Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 08 сарын 17 өдөр

Дугаар 745

 

 

 

 

 

 

 

   2020          08              17                                       2020/ШЦТ/745

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Одончимэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Будхүү,

улсын яллагч Д.Үүлэн,

хохирогч С.Н, түүний өмгөөлөгч У.Хүрэлсүх,

шүүгдэгч Ц.Б, түүний өмгөөлөгч Л.Ганцэцэг,

шүүгдэгч Е.Ц, түүний өмгөөлөгч Ц.Баасанжаргал нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

              

Баянгол дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар Е овогт Ц-н Б, мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар Б овогт Е-н Ц нарт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн **** дугаартай хэргийг 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *** оны 02 дугаар сарын 19-ний өдөр Дорнод аймагт төрсөн, 47 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Хан-Уул дүүргийн ** дугаар хороо, Сонгины ** дүгээр гудамжны *** тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /регистрийн дугаар ****/, Е овогт Ц-н Б.

 

Монгол Улсын иргэн, *** оны 05 дугаар сарын 01-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 42 настай, эрэгтэй, дээд боловсролтой, цахилгааны инженер мэргэжилтэй, “**и” ХХК-д ерөнхий инженер ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн ** дүгээр хороо, ** дүгээр хороолол, Нарны зам гудамжны ** дугаар байрны ** тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /регистрийн дугаар **/, Б овогт Е-н Ц.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ц.Б нь  согтуугаар 2020 оны 03 дугаар сарын 21-ний шөнө 02 цагийн орчим Баянгол дүүргийн 5 дугаар хороо, “**” зочид буудлын *** тоот өрөөнд хохирогч С.Н-тай маргалдаж, улмаар түүнийг зодож, эрүүл мэндэд нь уруулд язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, эрүүнд няцарсан шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

 

Шүүгдэгч Е.Ц нь согтуугаар 2020 оны 03 дугаар сарын 21-ний шөнө 02 цагийн орчим Баянгол дүүргийн 5 дугаар хороо, “***” зочид буудлын *** тоот өрөөнд хохирогч С.Н-тай маргалдаж, улмаар түүнийг зодож, эрүүл мэндэд нь үүдэн дээд баруун 1 дүгээр шүд, зүүн 1,2 дугаар шүдний булгарал, хоншоор яс, хатуу тагнай дайрсан сэтэрсэн хугарал, баруун чихэнд няцарсан шарх бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Б мэдүүлэхдээ:

“...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Е.Ц мэдүүлэхдээ:

