Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 01 сарын 03 өдөр

Дугаар 02

 

 

       Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Амаржаргал даргалж, шүүх хуралдааны “B” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

           Нэхэмжлэгч: “БХХ” төрийн бус байгууллагын тэргүүн ДГ-ын нэхэмжлэлтэй,

           Хариуцагч: Дорнод аймгийн МС Засаг даргад холбогдох,

          Нэхэмжлэлийн шаардлага: “МС Засаг даргыг Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6-ын “а”-д заасан эрхээ хэрэгжүүлэхгүй байгаа эс үйлдлийг тогтоолгох, Газрын тосны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.17, Ашигт малтмалын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсгийг сурталчлан таниулж, биелэлтийг хангаж, нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа тусгай зөвшөөрөл эзэмшигч “ДТ” ХХК-тай 2018 оны гэрээ байгуулах мөн түүнчлэн цаашид жил бүр зах зээлийн нөхцөл байдалтай уялдуулан гэрээг шинэчлэн байгуулж олон нийтэд ил тод байршуулан ажиллахыг даалгах” нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

       Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “БХХ” төрийн бус байгууллагын тэргүүн Д.Г, түүний өмгөөлөгч Т.Энхболд, хариуцагч МС Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, гуравдагч этгээд “ДТ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Энхнаран нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

         Нэхэмжлэгч “БХХ” төрийн бус байгууллагын тэргүүн ДГ шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Тус төрийн бус байгууллага нь байгаль экологийн тэнцвэрт байдлыг алдагдуулж байгаа аж ахуйн нэгж, хүний буруутай үйл ажиллагаанд нөлөөлж, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хамгаалах зорилготой юм. Энэхүү зорилгоо хангах үүднээс “НФ”-ын дэмжлэгтэйгээр тусгай зөвшөөрөл эзэмшигч компаниуд нь орон нутгийн захиргааны байгууллагатай байгаль экологийн тэнцвэрт байдлыг алдагдуулахгүй байх, энэ чиглэлийн ажилд иргэдийг ажлын байраар хангах, орон нутгийн хөгжилд дэмжлэг туслалцаа үзүүлж буй эсэх, хуулийн хэрэгжилтийг хангуулах чиглэлээр хамтран ажиллаж байна. Дээрхи ажлын хүрээнд сумын Засаг дарга хууль тогтоомжийг сурталчлан таниулж биелэлтийг хангах ажлыг нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд зохион байгуулж, нутгийн ажилгүй иргэдийг ажлын байраар хангах, орон нутгийн хөгжилд дэмжлэг авах чиглэлээр тусгай зөвшөөрөл эзэмшигч нартай гэрээ байгуулж, ажиллахыг хүссэн гомдол хүсэлтийг амаар болон бичгээр удаа дараа буюу 2018.07.20-ны өдрийн №09, 10 тоот албан бичгээр тухайн шат шатны Засаг дарга нарт гаргасан боловч эцэслэн шийдвэрлэхгүй байгаа тул шүүхэд нэхэмжлэл гаргахад хүргэлээ.

           Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дугаар зүйлийн 29.1.6-ын “а”-д “аймаг, сум, дүүргийн Засаг дарга хууль тогтоомж, Засгийн газар, Хурал, Засаг даргын шийдвэрийг сурталчлан, биелэлтийг нь хангах ажлыг нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд зохион байгуулах эрхтэй” гэж хуульчилжээ. Газрын тосны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.17 дахь хэсэгт “ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчныг хамгаалах, орон нутгийн хөгжилд сайн дурын үндсэн дээр дэмжлэг үзүүлэх асуудлыг даргатай байгуулж ажиллах”, мөн Ашигт малтмалын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт “тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчныг хамгаалах, уурхай ашиглах, үйлдвэр байгуулахтай холбогдсон дэд бүтцийн хөгжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх асуудлаар нутгийн захиргааны байгууллагатай гэрээ байгуулан ажиллана” гэжээ.

           Дорнод аймгийн МС Засаг дарга Д.Д нь:

        1. “Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6-ын “а”-д заасан эрхээ хэрэгжүүлэх.

