| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гомбодоржийн Ганбаатар |
| Хэргийн индекс | 188/2020/0951/Э |
| Дугаар | 972 |
| Огноо | 2020-09-04 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ж.О |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 09 сарын 04 өдөр
Дугаар 972
2020 09 04 2020/ШЦТ/972
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,
Нарийн бичгийн дарга О.Б,
Улсын яллагч Ж.О,
Шүүгдэгч Ц.С нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар :
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ц.С-т холбогдох 2008023721230 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1988 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Өвөрхангай аймагт төрсөн, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Зам гүүрийн инженер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, аав, ээжийн хамт Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо Малчин 2 дугаар гудамж 9 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, Т овгийн Ц-ийн С нь /РД:ГП88041113/,
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Ц.С нь 2020 оны 07 дугаар сарын 25-ны өглөө 09 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо Ногоон чулуутын 8-58 тоотод иргэн Ц.О-тай “миний ээжийг өвчтэй байхад инээлээ” гэх шалтгаанаар марган гараараа нүүр, гар луу нь цохиж хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун шуунд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь :
Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох :
Хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад :
Шүүгдэгч Ц.С нь 2020 оны 07 дугаар сарын 25-ны өглөө 09 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо Ногоон чулуутын 8-58 тоотод иргэн Ц.О-тай “инээлээ” гэх шалтгаанаар зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь :
- хохирогч Ц.О-гийн ”...Би 2020 оны 07 дугаар сарын 25-ны өглөө Г эгчийнд очтол Г эгч ганцаараа байсан ба намайг тэдний гэрт очсоны дараа С гэх залуу архи уусан байдалтай орж ирэхээр нь би “юу байна хөгшөөн, ээжийн чинь бие гайгүй юу” гээд асуусан чинь С чи миний ээжийг өвчтэй байхад инээлээ гээд миний нүүр лүү гараараа 2 удаа алгадахад би гараараа нүүрээ дарсан ба намайг нүүрээ гараараа дарах үед С дахиад алгадсан...гэх мэдүүлэг /хх-20-21/,
- гэрч Б.Г гийн”...тухайн үед О бид хоёр наймаа хийх талаар яриад сууж байтал гаднаас С согтуу орж ирсэн. Тэгээд С надтай мэндэлчихээд О г сайн уу гэтэл О сайн ээжийн чинь бие гайгүй юу гэсэн чинь С гайгүй ээ. Гэтэл О инээсэн чинь С О г нүүр лүү нь гараараа 2 удаа алгадсан, нүүрээ гараараа дарахад гаран дээр нь 1 удаа алгадсан...О гийн хамар хэсэг нь хавдчихсан...гэх мэдүүлэг /хх-ийн 23/
- шинжээчийн дүгнэлт :...Ц.О-гийн биед хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун шуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн, шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна /хх-30/,
- шүүгдэгч Ц.С ын ... 2020 оны 07 дугаар сарын 25-ны өглөө 09 цагийн үед Г эгчийнд очсон чинь өмнө надаас мөнгө зээлж байсан О гэх эмэгтэй байсан...О г сайн уу гэтэл О юу байна, ээжийн чинь бие гайгүй юу гэхээр нь гайгүй гэтэл О инээхлээр нь О гийн нүүр рүү 2 удаа алгадсан, гараараа нүүрээ дарахад нь гар руу нь 1 удаа алгадсан...гэх мэдүүлэг /хх-84/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгчид холбогдох гэмт хэргийг тус тус нотолж буй хэрэгт цугларч, шүүх хуралдаанд шинжлэгдсэн нотлох баримтын шууд ба шууд бус эх сурвалжийг харьцуулан шалгаж, үнэлэхэд хохирогч, гэрч нар илтэд худал мэдүүлсэн, шинжээч худал дүгнэлт гаргасан гэж үзэх үндэслэл, нотолгоо тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчид холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд мөрдөн шалгах, прокурорын хяналтын ажиллагаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан холбогдох үндэслэл, журмын дагуу хийгджээ.
Иймд шүүгдэгч Ц.С ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Хохирогч нь гэмт хэргийн улмаас нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй тухай мэдүүлсэн, бичгээр илэрхийлсэн /х-20-21, 88/, шүүгдэгч нь хохирогчид 200.000 төгрөг төлсөн тухай мэдүүлж байх тул шүүгдэгчийг хохирогчид төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх :
Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Шүүгдэгч нь ам бүл 3, эцэг, эхийн, хамт амьдардаг, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, автомашины өмчлөгчөөр бүртгэгдсэн, гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэрэгт хамаарах нотлох баримтууд хэрэгт авагдсан /хх-37, 47, 50-75/ байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, шүүгдэгчийн хувийн байдал, хөдөлмөр эрхэлдэг зэргийг харгалзан шүүгдэгчид 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.
Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дахь хэсэг, 36.3, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь :
1. Шүүгдэгч Ц.С ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.С ыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ц.С-т оногдуулсан 600.000 төгрөгийн торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг биелүүлэхгүй зайлсхийвэл ялын 15 нэгжийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг Ц.С-т мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй, тус хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.С-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ : Г.ГАНБААТАР