“...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч С.Н мэдүүлэхдээ: “...2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 20 цагийн үед манай байгууллагад ажиллаж байсан нэг найз пабад сууж байна, хүрээд ир гэж хэлсэн. Тухайн үед цалин буусан байсан. Би гэрээсээ гарахаасаа өмнө Ц байгаа юу гэж асуухад байхгүй гэхээр нь за тэгвэл би яваад очъё гэж хэлсэн. Би Цтай харьцдаггүй байсан. Нэг өдөр Ц ах хоолонд орж байхдаа намайг хамтлагийнхан руугаа яв гэх мэтээр надад дургүйгээ илэрхийлдэг байсан юм. Тэгээд бид 10 дугаар хорололд байдаг буудал руу орсон. Хамт ажилладаг нэг хүн маань бид нарын байсан буудлын хажуу талын өрөөнд байсан. Ц ах хажуу өрөөрүү орж гараад байсан. Хэрэг гарах үед намайг хэн цохисон бэ гэдгийг хараагүй. Учир нь намайг гэнэт цохьсон. Шүүгдэгчийн өмгөөлөгч миний мэдүүлгийг зөрүүтэй гэж хэлээд байсан. Би хэрэг гарсан орой нь гэртээ хариад эхнэртээ “Ц намайг цохьсон” гэж хэлсэн байдаг. Харин хэрэг гарах үед юу болсон талаар санахгүй байна гэж хэлээгүй. Хэрэг гарах үед намайг архины шилээр хэн цохисоныг мэдэхгүй байна. Гэхдээ хүнээс асуухад Б ах цохьсон гэж хэлсэн. Би тухайн буудалд Ц ахтай муудалцаж байсан ба намайг Ц цохьсон. Би арагш ор руу унасан. Тухайн үед миний бүрмэл 2 шүд унасан. Би босч ирэхдээ шүдээ атгаад босоод ирсэн гэдгээ санаж байна. Гэтэл Ц ах над руу заагаад хиймэл шүдтэй юм байна гэж хэлээд инээж байсан. Ц ах над руу “одоо ална” гэж хэлээд дайрсан. Мөн миний өмсөж байсан куртикийг урсан. Энэ үйл явдлыг хамт явж байсан хүмүүс харсан. Би Ц ахад одоо болъё, би явъя гэж хэлсэн. Би маш олон эмнэлэгт үзүүлсэн. Эмчилгээ хийх боломжтой эмнэлэг нь Оргил мед эмнэлэг байсан. Би нийт 4 шүд янзлуулах шаардлагатай байгаа. Эмчилгээний зардал урьдчилсан байдлаар нийт 7.700.000 төгрөг болно гэж хэлсэн. Иймд би 7.700.000 төгрөг нэхэмжилж байна. Б ахын  үйлдлийн улмаас язарсан шархаа гоо сайхны эмнэлгээр янзлуулахад хэдэн төгрөгийн зардал гарах талаар лавлахад гүн сорвитой байна, лазер эмчилгээ хийлгэхгүй бол арилахгүй гэж хэлсэн. Миний хохирол төлбөрийг барагдуулсан тохиолдолд гомдол, санал байхгүй...” гэв.

 

Мөн хавтаст хэргээс мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүгдэгч болон хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтуудаас:

 

хохирогч С.Н-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэгээд сууж байтал гэнэт зүүн талаас зүүн талын эрүү уруулын доод хэсэг рүү цохисон. Би амаа дартал амнаас цус гараад би угаалгын өрөө рүү орж цусаа угаачихаад угаалгын өрөөнөөс гараад иртэл Ц инженер гарч ирж байсан. Өрөөнд орж ирээд өмнө Оюу-толгойд ажиллаж байхад хэлдэг байсан үгээ хэлж чи энд юу хийж байгаа юм бэ, яв хариач гээд байсан. Би тэр үед та надад яагаад ийм дургүй юм бэ гэж хэлж байсан, мөн урьд нь уг компанид ажиллаж байхад та намайг ажлын үзүүлэлтээр авах байсан урамшуулалын читоныг өгөөгүй өөр хүнд өгсөн байсан гэж ярихад Ц инженер уурлаад над руу дайрч миний нүүр лүү гараараа нилээд олон удаа толгой, нүүр, нуруу руу өшиглөхөд нь би газар унасан. Тэр үед миний шүд унах явц энэ хоёр хүний аль алиных нь нөлөө байгаа архины шилээр Б ах цохих үед шүд сулраад, дараа нь Цыг цохих үед унасан гэж үзэж байгаа. Б ах архины шилээр нүүрэн тус газар цохих үед болон Ц гараар нүүр, толгой руу өшиглөж гараар цохих үед шүдэнд уг гэмтлүүд үүссэн, Б шилээр цохих үед эрүү уруулын язарсан шарх үүссэн ба цохиулсан даруй эрүү уруул язарч цус гарч байсан. Баруун чихний няцарсан шархыг Ц толгой руу өшиглөх үед үүссэн...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 12-15, 22-25-рт/,

 

