Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 197

 

 

 

 

 

 

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг  

Улсын яллагч Ч.Мөнхзул  

Шүүгдэгч М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ч.Мөнхзулаас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М-д холбогдох эрүүгийн .....................  дугаартай хэргийг 2020 оны 06 дугаар сарын 22-ны  өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

 

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн   ..... оны .. дугаар сарын ...-ний өдөр Дорнод аймгийн ....... суманд төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Нийслэлийн ........ дүүргийн ... дүгээр хороонд байрлах ..... дугаар цэцэрлэгт манаач ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Нийслэлийн ........ дүүргийн ... дугаар хороо, ......... тоотод оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, М /РД:......................./.

Шүүгдэгч М нь 2020 оны 05 дугаар сарын 24-ний орой 19 цагийн орчим Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын ... дугаар баг ........ тоотод Б-тай  хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдах явцдаа Э-н толгойн тус газарт нь шанагаар цохиж хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

  ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч М нь шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Болсон бүх зүйл үнэн зөв. Надад нэмж хэлэх зүйлгүй. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.

Хохирогч Э мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...манай төрсөн эгч Э-н хүү болох М архи уучихсан халамцуу байдалтай орж ирсэн. М гэрт ирээд манай охин Б-д хандаж “Чи өдөр намайг олон хүмүүсийн дэргэд доромжилж, эвгүй байдалд оруулсан. Би чамайг одоо зодно” гэж хэлсэн. Тэгэхээр нь би М--д хандаж “Юу болсон юм, чи яачихсан юм” гэж М- с асуусан. Тэр үед М “Танд хамаагүй” гэж хэлээд аяганы шүүгээн дээр байсан хоолны халбага аваад охин Б маань цохих гээд дайрсан. Тэгэхээр нь би охин Б-н урдуур ороод М-с шанагыг нь булааж авах гэтэл миний толгой дээр цохих шиг болсон бөгөөд М-н гарт байсан шанага газарт унасан. Тэр үед миний толгойноос цус гарч эхэлсэн бөгөөд би тэр үед М-д шанагаар толгойн дээрээ цохиулснаа мэдсэн юм. Уг үйл явдал их хурдтай болсон учраас би яг М-д шанагаар цохиулснаа нүдээрээ харж амжаагүй. Тухайн үед миний толгойноос гарсан цус тогтохгүй байсан учраас сумын эмнэлэгт очиж боолт хийлгүүлээд тэндээсээ аймгийн төвийн эмнэлэгт ирсэн юм. Миний толгойд 1 удаа шанагаар цохисон. Хохирлын 100.000 төгрөгийг бүгдийг нь бэлнээр М надад төлж барагдуулсан. Би М-д гомдолгүй...” гэжээ. /хх-ийн 11-13/

Гэрч Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2020 оны 05 дугаар сарын 24-ний өдөр манай гэрийнхэн гэртээ байж байтал оройн 19 цагийн орчим гаднаас манай хамаатны ах М бага зэргийн архи уучихсан орж ирээд өдөр нь надтай маргалдсан асуудлаасаа болоод намайг ална гээд бахираад гал тогооны шүүгээн дээр байсан шанага авахад нь манай ээж М ах руу очиж шанагыг нь авах гэж байгаад толгойн тус газартаа цохиулсан юм. Тэгээд ээжийн толгойноос цус гараад цус нь тогтохгүй болохоор эмнэлэгт очиж .......... эмнэлгийнхэн ээжийн толгойд 2 оёдол тавиад аймгийн эмнэлэгт хүргэж өгсөн...” гэжээ. /хх-ийн 15/

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 403 тоот дүгнэлтэд:                                                           

1. Э-н биед хуйханд зулайн орой хэсгийн няцарсан шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл.

3. Дээрхи гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн 19-20/

 