         2. Газрын тосны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.7..., Ашигт малтмалын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1... дэх хэсэгт тус тус заасан заалтын биелэлтийг хангаж ажиллах эрхээ хэрэгжүүлээгүй эс үйлдлийн улмаас тухайн орон нутагт газрын тос олборлож байгаа “ДТ” ХХК орон нутгийн захиргааны байгууллагатай хамтран ажиллах гэрээ байгуулах, тухайн сумын иргэдийг ажлын байраар хангах, орон нутгийн хөгжилд дэмжлэг туслалцааг сайн дурын үндсэн дээр үзүүлэх тухай хуульд заасан үүргээ биелүүлээгүй.

           Хөрш зэргэлдээ Сүхбаатар аймагт үйл ажиллагаа явуулж байгаа БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “ЦЛ” ХХК нь аймаг, сумын Засаг даргатай дээрхи хууль тогтоомжийн хүрээнд хамтран ажиллах урт хугацааны гэрээ байгуулж жил болгон 1.0 тэрбум орчим төгрөгийн хөрөнгө оруулалтыг орон нутгийн хөгжлийн санд төвлөрүүлдэг байна...

          Сүхбаатар аймагт үйл ажиллагаа явуулдаг “ЦЛ” ХХК нь манай аймагт тусгай зөвшөөрөл эзэмшигч “ДТ” ХХК-аас хүчин чадал орлогын хувьд 10 дахин, “ШЬ” ХХК-аас 3 дахин бага үзүүлэлтэй юм. “ДТ” ХХК нь 2041 он хүртэл нийт 21,01 сая тонн түүхий тос олборлох бөгөөд үүнээс хичнээн тэрбум долларын ашиг олж, хэдийг нь орон нутгийн хөрөнгө оруулалтад зарцуулах нь тодорхойгүй юм. Харин Засаг дарга нар хуулиар хүлээсэн эрхээ хэрэгжүүлж, уг компанитай хамтран ажиллах урт хугацааны гэрээ байгуулснаар орон нутгийн хөгжилд хөрөнгө оруулах нь тодорхой болох юм.

         ...эрхээ хэрэгжүүлэхгүй байгаа эс үйлдлийн улмаас орон нутгийн хөрсний эвдрэл ихсэж, агаарын бохирдол тоосжилт нэмэгдсэн, газрын гүний усны нөөц багассан, ан амьтан араатан жигүүртэн, зээр гөрөөс унаган нутгаасаа дайжсан, нөхөн сэргээлт хангалтгүй, үйлдвэрийн бүсээс Монгол улсын хил хүртэлх газрын тос тээвэрлэж буй автозамыг олон улсын жишигт нийцүүлэн тавиагүй, орон нутгийн иргэдийн 300 орчим хүн нь ажилгүй, сум орон нутгийн хөгжилд дорвитой өөрчлөлт гараагүй байна.

          Бид тусгай зөвшөөрөл эзэмшигч компаниудтай хэрхэн хамтран ажиллаж иргэдийг ажлын байраар хангах, сум орон нутагт ямар хэмжээний тусламж дэмжлэгийг сайн дурын үндсэн үзүүлж болох талаар иргэдээс гэрээний төсөлд санал авч ажилласан бөгөөд энэхүү гэрээг жишиг болгон мөрдөх боломжтой гэж үзэж байгаа болно.

        Иймд МС Засаг даргад Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6-ын    “а”-д заасан эрхээ хэрэгжүүлж, Газрын тосны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.17, Ашигт малтмалын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсгийг сурталчлан таниулж, биелэлтийг хангаж, нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа тусгай зөвшөөрөл эзэмшигч “ДТ” ХХК-тай 2018 оны гэрээ байгуулах мөн түүнчлэн цаашид жил бүр зах зээлийн нөхцөл байдалтай уялдуулан гэрээг шинэчлэн байгуулж олон нийтэд ил тод байршуулан ажиллахыг даалгаж өгнө үү гэжээ.

     Нэхэмжлэгч “БХХ” төрийн бус байгууллагын тэргүүн ДГ нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж зарим хэсгийг өөрчлөх тухай нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч ДГ би Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэлээ өөрчилж байна. Үүнд 1. “ДТ” ХХК-ийг хамтран хариуцагчаар гэснийг “гуравдагч этгээдээр” гэж өөрчлөх, 2. Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 гэснийг 29 гэж өөрчлөн, 3. М, Х сумдын засаг дарга нар Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6-ын     “а”-д заасан эрхээ хэрэгжүүлэхгүй байгаа эс үйлдлийг тогтоолгох гэж нэмэгдүүлж байгаа болно гэжээ.

