Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 2020/ШЦТ/155

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Байгалмаа даргалж,

Нарийн бичгийн дарга: Ж.Чимэддорж

Улсын яллагч: В.Дэлгэрмаа

Шүүгдэгч Б.А нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд хялбаршуулсан журмаар хийсэн шүүх хуралдаанаар

Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.А холбогдох эрүүгийн ******* дугаартай хэрэг Ч.БАЙГАЛМАА байсан болно.Гүйцэтгэх газарт ялтан Ц.Батхүлэгт холбогдох гүйцэтгэх хуудсыг өгч байсан боловч харъргийг 2020 оны 05 дугаар сарын 05-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.       

Шүүгдэгчийн биеийн байцаалт

1. Монгол улсын иргэн,1987 оны 08 дугаар сарын 12-ны өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй,

 Увс аймаг дахь Сум дундын шүүхийн 2005 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн №202 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 279 дүгээр зүйлийн 279.1-т зааснаар 3 сар 10 хоногийн хугацаагаар баривчлах ялаар шийтгэгдэж 2005 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хугацаа дуусаж суллагдаж байсан,  Б.А,

Үйлдсэн хэргийн талаар

Шүүгдэгч Б.А нь 2019-оны 06 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих  шөнө Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ******* ******* тоотод байх гэртээ хамтран амьдрагч Ц.Б зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр /

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

Шүүгдэгч Б.А мөрдөн байцаалтад өгсөн

... Би ганц нэг удаа алгадсан өөрөөр цохиж зодоогүй. Би үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байна... гэх мэдүүлэг / хх-ийн 44-45 /

Хохирогч Ц.Б ын мөрдөн байцаалтад өгсөн

            …2019 оны 06 дугаар сарын 17-18-нд шилжих шөнө унтаж байхад Б.А согтуу орж ирээд шууд намайг алгадсан би орноос өндийхөд намайг үсдэж чирч орноос буулгасан Ганаа ирээд Б.А бид хоёрыг салгасан...Б.А хэрүүл нэхээд намайг мөр орчим цохиж аваад зайл гэж хэлээд хуучин нөхөрлүүгээ очих гэж байгаа юм уу гэж хэлсэн,…миний гарын хуруунд байсан бөгжийг хуучин нөхрийн чинь бөгж үү гэж хэлээд хэл амаар доромжилж намайг үсдэж аваад алгадаж гарын булчин хэсэгт гараараа цохьсон хаа таарсан газраа гараа атгаж аваад цохиж байснаа миний гарт байсан бөгжийг авах гэж бөгжнөөс татаж байгаад гуравдах буюу долоовор хурууг урсан... гэх мэдүүлэг / хх-ийн 34-35 /

Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн № 412 дугаар шинжээчийн

1. Ц.Б биед тархи доргилт, зүүн сарвууны 3-р хуруунд шарх, зулайд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой..

2. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй болон мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги алдалтанд нөлөөлөхгүй ... гэх дүгнэлт /хх-ийн 9-10/

-Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол / хх-ийн 40-41/, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол /хх-ийн 63/, оршин суух багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 50/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 51/, эд хөрөнгөтэй лавлагаа / хх-ийн 50,/ эвлэрлийн гэрээ /хх-ийн 28/, шүүгдэгч Б.А эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 58, 97-101/, депозит дансны хуулгууд /хх-ийн 54-57/, гэр бүлийн хүчирхийлэлийн нөхцөл байдлын үнэлгэний маягт /хх-ийн 60-68/, оргодлоор эрэн сурвалжилагдаж буй этгэдийн бүртгэл /хх-ийн 88-90/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судласан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой.

