз байсан. Данснаас 2.820.000 төгрөгийн зарлага гарснаас 1.151.500 төгрөгөө буцааж авсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 18-19 дүгээр хуудас)
2. Гэрч Д.Даваадагвын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн
“...манай 13 дугаар байрны 207 тоотын оршин суугч З эгч 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдөр ванны өрөөний бохирын хоолойгоо надтай мөнгө тохирч янзлуулахаар болсон. Тэгээд 2019 оны 10 дугаар сарын 05-ны өглөө 09 цагийн үед над дээр хоёр, гурван удаа ирж ажилд тусалж байсан зүс таних дүү Төгөлдөрийн (Б.Мөнх-Эрдэнэ) хамт тус тоотод орж засвар хийсэн. Засвар хийж байх явцад материал нь дутаад би Төгөлдөрийн хамт З эгчээс асууж байгаад зөвшөөрөхөөр картыг нь кодтой нь авч яваад материал нэмж аваад буцаж очоод картыг нь өгөөд ажлаа дуусгаад 16 цагийн үед гэрээс нь Төгөлдөрийн хамт гараад салцгаасан. Гэтэл 2019 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 04 цагийн үед З эгч залгаад “Миний карт хулгайд алдагдсан байна. Картнаас 2.820.000 төгрөг АТМ-ээс уншуулж авсан байна” гэхээр нь гайхаад очсон. Сүүлд сонсоод байхад Төгөлдөр буцаж З эгчийнд “гар утсаа мартлаа” гэж хэлээд буцаж орсон байна лээ. Сүүлд Төгөлдөр бид хоёр З эгчийн зөвшөөрлөөр картыг авч явж нэмж материал авах үед Төгөлдөр картын кодыг мэдэж авсан. Угаасаа анх гэрээс гарахдаа З эгчээс картны кодыг асуухад Төгөлдөр давхар сонсож байсан. Одоогоос 6 сарын өмнө, подвал цэвэрлүүлэх гээд Гурвалжин дээр ажил хийдэг хүмүүс зогсдог газар очоод анх Төгөлдөртэй танилцаж байсан. Бид нар хааяа хар ажил хийхдээ Гурвалжин дээр очиж хүн олдог юм. Тэгээд түүнээс хойш 2, 3 ажил дээр хамт ажиллаад гайгүй байх шиг болохоор нь ажил гарвал Төгөлдөрийг дуудчихдаг байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 21 дүгээр хуудас)
3. Гэрч Ю.Ганхайчийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:
“...Би хувиараа шинэ Драгоны 2 давхарт байрлах 8 дугаар лангуун дээр гар утас зарж борлуулдаг. 2019 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 19 цагийн үед нэг үл таних залуу орж ирээд би хөдөөнөөс саяхан орж ирсэн, хүнд 300.000-400.000 төгрөгийн хооронд гар утас авахаар сонирхож байна гэхээр нь би Самсунг Эс-8 маркийн гар утас үзүүлсэн. Тэгээд үзэж байгаад Самсунг Эс-8 плас маркийн гар утас 430.000 төгрөгөөр худалдаж авахаар болсон. Төлбөрөө хийхдээ их хэмжээний мөнгө халааснаасаа гаргаж ирээд надад 430.000 төгрөг бэлэн өгөөд үлдсэн мөнгөө цүнхэндээ хийсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 30 дугаар хуудас)
4. Эд зүйл түр хураан авсан болон хүлээлгэн өгсөн тэмдэглэл (хавтаст хэргийн 7-9 дүгээр хуудас)
5. Шүүгдэгч Б.М-ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн:
“...2019 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо 113-207 тоотод очиж эхний өдрөө нойлын өрөөг нь нураагаад өдөржингөө ажилласан. Даваадагва ах тухайн эгчид засвар хийх материал татах хэрэгтэй байна гэхэд бид хоёрт Хаан банкны виза картаа өгч явуулсан. Даваадагва ахад картаа өгөөд пин кодоо хэлтэл миний утас унтарчихсан байна чи кодыг нь тэмдэглээд авчих гэхээр нь би кодыг нь утсан дээрээ тэмдэглээд авсан...материал татаж ирж орой нь ажлаа бүрмөсөн дуусгаад тухайн эгч нойлын өрөөгөө цэвэрлэнэ гээд үлдсэн. Би өөрийн нокиа утсаа тэр айлд цэнэглээд орхисон байснаа санаад буцаад тэр айл руу орсон. Тэгтэл нөгөө эгч надад хаалгаа тайлж өгөхөөр нь би “утсаа цэнэглээд үлдээчихсэн байна утсаа авчих уу” гэсэн чинь “тэг тэг” гэхээр нь дотогш орсон. Намайг орох үед нөгөө эгч нойлын өрөөний шороо тоосоо цэвэрлэж байсан. Би өөрийнхөө утсыг аваад гарах гэтэл ширээн дээр виза карт, бас нэг бугуйн цаг байхаар нь авсан. Үүдэнд нь нэг пүүз байхаар нь бас авсан. Тухайн айлаас гараад холгүй нэг Хаан банкны АТМ-д очиж картыг нь уншуулаад 2.820.000 төгрөг авсан. Авсан мөнгөөрөө Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо Драгон төвд байрлах rap утас худалдааны газраас 440.000 төгрөгөөр самсунг галакси эс-8 маркийн гар утсыг худалдан авсан. Маргааш нь засвар хийлгэсэн айлын эмэгтэй над руу фэйсбүүкээр Ганданд уулзъя гэж чат бичихээр нь би уулзах гээд очтол цагдаагийн ажилтанд баригдсан. Авсан мөнгөнөөс худалдан авсан гар утсыг хүлээлгэн өгсөн. Пүүзийг нь өгөх гэсэн боловч хохирогч өөрөө авахгүй чи ав гээд надад өгсөн. Одоо хохирогчид 1.668.500 төгрөг өгөх ёстой. Би энэ мөнгийг төлж барагдуулна....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 50-51 дүгээр хуудас)