Шүүгдэгч М мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...2020 оны 05 дугаар сарын 24-ний өглөө 09 цагийн орчим би ............ сумын ... дугаар баг .........ийн ......дугаар гудамжинд өөрийн найз Ө, Б нартай цуг машин засаж байсан юм. Тэр үед миний үеэл дүү Б надтай ирж уулзаад “та манай нөхрөөс авсан мөнгөө өгөөгүй байна лээ” гэж намайг загнаад, найзуудын маань дэргэд “муу луйварчин” гэж доромжилсон. Тухайн үед би Б хэрүүл хийгээгүй дуугүй доромжлуулаад өнгөрсөн. Тэгээд өдөр 14 цагийн орчим Хэрлэн голын эрэг дээр архи ууж байгаад 19 цагийн орчим хүүхдүүдээ авахаар нагац эгч Э-н гэрт  нь халамцуу байдалтай очсон юм. Тухайн үед Э эгчийн охин Б зурагт үзээд сууж байхаар нь би өдөр доромжлуулснаа бодоод “Чи яагаад ахыгаа олон хүмүүсийн дэргэд луйварчингаар нь дуудаж байгаа юм” гэж хэлсэн. Тэр үед манай дүү Б миний өөдөөс “Тэгэхгүй яадаг юм, угаасаа луйварчин байж” гэж дахин намайг эгчийн маань дэргэд доромжлохоор нь уурлаад тэсэхгүй аяганы шүүгээн дээр байсан шанага аваад Б-г цохих гээд далайж гараараа савсан. Тэр үед нагац эгч Э охиныхоо урдуур ороод ирсэн ба би гараа савсан чигээрээ Э эгчийн толгойг нь шанагаар онож цохисон...” гэжээ. /хх-ийн 25-27/

Эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 07/

Эд зүйлд үзлэг хийж, эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-ийн 08/

Дорнод аймгийн ............. сумын ..-р багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн29/

           М-н иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /хх-ийн 28/

Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 30/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 31/ болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.

 

Эрүүгийн ..........................дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн мөнгөлөг цагаан өнгөтэй төмөр шанага 1 ширхгийг шүүх хуралдаанд шинжлэн судлав.

 

Шүүгдэгч М нь согтуурсан үедээ 2020 оны 05 дугаар сарын 24-ний өдөр 19 цагийн орчимд Дорнод аймгийн .................сумын ..... дугаар баг .......ийн .......... тоотод Б-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдах явцдаа хохирогч Э-н толгойн тус газарт нь шанагаар цохиж, түүний  хуйханд орой хэсгийн няцарсан шарх гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн гэмт хэргээ хүлээсэн “...уурлаад  шүүгээн дээр байсан шанага аваад Б-г цохих гээд далайж гараараа савсан чинь нагац эгч Э охиныхоо урдуур орж ирээд би гараа савсан чигээрээ Э эгчийн толгойг нь шанагаар онож цохисон...” гэх мэдүүлэг, шүүгдэгчийн мэдүүлгийн давхар нотолсон мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн хохирогч Э  “...би охин Б-н урдуур ороод М-с шанагыг нь булааж авах гэтэл миний толгой дээр цохих шиг болсон бөгөөд М гарт байсан шанага газарт унасан...” гэх, гэрч Б-н  “...манай ээж М ах руу очиж шанагыг нь авах гэж байгаад толгойн тус газартаа цохиулсан юм...” гэх мэдүүлэг, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 403 тоот дүгнэлт, эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл, эд зүйлд үзлэг хийж, эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.       

Шүүгдэгч М нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан хүний эрүүл мэндэд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хохирол, хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.

Шүүгдэгч М-н үйлдлийн улмаас хохирогч Э-н хуйханд зулайн орой хэсгийн няцарсан шарх гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан болох нь Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 403 тоот дүгнэлтээр тогтоогдож байх бөгөөд дээрх шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг гаргасан учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлэв. 

 Шүүгдэгч М-д холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Дорнод аймгийн Прокурорын газрын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч М хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Шүүхээс шүүгдэгч М хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч М нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ... прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан ба шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгчид 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан бөгөөд  шүүхээс шүүгдэгч М гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, эрхэлсэн тодорхой ажилтай, тогтмол орлоготой зэрэг хувийн байдал, хохирогчид төлөх төлбөргүй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгчийн хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэх нь гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзэв.

Шүүгдэгч М үйлдлийн улмаас хохирогч Э-н эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд хохирогч Э мөрдөн шалгах ажиллагааны шатанд “...хохирлын 100.000 төгрөгийг бүгдийг нь бэлнээр М надад төлж барагдуулсан. Би М-с ямар нэг мөнгө нэхэмжлэхгүй, надаас уучлалт гуйсан учраас  би түүнд гомдолгүй...” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч М бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгч М нь “Шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлт гаргасан тул  Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар түүнийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн мөнгөлөг цагаан өнгөтэй төмөр шанагыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч М нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчийн  ...................... регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх нь зүйтэй байна.

 

Монгол Улсын  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр  зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч М Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч  М 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

                             

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М  хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4.  Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нэг ширхэг төмөр шанагыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч М нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн ................. регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болцогц Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.  

 

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч М-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          П.ПАГМА