Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 0019

 

  Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

            Нэхэмжлэгч: Булган сумын иргэн Б.Д-н нэхэмжлэлтэй

            Хариуцагч: Булган сумын иргэдийн төлөөлөгчдийн Хуралд холбогдох

            “Булган сумын иргэдийн төлөөлөгчдийн ээлжит бус 7 дугаар хуралдааны 7/01 тоот тогтоолыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий 158/2018/0019/З дугаарын индекстэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.Д, хариуцагч Булган сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, гэрчээр М.У, Ж.Б, Ж.А, Д.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Г нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

     Нэхэмжлэгч Б.Д шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Булган аймгийн Булган сумын ИТХурлын ээлжит бус 7 дугаар хуралдааны 7/01 тоот тогтоолоор Булган сумын төвөөс мал, гахайн туслах аж ахуйг гаргах тухай Булган сумын иргэд бүх нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээг тогтоож өгсөн байна. Уг тогтоолын үндэслэл нь сумын төвөөс мал амьтан гаргаж, мал бүхий иргэдийн эрх ашиг, өмч хөрөнгөд халдах хуулийн ямар ч заалтгүй, захиргааны болон салбарын эрх үүргийг тусгасан ерөнхий заалтуудыг үндэс болгосон ба Захиргааны ерөнхий хуулийн 4.2.6, 13.2, 13.3, 47.1, 47.1.5-47.1.7, 62.2, 67.2, 67.3 дах заалтуудыг зөрчсөн байна. Энэ тогтоол нь миний болон мал бүхий иргэдийн хууль ёсны ашиг сонирхолыг хөндсөн бөгөөд Булган сумын ИТХурал нь захиргааны шийдвэр гаргахдаа урьдчилан мэдэгдэх оролцоог хангах хуулийн зарчимыг баримтлаагүй гэж үзэж байна. Учир нь миний бие нь Булган сумын төвөөс мал, гахайн туслах аж ахуйг гаргах тухай ИТХурлын 7/01 тоот тогтоолыг 2018 оны 10 дугаар сарын 01-ны өдөр Булган сумын ЗДТГазрын хурлын заланд очиж хуралд оролцохдоо мэдсэн. Тухайн үед би санал шүүмжлэлээ хэлж байсан. Мөн Булган сумын ИТХурлын 2014 оны 7 дугаар сарын 28-ны өдөр 63 дугаар тогтоолоор “суурин мал маллагааны бүсэд баримтлах журам”-ыг батлан гаргаж, сумын төвд мал, гахай оруулахгүй, 2-3 бүсэд 200-300 толгой мал байхыг зөвшөөрч мал бүхий иргэдийг захын хороололд шилжүүлж, орон байр, туслах аж ахуй эрхлэж суурьшсан. Одоо дахин нүүх боломжгүй, харин сумын төвийн ногоон байгууламжтай буюу 1 дүгээр бүсэд малаа оруулахгүй байж чадна. 2014 онд суурин мал маллагааны бүс тогтоосон хүчин төгөлдөр шийдвэр байхад түүнийг хүчингүй болголгүй дахин шийдвэр гаргасан, энэ асуудлаар сумын хэмжээнд 2 өөр тогтоол мөрдөгдөж байна. Энэхүү захиргааны хэм хэмжээний актыг улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлээгүй бөгөөд хүчин төгөлдөр болоогүй тогтоолыг хэрэгжүүлэхийг засаг захиргаанаас шаардаж байгаа нь хууль бус гэж миний зүгээс үзэж байна. Захиргааны ерөнхий хуулийн хэд хэдэн зүйл заалтыг зөрчсөн энэ тогтоол нь иргэн миний Үндсэн хуульд заасан хууль ёсны эрх ашгийг хөндөж байх тул хүчингүй болгож өгнө үү” гэв.