6. Шүүгдэгч Б.М-ийн хувийн байдалтай холбоотой баримтууд: Иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 54 дүгээр хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 58 дугаар хуудас) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн шүүгдэгчийг яллагдагчаар байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Гурав. Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч Б.Мөнх-Эрдэнэд холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:
I. Гэм буруугийн талаар
Улсын яллагчаас шүүгдэгч Б.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг шүүгдэгч, түүний өмгөөлөгч мэтгэлцээгүй болно.
Шүүгдэгч Б.М нь 2019 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 16-17 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо 113 дугаар байрны 207 тоот иргэн Д.З-гийн гэрээс “Huawei” брэндийн ухаалаг бугуйн цаг, Хаан банкны виза карт, “adidas” брэндийн пүүзэн гутал зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан болох нь:
- хохирогч Д.З-ийн мэдүүлэг (хх-18-19), гэрч Д.Даваадагвын мэдүүлэг (хх-21), гэрч Ю.Ганхайчийн мэдүүлэг (хх-30), Д.З-гийн Хаан банкан дахь деспозит дансны хуулга (хх-12), шүүгдэгч Б.Мөнх-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг (хх50-51) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүх хэргийн үйл баримтаас дүгнэвэл шүүгдэгч Б.Мөнх-Эрдэнэ нь хууль зүйн хувьд шунахайн сэдэлтээр, хялбар аргаар мөнгө олох зорилгоор, шууд санаатай үйлдлээр иргэн Г.З-ийн эзэмшлийн дээрх эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар хулгайлан авч 2.989.240 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангажээ.
Иймд прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Г.З-д 2.989.240 төгрөгийн хохирол учирсан ба 2019 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн “Эд зүйл хүлээлгэн өгсөн мөрдөгчийн тэмдэглэл” (хх-8-9)-ээр “Нuawei” маркийн ухаалаг бугуйн цагийг биет байдлаар, бэлэн 1.151.500 төгрөгийг тус тус хүлээлгэн өгсөн байна.
Иймд хохирогч Д.З-д хохирлын үлдэгдэл болох 1.388.500 төгрөгийг шүүгдэгч Б.М-ээс гаргуулж, түүнд олгох нь зүйтэй гэж үзэв.
II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.
Улсын яллагчаас шүүгдэгч “Э.М-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хорих ял оногдуулах” дүгнэлтийг шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар мэтгэлцээгүй болно.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Э.М-ийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, шийтгэх тогтоолын хуулбар зэргээс үзэхэд урьд нь өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийг үйлдэж байсан, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн шүүгдэгч Э.М-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, хувийн байдлыг харгалзан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, түүнд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Шүүгдэгч Э.М нь урьд 2019 онд бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэгт ял шийтгүүлсэн байх боловч тэрээр нийгэмшээгүй, засраагүй, хувийн байдалдаа дүгнэлт хийгээгүй, дахин хулгайлах гэмт хэрэг үйлдсэн байх тул түүнд хорихоос өөр төрлийн ял оногдуулах боломжгүй гэж үзэв.
Бусад асуудлаар:
Эрүүгийн 1908051740515 тоот хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.М-ийн 2020 оны 07 дугаар сарын 17-ны өдрөөс 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдөр хүртэл цагдан хоригдсон 28 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, эдлэх ялаас хасах, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тогтоолд дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 36.12, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Б.М-г бусдыг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-г 2 (хоёр) жилийн хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.М-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-ийн цагдан хоригдсон 28 (хорин найм) хоногийг эдлэх ялд оруулан тооцож, эдлэх ялаас хассугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-ээс 1.388.500 (нэг сая гурван зуун наян найман мянга таван зуу) төгрөгийг гаргуулж хохирогч Д.З-д олгосугай.
6. Эрүүгийн 1908051740515 тоот хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.М-ийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.М-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БЯМБААБААТАР