Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 30 өдөр

Дугаар 235

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма даргалж

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хэрлэн

Улсын яллагч Ч.Мөнхзул

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Энхтуяа

Шүүгдэгч М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ч.Мөнхзулаас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М холбогдох эрүүгийн ..................... дугаартай хэргийг 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1980 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Дорнод аймгийн ......... суманд төрсөн, .... настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эцгийн хамт Дорнод аймгийн ..... сумын ........ дүгээр баг .........н ......... тоотод оршин суух, гавьяа шагналгүй, урьд Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн 2008 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 69 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар 253 цагийн албадан ажил хийлгэх ялаар, мөн Сум дундын 10 дугаар шүүхийн 2015 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 106 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2-т зааснаар 3 сар 5 хоногийн баривчлах ялаар тус тус шийтгүүлж байсан, М /РД:................../.

Шүүгдэгч М нь 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдөр 23 цагийн орчим “…........” маркийн …….... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн үнэмлэхгүй, согтуурсан үедээ жолоодон Дорнод аймгийн Хэрлэн сумын ….. дүгээр багийн нутаг .........төв уулзвар зам дээр замын хөдөлгөөнд оролцож байхдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.2а-д заасан “замын хөдөлгөөний тухай Венийн конвенцид нийцсэн жолоодох эрхийн хүчинтэй үнэмлэх байна”, мөн дүрмийн 3.7 а-д заасан “жолооч согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно...” 3.4 б-д заасан “хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх”, 12.3-д заасан “...Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, мөн дүрмийн 15.9-д заасан “Гол ба туслах замын уулзварт туслах замаар яваа жолооч гол замаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэх заалтуудыг тус тус зөрчсөний улмаас жолооч С-н жолоодож явсан “…..............” маркийн ….......... улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж жолооч С-н эрүүл мэндэд хүндэвтэр, С-н эзэмшлийн “….......” маркийн ….......... улсын дугаартай тээврийн хэрэгслийн эвдрэлийн шууд зардалд 2.025.000 төгрөг, шууд бус зардалд 491.600  төгрөг нийт 2.516.600 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдаанд дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч М шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв, нэмж ярих зүйл байхгүй” гэв. 

Хохирогч С мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2020 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн орой 23 цагийн орчимд “..............” хотхоны зүүн талын уулзвар дээр зүүнээс баруун чиглэлд явж байхад баруун гар талаас нилээн зайтай машин ирж байгаа бололтой гэрэл харагдаж байсан. Ингээд уулзвар ороход уг машин яах ийхийн зуургүй машинд ирээд тулсан учраас тормоз дараад зогссон боловч машины маань баруун талаас мөргөсөн. Ингээд хэсэг зуур ухаан алдаад сэрэхэд машин замаас гарчихсан станцын зүг харсан байдалтай зогссон байсан бөгөөд ойрхон цагдаа байсан бололтой ирчихсэн байсан. Цагдаа нар хэргийн газарт үзлэг хийсний дараа машинаа Б гэдэг найзынхаа хашаанд тавиад эмнэлэг явсан. Эмнэлэгт очоод үзүүлсэн чинь баруун чихний омогт хоёр оёдол тавьж, баруун гарны эгэмний холбоос тасарсан байна гэсэн онош тавьсан. Би тухайн үед эхнэр Г-тай хамт явж байсан бөгөөд манай эхнэрт гэмтэл учраагүй доргилттой байсан. ...Машин засах болон эмчилгээний зардалд 3.500.000 төгрөг болсон. Уг зардлыг нэхэмжилнэ. ...М  надад бэлэн 500.000 төгрөг өгч, 3.000.000 төгрөгт нь машин авсан тул гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй ...Хохирлоо тохиролцож хохиролгүй болсон...” гэжээ.  /хх-ийн 55-58, 101/

Иргэний нэхэмжлэгч Г мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...би 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 23 цагийн орчимд нөхрийнхөө хамтаар Хэрлэн сумын 1 дүгээр баг “...............”-ны уулзвараар гарч байхад хойд талаас машин ирж мөргөсөн юм. Ингээд манай нөхрийн баруун гарын эгэмний холбоост гэмтэл учирч машины эд ангиуд гэмтсэн юм. Тухайн жолооч согтуу байсан бөгөөд ойрхон цагдаа байсан болохоор шууд хүрээд ирсэн юм. Ингээд нөхрийнхөө хамтаар эмнэлэг явсан. Миний хувьд гомдол, санал нэхэмжлэх зүйлгүй...” гэжээ. /хх-ийн 59-61/