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Б.А нь 2019-оны 06 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ******* ******* тоотод байх гэртээ хамтран амьдрагч Ц.Б зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь

Шүүгдэгч Б.А... ганц нэг удаа алгадсан өөрөөр цохиж зодоогүй... гэх мэдүүлэг / хх-ийн 44-45 /          

            Хохирогч Ц.Б ын…Б.А согтуу орж ирээд шууд намайг алгадсан, үсдэж чирч орноос буулгаж гарын булчин хэсэгт гараараа цохьсон хаа таарсан газраа гараа атгаж аваад цохиж байснаа миний гарт байсан бөгжийг авах гэж бөгжнөөс татаж байгаад гуравдах буюу долоовор хурууг урсан... гэх мэдүүлэг / хх-ийн 34-35 /

Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 412 дугаар шинжээчийн...Ц.Б биед тархи доргилт, зүүн сарвууны 3-р хуруунд шарх, зулайд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо...,гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна... гэх дүгнэлт /хх-ийн 9-10/ зэрэг болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.А Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч Б.А хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг 1-д заасныг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан,хуулинд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

 Хохирогч Ц.Б, шүүгдэгч Б.А нар нь хувийн таарамжгүй харилцааны улмаас хоорондоо маргалдсан, улмаар шүүгдэгч Б.А нь хохирогч алагдах, цохих, долоовор хурууг урсан гэмтэл үүссгэсэн үйл баримт талуудын хүсэлтээр хэргээс шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар хангалттай тогтоогджээ.

 Шүүгдэгч Б.А нь хохирогч Ц.Б зодсон үйлдлийн улмаас хохирогчийн биед тархи доргилт, зүүн сарвууны 3-р хуруунд шарх, зулайд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл учирсан болох нь хэргийн /хх-ийн 9-10/ дах талд авагдсан шинжээчийн дүгнэлтүүдээр тогтоогдсон, өөрөөр хэлбэл хохирогчийн биед учирсан хөнгөн гэмтэл, шүүгдэгчийн нарын гэмт үйлдэл хоёр шууд шалтгаант холбоотой байна.

Хохирогч Ц.Б ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу хор уршигт тооцогдох юм.

Шүүгдэгч Б.А нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд 1 удаагийн ял шийтгэл бүртгэгдсэн ба 2015 оны шинэчилэн найруулсан Эрүүгийн хуульд “Ялтай байдал” байхгүй болсон, хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул шүүгдэгчийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.

Шүүгдэгч Б.А нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Хохирогч Ц.Б нь Б.А үйлдлийн улмаас учирсан гэмтэлд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирол нэхэмжлээгүй, нэхэмжлэх зүйлгүй талаар илэрхийлсэн байх тул шүүгдэгч Б.А нь бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч Б.А нь хэргийн нөхцөл байдал гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.

Шүүгдэгч Б.А нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 1-т заасан “… гэмт хэрэг түүнд хүлээлгэх хариуцлагыг энэ хуулиар тодорхойлно…” мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-т заасан “… Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна…” гэсэн хууль ёсны болон шударга ёсны зарчмуудыг баримталж, шүүхээс шүүгдэгч Б.А үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдлыг харгалзан хэргийн хэмжээний дотор ял шийтгэлийг оногдуулах бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8-д” ...Шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан , эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана...” гэж, “..Монгол Улсын Үндсэн хуулийн 47 дугаар зүйлд ... Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ...” гэж заасныг үндэслэл болгов.

Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч Б.А нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогчтой эвлэрсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, хохирогч Ц.Б нь ... нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй /хх-ийн 125-126/, түүний хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Б.А тухайн зүйл ангид заасан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч Б.А 2020 оны 05 дугаар сарын 05-ний өдрөөс 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдөр хүртэл цагдан хоригдсон нийт 7 хоногийн нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож, эдлэх ялаас хасаж шийдвэрлэлээ.

УГ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдав.

Шүүгдэгч Б.А нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3-д заасан ...өөрийгөө өмгөөлөх эрхтэй .. энэ эрхийн дагуу өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг, мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүхэд бичгээр гаргасан ба өмгөөлөгч оролцуулахгүйгээр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3, 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 , 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1, 36.8, 36.10-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч  Б.А ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Б.А 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Б.Ань шүүхээс оногдуулсан 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч Б.А цагдан хоригдсон 7 хоногийн нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож, эдлэх ялаас хассугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 –т зааснаар шүүгдэгч Б.А хэрэглэсэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авч, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

6. Шүүгдэгч Б.А нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосоноор хүчинтэй болохыг дурьдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор  Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурорт эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.А хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Ч.БАЙГАЛМАА