     Хариуцагч Булган аймгийн Булган сумын иргэдийн төлөөлөгчдийн Хурлын дарга З.Б шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Булган сумын төвөөс мал бүхий айл өрхүүдийг ИТХурлын тогтоолоор баталгаажуулан нэр заагдсан газруудад гаргах болсон хэд хэдэн шалтгааныг дор дурьдаж байна. Өнгөрсөн жилүүдэд Булган сумын төвд 123 өрхийн 3430 мал байсан бөгөөд нэхэмжлэгч Б.Д-н 87 тооны бод мал бүртгэлтэй байна. 2015-2017 оны хооронд Булган аймгийн төв Булган суманд Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар баталсан хавар, намрын улиралд мод тарих өдрүүдийн хүрээнд нийт 36363800 төгрөгний мод бут сөөгийг тарьж өнөөдрийн байдлаар сумын төвд нийт 17 га газарт ногоон байгууламжийг бий болгож чаджээ. Мөн Булган аймаг байгуулагдсаны түүхт 80 жилийн ойн хүрээнд төв зам дагуух газруудад мод тарьж, тодорхой зардлууд гарсан. Эдгээр ногоон байгууламж, тарьсан зүлэг модыг сумын төвийн уяачид, малчдын мал сүрэг талхалсаар байна. Мал бүхий айл өрхүүдийг сумын төвөөс гаргах бас нэг шалтгаан нь 2018 оны 2 дугаар сарын 27-ны өдрөөс 4 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл үргэжилсэн малын гоц халдварт шүлхий өвчин дэгдэж аймаг /сум/-ын төвийг бүхэлд нь хорио цээрийн дэглэмд шилжүүлэн хөл хориог тогтоож байсан нь нутаг орны хүн ардын болон төрийн байгууллагуудын хэвийн үйл ажиллагааг 49 хоног тасалдуулж, хувиараа аж ахуй эрхэлдэг жижиг дунд үйлдвэрлэгчид, бизнес эрхлэгчдэд асар их хэмжээний санхүүгийн хохирол учирсан. Хорио цээрийн үед аймгийн төвийн нэгдсэн халаалтын зуухууд гал алдах, бензин шатахууны хомсдол үүсэх, дэлгүүрүүдэд өргөн хэрэглээний барааны үнэ өсөх, сумдын малчид, манай аймгийн харьяат ард иргэд нэгдсэн эмнэлгийн эрүүл мэндийн үйлчилгээг авч чадахгүй байх, арьс ширний худалдаа эрхлэгчдийн түүхий эдийг гаргаагүйн улмаас мөнгөн хохирол их хэмжээгээр учирсныг дурьдаж болно. Аймгийн Хүнс, хөдөө, аж ахуйн газрын харьяа мал эмнэлгийн байгууллагын гаргасан судалгаагаар аймгийн төв, түүний ойролцоо хэд хэдэн газарт шүлхий өвчний голомттой нь тогтоогдсон тул энэ өвчин дахин дэгдэж дээрхи нөхцөл байдал дахин үүсэх магадлал өндөр байна. Эдгээр шалтгаануудын улмаас Булган сумын ИТХурлаас хэд хэдэн төрлийн арга хэмжээ авч ажиллаж байгаа болно. Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй” гэжээ.

     Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Бид Булган сумыг Булган хот болгох зорилт тавьж мөрийн хөтөлбөрөө боловсруулсан. Аймгийн удирдлага, Цагдаагийн байгууллага, сумын ИТХурлын төлөөлөгчид, сумын Засаг даргын тамгын газартай хамтарсан уулзалт хийж байсан. 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 6/08 тоот тогтоолоор “Суурин мал маллагааны бүсэд баримтлах журам”-ыг сумын Иргэдийн төлөөлөгчдийн Хурлаас батлан гаргасан. Үүнийг Хууль зүйн яаманд хянуулахаар хүргүүлсэн боловч журам зөрчсөн этгээдэд хүлээлгэх хариуцлагыг мөнгөн дүнгээр торгууль ногдуулахаар тогтоосон байсныг хүчингүй болгож засаж ирүүл гэсэн хариуг өгсөн. Хууль зүйн яам зөвшөөрөөгүйгээс 6/08 тоот тогтоолоор баталсан журам хэрэгжээгүй юм. Харин маргаад байгаа 7/01 тоот тогтоол нь захиргааны акт юм. Бид сумын төвд мал маллаж байгаа иргэдийг сумын төвөөс гаргах нэг удаагийн тохиолдлыг шийдвэрлэж уг тогтоолыг гаргасан. Энэ нь байнга дахин давтагдах шинжийг агуулаагүй. Харин сумын төв рүү мал оруулахгүй байх бүсчлэлийг давхар баталсан. Хуулийн заалтууд маш тодорхой заагдсан байгаа. Бид малаа гаргах тухай мэдэгдлийг мал бүхий иргэдэд хангалттай хүргүүлсэн. Багийн иргэдийн нийтийн Хурал бол иргэдтэй хамгийн ойр байдаг. Нэхэмжлэгч өөрийн багийн хуралдаа сууж, хэлэлцүүлэгт орсон гэдэг нь тодорхой байгаа. Малын гоц халдварт өвчин шүлхийн голомттой гэдэг нь тогтоогдсон учир дахин хэзээ ч гарч болзошгүй юм. Гэтэл аймгийн төвөө шүлхийнээс болж хөл хорио тогтоочоод хоригдчоод байгаа нь зохимжгүй. Энэ олон бүтээн байгуулалтыг үгүй хиймээргүй байна. Булган сумын хэмжээнд 123 мал, гахайн туслах аж ахуй эрхлэгч айл өрх байсан нь ихэнх нь гарсан. Одоо 6 өрх үлдчээд байгаа. Захиргааны байгууллага гаргасан шийдвэрийнхээ талаар айл бүрт мэдэгдэл хүргүүлж ажилласан. Нэхэмжлэгч мэдэгдлийг огт хүлээж аваагүй байдаг. 6 сард малаа аваад төвөөс гараад явчихсан учраас уг шийдвэрийг хүлээн зөвшөөрсөн гэж үзсэн гэтэл 9 сард эргээд малаа туугаад ороод ирсэн. Мал бүхий иргэдэд шинэ суурьшлийн бүсэд газар олгоход нэхэмжлэгч Д газар авсан байгаа. Энэ нь дээрх шийдвэрийн дагуу хийгдэж байгаа ажил гэдгийг мэдсэн гэж үзэх үндэслэлтэй. Захиргааны байгууллагын зүгээр гаргасан шийдвэрээ хэрэгжүүлэхийн тулд нилээдгүй ажил хийсэн байгаа. Сумын төвийн ногоон байгууламж, тарьж ургуулсан цэцэг, мод, бутыг төвд ойрхон байгаа мал идээд байдаг. Олон хүний хүч хөдөлмөрөөр бүтсэн ногоон байгууламжаа идүүлээд, гоц халдварт өвчнөөс болж хөл хорио тогтоомооргүй байна. Хаана хаанаа их хохирол амссаныг бид бүгдээрээ мэдэж байгаа. Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй” гэв.

Гэрч М.У, Ж.Б, Ж.А нараас шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “Бидэнд сумын иргэдийн төлөөлөгчдийн Хурлын 7/01 тоот тогтоолыг танилцуулаагүй. Харин 6 сард төвөөс мал гаргах шийдвэр гарсан тул малаа гарга л гэж хэлсэн. Өмнө нь мал гаргах гэж байгаа тухай мэдэгдэж байгаагүй, мал гаргах, гаргахгүй талаар малчидтай уулзаж ярилцаагүй. Тэр хэлэлцүүлэгт суугаагүй, харин 10 сарын 2-нд болсон хуралд нэг нэгнээсээ сонсож очиж суусан юм” гэв.

Гэрч Д.Б шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “Миний бие нь 6 дугаар багийн засаг даргын ажлыг хийдэг. Сумын төвөөс мал, гахайн туслах аж ахуйг гаргах тухай сумын ИТХурлын тогтоолыг хэрэгжүүлэх үүднээс сайн дурын хэсгийн ахлагч нараар мал бүхий иргэдэд мэдэгдэл хүргүүлсэн. Нэхэмжлэгч Д мэдэгдлийг огт хүлээн аваагүй байдаг. 6 сард малтайгаа сумын төвөөс гараад явсан. Харин 9 сард эргээд малтайгаа ороод ирсэн. Ингээд бид дахин мал гаргах тухай танилцуулахаар 9 сарын сүүлээр очиж шийдвэрийг танилцуулсан” гэв.  

