Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 2017/ДШМ/072

 

Г.Бд холбогдох эрүүгийн хэргийн тухай

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч М.Мөнхдаваа даргалж, шүүгч Д.Эрдэнэбилэг, Т.Даваасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор *******

Нарийн бичгийн дарга Д.Сайннямбуу нарыг оролцуулан;

Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2017 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 172 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч улсын яллагч Э.Гантулгын бичсэн 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 30 дугаар эсэргүүцлээр  Г.Бд холбогдох эрүүгийн 201705000210 дугаартай хэргийг 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч М.Мөнхдаваагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, Г.Б, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй,

Г.Б нь Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын 4 дүгээр багийн нутаг Эндэрт гэх газарт 2017 оны 6 дугаар сарын 6-ны өдөр улсын дугааргүй Мустанг-5 маркийн мотоциклийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр жолоодон явах үедээ Замын хөдөлгөөний дүрэм зөрчиж, 07-71 БНХ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж зам тээврийн осол гаргасны улмаас араар нь суун зорчиж явсан  Б.Дын биед хүндэвтэр хохирол учруулж автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчих гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Баянхонгор аймгийн прокурорын газраас  Г.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2-ийн 2.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх: овогт  Г.Бг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар Г.Баямбасүрэнг тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүргийг хүлээлгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэгт зааснаар согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ хэрэглэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 8 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах, зөрчөөгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх ял оногдуулахгүй болохыг мэдэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар  Г.Бд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялын хугацааг энэ үеэс эхлэн тоолж, үүрэг хүлээлгэн, хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авагдсан  Г.Бд хяналт тавихыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж,  Г.Б нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар  Г.Бгийн эзэмшлийн нокиа маркийн гар утсыг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол  Г.Бд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэж шийдвэрлэжээ.

Прокурор ******* 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 30 дугаар эсэргүүцэлдээ: Шүүхээс  Г.Бг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил хасч, хорих ял оногдуулахгүйгээр 1 жил тэнсэж шийдвэрлэсэн шийтгэх тогтоол нь үндэслэлгүй байна.

Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8 дугаар бүлэгт өсвөр насны хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх гэсэн тусгай бүлэг болгон тусгаж өгсөн. Энэ бүлгийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэх үедээ 14 насанд хүрсэн ба 18 насанд хүрээгүй байсан хүнд энэ бүлэгт заасан үндэслэл, журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ..”, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан энэ бүлэгт заасан журмын дагуу ял оногдуулж, оногдуулсан ял дээр нэмж, эсхүл ял оногдуулахгүйгээр хүмүүжлийн чанартай албадпагын арга хэмжээ хэрэглэж болно” гэж заасан.

Г.Б нь гэмт хэрэг үйлдэх үедээ буюу 2017 оны 6 дугаар сарын 6-ны өдөр 18 насанд хүрээгүй байсан бөгөөд шүүхээр ял шийтгүүлэх үедээ 18 насанд хүрсэн байсан. Шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч  Г.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2-ын 2.2 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил хасч, 2 жил хорих ял оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн 8.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 1 жил тэнсэж, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авах саналыг тавьсан боловч шүүхээс шүүгдэгчийг Эрүүгийн хуульд байхгүй зүйл ангиар буюу 27.10 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсон нь үндэслэлгүй байна.

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангид өсвөр насны хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар 8 дугаар бүлэг болгон тусгайлан журамласан байхад дээрх тусгай журмыг хэрэглэхгүйгээр шүүгдэгчид өөр бүлэгт зааснаар буюу эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлд зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна.

Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулахаар улсын яллагчийн эсэргүүцэл бичив гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор ******* гаргасан дүгнэлтэндээ: Эсэргүүцлээ дэмжиж байгаа тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулж хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх дүгнэлтийг гаргаж байна гэв.

