Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 221/МА2022/0188

 

 

 

 

 

 

 

 

 

“Э г э” ХХК, “Х” ХХК,

“З м” ХХК, “З д б” ГҮТББ

нарын нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Б.Тунгалагсайхан

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Д.Баатархүү

Илтгэсэн шүүгч Э.Лхагвасүрэн

Хэргийн оролцогчид:

Нэхэмжлэгч “Э г э” ХХК, “Х” ХХК, “З м” ХХК, “З д б” ГҮТББ

Хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайд  

Гуравдагч этгээд О.О, “У д с” ТӨҮК

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Гуравдагч этгээд О.О

Нэхэмжлэлийн шаардлага: Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2019 оны А/158 дугаар тушаалын холбогдох хэсэг буюу уг тушаалын дагуу олгогдсон 0171216 тоот гэрчилгээний Г хэсэг 2933.83 м.кв гэсэн хэсгийг хууль бус байсан болохыг тогтоолгох

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 815 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э, түүний өмгөөлөгч О.Ч

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М

Гуравдагч этгээд О.Огийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д, түүний өмгөөлөгч Л.Э

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Батбилэг

Хэргийн индекс: 128/2020/0421/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч “Э г э” ХХК, “Х” ХХК, “З м” ХХК, “З д б” ГҮТББ нараас Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан “...2019 оны А/158 дугаар тушаалын холбогдох хэсэг буюу уг тушаалын дагуу олгогдсон 0171216 тоот гэрчилгээний Г хэсэг 2933.83 м.кв гэсэн хэсгийг хууль бус байсан болохыг тогтоолгох”-оор маргасан байна.

2.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 815 дугаар шийдвэрээр: 

“...2.1.Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Газрын тухай хуулийн32 дугаар зүйлийн 32.1, 32.2, 32.2.2, 33 дугаар зүйлийн 33.1, 33.1.1, 44 дүгээр зүйлийн 44.8, Эрчим хүчний тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4,2.5, 24 дүгээр зүйлийн 24.1, 47 дугаар зүйлийн 47.1.1, 47.3-т заасныг тус тус баримтлан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 5 дугаар сарын 2-ны өдрийн А/158 дугаар тушаалыг дахин шинэ акт гаргах хүртэл 3 /гурван/ сарын хугацаагаар түдгэлзүүлж,

2.2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг баримтлан хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайд нь энэхүү шийдвэрийн үндэслэх хэсэгт дурдсан шалгавал зохих нөхцөл байдлуудыг шалган тогтоосны үндсэн дээр захиргааны шинэ акт гаргах замаар шүүхийн шийдвэрийг биелүүлж,

2.3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд захиргааны байгууллага шинэ акт гаргаагүй бол Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 5 дугаар сарын 2-ны өдрийн А/158 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцож” шийдвэрлэжээ.

3.Давж заалдах гомдлын агуулга: Гуравдагч этгээд О.О дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1.“... Шүүх хэргийг хянан хэлэлцээд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 5 дугаар сарын 2-ны өдрийн А/158 дугаар тушаалыг дахин шинэ акт гаргах хүртэл 3 сарын хугацаагаар түдгэлзүүлжээ.

3.2.Ингэхдээ шүүх нь маргаж буй талбайд төрийн эрх бүхий байгууллагаас шийдвэр гарган талбайн солбицолд Хамгаалалтын захиргааны 2021 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн 1048 дугаар саналыг үндэслэн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн А/192 дугаар тушаалаар 2021 оны 8 дугаар сарын 25-ны өдөр өөрчлөлт оруулж дулааны шугам, сүлжээ явах хэсгийг манай талын санаачилгаар чөлөөлсөн, түүнчлэн нэхэмжлэгч “З д б холбоо” ГҮТББ-тай харилцан тохиролцож 2021 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр 21/04 тоот “Зайсан дахь Ф400 мм-ийн дулааны шугамын гүйцэтгэх ажлыг хангах гэрээ”-г байгуулан, энэ нь гуравдагч этгээдийн ашиглаж буй газар дээгүүр дулааны шугамын ажил явж дууссан, иймд дээрх нөхцөл байдлыг бүрэн судлалгүй шийдвэрлэсэн нь учир дутагдалтай байна.

3.3.Газрын талбайн солбицолд өөрчлөлт орж дээр дурдагдсан 2021 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 21/04 тоот гэрээг байгуулснаар нэхэмжлэгчдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөхөө больсон тул маргаан зогсоно гэж ойлгож байтал хэрэг шүүхээр шийдвэрлэгдсэн байна.

3.4.Хэдийгээр батлагдсан трасс нь манай мэдэлд байсан газраар дамжин өнгөрсөн байж болох ч хуульд заасан журмын дагуу өөрийн газраар дамжин өнгөрүүлэх үүргийг газар эзэмшигч ашиглагч хүлээж байдаг тул дулааны трасс явахад ямар нэгэн хүндрэл учрахгүй юм.

