Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 2017/ДШМ/073

 

 С.Бад холбогдох эрүүгийн хэргийн тухай

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч М.Мөнхдаваа даргалж, шүүгч Д.Эрдэнэбилэг, Т.Даваасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор *******

Нарийн бичгийн дарга Д.Сайннямбуу нарыг оролцуулан;

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2017 оны 11 дүгээр сарын 2-ны өдрийн 2017/ШЦТ/205 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч улсын яллагч *******гийн бичсэн 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 38 дугаар эсэргүүцлээр  С.Бад холбогдох эрүүгийн 1714000690048 дугаартай хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч М.Мөнхдаваагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, С.Б, эрэгтэй, дээд боловсролтой, төрийн удирдлагын менежер мэргэжилтэй, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй

С.Б нь 2017 оны 8 дугаар сарын 2-ны өдөр Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.2 дахь хэсэгт заасан “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчиж замын хөдөлгөөнд оролцсоны улмаас Баянхонгор аймгийн Өлзийт сумын нутаг дэвсгэрт хатуу хучилттай асфальтан замаар 53-49 БНХ улсын дугаартай цагаан өнгийн Тоёота Ками маркийн автомашин жолоодож яваад 62-63 БНЗ улсын дугаартай мотоцикльтой мөргөлдсөний улмаас зорчигч Д.Огийн биед хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

Баянхонгор аймгийн прокурорын газраас  С.Бад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2-ийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх: Хөвх овогт  С.Быг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмыг согтуурсан, мансуурсан үедээ зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар  С.Бын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 1 жил хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5, 8 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах, тэнссэн хугацаанд болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан шүүх шийдвэрлэхийг болохыг мэдэгдэж,  С.Б нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол  С.Бад хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэж шийдвэрлэжээ.

Улсын яллагч ******* 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 38 дугаар эсэргүүцэлдээ: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь үндэслэлгүй байна.

Учир нь Прокуророос хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн гэж үзэн яллах дүгнэлт үйлдэн шилжүүлсэн байхад шийтгэх тогтоолд  С.Быг Монгол улсын Эрүүгийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмыг согтуурсан, мансуурсан үедээ зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь шүүхээс шүүгдэгчийг Эрүүгийн хуульд байхгүй зүйл ангиар гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна.

Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулахаар улсын яллагчийн эсэргүүцэл бичив гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор ******* гаргасан дүгнэлтэндээ: Эсэргүүцлээ дэмжиж байгаа тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулж хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх дүгнэлтийг гаргаж байна гэв.

ХЯНАВАЛ:

 С.Быг 2017 оны 8 дугаар сарын 2-ны өдөр Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.2 дахь хэсэгт заасан “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчиж замын хөдөлгөөнд оролцсоны улмаас Баянхонгор аймгийн Өлзийт сумын нутаг дэвсгэрт хатуу хучилттай асфальтан замаар 53-49 БНХ улсын дугаартай цагаан өнгийн Тоёота Ками маркийн автомашин жолоодож яваад 62-63 БНЗ улсын дугаартай мотоцикльтой мөргөлдсөний улмаас зорчигч Д.Огийн биед хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж Баянхонгор аймгийн прокурорын газраас түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүхээс хэргийг хүлээн авч яллагдагчийг шүүхэд шилжүүлэх шүүгчийн захирамж /хх-ийн 99-р тал/ болон шүүх хуралдаанаар хэргийг эцэслэн шийдвэрлэж шийтгэх тогтоол гаргахдаа Эрүүгийн хуулийн зохих зүйл хэсгийг буруу хэрэглэжээ.

Өөрөөр хэлбэл  С.Бын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасанд хамаарагдаж байгаа гэж прокуророос яллах дүгнэлт үйлдсэн байхад анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1 гэж Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн буюу прокуророос яллах дүгнэлт үйлдээгүй, хуульд байхгүй зүйл хэсгээр яллагдагчийг шүүхэд шилжүүлж, хорих ял шийтгэсэн гэж үзнэ.

Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасантай нийцээгүй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иймд шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн

1 дэх хэсгийн 1.3-т заасныг тус тус заасныг удирдлага

болгон ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 2-ны өдрийн 2017/ШЦТ/205 дугаар шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож,  С.Бад холбогдох эрүүгийн 1714000690048 дугаартай хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Хэргийг анхан шатны шүүхэд очтол  С.Бад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХДАВАА

                    ШҮҮГЧИД Д.ЭРДЭНЭБИЛЭГ

                                 Т.ДАВААСҮРЭН