| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвийн Пагма |
| Хэргийн индекс | 168/2020/0156/Э |
| Дугаар | 148 |
| Огноо | 2020-05-21 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Б.Төрболд |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 05 сарын 21 өдөр
Дугаар 148
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хэрлэн
Улсын яллагч Б.Төрболд
Шүүгдэгч Н нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Төрболдоос Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н холбогдох .................. дугаартай хэргийг 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 19… оны … дугаар сарын ….-ны өдөр Дорнод аймгийн ........... суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын …. дугаар баг .........н …........ тоотод оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Н /РД: …........... /.
Шүүгдэгч Н нь 2020 оны 04 дүгээр сарын 13-наас 14-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын .... дугаар баг ............н ............. тоот хашаанд байрлах иргэн Л-н гэрт архи уух явцдаа түүний эхнэр Я-н 550.000 төгрөгийн үнэ бүхий Redmi Note-8 маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хулгайлсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Н шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Өмнө нь өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйл байхгүй. Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэв.
Хохирогч Я мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр ажлаа хийж байгаад манай нөхөр орой найз А, түүний найз Н , Э нарыг дуудаж хашаа байшиндаа архи уусан. Би жоохон орой болохоор нь гэр лүүгээ явахдаа өөрийн гар утсаа үлдээсэн. Маргааш нь нөхөр Л рүү утсаар яриад гар утас байна уу гэж асуухад байхгүй байна, орой байсан юм даа гэж хэлсэн. Тэгээд хамт архи уусан Н гэр лүү очиж гар утас хаана байгаа талаар асуухад .. дүгээр байшингийн ... нэртэй ломбарданд 200.000 төгрөгт барьцаанд тавьсан байгаа гэж хэлсэн” гэжээ. /хх-ийн 12-14-р хуудас/
Иргэний нэхэмжлэгч М мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би “........... ” ХХК-ийн захирлаар ажилладаг юм. Манай ломбарданд 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр А нь РД:............. бичиг баримттай Redmi Note-8 маркийн гар утсыг 200.000 төгрөгт 14 хоногийн хугацаатай барьцаанд тавьсан. Манай байгууллагад 222.400 төгрөгийн хохирол учирсан бөгөөд өөрт учирсан хохирлын мөнгөө бүрэн авсан тул цаашид ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэжээ. /хх-ийн 9-11-р хуудас/
Гэрч Л мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр би ......-р баг .......ын ........ тоотод хашаа байшиндаа засвар хийж байгаад Э тай архи уухаар болоод уугаад сууж байсан чинь ажлын газрын залуу болох А утсаар яриад та хаана байгаа юм бэ гэсэн тэгэхээр нь хашаан дээрээ байна гэж хэлэхэд за би яваад очье гэж хэлсэн. Тэгээд А удалгүй танихгүй залуутай ирээд бид нар хамт архи уусан. Ингээд орой болсон учраас би нилээн согтоод унтаад өгсөн. Тэгээд өглөө сэрсэн чинь эхнэрийн гар утас байхгүй алга болсон байсан...” гэжээ. /хх-ийн 22-23-р хуудас/
Гэрч А мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Н 06 цагийн орчим манай гэрт орж ирээд эгчээ эрүүлжүүлэх байрнаас гарч яваад гар утас олсон. Энэ утсыг худалдаж авах уу гэж асуухаар нь үгүй ээ, надад мөнгө байхгүй гэж хэлсэн. Тэгсэн чинь “Ломбарданд тавиад өгөөч, би бичиг баримтгүй байна. Ажлаасаа ирээд гадуур 7 хоног явсан. Аав, ээжээс айгаад гэртээ орж чадахгүй байна” гээд гуйгаад байхаар нь ..-р байшингийн ....нэртэй ломбарданд Н хэлсэн 200.000 төгрөгийн барьцаанд тавьсан...” гэжээ. /хх-ийн 24-25-р хуудас/
Н яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 35-37/
Эд зүйл хүлээлгэн өгсөн, хураан авсан тухай тэмдэглэл /хх-ийн 31-32/
Барьцаат зээлийн гэрээ /хх-ийн 33/
Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 34/
Иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /хх-ийн 41/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 40/
Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэр /хх-ийн 42/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч Н холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна.
