Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 08 сарын 19 өдөр

Дугаар 754

 

    2020        08          19                                    2020/ШЦТ/754

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,

улсын яллагч: Ц.Амгаланбаатар;

нарийн бичгийн дарга: Ч.Амаржаргал;

хохирогчийн өмгөөлөгч: Д.Ганчимэг;

шүүгдэгч: П.Д, түүний өмгөөлөгч Ж.Гантулга нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллахаар дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн П.Д-т холбогдох эрүүгийн хэргийг 2020 оны 08 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 2000 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Шинжлэх Ухаан Техникийн их сургуулийн 3 дугаар курсийн оюутан, эрхэлсэн ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт, урьд  ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, П.Д.

 

Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:

Яллагдагч П.Д нь 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутагт байрлах “Санрайс” зочид буудлын 2 давхарт Б.Мөнхцэцэгийн зүүн нүд хэсэгт гараараа нэг удаа цохиж үснээс чирч газарт унаган зүүн талын цээж хэсэг рүү удаа дараа өшиглөж дэвсэж биед нь зүүн талын 5, 6-р хавирганы зөрөөтэй хугарал, цээжний зүүн хөндий дэх хий, цус хуралдалт, зүүн уушгины бүрэн бус авчийлт, зүүн нүдний дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн мөрний цус хуралт буюу хүнд хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.Д мэдүүлэхдээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.  

 

 Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд  хохирогч Б.Мөнхцэцэг /хх-ийн 27-28, 192/, гэрч Ж.Пүрэвсүрэн /хх-ийн 31-32/, гэрч Г.Балжинням /хх-ийн 190-191, 206/ нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 11244 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 34/, мөн хүрээлэнгийн хэргийн материалаар хийсэн 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 1172 дугаар, 503 дугаартай, 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 71 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд /хх-ийн 36-37, 55-56, 158-161/, өвчний түүх /хх-ийн 46-52/, хохирогчийн эрүүл мэндтэй холбоотой баримтууд /хх-ийн 57-59, 112-119, 162/, шинжээч Б.Ундармаагийн мэдүүлэг /хх-ийн 60-61/, П.Дын яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 202-203/, П.Дын хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 71, 107-108, 138, 194-199/, Б.Мөнхцэцэгийн хүсэлт /хх-ийн 209/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:      

Шүүгдэгч П.Д нь 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутагт байрлах “Санрайс” зочид буудлын 2 давхарт иргэн Б.Мөнхцэцэгийг өөрийн эцэг Ж.Пүрэвсүрэнтэй хамт буудалд чармай нүцгэн унтаж байсанд дургүйцэн түүнийг зодож эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан үйл баримт дараах хэрэгт хамаарал бүхий бүх нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна.  Үүнд:

хохирогч Б.Мөнхцэцэгийн /хх-ийн 27-28, 192/: “...Пүрэвсүрэн бид хоёрыг унтаж байсан чинь гаднаас Пүрэвсүрэнгийн хүүхэд нь хаалга өшиглөж орж ирээд гар утсаар бичлэг хийгээд “янхан, биеэ үнэлэгч” гээд хашгирсан. ...эхнэр нь намайг үстээд удаа дараа цохиод байсан. Тэр үед хүүхэд нь “хамрыг нь хугална” гээд миний биеийн зүүн талаас цээж, бие хэсэг рүү нилээд хэдэн удаа өшиглөж дэвссэн...” гэх мэдүүлгээр,

 

гэрч Ж.Пүрэвсүрэнгийн /хх-ийн 31-32/: “...манай хүүхэд хаалга түлхээд онгойлгож орж ирээд “яасан муухай юм бэ” гэхээр нь “миний хүүхэд тайвшир” гээд хүүхэд дээрээ очсон. Намайг түлхээд газар унагасан. Тэгээд Б.Мөнхцэцэгийг манай хүүхэд нүүрэн хэсэгт нь 2 удаа цохисон. Би хүүхдээ тэвэрч аваад “боль” гэсэн чинь Б.Мөнхцэцэг “намайг аллаа болиоч ээ” гэж орилсон. Тэгээд манай хүүхэд гараад яваад өгсөн. Удалгүй манай хүүхэд эхнэрийг дагуулаад ороод ирсэн...” гэх мэдүүлгээр,