гэрч Г.О-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 22 цаг өнгөрч байхад 8 хүн орж 2 өрөө аваад хэсэг байж байгаад явчихна гэж хэлсэн. Хэсэг хугацааны дараа дахин хүмүүс ирээд уг өрөөнд орно гэхээр нь оруулахгүй гэхэд дахин нэг өрөө нэмж аваад орсон. 01 цаг өнгөрч байхад дээр өрөөнд хүмүүс бужигналдаад байна гэж сонсоод харуулыг дуудаад 3 давхрын өрөө рүү орох гэж байтал уг өрөөнд орсон хүмүүстэй хамт орж ирсэн нэг өндөр эрэгтэй, намхан эрэгтэй хоёр явж байхаар нь та энэ хүмүүсийг хариуцдаг уу гэхэд яасан бэ гэж хэлэхээр нь би хамт өрөөнд ороод хонох хүмүүсийг нь хонуулаад бусад хүмүүсийг нь тарааж явуул гэхэд хамт өрөө рүү оръё гээд уг өндөр нүдний шилтэй ах болон хамт явж байсан залуугийн хамт бид нар 301 тоот өрөөнд орох гэтэл хаалгаа тайлж өгөхгүй байхаар нь өндөр нүдний шилтэй ахтай хүчээр хаалгыг нь түлхээд явж орсон. Тэгтэл өрөөний орны хажуу тал цус болсон нэг өндөр хөгшин ах болон зодуулсан гэх залуу хоёр 2 ортой өрөөний бие засах өрөөний талаас босож ирсэн. Өрөөнд байсан 2-3 залуучууд нь наад талд нь зогсоод алив босоод ир гээд зогсож байсан. Надтай хамт өрөөнд орсон нүдний шилтэй ах та нар юу болоод байгаа юм одоо гар гэж хэлээд хүмүүсээ тарцгаа гээд загнасан. Тэгтэл зодуулсан гээд байгаа залуу шууд хүрч ирээд нөгөө нүдний шилтэй надтай хамт явж байсан ахын шанаа руу нь үсрээд цохисон тэгтэл нүдний шил нь газар унасан. Зодуулсан гээд байгаа залуугийн хамар, баруун талын чихнээс цус гоожсон, баруун талын чих нь тэр чигтээ цус болсон, нүүр нь нилээд цус болсон байдалтай байсан. Харин зууралдаад босож ирж байгаа настайдуу туранхай өндөр эрэгтэй бас байсан. Харин надтай хамт өрөөнд ороод яв та нар тар гээд загнаж байсан нүдний шилтэй өндөр ахыг зодуулсан гэх залуу үгийн зөрөөгүй шанаан тус газар нь цохиод авахад тэр ах уурлаад зууралдаж тэр хоёр маргалдаад байсан...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 31-33-рт/,

 

гэрч Б.Е-ны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 3 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих оройн 22 цаг өнгөрч байхад 8 хүн 2 өрөө аваад орсон. ...Өрөөнд орох гээд хаалгыг нь тогштол хаалга онгойлгоогүй учир ресепшн гадна талын хаалгыг түлхэж онгойлгоод бид нар хамт дотогшоо ортол өрөөнд зодоон болсон бололтой сандал энд тэндгүй ширээний хөл хугарсан ширээн дээр байсан зүйлүүд нь газраар унасан орны хөнжил даавуу цус болсон байдалтай байсан ба нэг туранхай залуу, настайдуу туранхай эрэгтэй хүнтэй барилцаад авсан наад талд нь 2,3 эрэгтэй нь боль гэж хэлээд зогсож байсан. Өрөөнд ортол нүдний шилтэй залуу тэд нарыг салгаж болиулаад тар яв гэж загнахад чихний орчимоос нь цус гарсан нүүр нь цус болсон залуу уг залууг цохиод авсан тэгээд тэр хоёр барилцаж аваад бие биенээ цохих гэхэд нь болиулаад салгасан...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 34-35-рт/,

 

гэрч Ж.У-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 3 дугаар сарын 20-ны өдөр ...Наранбаяр, Б ахтай ууж зэрэгцээд сууж байхдаа яг юунаас болсныг мэдэхгүй, хоорондоо ажлын талаар ярилцаж байгаад хэрэлдээд байгаа ярилцаад байгаа нь мэдэгдэхгүй маргаад байсан. Тэгтэл Б ах ширээн дээр байсан 0,75 граммтай Болор архины шилийг аваад Наранбаярыг цохьсон.

