| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Гүндсамбын Энх-Амгалан |
| Хэргийн индекс | 146/2016/00306/И |
| Дугаар | 146/ШШ2017/00039 |
| Огноо | 2017-02-01 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2017 оны 02 сарын 01 өдөр
Дугаар 146/ШШ2017/00039
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Г.Энх-Амгалан даргалж, тус шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар баг, 5-36 байр, 1-1 тоотод оршин суух, 1981 онд төрсөн, 36 настай, эмэгтэй, Б овгийн Н-н О, /РД:ЧГ81081664/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Өвөрхангай аймаг Хархорин сумын 1 дүгээр баг, Вангийн–Овоо од 03-03 тоотод оршин суух, 1978 онд төрсөн, 39 настай, эрэгтэй, А овгийн Б-н Н /РД:Ю78112034/-д холбогдох
“Гэрлэлт цуцлуулах үндсэн нэхэмжлэлтэй, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.О, хариуцагч Б.Н, нарийн бичгийн дарга Л.Мөнхнасан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Н.О шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Н.О миний бие Б.Н-тай 2001 онд танилцаж улмаар гэр бүл болохоор тохиролцож 2003 онд гэрлэлтээ бүртгүүлж, 2002 онд охин О.А, 2004 онд хүү Н.А нар төрсөн. Б.Н нь 2006 онд Бүгд Наймрамдах Солонгос Улс руу хөдөлмөр эрхлэхээр яваад 2013 онд буцаж ирсэн. Ингэж ирсэн цагаас хойш архи ууж, агсам тавин эрүүл гэртээ ирдэг өдөр байхгүй байсан. Зарим шөнө 2-3 хоногоор ч ирэхгүй үе байсан. Согтуу хаалга үүдээ өшиглөж, орж ирээд өвлийн хүйтэн шөнө нүцгэн майк, табчиктай хөөж гаргаж байсан үе ч бий. Айх даарах зэрэгцээд өөрийгөө хамгаалахын тулд Шунхлай шатахуун түгээх газар гүйж ирж хадам аав, ээж болон өөрийн дүү нартай холбоо барьж хадам аав маань дулаан хувцас авч ирж намайг гэртээ аваачиж байсан. Энэ үед 2014 оны 11 сарын үе байсан тул их даарч чичрэн өндөр шоконд орсон байсан. Ингээд өөрийн дүү, аав, ээж дээрээ очихоор Архангай аймаг явсан. Одоо Архангай аймгийн Эрдэнэбулган суманд 2 хүүхдийн хамт амьдарч байна. Бид 2 2014 оны 11 дүгээр сараас хойш одоог хүртэл тусдаа амьдарч байгаа. Хоёр хүүхэд маань надтай хамт амьдардаг, хоёр хүүхдээ өөр дээрээ авна. Б.Н хамт амьдрах ямар ч боломжгүй тул бидний гэрлэлтийг цуцалж, 2 хүүхдэдээ тэтгэлэг гаргуулах хүсэлтэй байна....” гэв.
Хариуцагч Б.Н шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Н миний бие Н.О-тэй 2001 онд танилцаж улмаар гэр бүл болсон. 2003 онд гэрлэлтээ бүртгүүлсэн. 2002 онд охин А, 2004 онд хүү А нар төрсөн. 2006 онд Бүгд Найрамдах Солонгос Улсад ажиллахаар явсан. 2013 онд гэрээ дуусаад буцаж ирсэн. Ирснээс хойш гэр бүлийн дулаан уур амьсгал байхгүй болж цаанаа нэг хөндий хүйтэн сэтгэлээр харьцдаг болсон. Ядаж өглөөний цайны дээжээ надад өгөөч гэхэд яахаараа би чамд цай чанаж өгөх гэж. Зүгээр байгаарай гэх зэрэг хэрүүл хийдэг байсан. Би уудаг байсан нь үнэн. Гэхдээ юунаас болж уудаг байсныг сайн мэдэж байгаа. Намайг Солонгос улсад ажиллаж байх хугацаанд нэг залуутай нөхцөж бүр хүүхдийн хажууд хүртэл тэврэлдэж үнсэлддэг байсан ба тэр хүнийхээ хүүхдийг хүртэл тээж байсан байгаа юм. Намайг ирснээс хойш тэр залуугаас салж чадахгүй намайг хотод ажиллаж байхад манайд биш тэр залуу дээрээ очдог байсан. Үүнээс үүдээд би нэг хэсэг сэтгэл санаа тавгүйтэж архи уудаг байсан. Нэхэмжлэгч өөрөө буруугаа хүлээхгүй, эргээд намайг буруутгаад яваад байна. Одоо миний сэтгэл хөрсөн, нэхэмжлэгчид итгэх итгэл байхгүй болсон болохоор хамт амьдрах боломжгүй. Миний босгосон амьдрал надаас болж ийм байдалд хүрээгүй болохоор 2 хүүхдэдээ тэтгэлэг төлөхийг зөвшөөрөхгүй байна...” гэв.
Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Н.О нь хариуцагч Б.Н-д холбогдуулан “Гэрлэлт цуцлах үндсэн нэхэмжлэлтэй хүүхдийн тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шардлагатай” нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Н.О, Б.Н нар нь 2001 онд гэр бүл болсон, 2002 онд төрсөн охин О.А, 2004 онд төрсөн хүү Н.А нарыг төрүүлсэн болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар, Г ¹56, №0000828975 дугаартай төрсний гэрчилгээнүүд, гэрлэлтийн гэрчилгээ зэрэг баримтуудаар тогтоогдож байна.
Гэрлэгчид цаашид эвлэрэн амьдрах боломжгүй, аль аль нь гэрлэлт цуцлахыг зөвшөөрсөн, 2015 оноос хойш тусдаа амьдарч байгаа, Өвөрхангай аймгийн Хорхорин сум дахь Сум дундын шүүхийн эвлэрүүлэн зуучлагчийн 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 78/15 дугаартай “Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл” зэргийг харгалзан шүүхээс тэдэнд эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзэв.
Хариуцагч нь шүүх хуралдаанд “2006 онд Солонгос улсад ажиллахаар явсан ба 2013 онд гэрээ дуусаад буцаж ирсэн. Ирснээс хойш гэр бүлийн дулаан уур амьсгал байхгүй болж цаанаа нэг хөндий хүйтэн сэтгэлээр харьцдаг болсон. Миний босгосон амьдрал надаас болж ийм байдалд хүрээгүй болохоор 2 хүүхдэдээ тэтгэлэг төлөхийг зөвшөөрөхгүй байна” гэж тайлбарладаг бөгөөд Гэр бүлийн тухайн хуульд зааснаар “эцэг, эх үр хүүхдээ өгсөж хүмүүжүүлэх, тэжээн тэтгэх” хуулиар хүлээсэн үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй юм.
Нэхэмжлэгч Н.О нь охин О.А, хүү Н.А нарыг өөрийн асрамжид авах шаардлага гаргасан, өнөөдрийг хүртэл эхийнхээ асрамжид байгаа, хүүхдүүдийн санал зэргийг харгалзан эхийнх нь асрамжид үлдээж, эцэг Б.Н-аас тэтгэлэг гаргуулах нь зүйтэй байна.
Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2, 38 дугаар зүйлийн 38.1, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хүүхдийг эрүүл саруул өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах, суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах, амьдрах эрүүл саруул аюулгүй бусад шаардлагатай зүйлээр хангах зэрэг эцгийн үүргээ гэрлэлт цуцалснаас үл хамааран зохих ёсоор биелүүлэхийг эцэг Б.Н-д, уг үүргээ хэрэгжүүлэхэд нь саад болохгүй байхыг эх Н.О-д тус тус даалгаж, зохигчид хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаагүй болохыг дурдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар Б овгийн Н-н О, А овгийн Б-н Н нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6, 14.7 дахь хэсэгт зааснаар 2002 оны 02 дугаар сарын 24-ний өдөр төрсөн охин О.А, 2004 оны 03 дугаар сарын 07-ны өдөр төрсөн хүү Н.А нарыг эх Н.О-ийн асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар 2002 оны 02 дугаар сарын 24-ний өдөр төрсөн охин О.А, 2004 оны 03 дугаар сарын 07-ны өдөр төрсөн хүү Н.А нарыг 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулан эцэг Б.Н-аар тэжээн тэтгүүлсүгэй.
4. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50%-иас хэтрэхгүй болохыг дурдсугай.
5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2, 38 дугаар зүйлийн 38.1, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хүүхдийг эрүүл саруул өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах, суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах, эрүүл саруул аюулгүй амьдрах, бусад шаардлагатай зүйлээр хангах зэрэг эцгийн үүргээ гэрлэлт цуцалснаас үл хамааран зохих ёсоор биелүүлэхийг эцэг Б.Н-д, уг үүргээ хэрэгжүүлэхэд нь саад болохгүй байхыг эх Н.О-д тус тус даалгасугай.
6. Зохигчид хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаагүй болохыг дурдсугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Б.Н-аас 70.200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар уг нэхэмжлэл нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурьдаж, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.Н-аас 94.104 төгрөгийг гаргуулан улсын төсвийн дансанд оруулсугай.
8. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар гэрлэлт цуцалсан шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгүүлсэн иргэний бүртгэлийн байгууллагад явуулахыг шүүгчийн туслах Д.Цэвэлмаад даалгасугай.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн өмгөөлөгч нар нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гарсан шүүхээр дамжуулан Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЭНХ-АМГАЛАН