ҮНДЭСЛЭХ нь:

            Булган сумын иргэн Б.Д-с Булган аймгийн Булган сумын иргэдийн төлөөлөгчдийн Хуралд холбогдуулан “сумын иргэдийн төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус 7 дугаар хуралдаанаас гаргасан 7/01 тоот тогтоолыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.  

            Нэхэмжлэгч дээрх захиргааны байгууллага, албан тушаалтны шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргасан байх ба дээрх маргаан бүхий захиргааны байгууллагын шийдвэр нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасан захиргааны актын шинжийг агуулсан байна.

Хариуцагч маргаан бүхийн актын талаар нэхэмжлэгч мэдсэнээс хойш гомдол гаргах хугацаа өнгөрсөн, шүүх хуралдаанд гэрчээр оролцсон 6 дугаар багийн Засаг дарга нэхэмжлэгчид маргаан бүхий шийдвэрийн талаар 6 сард багийн ахлагчаар дамжуулан мэдэгдсэн гэдэг боловч нэхэмжлэгч Б.Д-д маргаан бүхий захиргааны байгууллагын шийдвэрийн талаар танилцуулсан, шийдвэрийг гардуулсан тухай баримт байхгүй байна. Харин нэхэмжлэгч нь 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн хэлэлцүүлэгт оролцсоноор маргаан бүхий захиргааны актын талаар мэдсэн гэсэн нь мөн өдөр Булган сумын Засаг даргын тамгын газарт зохион байгуулагдсан “Булган сумын хориглосон бүсэд нэвтэрсэн болон ногоон байгууламжид хохирол учруулсан малыг хашиж, эздэд нь хариуцлага тооцох журам”-ын төслийн хэлэлцүүлгийн хурлын тэмдэглэл[1], хэлэлцүүлэгт хамрагдсан иргэдийн судалгаа[2] ирцээр тогтоогдож байна. 

Нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ “сумын иргэдийн төлөөлөгчдийн Хурлаас гаргасан шийдвэр нь хэм хэмжээ тогтоосон захиргааны акт, энэ шийдвэрийг тус суманд амьдарч буй мал бүхий иргэдэд урьдчилж мэдэгдэж, санал хүсэлт аваагүй нь хууль зөрчсөн” гэж тодорхойлсон.

Хариуцагч тал “сумын иргэдийн төлөөлөгчдийн Хурлаас гаргасан шийдвэр нь хуулийн дагуу мал бүхий иргэдэд тодорхой хугацааны өмнө мэдээлж, тэдний санал хүсэлтийг сонссон ба тэдний дунд хэлэлцүүлэг зохион байгуулж, саналын хуудсаар саналыг нь авсан тул хууль зөрчөөгүй, хуулийн дагуу гаргасан захиргааны акт” гэж маргажээ.

Булган сумын иргэдийн төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид 2018 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 67 тоот тогтоолоор ээлжит бус хуралдааны товыг тогтоож, сумын иргэдийн төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус хуралдаан 2018 оны 5 дугаар сарын 10-ны өдөр хуралдсан ба хуралдаанд 31 төлөөлөгч оролцож “Мал, амьтныг төвөөс гаргах ажлын төлөвлөгөөний хэрэгжилт”, “Булган сумын инженерийн шугам сүлжээ бүхий газрын 2018 оны төлөвлөлт, Булган сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт оруулах”, “Намын бүлэг байгуулах” асуудлуудыг хэлэлцэж, хуралдаанаас маргаан бүхий 7/01 тоот тогтоолыг гаргасан байна[3].