Ц ах гаднаас орж ирээд тар гээд загнаж байсан. Ингэж байхдаа Н-тай бас маргалдаад тэр хоёр зууралдаад авахаар нь би дундуур нь ороод Ц ахаа одоо больчих гээд зууралдаж байхдаа куртикийг нь урчихсан чинь чи гарч бай гээд намайг өрөөнөөс гаргасан. Эргээд ороод иртэл Н-ын амнаас цус гарчихсан сууж байсан. Анх эхлээд Б ах архины шилээр нүүр лүү нь цохиход уруулын доод талын эрүү хэсгээр цус гарч байсан. Дараа нь өрөөнөөс гараад эргээд ороод иртэл ам нь нилэнхүйдээ цус болсон байсан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 39-41-рт/,

 

гэрч Э.Т-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 3 дугаар сарын 20-ны өдөр ... Б, Н-тай маргалдаж сууж байснаа ширээн дээр байсан Болор архины шилээр Н-ын нүүр лүү нэг удаа цохисон. Тэгтэл Н-ын амнаас цус урсаад гараад эхэлсэн. Ц ах Б ахыг чи яаж байгаа юм бэ гээд уурлаад зохицуулах гээд үг хэлтэл Н Ц ахыг чи муу бүдүүн пизда юу гээд байгаа юм гэж хэлээд тэр хоёр маргалдаад заамдалцаж аваад бие биенийхээ шанаа нүүр хэсэг рүү 2-3 харилцан цохилцсон...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 47-49-рт/,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...С.Н-ын биед 1 шүдний булгарал,  2 шүдний хугарал, уруулд язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, эрүүнд няцарсан шарх баруун чихэнд няцарсан шарх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн цохих цохигдох хүчин зүйлээр үүснэ. Хатуу мохоо зүйлд шил, гар аль аль нь ордог. Уг гэмтлийг шилээр болон гараар цохиж үүсгэснийг тогтоох боломжгүй. Уг гэмтлийн зэргийг харахад 3 удаагийн үйлчлэлээр үүснэ. Дээрхи асуудлаар асуусан шил болон гараар дээрхи гэмтлийг учруулсан болох эсэх тал дээр аль алинаар нь уг гэмтэл үүснэ. 1 шүдний булгарал 2 шүдний хугарал нь цохих цохигдох хүчин зүйлээр үүснэ...” гэх мэдүүлэг /1хх-ийн 83-рт/,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 3936 дугаартай дүгнэлтэд: 

1. С.Н-ын биед 1 шүдний булгарал, 2 шүдний хугарал, уруулд язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, эрүүнд няцарсан шарх, баруун чихэнд няцарсан шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ.

3. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заагдсанаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонги 5% алдагдуулна.

5. Дээрхи гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна гэжээ. /1-хх-ийн 53-54-рт/,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн *** дугаартай дүгнэлтэд: 

1. С.Н-ын биед үүдэн дээд баруун 1-р шүд, зүүн 1-р шүдний зулгарал, хоншоор яс, хатуу тагнай дайрсан сэлтэрсэн хугарал, уруулд язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, эрүүнд няцарсан шарх, баруун чихэнд няцарсан шарх гэмтэл учирчээ. Мөн үүдэн дээд зүүн дээд 2-р шүд гэмтлийн улмаас 4-р зэргийн хөдөлгөөн орж улмаар шүдийг “Оргил ван” ХХК-ийн шүдний эмнэлэгт эмнэлгийн нөхцөлд авсан байна. Уг зүүн дээд 2-р шүд нь тухайн үзлэг хийх үед гадна бүрээс унасан байх ба 2020 оны 03 дугаар сарын 28-ны өдөр уг шүд сурвалжийн оройгоор хугарсан, 4-р зэргийн хөдөлгөөн орсон учраас авсан байна.

2. С.Н-ын биед хоншоор яс, хатуу тагнай дайрсан сэлтэрсэн хугарал, үүдэн дээд баруун 1-р шүд, зүүн 1,2-р шүдний булгарал, уруулд язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, эрүүнд няцарсан шарх, баруун чихэнд няцарсан шарх гэмтэл учирсан байх ба дээрхи гэмтлүүд нь шинэ гэмтэл байна.