3.5.Түүнчлэн миний зүгээс дулааны шугам татах хэвийн нөхцөлөөр хангах өөрөөс шалтгаалах арга хэмжээг бүрэн авснаар нэхэмжлэгчдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн гэж үзэх үндэслэлгүй болсон.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 2-ны өдрийн 815 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Дараах үндэслэлээр шийдвэрт өөрчлөлт оруулж, гуравдагч этгээдийн давж заалдах гомдлыг хангав.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д заасны дагуу маргаан бүхий актыг дахин шинээр гаргах хүртэл тодорхой хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэх тохиолдолд уг актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн байх нь мөн хуулийн шаардлага болно.

Харин энэ тохиолдолд Сайдын тушаалаар гуравдагч этгээд О.Огийн дуусгавар болсон газрыг нийслэлийн ерөнхий төлөвлөгөө, архитектур төлөвлөлтийн даалгаврын дагуу баригдсан үл хөдлөх эд хөрөнгө бүхий газрын ашиглах эрхийг сэргээхэд хамааруулсан Г талбай буюу 2933.83 м.кв нь нэр бүхий нэхэмжлэгчдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй, ийнхүү зөрчсөн болох нь тогтоогдоогүй байхад Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай, Газрын тухай, Эрчим хүчний тухай хуулиудад заасан, нэхэмжлэгчдэд үл хамаарах шаардлагыг хангуулах, тодруулах байдлаар дүгнэлт хийн түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь, мөн шийдвэрлэхдээ нэхэмжлэгчдийн маргаангүй буюу Сайдын тушаалыг бүхэлд нь дахин шинэ акт гаргах хүртэл 3 сарын хугацаагаар түдгэлзүүлсэн нь дээрх хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэсэнтэй нийцсэнгүй.

Нэхэмжлэлийн шаардлага Сайдын 2019 оны А/158 дугаар тушаалын дагуу олгогдсон 0171216 тоот гэрчилгээний “Г хэсэг 2933.83 м.кв” гэснийг хууль бус байсан болохыг тогтоолгох, харин үндэслэлээ “…Эрчим хүчний яамнаас “З д б” ГҮТББ-д 2014 онд олгогдсон дулааны техникийн нөхцөлийн дагуу хийгдэх дулааны хос Ф426, 539 метр урт шугам явах газрыг иргэн О.Од ашиглуулах шийдвэр гаргаснаар нэхэмжлэгчдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн…” гэх боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Сайдын 2021 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн А/192 дугаар тушаалаар одоогийн маргаан бүхий Г талбайн солбилцлыг өөрчлөн дулааны шугамыг трассыг чөлөөлсөн, улмаар 2021 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр 21/04 тоот “Зайсан дахь Ф400 мм-ын дулааны шугамын гүйцэтгэх ажлыг хангах гэрээ”-г нэхэмжлэгч “З д б холбоо” ГҮТББ-ыг төлөөлж, удирдах зөвлөлийн дарга Б.Лхагвасүрэн, гуравдагч этгээд О.О нар байгуулсан, бодит байдалд уг гэрээний дагуу дулааны Ф400 мм-ын шугамын өргөтгөлийн ажил хийгдэж дууссан байх бөгөөд эдгээр үйл баримтыг нэхэмжлэгчээс баримтаар няцааж маргаагүй байна.

Иймд Г талбайн газрын солбилцол нь нэгэнт өөрчлөгдсөн байхад нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд тушаалыг бүхэлд нь түдгэлзүүлснээр нэхэмжлэгчдийн зөрчигдсөн гэх ямар эрх хэрхэн сэргээгдэх нь тодорхойгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Харин нэхэмжлэлийг ийнхүү хэрэгсэхгүй болгосон ч гуравдагч этгээд О.Огийн газар ашиглах эрхийг сэргээсэн Сайдын тушаалын холбогдох хэсгийг хуульд нийцсэн гэж дүгнээгүй болно.

Учир нь шүүхийн шийдвэрт тушаалын хууль зүйн болон газар ашиглах эрхийг сэргээх болсон үндэслэлүүд хоорондоо зөрүүтэй, тухайлбал одоогийн маргаж буй Г талбайн хувьд архитектур төлөвлөлтийн даалгавар нь цаг хугацааны хувьд тушаалаас хойно батлагдсан, анх ашиглах эрх олгогдсон болон одоогийн сэргээсэн газрын хэмжээ зөрүүтэй, чухам аль байршилд баригдсан үл хөдлөх хөрөнгийн өмчлөх, эзэмших эрхийг хамгаалах зорилгоор газар ашиглах эрхийг сэргээж буй нь ойлгомжгүй талаар тодорхой дүгнэжээ.