ХЯНАВАЛ:

 Г.Б нь Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын 4 дүгээр багийн нутаг Эндэрт гэх газарт 2017 оны 6 дугаар сарын 6-ны өдөр улсын дугааргүй Мустанг-5 маркийн мотоциклийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр жолоодон явах үедээ Замын хөдөлгөөний дүрэм зөрчиж, 07-71 БНХ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж зам тээврийн осол гаргасны улмаас араар нь суун зорчиж явсан  Б.Дын биед хүндэвтэр хохирол учруулж автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч  Б.Д /хх-ийн 30-32, 35-37-р тал/, иргэний нэхэмжлэгч *******, *******, ******* /хх-ийн 40-42, 50-51, 53-54-р тал/, гэрч ******* /хх-ийн 56-57-р тал/, ******* /хх-ийн 58-59-р тал/, ******* /хх-ийн 60-61-р тал/ нарын мэдүүлэг, Баянхонгор аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн №274 тоот “... Б.Дын биед бүсэлхийн 4-р нугаламын их биеийн шахагдсан хугарал, дух, эрүү, баруун гарын тохой, сарвуунд зулгаралт, баруун гарын тохой, баруун өгзөгт цус хуралт, зүүн шилбэнд цус хуралт, зулгаралт, зүүн шагайнд зулгаралт, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо, дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 72-73-р тал/, иргэний нэхэмжлэгч *******ын унаж явсан Митсубиши Пажеро маркийн 07-71 УНП дугаарын автомашинд нийт 2.745.000 төгрөгийн хохирол учирсан талаарх Баянхонгор аймгийн Засаг даргын тамгын газрын дэргэдэх эд зүйлийн үнэлгээний орон тооны бус комиссын эд зүйл үнэлсэн тухай 2017 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 81-82-р тал/, Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн 2017 оны 6 дугаар сарын 9-ний өдрийн №8 тоот “...тухайн зам тээврийн осол, хэрэг гарахад Мустанг-5 маркийн улсын дугааргүй мотоциклийн жолооч  Г.Б нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийг зөрчиж замын хөдөлгөөнд оролцож явсан нь шууд нөлөөлсөн байна, 07-71 УНП улсын дугаартай автомашин жолоодож явсан жолооч ******* нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчиж замын хөдөлгөөнд оролцоогүй байх үндэслэлтэй байна, Мустанг-5 маркийн улсын дугааргүй мотоциклийн жолооч  Г.Б нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 8.5-г зөрчиж замын хөдөлгөөнд оролцож явсан үндэслэлтэй байна, зам тээврийн осол гарахад Мустанг-5 маркийн улсын дугааргүй мотоциклийн жолооч  Г.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.5-д зааснаар “Суурин газрын гаднах зам буюу 5.1, 5.5 тэмдэг тавигдсан замд тээврийн хэрэгсэл зорчих хэсгийн баруун гар талын захад аль болох ойр явах бөгөөд баруу гар талын эгнээ чөлөөтэй байхад /зүүн гар тийш буюу буцаж эргэхийн тулд байр эзлэхээс бусад тохиолдолд/ түүний зүүн гар талын аль ч эгнээгээр явахыг хориглоно”, мөн Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.2/А-д зааснаар жолооч нь тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол Улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэхтэй байна гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарсан байх үндэслэлтэй, уг зам тээврийн осол хэрэг гарахад цаг агаар болон замын нөхцөл байдал нөлөөлөөгүй байх үндэслэлтэй байна, ******* овогтой нь // Цагдаагийн ерөнхий газрын иргэдэд үйлчлэх төвийн жолоочийн мэдээллийн санд ямар нэгэн ангилалын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхтэй эсэх бүртгэл байхгүй байна, хэргийн газрын үзлэг болон схем зураг тайлбарууд зэргээс харахад 07-71 УНП улсын дугаартай автомашин болон Мустанг-5 маркийн мотоцикль нь зогсоох арга хэмжээ авсан эсэхийг тогтоох боломжгүй байна...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 86-87-р тал/, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-ийн 88-89-р тал/, Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн гурван шинжээчийн бүрэлдэхүүнтэйгээр гаргасан 2017 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн дүгнэлт /хх-ийн 92-93-р тал/, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 9-16-р тал/, анхан шатны шүүх хуралдааны шатанд шинжлэн судалсан хэрэгт ач холбогдол бүхий бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулан  Г.Бд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийг зөв хэрэглэн, зөв зүйлчилсэн, анхан шатны шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн үйл баримтын талаар хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудад тулгуурлан үндэслэл бүхий дүгнэлт хийж хуульд заасан ял шийтгэлийг оногдуулжээ.

