Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 112

 

2017 оны 02 дугаар сарын 14                  Дугаар156/ШШ2017/00112                             Хэрлэн сум

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс:156/2017/00001/И

Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Э.Ариунаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хэнтий аймгийн Дадал сумын 3 дугаар баг, Балж гэх газар нутагладаг, Боржигон овогт Жамсрангийн Ганбаатар РД:/СЙ56040419/-ын хүсэлттэй,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Болор-Уянга оролцов. 
ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ж.Галбадрах нь шүүхэд гаргасан хүсэлтдээ:
“Миний бие өндөр насны тэтгэвэрт гарах насанд хүрсэн боловч хөдөлмөрийн дэвтэрт ажилд орсон, ажлаас чөлөөлсөн тушаал бичигдсэн боловч Нийгмийн даатгалын хэлтэс нь ажиллаж байсан хугацаа баталгаажаагүй байна гэсэн. Иймд миний 1979 оны 01 дүгээр сарын 01 өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31 өдрийг хүртэлх хугацаанд Хэнтий аймгийн Дадал сумын Хөдөлмөр нэгдэлд модчин, малчнаар ажиллаж байсан  байдлыг тогтоож өгнө үү” гэжээ.

Шүүх хэрэгт цугларсан /хх 3-16, 25, 26/ бичмэл нотлох баримтууд болон нэхэмжлэгчийн тайлбарыг шинжлэн судлаж үнэлээд
ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ж.Ганбаатарын 1979 оны 01 дүгээр сарын 01 өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31 өдрийг хүртэлх хугацаанд Хэнтий аймгийн Дадал сумын Хөдөлмөр нэгдэлд модчин, малчнаар ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч Ж.Ганбаатарын хөдөлмөрийн дэвтэрт ажиллаж байсан тухай бичилт байгаа боловч ажиллаж байсан гэж үзэхэд хангалтгүй гэж нийгмийн даатгалын байгууллага үзсэн учир нэхэмжлэгч нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасны дагуу өндөр насны тэтгэвэр тогтоолгох боломжгүй болсон байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор Ж.Ганбаатар нь шүүхэд хүсэлт гаргах эрхтэй болно. 
Нэхэмжлэгч Ж.Ганбаатар нь 1981 оны 07 дугаар сарын 15 өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31 өдрийг хүртэлх хугацаанд Хэнтий аймгийн Дадал сумын Хөдөлмөр нэгдэлд модчин, малчнаар ажиллаж байсан болох нь доорх нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

1. Ж.Ганбаатарын 1982 оны 05 дугаар сарын 31 өдөр нээлгэсэн хөдөлмөрийн дэвтрийн хуулбарууд /хх 3-6, 7-10/, 
2. 1991 онд нээлгэсэн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хх 12/, 
3. Хэнтий аймгийн архивын тасгийн лавлагаа /хх 13/, 
4.1983 оны 10 дугаар сарын 20 өдрийн Дадал сумын Хөдөлмөр нэгдлийн зөвлөлийн даргын 125 тоот тушаал /хх 14/, 
5. Дадал сумын Хөдөлмөр нэгдлийн зөвлөлийн даргын  1981 оны 07 дугаар сарын 14 өдрийн 74 тоот тушаалын хуулбар /хх 15/, 
6. 1972 оноос 1992 оны 03 дугаар сар хүртэл Хэнтий аймгийн Дадал сумын Хөдөлмөр нэгдэлд малчнаар ажиллаж байсан гэрч Л.Ренагийн шүүхэд өгсөн мэдүүлэг /хх 25/, 
7. 1973 оноо 1983 он хүртэл Норовлин сумын Бүрэнхааны модны үйлдвэрт ажиллаж байсан гэрч Н.Хүдэрчулууны шүүхэд өгсөн мэдүүлэг /хх 26/ зэрэг болно.

Хүсэлт гаргагч Ж.Ганбаатарын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж,  1979 оны 01 дүгээр сарын 01 өдрөөс 1981 оны 07 дугаар сарын 14 өдрийг хүртэлх хугацааг хэрэгсэхгүй болгож, 1981 оны 07 дугаар сарын 15 өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31 өдрийг хүртэлх хугацаанд Хэнтий аймгийн Дадал сумын Хөдөлмөр нэгдэлд модчин, малчнаар ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоох нь үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ. 

Ж.Ганбаатар нь “Дадал суманд амьдардаг, цас зудтай байгаа учир ирэх боломжгүй байна, намайг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийж өгнө үү” гэсэн хүсэлтийг бичгээр ирүүлсэн учир шүүх хүсэлтийг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т зааснаар нэхэмжлэгчийг оролцууулахгүйгээр хянан шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Боржигон овогтой Жамсрангийн Ганбаатар нь 1981 оны 07 дугаар сарын 15 өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31 өдрийг хүртэлх хугацаанд Хэнтий аймгийн Дадал сумын Хөдөлмөр нэгдэлд модчин, малчнаар ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоож, нэхэмжлэлийн шаардлагын 1979 оны 01 дүгээр сарын 01 өдрөөс 1981 оны 07 дугаар сарын 10 өдрийг хүртэлх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч Ж.Ганбаатарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 
3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба хэргийг зохигчийн оролцоогүй шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг хянан шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д заасны дагуу шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шийдвэрийг зохигчид гардуулах, гардуулах боломжгүй бол дээрх хугацаа өнгөрснөөс хойш 7 хоногийн дотор зохигчийн оршин суугаа газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл шүүхийн ажилтнаар хүргүүлэхийг шүүгчийн туслах Э.Оюун-Эрдэнэд даалгасугай
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 


ДАРГАЛАГЧ                     Э.АРИУНАА