     Хариуцагч МС Засаг дарга Д.Д шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6-ын “а” хэсэгт заасанчлан хууль тогтоомж, Засгийн газар, Хурал, Засаг даргын шийдвэрийг сурталчлах, биелэлтийг нь хангах ажлыг сумын Засаг даргын зүгээс нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд зохион байгуулан ажиллаж байна. Манай зүгээс Газрын тосны тухай хууль, холбогдох бусад хууль тогтоомж, гэрээний дагуу газрын тосны ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч “ДТ” ХХК-тай UB16/03 тоот “Байгаль орчныг хамгаалах, орон нутгийн хөгжилд дэмжлэг үзүүлэх гэрээ”-г 2016 оны 08 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан байна. Уг гэрээний дагуу тус компаниас аймгийн орон нутгийн хөгжлийн санд 50.0 мянган ам.доллар шилжүүлсний 30 хувийг буюу 15.0 мянган ам.доллартай тэнцэх хөрөнгийг сумын Орон нутгийн хөгжлийн санд хуваарилсныг холбогдох журмын дагуу зарцуулаад байна. Бидний зүгээс дээрх гэрээний зүйл заалт нь өнөөгийн шаардлагыг хангахгүй байна хэмээн үзэж гэрээг шинэчлэн байгуулах, ингэхдээ орон нутгийн хөгжилд дорвитой дэмжлэг үзүүлэх, байгаль орчныг хамгаалах, орон нутгийн иргэдийг ажлын байраар хангах, хэрэгцээт бараа бүтээгдэхүүнийг орон нутгийн аж ахуйн нэгж, иргэдээс нийлүүлэх зэрэг цогц асуудлыг хамруулж, илүү өргөн хүрээтэй хамтран ажиллах саналыг тус компанид тавьж, энэ асуудлаар аймгийн Засаг даргын Тамгын газраас холбогдох уулзалт, хэлэлцээрийг удаа дараа зохион байгуулж ирлээ. Энэхүү уулзалт, хэлэлцээрүүдийн үр дүнд зарчмын тохиролцоонд хүрч ойрын хугацаанд шинэчлэн гэрээ байгуулахаар болоод байна гэжээ.

      Хариуцагч МС Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Төрийн бус байгууллагын тэргүүн ДГ-ын гаргасан нэхэмжлэлийн дагуу дараах тайлбарыг гаргаж байна. Дорнод аймгийн МС Засаг дарга Газрын тосны тухай хууль, бусад холбогдох хууль тогтоомжийн дагуу газрын тос ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч “ДТ” ХХК-тай UB16/03 тоот гэрээг 2016 оны 08 дугаар сарын 18-ны өдөр өмнөх Засаг дарга Б даргын үед байгуулсан байгаа юм. Энэхүү гэрээнд орон нутгийн хөгжлийн санд 50.0 мянган ам.доллар шилжүүлсний 30 хувь буюу 15.0 мянган ам.доллартай тэнцэх хөрөнгийг тухайн орон нутгийн хөгжлийн санд төвлөрүүлэхээр зааж, түүнийг 2016, 2017 онд хуулийн хүрээнд зарцуулж явсан байна. Бидний зүгээс дээрх гэрээний зүйл заалт өнөөгийн шаардлагыг хангахгүй байна гэж үзэж, гэрээг шинэчлэн байгуулах, ингэхдээ орон нутгийн хөгжилд дорвитой дэмжлэг үзүүлэх, байгаль орчныг хамгаалах, орон нутгийн иргэдийг ажлын байраар хангах, хэрэгцээт бараа бүтээгдэхүүнийг орон нутгийн аж ахуйн нэгж, иргэдээс нийлүүлэх зэрэг цогц асуудлыг хамруулан илүү өргөн хүрээтэй хамтран ажиллах саналыг “ДТ” ХХК-д удаа дараа тавьж байсан. Энэ асуудлаар мөн аймгийн Засаг даргын Тамгын газраас холбогдох уулзалт хэлэлцээрүүдийг зохион байгуулсан. Энэ уулзалтаар тодорхой хэмжээний үр дүнд хүрч, зарчмын асуудал дээр тохиролцсон. “ДТ” ХХК-тай гэрээ байгуулах саналыг аймгийн Засаг даргад хүргүүлсэн. Аймгийн Засаг дарга 1 дүгээр сардаа багтааж төслийг батална. Ингээд орон нутагтай хамтарсан гурвалсан гэрээг байгуулна гэсэн чиглэлтэй байгаа. 2018 онд энэ гэрээ хийгдээгүй. Аймгийн Засаг дарга дээр төсөл нь очоод хүлээгдэж байгаа байдалтай байна гэжээ.