Нэхэмжлэгчээс маргаан бүхий захиргааны байгууллагын шийдвэрийг хэм хэмжээ тогтоосон акт гэж, хариуцагч тал захиргааны акт гэж маргаж байгаа. Маргаан бүхий Булган сумын иргэдийн төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус 7 дугаар хуралдаанаас гаргасан 7/01 тоот тогтоол нь сумын төвөөс мал, гахайн туслах аж ахуй эрхэлдэг айл өрх, иргэдийг гаргах тухай тогтоол байх бөгөөд тогтоолын 1 дэх заалтаар “мал, гахайн туслах аж ахуй эрлэгчдийг сумын төвөөс гаргах”, 2 дахь заалтаар “мал, гахайн туслах аж ахуйн бэлчээрийн бүсийг тогтоосон зураглалыг хавсралтаар баталсан”, 3 дахь заалтаар тогтоол хэрэгжих хугацааг тогтоож өгсөн” байна. Үүнээс харахад Захиргааны ерөнхий хуулийн 59 дүгээр  зүйлийн 59.1-д заасан “байнга давтагдах, нийтээр дагаж мөрдөх” шинжийг агуулсан нь харагдахгүй байна. Учир нь маргаан бүхий тогтоол нь Булган сумын төвд мал, туслах аж ахуй эрхлэгч иргэдийг сумын төвөөс гаргаж, дахин сумын төв рүү орохыг хориглосон шийдвэр байна. Энэхүү шийдвэр нь сумын төвөөс мал, туслах аж ахуйг тогтоосон хугацаанд гаргаснаар хэрэгжээд дуусах захиргааны акт юм.