Гэрч Г мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2020 оны 05 дугаар сарын 04-ний өдөр 13 цагийн үед О уулзаад бид хамт архи уусан юм. Тэгээд 17 цаг өнгөрч байхад найз О таксинд суулгаж өгөөд гэрлүүгээ харих гэж байгаад зүс таних Х, А хоёртой тааралдсан. Тэгээд намайг М гэрлүү очьё гэхээр нь би хамт явсан. М гэрт очоод гэрийнхээ гадаа машин дотор нь М , Х , А бид 4 нэг шил архи хувааж уусан. Тэрнээс хойш би юу болсон талаар мэдэхгүй, санахгүй байна. Нэг мэдсэн чинь хажууд цагдаа сууж байсан. М хашааны гадаа сууж байснаа л санаж байна, өөр юу ч санахгүй байгаа юм. Би М машины ар талын суудлын голд суугаад явж байснаа санаж байна. М жолоон дээрээ сууж байсан. Миний биед гэмтэл учраагүй...” гэжээ. /хх-ийн 62/

Гэрч А  мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...М ахын гэрийн гадаа нь Хараа нэртэй архи хувааж уусан. Тэгээд М ах, Г эгч бид гурав айл руу явах гээд хөдөлсөн. .......... замаар ертөнцийн зүгээр урагш явахад ......... хойд талын 4 замын уулзвар дээр гэнэт аваар болчихсон. Тэгээд байж байтал цагдаа удалгүй ирсэн. Цагдаа нар ирээд хэмжилт хийгээд жолооч болон намайг үлээлгэсэн. Машиныг М жолоодож явсан. Надад ямар нэгэн гэмтэл учраагүй би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй...” гэжээ. /хх-ийн 63/

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 364 тоот дүгнэлтэд:

1. С биед баруун мөрний үений эгэм далны холбоосны бүрэн тасрал, баруун чих орчмын зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл.

3. Дээрхи баруун мөрний үений эгэм далны холбоосны бүрэн тасрал гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна, бусад гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн 38-39/

 

Дорнод аймгийн Цагдаагийн газрын Замын Цагдаагийн тасгийн техникийн шинжээчийн 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн дүгнэлтэд:

            Хариулт-1: Цагдаагийн байгууллагын нэгдсэн системээс С-н /.................. / регистрийн дугаараар лавлагааг авахад В ангиллын ............. дугаартай хүчинтэй үнэмлэхтэй байна.

            Цагдаагийн байгууллагын нэгдсэн системээс М-н /.................... / регистрийн дугаараар лавлагааг авахад ВССЕ ангиллын ................. дугаартай 2019 оны 04 дүгээр сарын 06-наас 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр хүртэл 1 жил эрх хасагдсан байх тул тээврийн хэрэгслийн жолоо барих эрхгүй гэж үзнэ.

            Хариулт-2: ........... маркийн ............. улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдөр, ........... маркийн .............. улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 2020 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Дорнод аймаг дахь Цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч Ч.Улзын хийсэн үзлэгээр тухайн тээврийн хэрэгсэл нь техникийн хувьд бүрэн, замын хөдөлгөөнд оролцох боломжтой гэсэн тэмдэглэл зэргээс үзэхэд уг тээврийн хэрэгсэл нь техникийн хувьд бүрэн байх үндэслэлтэй байна.

            Хариулт-3: Жолооч С  нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн зүйл заалт зөрчөөгүй байна. Жолооч М нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.2а  “Жолооч нь замын хөдөлгөөний Венийн конвенцид нийцсэн жолоодох эрхийн хүчинтэй үнэмлэхтэй байна”, 3.7.а “Жолооч согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно”, 3.4.б “хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх”, 12.3. “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, 15.9 “Гол ба туслах замын уулзварт туслах замаас яваа жолооч гол замаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн дүрмийн заалтуудыг тус тус зөрчсөн байна.

            Хариулт-4: Жолооч М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөний дүрэмд заасан туслах замаар яваа тээврийн хэрэгсэл нь гол замаар яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгөөгүйн улмаас зам тээврийн осол гарах шалтгаан болсон байна гэж үзэв.

            Хариулт-5: Асуултанд дурьдагдаагүй нөхцөл байдал байхгүй байна гэжээ. /хх-ийн 67-68/

 

М мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...Г, А хоёрыг хүргэж өгөх гээд ...........замаар урагшаа ............ маркийн тээврийн хэрэгсэлтэйгээ явж байхад зүүн талаас баруун чиглэлд нэг машин 4 замын уулзварт ойртож байхаар нь амжаад гарчихна гэж бодоод чигээрээ явсан боловч уг машиныг мөргөж зам тээврийн осол гаргасан...” гэжээ. /хх-ийн 81-83/

 

            Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 11-15/

            Зам тээврийн ослын схем зураглал /хх-ийн 16/

            Зам тээврийн осол дээр тогтоосон акт /хх-ийн 17/

            Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 18-19/

Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-ийн 28-29/

Цагдаагийн газрын жолоочийн эрхийн тодорхойлолт /хх-ийн 34/

“Вендо” ХХК-ийн авто машин техникийн үнэлгээний тайлан /хх-ийн 46-52/

Б гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 64-65/

М иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /хх-ийн 86/

Хэрлэн сумын ....-р багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 87/

М эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хх-ийн 89/

Хохирол барагдуулсан талаарх тодорхойлолт /хх-ийн 101/

Мөнгөн шилжүүлгийн баримт /хх-ийн 100/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 90, 92-99/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.