       Гуравдагч этгээд “ДТ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын тухайд Газрын тосны тухай хууль болон Ашигт малтмалын тухай хуулийн зохих заалтын дагуу тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үүргийг биелүүлж, түүний хэрэгжилтийг шаарджээ. Манай компанийн зүгээс хуульд заасны дагуу байгаль орчныг хамгаалах ажлын хүрээнд “ЭТ” ХХК-тай 2018 оны 09 дүгээр сард Биологийн нөхөн сэргээлтийн үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулан байгалийн нөхөн сэргээлтийн ажлыг хийж гүйцэтгэж байгаа юм. Мөн Ашигт малтмалын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-т заасан үндэслэлийн дагуу Дорнод аймгийн Засаг дарга, Ашигт малтмал, газрын тосны газартай 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр гурван талт хэлцлийг байгуулан ажиллаж байна. Тус хэлэлцээрээр: Ажиллагсадын амьдрах, хөдөлмөрлөх орчин нөхцлийн талаар, байгаль орчныг хамгаалах, газрын тосны тээвэрлэлт, хөдөлгөөний аюулгүй байдал, орон нутгийн иргэд, аж ахуйн нэгжийг дэмжих, ажиллах хүч сонгох, нутгийн захиргааны байгууллагатай хамтран ажиллах чиглэлүүдээр тодорхой ажлуудыг хийж хэрэгжүүлэхээр гэрээ байгуулан ажиллаж байна. Тус гэрээ нь Газрын тосны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.17, Засгийн газрын 2015 оны 430 дугаар тогтоолын агуулга зарчимд нийцсэн гэж үзэж байна. Сумын Засаг даргаас дээрх гэрээний агуулга, зарчимд нийцсэн асуудлын хүрээнд гэрээ байгуулан батламжлахад манай компанийн зүгээс татгалзах зүйлгүй.

