| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баярын Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 185/2020/0777/Э |
| Дугаар | 765 |
| Огноо | 2020-08-28 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Түвшинбаяр |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 08 сарын 28 өдөр
Дугаар 765
2020 08 28 2020/ШЦТ/765
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: А.Цэрэндулам;
улсын яллагч: Г.Түвшинбаяр;
шүүгдэгч: Ч.Ө /өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Ч.Ө-д холбогдох эрүүгийн хэргийг 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 1993 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Увс аймгийн Тэс суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, барилгачин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт, урьд ял шийтгэлгүй, Ч.Ө.
Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:
Яллагдагч Ч.Ө нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Сүхбаатар дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт А.Батмагнайтай маргалдан түүнийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Ө мэдүүлэхдээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.
Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд Ч.Өгийн яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 6-9/, хохирогч А.Батмагнай /хх-ийн 17-19/, гэрч Д.Билэг-Өрнөх /хх-ийн 23-25/, гэрч М.Бат-Орших /хх-ийн 26-28/ нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 7585 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 30-31/, хохирогчийн эрүүл мэндтэй холбоотой баримтууд /хх-ийн 32-33/, Ч.Өгийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 40-41/, А.Батмагнайгийн хүсэлт /хх-ийн 64/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ч.Ө нь 2020 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Сүхбаатар дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн А.Батмагнайтай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар түүнийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт дараах хэрэгт хамаарал бүхий нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна. Үүнд:
хохирогч А.Батмагнайгийн /хх-ийн 17-19/: “...би Д.Билэг-Өрнөхийн гэр болох Сүхбаатар дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байдаг гэрт нь эхнэр Энхтуяагийн хамтаар очсон. Энхтуяа түрүүлээд гэр лүү орсон. Тэр үед би машин дотроо сууж байтал хүмүүс хоорондоо хэрэлдээд байх шиг байхаар нь машинаасаа буугаад очтол Д.Билэг-Өрнөхийн нөхөр Ч.Ө гэгч нь манай эхнэрийг “гичий минь манай гэрээс зайл” гэж хөөгөөд байсан. Ч.Ө нь намайг харчихаад “чи яасан, надтай зодоон хийх гээд байгаа юм уу” гэж хэлээд над руу дайраад байхаар нь “эхнэр Энхтуяаг авах гээд орж ирлээ” гэж хэлтэл “чи муу зодоон хийх гэж ирлээ” гэж хэлээд над руу дайраад байснаа намайг заамдаж аваад зууралдаж эхэлсэн. Тэнд байсан хүмүүс голоор орж ирээд Ч.Өг надаас салгаад холдуулахаар нь эхнэрийн хамт гэрээс нь гартал бид хоёрын араас Ч.Ө, Д.Билэг-Өрнөх, түүний найз гэх танихгүй нэг залуугийн хамтаар гараад ирсэн. Ч.Ө намайг заамдаж аваад зүүн нүд тус газарт нэг удаа цохиж намайг газарт унагаасан. Эхнэрийг хэн түлхсэн гэдгийг нь хараагүй “ээжээ” гэж хэлээд газарт унаж байхыг харсан. Нэг залуу эхнэрийн хажууд ирчихээд “босооч ээ” гэж дуудаад байсан. Д.Билэг-Өрнөх нь нөгөө хэдийг аваад гэр рүү орохоор нь эхнэрийгээ газраас босгоод “наад хүмүүс чинь чи бид хоёрыг алах юм байна” гэж хэлсэн. ...хашаанаас нь гараад машиндаа суугаад цагдаа дуудсан. ...Миний уруул гэмтэж, оёдол тавиулсан, зүүн нүд хавдсан...” гэх мэдүүлгээр,
гэрч Д.Билэг-Өрнөхийн /хх-ийн 23-25/: “...А.Бат-Магнай “чи юу гээд байгаа юм бэ” гэж хэлээд нүдний шилээ тайлаад Ч.Өтэй барьцалдаад авсан. Ч.Ө зүүн нүд тус газарт нь нэг удаа гараараа цохисон...” гэх мэдүүлгээр,
гэрч М.Бат-Оршихын /хх-ийн 26-28/: “...Ч.Ө тэр залуутай хэрэлдэж барьцалдаж аваад нэг удаа нүд рүү нь гараараа цохиод авахаар нь дундуур нь орж салгасан...” гэх мэдүүлгээр,
А.Батмагнайгийн биед “дээд уруулын гадна, дотор салстад шарх” бүхий гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл учирсан болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 7585 дугаартай шинжээчийн дүгнэлтээр /хх-ийн 30-31/,
Ч.Өгийн яллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн 6-9/: “...манай гэрт Энхтуяа ирчихсэн манай эхнэр Д.Билэг-Өрнөхтэй хэрэлдэж байсан. ...Би Энхтуяаг харчихаад “гэрээс яв” гэж хэлсэн. Гэрээс гарах гэтэл Энхтуяагийн нөхөр гэх залуу А.Батмагнай нь гэрийн гадаа ирээд над руу дайраад байхаар нь гараараа энгэр хэсгээс нь заамдаж барьж аваад барьцалдаж ноцолдсон. А.Батмагнайгийн зүүн нүд хэсэгт нэг удаа гараараа цохиход манай эхнэр, найз Бат-Орших намайг салгаж холдуулсан. ...цагдаа нар намайг бариад явж байтал хажуугаар А.Батмагнай үг хаяад байхаар нь дахиад уруул хэсэгт нь нэг удаа гараараа цохисон...” гэх мэдүүлэг зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Дээрх нотлох баримтууд “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгч нь хохирогчийг зодсон болохыг, шүүгдэгч, хохирогч, гэрч нарын хэн аль нь зөрүүгүй гэрчилж мэдүүлсэн, хохирогч нь бусдад зодуулсны улмаас гэмтсэн, шүүх эмнэлгийн дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол /гэмтэл/ учирсан болохыг тогтоосон” зэрэг үйл баримтуудыг агуулж байх тул энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж шүүх үзсэн болно.
Шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурдагдсан байдлаар хүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан Ч.Өгийн гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.
Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.
Хохирогч А.Батмагнайгийн “...гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү...” гэсэн байр суурь хавтаст хэргийн 64 дүгээр талд авагдсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд шүүгдэгч Ч.Өг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу /1 нэгж=1000 төгрөг/ 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Ө нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдаж байна.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ч.Ө-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Ө-г 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Ө торгох ялыг шүүхээс тогтоосон 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
4. Шүүгдэгч Ч.Ө нь урьд цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
6. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Өд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХ-ЭРДЭНЭ