Хариуцагчаас нэхэмжлэгчийг мал гаргах тухай өмнө зохион байгуулсан хэлэлцүүлэг, багийн хуралд оролцсон нь түүнд захиргааны байгууллагаас гаргах шийдвэрийг танилцуулсан гэж маргаж байгаа боловч мал бүхий иргэдийг хамруулсан гэдэг нь нэхэмжлэгч болон шүүх хуралдаанд оролцсон гэрчүүдийн мэдүүлгээр нотлогдохгүй байна. Хариуцагчаас Булган аймгийн Булган сумын 6 дугаар багийн иргэдийн нийтийн Хурлын  2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 02 дугаартай тэмдэглэл[4]-ийн эх хувийг шүүх хуралдаанд судлуулхаар гаргаж, нэхэмжлэгчид маргаан бүхий актыг гаргах талаар мэдэгдсэн гэх боловч уг тэмдэглэлээс харахад “Сумын төвөөс мал гаргах тухай” танилцуулга хийсэн тухай тусгагдсан боловч мал бүхий иргэдээс мал гаргах, гараад хаана суурьших талаар болон малын бэлчээрийн даац зэрэг ач холбогдолтой асуудлыг хэлэлцэж, саналыг авсан нь харагдахгүй байна. Хариуцагч захиргааны байгууллага нь мал, гахайн туслах аж ахуй эрхлэгч иргэдийн дунд сумын төвөөс мал, гахайн туслах аж ахуйг гаргах талаар хэлэлцүүлэг зохион байгуулсан гэх боловч уг хэлэлцүүлгийн талаар хариуцагчаас ирүүлсэн материалаас эрх ашиг нь хөндөгдөж болзошгүй мал, гахайн туслах аж ахуй эрхэлдэг иргэдийг бүрэн оролцуулж, захиргааны байгууллагаас гарах шийдвэрийн ач холбогдлын талаар тэднийг тайлбар гаргах, санал хэлэх боломжоор хангасан гэдэг нь тогтоогдохгүй байна. Мөн сумын иргэдээс цахимаар санал авсан тухай баримт[5] байх боловч энэхүү санал асуулгад мал бүхий иргэд оролцсон эсэх нь тодорхойгүй, захиргааны байгууллагаас ямар шийдвэр гарах гэж байгаа болон гарсан талаар мэдээллийг агуулаагүй байна. Энэ нь маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа хариуцагчаас Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлд заасан “Нөхцөл байдлыг тогтоох”, 25 дугаар зүйл “Нотлох баримт цуглуулах”, 26 дугаар зүйл “Оролцогчийг сонсох” ажиллагаануудыг хангалтгүй хийсэн гэж дүгнэлээ. Учир нь Булган суманд амьдарч буй мал, гахайн туслах аж ахуй эрхлэгч иргэдийг захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд татан оролцуулаагүйгээс эрх ашиг нь хөндөгдөж буй иргэд маргаан бүхий захиргааны шийдвэрийг гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар санал гаргаагүйгээс бэлчээрийн бүс, малын ундны ус, гол горхийг хэрхэн яаж ашиглах, шинэ суурьшлийн бүсийн бэлчээрийн даац зэрэг бодит нөхцөл байдлыг тогтоогоогүй, ганц сумын төвөөс мал гаргах эсэх асуудлаар иргэдийн төлөөлөгчдийн Хуралд танилцуулсан сумын Засаг даргын тамгын газрын мэдээлэлд тулгуурласан байна. Уг мэдээлэлд сумын Засаг даргын А/71[6] тоот захирамжийн дагуу сумын төвөөс мал гаргах ажлыг зохион байгуулж байгаа ажлын талаар болон малчдыг хөдөө гаргах хэлэлцүүлгийг сумын төвд амьдарч буй иргэдийн дунд явуулж, оролцсон иргэдийн 93,2 хувь нь дэмжсэн гэх баримт[7] тусгагджээ. Дээрх баримт мэдээлэл нь сумын иргэдийн төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус хуралдаанд танилцуулагдсанаас үүдэж Булган сумын төвөөс мал, гахайн туслах аж ахуйг гаргах шийдвэр гаргасан нь нийт Булган суманд амьдарч байгаа иргэд, үйл ажиллагаа явуулж байгаа хувийн хэвшил болон бусад байгууллага, аж ахуйн нэгжийн хэвийн ажиллагаа, хүн амын эрүүл мэндийг хамгаалах чиг үүргээ хэрэгжүүлсэн боловч уг захиргааны байгууллагын шийдвэрээр эрх ашиг нь хөндөгдөж байгаа цөөн тооны мал, туслах аж ахуй эрхэлдэг иргэдийн санаа бодлыг тусгасан хэлэлцүүлэг, саналыг харгалзан үзээгүй байна. Мөн маргаан бүхий захиргааны актын 2 дахь заалтаар тогтоосон бэлчээрийн бүс нь байнга мөрдөгдөх журам, захиргааны шийдвэрээр тодорхойлогдох шинжийг давхар агуулсан гэж үзэхээр байна. Өмнө Булган сумын иргэдийн төлөөлөгчдийн Хурлаас “суурин мал маллагааны бүсэд баримтлах журам”[8]-ыг 2 удаа батлан гаргасан байдаг ба дээрх журмуудаас харахад Булган сумын нутаг дэвсгэрийг 3 бүс болгон хуваажээ. 2014 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн хурлаар баталсан 63 тоот “Суурин мал маллагааны бүсэд баримтлах журам”-д зааснаар нэхэмжлэгчийн оршин суугаа газар нь 2 дугаар бүсэд хамаарахаар байна. 2 дугаар бүсэд 50 хүртэлх тооны малыг хариулгатай маллаж болохоор заажээ. Нэхэмжлэгч болон шүүх хуралдаанд оролцсон гэрчүүд 63 тоот тогтоолоор баталсан журамд заасны дагуу сумын төвийн 1 дүгээр бүсээс 2 дугаар бүсэд шилжин суурьшсан талаар тайлбар гаргаж байх ба дээрх журам нь байнга хэрэгжих захиргааны хэм хэмжээ тогтоосон актын шинжийг агуулсан байна. 2014 онд сумын иргэдийн төлөөлөгчдийн Хурлаас гаргасан 63 тоот тогтоолоор баталсан журмыг 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 6/08 тоот тогтоолоор шинэчлэн баталсан байдаг ба энэхүү хэм хэмжээ тогтоосон акт нь хуульд заасан шаардлагыг хангаагүйгээс хэрэгжиж эхлээгүй байтал Булган аймгийн хэмжээнд малын гоц халдварт шүлхий өвчин дэгдсэнээс аймгийн төв болох Булган суманд хорио цээрийн дэглэм тогтоож, хөл хорьсон. Үүнээс болж иргэд болон аж ахуйн нэгж, байгууллагуудад ихээхэн хохирол учирч, аймгийн төвтэй ойр байгаа мал, туслах аж ахуйг төвөөс зайтай байршуулах шаардлага тулгарч, аймгийн Засаг даргаас тодорхой үүрэг, чиглэл өгсөн байна.