       ...Нэхэмжлэгч нэхэмжлэл гаргах этгээд мөн үү гэдэг асуудлаа би дахиад ярих гэж байна. Энэ хэргийн тухайд хавтаст хэрэгт авагдсан баримтаас харахад 2018 оны 09 сарын 11-ний өдөр итгэмжлэл авагдсан байдаг. Иргэн Ц овогтой П-с Д овогтой Гд миний нэрийн өмнөөс Ашигт малтмалын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, Газрын тосны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.17-д заасан маргаантай асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргах гэсэн итгэмжлэл олгожээ. Үүнээс харахад мөн л өнөөдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгч нь тодорхойгүй байна. Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч ярихдаа төрийн бус байгууллагын тэргүүн ДГ-ын нэхэмжлэлтэй гэж яриад байдаг. Гэтэл хэрэгт иргэн Ц.П-с Д.Г-д олгосон итгэмжлэл байгаад байдаг. Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.3, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх заалтыг бариад итгэмжлэл олгосон байна. Тэгэхлээр энэ нь хууль журамд нийцэхгүй байна гэж харагдаж байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.9-д нийтийн эрх, ашиг сонирхлыг иргэн, албан тушаалтан биш тусгайлан эрх олгогдсон этгээд, энэ нь 18 дугаар зүйлийн 18.3-т зааснаар шаардлага хангасан төрийн бус байгууллагыг ойлгоно гэж байгаа. Хуулийн этгээд буюу төрийн бус байгууллага нэхэмжлэл гаргах юм. Хэн нэгэн албан тушаалтан гаргахгүй. Төрийн бус байгууллагын тухай хуулийн 12 дугаар зүйлд зааснаар төрийн бус байгууллагыг гадаад болон дотоодод тэргүүн төлөөлнө гэж байгаа болохоос биш шүүхэд төлөөлөх эрхийн асуудал яригдаагүй. Улсын бүртгэлийн тухай хууль болон Улсын бүртгэлийн гэрчилгээн дээр тухайн байгууллагыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд нь бүртгэгдсэн байдаг. Энэ хүнээсээ итгэмжлэл авч байгаа юм уу гэхээр иргэнээс иргэнд олгосон итгэмжлэл байгаад байдаг. Тэгэхлээр төрийн бус байгууллагын албан бланк дээр төрийн бус байгууллагын тэргүүн Д.Г-г уг хэрэг маргаанд ямар эрх, үүрэгтэйгээр оролцох итгэмжлэлийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу итгэмжлэл олгох ёстой. Ингэж байж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх зүйн чадамж нь бий болох юм гэж харж байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-т “Хуулийн этгээдийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд нь өөрийн албан тушаал, эрх хэмжээгээ нотлох баримт бичиг, бусад этгээд олгосон итгэмжлэлээ захиргааны хэргийн шүүхэд гаргаж өгнө”, 27.4-т итгэмжлэлд тавигдах шаардлагуудыг дурдсан байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.4-т зааснаар  төрийн бус байгууллага нэхэмжлэл гаргах ёстой. Иргэн, хувь хүн, албан тушаалтнаараа гаргаж байгаа бол энэ нь нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд. Нийтийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Энэ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3-т нийцэхгүй байна. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлээ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3-т заасан 4 үндэслэлийн алинд нь хамаарч байгааг тодруулж хэлэхгүй байна. Нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй, нэхэмжлэл гаргах эрх бүхий этгээд нь тодорхойгүй байна. Гуравдагч этгээдийн зүгээс өнөөдрийг хүртэл төрийн бус байгууллага нэхэмжлэл гаргаж байна гэж ойлгож байсан. Гэтэл төрийн бус байгууллагын тэргүүн нь гаргаад байгаа юм байна. МС Засаг даргад холбогдох энэ захиргааны хэрэг дээр иргэн Ц.П-с Д.Г-д итгэмжлэл олгохдоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн заалтыг үндэслэж итгэмжлэл олгосон байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчигдөж байна. Тэгэхлээр нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан энэ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа цааш явах нь хэр зэрэг хууль зүйн үндэслэлтэй вэ гэж харж байна. Тиймээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-т зааснаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхүй болгож өгнө үү. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-т “Энэ хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1-т заасан үндэслэл шүүх хуралдааны явцад илэрвэл нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана” гэсэн заалт байгаа. Эдгээр нөхцөл байдлууд илрээд байна. Төрийн бус байгууллагын тэргүүн бол нэхэмжлэл гаргах эрхгүй. Улсын бүртгэлд энэ хүн итгэмжлэлгүйгээр төлөөлөхөөр бүртгэгдсэн баримт хавтаст хэрэгт авагдаагүй. Төрийн бус байгууллага нэхэмжлэл гаргаад байгаа юм уу гэхээр энэ төрийн бус байгууллага ДГ гэж хүнд итгэмжлэл олгоогүй байна. Тиймээс хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн саналтай байна гэжээ.

                                                          ҮНДЭСЛЭХ:

           Нэхэмжлэгч “БХХ” төрийн бус байгууллагын тэргүүн ДГ нь “МС Засаг даргын Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6-ын “а”-д заасан эрхээ хэрэгжүүлэхгүй байгаа эс үйлдлийг тогтоолгох, Газрын тосны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.17, Ашигт малтмалын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсгийг сурталчлан таниулж, биелэлтийг хангаж, нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа тусгай зөвшөөрөл эзэмшигч “ДТ” ХХК-тай 2018 оны гэрээ байгуулах мөн түүнчлэн цаашид жил бүр зах зээлийн нөхцөл байдалтай уялдуулан гэрээг шинэчлэн байгуулж олон нийтэд ил тод байршуулан ажиллахыг даалгах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

         Шүүх нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үндэслэн дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж  шийдвэрлэлээ.

        Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3-т “Хуулиар тусгайлан эрх олгогдсоноос бусад нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд нь хүрээлэн байгаа орчин, хүүхдийн эрх, нийтийн эрүүл мэнд, нийтийн өмчийг хамгаалах асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй”, 18.3.1-д “нэхэмжлэлийн шаардлага нь тухайн байгууллагын дүрмийн зорилгод нийцсэн байх”, 18.3.2-т “дүрмийн зорилгын дагуу сүүлийн гурваас доошгүй жил тогтвортой үйл ажиллагаа явуулсан байх” гэж тус тус хуульчилжээ.

