Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 08 сарын 12 өдөр

Дугаар 737

 

 

 

 

 

 

    2020         08              12                                        2020/ШЦТ/737

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Одончимэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Будхүү,

улсын яллагч С.Цэрэндорж,

шүүгдэгч Б.Л нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

              

Баянгол дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б овогт Б-ын Л-д холбогдох эрүүгийн **** дугаартай хэргийг 2020 оны 08 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *** оны 08 дугаар сарын 05-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 43 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, “Ө” ХХК-д нярав ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн ** дугаар хороо, Д ** дугаар гудамжны ** тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /регистрийн дугаар ЧО77080511/, Боржигон овогт Баттөмөрийн Л.

 

Шүүгдэгч Б.Л нь 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ө” ХХК-ийн хашаан дотор байрлах агуулах дотор хохирогч Ц.Э-г ажлаа хий гэснээс болж маргалдаж хувийн таарамжгүй харилцааны улмаас хавсарч унаган нүүрэн тус газарт нь 2-3 удаа цохиж зүүн чихний дэлбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн чамархайн хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, эрүүнд зөөлөн эдийн няцрал, тархи доргилт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Б.Лыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, шүүгдэгч Б.Л-ад холбогдох хэргийг яллагдагчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналаа бичиж хэргийг шүүхэд ирүүлжээ.

Шүүх шүүгдэгч Б.Л-ад холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5-д зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.

Б.Л нь 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ө” ХХК-ийн хашаан дотор байрлах агуулах дотор хохирогч Ц.Э-тай маргалдан түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

 

Шүүгдэгч Б.Л-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:

“...2020 оны 06 дугаар сарын 27-ны өдөр бид нар ажилдаа ирээд Толгойтоос сахар буулгах ёстой байсан. Хохирогч Э манай жолооч бөгөөд ажилдаа ирээгүй байхаар нь утас руу нь залгаад ирж байна уу гэхэд очиж байна гэж хэлэхээр нь араас машинаа аваад ирээрэй, би ачигч нарыг аваад явлаа гэж хэлсэн. Сахар ачих газраа ирэхэд Э удалгүй хүрээд ирсэн. Э машин барьж ирэхдээ согтуу ирсэн байсан. Бид нар цайндаа орсны дараа сахараа үргэлжлүүлээд ачиж эхэлсэн. Тэгтэл Э юу ч хийхгүй суугаад байхаар нь түүн дээр очоод гялс буулгачих гэж хэлэхэд чадахгүй гэж хэлсэн. Бие чинь өвдөөд байгаа бол боль гэж хэлэхэд чамд ямар хамаатай юм гэж хэлсэн. Тэгээд бид маргалдсан. Э намайг доромжилж эхэлсэн. Сахар ачиж байтал нэг сахар газар унасан. Тэгээд би П нуруун дээр ачиж өгөх гээд газар буусан. Гэтэл Э ирээд намайг зааамдаад авсан. Тэгэхээр нь би зүгээр бай гэж хэлтэл битгий хуц гэж хэлээд намайг цохьсон. Тэгэхээр нь би түүнийг хавсарч унагаагаад цохьсон...” гэх мэдүүлэг,

 

Хохирогч Ц.Э мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...2020 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Л ажлаа хурдан дуусгах гэсэн юм, босоод ир гэхээр нь би ядраад байна түр амрая гэж хэлтэл Л чи дандаа ингэдэг биз дээ гэж хэлээд бид хоёрын дунд хэрүүл болсон. Тэгээд хэрэлдэж байтал Л муу бууны нохой гэж хэлэхээр нь би түүнд хандаж хэзээ би тэгэж байсан юм, та нарыг хэзээ ч матаж байгаагүй шүү гэж хэлэхэд Л том тэрэгний тэвшин дээрээс бууж ирээд намайг заамдсан. Тэгэхээр нь би зөрүүлээд заамдаж авсан. Намайг Л-тай зууралдаж байхад Л миний зүүн шанаа, чих хэсэг рүү цохиж намайг газарт хавсарч унагасан, тухайн үед миний чихнээс цус гарсан. Би Л-н шанаа хэсэг рүү цохисон байх. Би гэртээ харихад миний баруун чих бага зэрэг хавдсан байсан. Надад ямар нэгэн гомдол, санал хүсэлт байхгүй, нэхэмжлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 7-8-рт/,