 

           Б.Мөнхцэцэгийн биед “зүүн талын 5, 6-р хавирганы зөрөөтэй хугарал, цээжний зүн хөндий дэх хий хуралт, зүүн уушгины бүрэн бус авчийлт, зүүн нүдний дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн мөрний цус хуралт” бүхий гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарахыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн хэргийн материалаар хийсэн 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 1172 дугаартай шинжээчийн дүгнэлтээр /хх-ийн 36-37/,

 

           Мөн хүрээлэнгийн материалаар хийсэн “...Б.Мөнхцэцэгийн биед зүүн талын 5, 6-р хавирганы зөрөөтэй хугарал, цээжний зүүн хөндий дэх хий, цус хуралдалт, зүүн уушгины бүрэн бус авчийлт, зүүн нүдний дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн мөрний цус хуралт гэмтэл нь тухайн  хэсэг газар мохоо зүйлийн тус тус нэг удаагийн цохигдох үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна” гэх 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 71 дугаартай шинжээчийн дүгнэлтээр /хх-ийн 158-161/,

 

П.Дын яллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн 202-203 дугаар хуудас/ “... “Санрайс” зочид буудлаас аавыг орж авахаар очсон. Зочид буудлын гадаа манай ээж машиндаа үлдээд, би аавыг орж авахаар буудал руу орсон. Би тэр хоёрыг харчихаад өрөөнөөс гараад явсан. ...ээжийгээ дуудаад буцаад буудлын өрөө рүү хамт орсон. Буудлын өрөөнд ороход манай ээж тэр эмэгтэйтэй маргалдаж байсан. Би тэр хоёрыг салгаад тэр эмэгтэйг буудлын өрөөнөөс гаргаж байхдаа цээж хэсэгт нь нэг удаа хөлөөрөө өшиглөсөн...” гэх мэдүүлэг зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.            

 

Дээрх нотлох баримтууд “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгч нь хохирогчийг цохисон болохыг өөрөө болон хохирогч мэдүүлсэн, хохирогч нь бусдад зодуулсны улмаас гэмтсэн, шүүх эмнэлгийн дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол (гэмтэл) учирсан болохыг тогтоосон” зэрэг үйл баримтуудыг агуулж байх тул энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж шүүх үзсэн болно.

 

            Ийнхүү шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурьдагдсан байдлаар хохирогчийн цээж хэсэг рүү хэд хэдэн удаа цохиж, үйлдэлээсээ учирч болох хор уршгийг ухамсарлан ойлгож, учрах хор уршгийг урьдаас мэдсэн, улмаар уг хор уршигт зориуд хүргэсэн буюу хохирогчийг хүнд гэмтээсэн П.Дын гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэстэй.

 

Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирлын төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.

 

Хохирогч Б.Мөнцэцэгийн “...эмчилгээний зардал, хохирол төлбөрт 12.500.000 төгрөг авсан. П.Дт гомдолгүй. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэсэн хүсэлт хавтаст хэргийн 209 дүгээр талд авагдсан байх тул  шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан

бөгөөд шүүгдэгч П.Дыг “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (1 нэгж=1000 төгрөг) 10.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.

 

Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоов.

 

Хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болно. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5 дахь   хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч П.Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Д-ыг 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

           3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Д-т оногдуулсан 10.000.000 төгрөгөөр торгох ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Д торгох ялыг шүүхээс тогтоосон 1 /нэг/ жилийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

5. Шүүгдэгч П.Д нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй  болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Д-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Б.МӨНХ-ЭРДЭНЭ