                                                  

Шүүгдэгч М нь 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдөр 23 цагийн орчимд ..........маркийн ........улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн үнэмлэхгүй, согтуурсан үедээ жолоодон Дорнод аймгийн Хэрлэн сумын ...... дүгээр багийн нутаг ..........төв замын уулзвараар замын хөдөлгөөнд оролцож байхдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.2 а-д заасан “Замын хөдөлгөөний тухай Венийн конвенцид нийцсэн жолоодох эрхийн хүчинтэй үнэмлэх байна”, мөн дүрмийн 3.7 а-д заасан “Жолооч согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно”, 3.4б-д заасан “Хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх”, 12.3-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, 15.9-д заасан “Гол ба туслах замын уулзварт туслах замаар яваа жолооч гол замаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэх заалтуудыг тус тус зөрчсөний улмаас жолооч С-н жолоодож явсан ............маркийн ........... улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж жолооч С-н  эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, түүний өмчлөлийн тээврийн хэрэгслийн эвдрэлийн шууд зардалд 2.025.000 төгрөг, шууд бус зардалд 491.600 төгрөг, нийт 2.516.600 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн шүүх хуралдаанд болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн хохирогч С , иргэний нэхэмжлэгч Г , гэрч Г , А, Б нарын мэдүүлэг, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 364 тоот дүгнэлт, Дорнод аймгийн Цагдаагийн газрын Замын Цагдаагийн тасгийн техникийн шинжээчийн 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн дүгнэлт, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, зам тээврийн ослын схем зураглал, зам тээврийн осол дээр тогтоосон акт, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, Цагдаагийн газрын жолоочийн эрхийн тодорхойлолт, “Вендо” ХХК-ийн авто машин техникийн үнэлгээний тайлан болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.    

 

Эрүүгийн ..................................... дугаартай хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Шүүгдэгч М нь хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаж, түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгджээ.

Шүүгдэгч М нь хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, С-н  биед баруун мөрний үений эгэм далны холбоосны бүрэн тасрал, баруун чих орчмын зүсэгдсэн шарх гэмтэл буюу эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан болох нь Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 364 тоот дүгнэлт, Цагдаагийн газрын Замын Цагдаагийн тасгийн техникийн шинжээчийн 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн дүгнэлтээр тус тус нотлогдон тогтоогдож байх бөгөөд дээрх шинжээчийн дүгнэлтүүд хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг хийж гаргасан учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлж шийдвэрлэв. 

Шүүгдэгч М холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч М Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасан согтуурсан үедээ, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Шүүгдэгч М үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасан гэмт хэрэг нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж, зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар хуульчлагдсан ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон” гэмт хэрэг байх тул хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна.

 

Иймд шүүгдэгч М хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирол, хор уршгийг төлж барагдуулсан, бусдад төлөх төлбөргүй, хохирогч С нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэх нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар шүүгдэгч М тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан оршин суугаа газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэх нь гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзлээ.

Шүүгдэгч М нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасан гэмт хэрэгт тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг заавал хасахаар хуульчилсан байх тул гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, цаашид гарч болзошгүй үр дагавар зэргийг харгалзан шүүгдэгч М тээврийн хэрэгслийг жолоодох эрх хасах нэмэгдэл ялын хугацааг 1 жилийн хугацаагаар тогтоолоо.

М үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч С эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, түүний өмчлөлийн …........... маркийн ............ улсын дугаартай тээврийн хэрэгслийн эвдрэлийн шууд зардалд 2.025.000 төгрөг, шууд бус зардалд 491.600 төгрөг, нийт 2.516.600 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хохирогч С нь мөрдөн шалгах ажиллагаанд “...М надад учирсан 3.500.000 төгрөгийн хохиролд 500.000 төгрөгийг бэлэн өгч, 3.000.000 төгрөгт нь ......... улсын дугаартай …....маркийн тээврийн хэрэгсэл өгч намайг хохиролгүй болсон. Иймд надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн тодорхойлолтыг гаргасан болох нь хавтаст хэрэгт цугларсан “Вендо” ХХК-ийн авто машин техникийн үнэлгээний тайлан /хх-ийн 46-52/, хохирол барагдуулсан талаарх тодорхойлолт /хх-ийн 101/, мөнгөн шилжүүлгийн баримт /хх-ийн 100/ зэрэг нотлох баримтаар тогтоогдож байх тул шүүгдэгч М бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч М нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч С нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.

Монгол Улсын  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч М Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасан согтуурсан үедээ, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар шүүгдэгч М тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/  жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч М  тэнссэн 1 /нэг/ жилийн хугацаанд оршин суугаа газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан этгээдэд хяналт тавихыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

             5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч М нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч С нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн .......... регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч М авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

            7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             П.ПАГМА