Шүүх хуралдаанаар шинжлэн судалж хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэм аюултай үйлдэл, эс үйлдэхүй байх бөгөөд уг үйлдлийн улмаас бусдын эд хөрөнгөд хохирол, хор уршиг учирсан байх тул гэмт хэрэг гэж үзэж шийдвэрлэв.
Шүүгдэгч Н нь 2020 оны 04 дүгээр сарын 13-наас 14-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын .... дугаар баг ..........н ....... тоотод байрлах Л гэрт архи уух явцдаа хохирогч Я-н 550.000 төгрөгийн үнэ бүхий Redmi Note-8 маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн “...гэрээс гарах үед А түрүүлээд гарсан ба цагаан цэнхэр өнгийн гар утас орны хажууд газар унасан байхаар нь би мэдэгдэхгүйгээр аваад халаасандаа хийгээд гарсан...” гэх мэдүүлэг, шүүгдэгчийн мэдүүлгийг давхар нотолсон мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн хохирогч Я “...хамт архи уусан Н гэр лүү очиж гар утас хаана байгаа талаар асуухад .. дүгээр байшингийн ... нэртэй ломбарданд 200.000 төгрөгт барьцаанд тавьчихсан байгаа гэж хэлсэн...” гэх, гэрч Л “...А удалгүй танихгүй залуутай ирээд бид нар хамт архи уусан. Ингээд орой болсон учраас би нилээн согтоод унтаад өгсөн. Тэгээд өглөө сэрсэн чинь эхнэрийн гар утас байхгүй алга болсон байсан...” гэх, гэрч А “...Н манай гэрт орж ирээд эгчээ эрүүлжүүлэх байрнаас гарч яваад гар утас олсон. Ломбарданд тавиад өг гэж гуйгаад байхаар нь ...-р байшингийн ..... нэртэй ломбарданд 200.000 төгрөгийн барьцаанд тавьсан...” гэх, иргэний нэхэмжлэгч М “...Алтан-Үсэг нь Redmi Note-8 маркийн гар утсыг 200.000 төгрөгт 14 хоногийн хугацаатай барьцаанд тавьсан...” гэх мэдүүлгүүд, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл, барьцаат зээлийн гэрээ, эд зүйлийн үнэлгээ болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Н холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь үндэслэлтэй байна гэж үзлээ.
Шүүгдэгч Н үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар хуульчлагдсан ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон” гэмт хэрэг байх тул хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна.
Шүүгдэгч Н анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, гэмт хэргийн улмаас учруулсан хор уршигт иргэний нэхэмжлэгч М-д 222.400 төгрөгийг төлсөн, хохирогч Я-д төлөх төлбөргүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж зааснаар шүүгдэгч Н Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан оршин суугаа газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэх нь гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэлээ.
Шүүгдэгчийн хувийн байдлын тухайд тэрээр 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, ам бүл 3, эцэг, эхийн хамт амьдардаг, урьд өмнө ял шийтгүүлж байгаагүй бөгөөд Дорнод аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрээр хөдөлмөрийн чадвар алдалт 69 хувиар тогтоолгосон болохыг харгалзан үзсэн болно.
Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд энэ хэрэгт эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч Н нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Я-д 550.000 төгрөгийн үнэлгээтэй, Redmi Note-8 маркийн гар утсыг нь буцаан өгч, иргэний нэхэмжлэгч М-д учирсан 222.400 төгрөгийн хор уршгийг нөхөн төлж, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг бүрэн арилгасан тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч Н нь “Шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлт гаргасан тул Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар түүнийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Н нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Н Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Н тэнссэн 1 /нэг/ жилийн хугацаанд оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан этгээдэд хяналт тавихыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Я-д 550.000 /таван зуун тавин мянга/, иргэний нэхэмжлэгч М-д 222.400 /хоёр зуун хорин хоёр мянга дөрвөн зуу/ төгрөгийг тус тус төлсөн болохыг дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч Н .................тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Н авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ПАГМА