            “БХХ” төрийн бус байгууллага нь “Байгаль экологийн тэнцвэрт байдлыг алдагдуулж буй аж ахуйн нэгж, хүний буруутай үйл ажиллагаанд нөлөөлж, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хамгаалах” зорилготойгоор 2007 онд байгуулагджээ.[1]

        “БХХ” төрийн бус байгууллагын удирдах зөвлөлийн хурлын 2018 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор Д овогтой Г-г хөдөлгөөний тэргүүнээр улируулан сонгосон байна.[2]

            “БХХ” төрийн бус байгууллагын дүрмийн 7.2-д “Удирдах зөвлөлийн дарга /тэргүүн/ нь төрийн бус байгууллагыг гадаад, дотоодод төлөөлөх, удирдах зөвлөлийн хурлыг даргалах, удирдах зөвлөлийн шийдвэрийг үндэслэн гүйцэтгэх захиралтай гэрээ байгуулах зэрэг бүрэн эрхтэй” гэж заажээ.

         Иймд “БХХ” төрийн бус байгууллагыг төлөөлж тус хөдөлгөөний тэргүүн ДГ шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, “БХХ” төрийн бус байгууллагын дүрэм, улсын бүртгэлийн гэрчилгээ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

         Газрын тосны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.17-д “Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчныг хамгаалах, орон нутгийн хөгжилд сайн дурын үндсэн дээр дэмжлэг үзүүлэх асуудлыг тусгасан гэрээг тухайн тусгай зөвшөөрлийн талбай орших сум, дүүргийн Засаг даргатай байгуулж ажиллах”,

          Ашигт малтмалын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчныг хамгаалах, уурхай ашиглах, үйлдвэр байгуулахтай холбогдсон дэд бүтцийг хөгжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх асуудлаар нутгийн захиргааны байгууллагатай гэрээ байгуулж ажиллана” гэж заасан байна.

             Дээрхи хуулийн дагуу “ДТ” ХХК нь Дорнод аймгийн МС Засаг даргад 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 18/657 дугаартай албан бичгээр хамтран ажиллах гэрээ байгуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлж, тус албан бичгийг 2018 онд Байгаль орчныг хамгаалах, орон нутгийн хөгжилд дэмжлэг үзүүлэх гэрээний хамт хүргүүлсэн байна.[3]

              Дээрхи албан бичиг болон хамтран ажиллах гэрээний төслүүдээс харахад “ДТ” ХХК-ийн зүгээс 2 тал харилцан хамтран ажиллах гэрээ байгуулах хүсэлтээ илэрхийлсэн байх бөгөөд гэрээнд ямар асуудлыг хэрхэн тусгах, гэрээний агуулгаа хэрхэн тодорхойлох нь талуудын хүсэл сонирхол, сайн дурын тохиролцооны асуудал юм.

          Гэвч 2 тал харилцан тохиролцож холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн, зах зээлийн нөхцөл байдалтай уялдуулан тухайн орон нутгийн иргэдийн санал хүсэлтийг тусган  хамтран ажиллах гэрээг байгуулж ажиллах нь зүйтэй.

         Ц.П гэгч иргэнээс Д.Г-д олгосон 2018 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн итгэмжлэл нь энэхүү хэрэгт хамааралгүй болохыг дурдах нь зүйтэй.[4]

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.12, 107 дугаар зүйлийн 107.1, 107.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

          1. Газрын тосны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.17,  Ашигт малтмалын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д заасныг тус тус баримтлан, нэхэмжлэгч “БХХ” төрийн бус байгууллагын тэргүүн ДГ-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, МС Засаг даргын Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6-ын “а”-д заасан эрхээ хэрэгжүүлэхгүй байгаа эс үйлдлийг тогтоож, Газрын тосны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.17, Ашигт малтмалын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсгийг сурталчлан таниулж, биелэлтийг хангаж, нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа тусгай зөвшөөрөл эзэмшигч “ДТ” ХХК-тай 2018 оны гэрээ байгуулах мөн түүнчлэн цаашид жил бүр зах зээлийн нөхцөл байдалтай уялдуулан хамтран ажиллах гэрээг шинэчлэн байгуулж олон нийтэд ил тод байршуулан ажиллахыг Дорнод аймгийн МС Засаг даргад даалгасугай.

         2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1,  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2  дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “БХХ” төрийн бус байгууллагын тэргүүн ДГ-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

           Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          П.АМАРЖАРГАЛ

 


[1] Хавтаст хэргийн 4-8-р хуудас

[2] Хавтаст  хэргийн 9-р хуудас

[3] Хавтаст хэргийн 46-р хуудас

[4] Хавтаст хэргийн 10-р хуудас