“…аялагч түр буудаллах, отоглох зориулалтаар зохих журмын дагуу барьсан орон байрыг ашиглах эрхийг олгохыг зөвшөөрсүгэй” гэх ямар ч үнэмшилгүй, бодит байдалд нийцээгүй, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн агуулга, үзэл баримтлалаас ангид, өөрөөр хэлбэл хэдий нь суурьшлын бүс болсон нийтэд илэрхий үйл баримт, нөхцөл байдлыг зөвхөн хэлбэрийн хувьд хуульд нийцүүлэх зорилгоор О.Огийн газар ашиглах эрхийг сэргээж шийдвэрлэхдээ дээрх байдлаар багагүй зөрчилтэй тушаал гаргасан боловч үүний улмаас нэхэмжлэгчдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй энэ тохиолдолд тушаалын дагуу олгогдсон гэрчилгээний хавсралтын Г хэсгийг хууль бус байсан болохыг тогтоох нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилттой нийцэхгүй юм.

Тушаал эрх зүйн хувьд зөрчилтэй, утга агуулгын хувьд алдаатай, мөн О.Огийн газар ашиглах эрхээ сэргээлгэх хүсэлт нь хуульд нийцээгүй, түүний бүрдүүлсэн баримт бичиг хуулийн шаардлага хангахгүй, солбилцлыг нь өөрчилсөн Г талбайн байршил холбогдох эрх бүхий байгууллагын лавлагаагаар дулааны болон бохирын шугамын хамгаалалтын зурвастай давхцалтай зэрэг нөхцөл байдалд хийсэн шүүхийн дүгнэлтүүдийг буруутгах үндэслэлгүй ч нэгэнт нэхэмжлэгчдийн эрх зөрчигдөөгүй байхад дахин акт гаргахыг даалгах шаардлагагүй.

Гэхдээ Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас 2020 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” 2139 дүгээр албан бичгээр тодорхой үндэслэлүүдээр одоогийн маргаан бүхий тушаалыг хүчингүйд тооцуулахтай холбогдуулан сонсох ажиллагаанд оролцохыг О.Од мэдэгдэж байсан нь 2-р хх-ийн 75 дугаар талд авагдсан байх бөгөөд дээрх болон бусад үндэслэлээр газар ашиглах эрхийг хариуцагчаас хүчингүй болгох тохиолдолд энэхүү магадлал ямарваа хэлбэрээр саад болохгүйг тэмдэглэв.

Харин шүүхийн шийдвэрт маргаан бүхий тушаалыг “…бүхэлдээ илт хууль бус захиргааны актад тооцох үндэслэлтэй…” гэсэн атлаа “…нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн асуудлаар дүгнэлт хийж актыг бүхэлд нь илт хууль бус гэж дүгнэх эрхгүй…”, мөн “…хууль бус шийдвэр болсон байна…”, “…хууль бус байсан болохыг тогтоолгох тухай шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй…”, “…илт хууль бус актын тодорхой хэсгийг хүчингүй болгох боломжгүй…” гэх зэргээр нэхэмжлэлийн шаардлагыг янз бүрээр тодорхойлох байдлаар өөр хоорондоо зөрчилтэй дүгнэлт хийсний эцэст “…хариуцагч захиргааны байгууллагаас иргэн О.Огийн ашиглаж буй газруудын хэмжээг бодитойгоор тогтоож, газрыг ашиглуулахаар олгох талаарх хууль тогтоомж, холбогдох төлөвлөлтүүдэд нийцүүлэн, бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихгүйгээр газар ашиглах асуудлыг дахин шийдвэрлэх шаардлагатай…” гэж дүгнэн тушаалыг бүхэлд нь түдгэлзүүлсэн нь ойлгомжгүй болжээ.

Мөн шийдвэрт давж заалдах гомдол гаргах хуулийн хугацааг “5 хоногийн дотор” гэж буруу бичсэн байгааг ч цаашид анхаарвал зохино. 

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 2-ны өдрийн 815 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1, 2, 3 дахь заалтыг нэгтгэн “1.Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 1, 36 дугаар зүйлийн 1, Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт заасныг баримтлан “Э г э” ХХК, “Х” ХХК, “З м” ХХК, “З д б” ГҮТББ-ын гаргасан “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 5 дугаар сарын 2-ны өдрийн А/158 дугаар тушаалаар иргэн О.Од олгогдсон 2.041 га газар ашиглах 0171216 тоот гэрчилгээний Г талбай 2933.83 м.кв гэсэн хэсгийг хууль бус байсан болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай”, 4 заалтын дугаарыг “2” гэж тус тус өөрчлөн, гуравдагч этгээд О.Огийн давж заалдах гомдлыг хангасугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан гуравдагч этгээдээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70 200 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэсэн үндэслэлээр хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮГЧ                                                   Б.ТУНГАЛАГСАЙХАН

 

ШҮҮГЧ                                                               Д.БААТАРХҮҮ

 

ШҮҮГЧ                                                               Э.ЛХАГВАСҮРЭН