 

Гэрч Э.П-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

 “...2020 оны 6 дугаар сарын 17-ны өдөр А, Л, Э бид 4 том ачааны машин дээрээс 50 кг ууттай сахар буулгаж байсан. Л Э-ыг ажлаа хий гэж хэлэхэд Э чадахгүй гэж хэлсэн. Тэгээд тэр хоёр маргалдаад барилцаж авахаар нь би тэднийг салгасан. Удалгүй дахиж барилцах үед Э Лын толгой хэсэгт цохьсон. Харин Л Э-ыг барьж аваад хавсарч газарт унагаагаад толгой хэсэг рүү гараараа хоёр удаа цохисон...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15-рт/,

 

Гэрч З.А-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

 “...2020 оны 6 дугаар сарын 17-ны өдөр Пүрэвсүрэн, Л, Э бид дөрөв том ачааны машин дээрээс 50 кг ууттай сахар буулгаж байсан. ...Э, Лхагавбат руу дайраад өшиглөх гээд байсан. Тэр хоёр маргаж байх үед П машины тэвишин дээрээс бууж тэр хоёрыг салгаад буцаад машин дээрээ гараад ажлаа хийж эхэлсэн. П бид хоёр машины тэвшин дээр байж байх үед тэр хоёр дахин маргаад эхэлсэн. ...Л Э-ыг хавсарч унагаагаад салаад явах үед Э ах хэрүүл өдөөд араас нь хөөж тэр хоёр барилцаж аваад Л, Э хоёр нэг нэгнийхээ шанаа хэсэгт нэг, хоёр цохиж харагдсан. Зодоон болохоос өмнө Эы биед ил харагдах шарх сорви байгаагүй. Зодоон болсны дараа Э ахын чихнээс цус гарсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18-рт/,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 7200 дугаартай дүгнэлтэд:

1.2. Ц.Э-ы биед зүүн чихний дэлбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн чамархайн хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, эрүүнд зөөлөн эдийн няцрал, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо.

3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

5. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

6. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /хх-ийн 22-23-рт/ гэжээ.

 

Шүүгдэгч Б.-ын хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болох:

- эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 38-рт/,

- Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 45-рт/,

- “***” ХХК-ийн тодорхойлолт /хх-46-рт/,

- нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар /хх-73-76-рт/,

- иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 78-рт/ болон хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд шүүгдэгч нарын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Шүүгдэгч Б.Л нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгосон, хуульд заасан шаардлагыг хангасан байгаагаас гадна шүүгдэгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан, прокурорын яллагдагчид хүлээлгэх хариуцлагын талаарх саналыг яллагдагч Б.Л-ад танилцуулсан нь хуульд нийцсэн байна.

 

Иймд шүүх шүүгдэгч Б.Л-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4-д зааснаар прокурорын гаргасан саналыг харгалзан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг 90 /ер/ хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

 

Хохирогч Ц.Э нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэх мэдүүлэг /хх-ийн 9-рт/ хэрэгт авагдсан байх тул шүүгдэгч Б.Л-ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураан ирсэн зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Б овогт Б-н Л-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Л-ад 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар Б.Л-ад оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг 90 /ер/ хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тус тус тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Б.Л нь торгох ялыг биелүүлэхгүй зайлсхийвэл торгох ялын 15 /арван тав/ нэгжийг  1 /нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг тайлбарласугай.    

 

5. Хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Л-ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 
                             ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                   Л.ОДОНЧИМЭГ