Ийнхүү хэргийн үйл баримтыг тогтоосон нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, дээрх нотлох баримтуудыг цуглуулахдаа хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлаагүй, шүүхээс хууль ёсны үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчиж нотлох баримт цуглуулан бэхжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй, эдгээр нотлох баримтуудаар хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай бөгөөд үнэлэх боломжтой байна.

Улсын яллагч *******ас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд эсэргүүцэл бичин хэрэг давж заалдах шатны шүүхээр хянан хэлэлцэх хугацаанд  Г.Бд холбогдох хэрэгт Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг хэрэглэх нөхцөл байдал тогтоогдлоо.

Учир нь  Г.Б нь 2017 оны 6 дугаар сарын 6-ны өдөр зам тээврийн осол гаргаж бусдын биед хүндэвтэр гэмтэл учруулсан, уг гэмт хэрэгт нь Баянхонгор аймгийн прокурорын газраас түүнд 2015 оны Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2-ийн 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийг анхан шатны шүүхээр хянан хэлэлцэхэд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй байжээ.

Хэргийг давж заалдах шатны шүүхээр хянан хэлэлцсэн 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн байдлаар  Г.Бд холбогдох хэргийг түүнд прокуророос зүйлчлэн ирүүлсэн зүйл хэсгээр хянан шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт “...үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ..., ...үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй...” гэж тус тус заасныг зөрчихөөр байх тул түүнд холбогдох хэргийн зүйлчлэлийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.1 дэх хэсэг болгон өөрчилж, тухайн зүйл хэсэгт зааснаар гэмт буруутайд тооцон, эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.1 дэх хэсэгт заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд багтаж байгаа, тухайн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэрэг үйлдсэнээс хойш зургаан сар өнгөрсөн бол эрүүгийн хариуцлагад татаж болохгүй хэмээн зохицуулагдсан байгаа тул шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн эрүүгийн хариуцлагаас 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэргийн эрүүгийн хариуцлага хүнд хэдий ч тухайн этгээдэд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь шүүгдэгчийн эрх зүйн байдлын хувьд илүү хөнгөрүүлж буй эрх зүйн үр дагавар юм.

Харин улсын яллагчийн эсэргүүцэлд дурдагдсан анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн зохих зүйл хэсгийг буруу хэрэглэж хэргийг шийдвэрлэсэн гэсэн нь үндэслэлтэй байсан хэдий ч хэргийг хянан шийдвэрлэхэд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэх нөхцөл байдал тогтоогдсон тул эсэргүүцэлд дурдсан үндэслэлүүд болон шүүгдэгчид хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн болон түүнд үүрэг хүлээлгэсэн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн заалтуудыг давж заалдах шатны шүүхээс хүчингүй болгож шийдвэрлэсэн болохыг, мөн анхан шатны шүүх шүүгдэгчигн гэм буруутайд тооцохдоо түүний ургийн овгийг буруу бичсэн байгаа зэргийг дурдав.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2, Эрүүгийн хэрэг

хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т

заасныг тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 9-ний өдрийн 172 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт

11 дэх заалт болгон “...Баянхонгор аймгийн прокурорын газраас шүүгдэгч  Г.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.1 дэх хэсэг болгон өөрчлөн зүйлчилсүгэй...” гэсэн нэмэлт заалт оруулж,

Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтад “...Шүүгдэгч овогт  Г.Бг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай...” гэснийг “...Шүүгдэгч Отогной овогт  Г.Бг жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай...” гэж,

Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч  Г.Бг тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнссүгэй...” гэснийг “...2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт зааснаар  Г.Бг мөн хуулийн 215 дугаар зүйлийн 215.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулах эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар түүнд холбогдох эрүүгийн 201705000210 тоот хэргийг хэрэгсэхгүй болгосугай...” гэж тус тус өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3, 4, 5, 6 дахь заалтуудыг бүхэлд нь хүчингүй болгож, бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХДАВАА

                      ШҮҮГЧИД Д.ЭРДЭНЭБИЛЭГ

                                   Т.ДАВААСҮРЭН