Булган сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлаас сумын төвийн ногоон байгууламжийг хамгаалах, малын гоц халдварт өвчин дахин дэгдсэн үед аймгийн төв болох Булган сумыг хорио цээрийн дэглэмд шилжүүлэн хөл хорих болзошгүй аюулаас сэргийлж, сумын төвд мал, гахайн туслах аж ахуй эрхлэгч иргэдийг төвөөс гаргах зорилт тавьж байгаа нь зөв боловч сумын төвөөс гарсан иргэд хаана яаж амьдрах, шинэ сууршьлийн бүс бэлчээрийн даацтай эсэх, сумын нутаг дэвсгэрийг бүсчилж зарим бүсэд мал, гахайн туслах аж ахуй эрхлэхийг зөвшөөрсөн бол ямар хил хязгаар заагаар тусгаарлахыг нарийвчлан тусгаж, байнга мөрдөгдөх хэм хэмжээний актыг эрх нь хөндөгдөж болзошгүй иргэд, аж ахуйн нэгжийн төлөөллийг оролцуулан хэлэлцүүлэг зохион байгуулж, хамтран гаргах шаардлагатай байна гэж үзлээ. Өмнө гарсан захиргааны байгууллагын шийдвэрүүд эрх ашиг хөндөгдөж болзошгүй иргэдийн оролцоог хангалтгүй хамруулснаас захиргааны байгууллагаас гаргасан тогтоол, шийдвэрийг мэдэх боломжгүй, шийдвэрт санаа бодлоо тусгуулах боломжоор хангаагүй байна. Иймд байнга хэрэгжих хэм хэмжээ тогтоосон шийдвэрээ дахин нягталж, хуульд заасан шаардлагыг хангаж, дахин шинэ акт гаргах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Хариуцагчаас дахин шинэ акт гаргахдаа маргаан бүхий 7/01 тоот тогтоолын 2 дахь заалтаар баталсан мал оруулахгүй байх газрын зураглалын хил хязгаарыг тодорхой болгох шаардлагатай байна. Учир нь  захиргааны байгууллагаас өмнө гаргасан гэх “Суурин мал маллагааны бүс”[9] маргаан бүхий актаар тогтоосон “мал оруулахгүй байх бүс”[10] хоорондоо зөрүүтэйгээс малчид болон захиргааны байгууллага, захиргааны шийдвэрийг хэрэгжүүлж буй алба хаагчдын дунд үл ойлголцол гарч, захиргааны байгууллагаас гаргасан шийдвэр биелэгдэхгүй байх эрсдэл үүсч, саад учруулж байна.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11, 107, 108 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Монгол Улсын Үндсэн хуулийн 62 дугаар зүйлийн 1,2, Захиргааны ерөнхий хуулийн 24, 25, 26, 37 дугаар зүйлийн 37.1, Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2-д заасныг баримтлан Булган сумын иргэдийн төлөөлөгчдийн Хурлаас дахин шинэ акт гартал маргаан бүхий 7/01 тоот тогтоолыг 6 сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй.
  2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д заасны дагуу шүүхээс тогтоосон хугацаанд хариуцагч шинээр захиргааны акт гаргаагүй бол маргаан бүхий Булган сумын иргэдийн төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 7/01 тоот тогтоол хүчингүй болохыг дурьдсугай.
  3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.  
  4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.3, 108.4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч нар шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхэд  давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Б.МӨНХЖАРГАЛ

 


[1] Хавтаст хэргийн 119-121 дугаар тал

[2] Хавтаст хэргийн 122 дугаар тал

[3] Хавтаст хэргийн 74-75 дугаар тал, Булган сумын ИТХурлын ээлжит бус 7-р хуралдааны материалын 5, 48-63 дугаар тал

[4] Хавтаст хэргийн 117-118 дугаар тал

[5] Хавтаст хэргийн 96 дугаар тал

[6] Хавтаст хэргийн 80 дугаар тал

[7] Хавтаст хэргийн 79-92 дугаар тал

[8] Хавтаст хэргийн 67-73 дугаар тал

[9] Хавтаст хэргийн 71 дүгээр тал

[10] Хавтаст хэргийн 76 дугаар тал