З.5. С.Н-ын биед учирсан дээрхи гэмтлүүд нь мохоо зүйлийн цохих, цохигдох хүчний олон удаагийн үйлчлэлээр үүсгэгджээ.

4. С.Н-ын биед учирсан үүдэн дээд баруун 1-р шүд, зүүн 1,2-р шүдний булгарал гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д заагдсанаар эрүүл мэндийг тогтонги 15% алдагдуулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. С.Нын биед учирсан хоншоор яс, хатуу тагнай дайрсан сэлтэрсэн хугарал гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. С.Н-ын биед учирсан уруулд язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, эрүүнд няцарсан шарх, баруун чихэнд няцарсан шарх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. С.Нын бусад шүднүүдийн талаархи үзүүлсэн эмнэлгийн бичиг баримт байхгүй байна гэжээ. /1хх-ийн 76-79-рт/,

 

Хохирлын баримтууд  /1-хх-ийн 145-рт/,

“Лазер мед” эмнэлгийн компьютер томографийн шинжилгээний хариу /1-хх-69-рт/,

Камерийн бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 174-179-рт/,

 

шүүгдэгч Ц.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 03 дугаар сарын 21-ний өдөр миний ажиллаж байсан “***” ХХК-ний төсөл дууссан гээд хурал Нарантуул худалдааны төвд 15 цагаас эхлээд 17 цаг хүртэл болоод тарсан. Хамт ажиллаж байсан хүмүүс маань эргэж уулзахгүй удна, нийлж хэсэг сууя гээд пиво бааранд орж хоол идээд 1 шил 750 граммтай вискиг 10 орчим хүмүүс хувааж уусан. Ингээд тэндээс гараад 5-6-лаа дахин жаахан сууя гээд бусад нь тараад би У, Н, Т, О нарын хамт *** зочид буудалд орж 1 өрөө түрээслэн авсан. Уг өрөөнд орохдоо замдаа дэлгүүрээс 2 шил 0.75 граммтай архи авсан байснаа өрөөнд орж хувааж уусан. Ингээд өрөөнд ороод архи уугаад сууж байснаа санаж байна. Би нилээд согтсон байсан учир сайн мэдэхгүй байна, юунаас болоод Н-тай маргалдсанаа санахгүй байгаа, нэг мэдсэн чинь Н-тай маргалдаад ширээний ард сууж байснаа ширээн дээр байсан архитай шилийг авч Н-н доод уруулын хэсэгт 1 удаа цохисон. Тэгтэл тэр хэсгийн арьс нь язраад цус гарсан.Тэгээд байж байтал Т, Ц хоёр орж ирээд тарцгаа гэж хэлээд Ц инженер Н-тай муудалцаад маргалдаад эхэлсэн. Яг юунаас болж маргалдаад муудалцсаныг би мэдэхгүй, заамдалцаад авчихсан бие биенийгээ цохиод байсан. Би тэр үед дундуур нь орж салгах гэхэд нэг нь та энд ороод хэрэггүй боль гар гээд намайг түлхээд өрөөнөөс гаргасан...” гэх мэдүүлэг /хх-н 201-203/,

 

шүүгдэгч Е.Ц-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний хувьд Наранбаярыг цохиж зодсон зүйл байхгүй. Бтай зодолдож байхад нь салгаад над руу дайрсан тэр үед нь би өөрийгөө хамгаалж цээж рүү нь гараараа түлхэх үед ор луу унасан. Тэр үед Н над руу агсарч дайраад миний толгой руу гараараа цохисон. Би тухайн үедээ толгой өвдөөд зүгээр болсон учир шүүх эмнэлэгт үзүүлээгүй өнгөрсөн. Намайг өрөөнд орох үед Н-ын амнаас нь цус гарсан, ор нь цус болсон, өрөөнд байсан ширээ нь нурсан тэр хавиар хамаг юм нь эмх цэгцгүй болсон байсан. Би Т-тай хамт өрөөнд орох үед Н орон дээр дээшээ хараад хэвтсэн, дээрээс нь Б гараад дараад суусан байсан. Тэнд байсан хүмүүс Н-г салгаад өрөөнөөс гаргах гэхэд над руу агсраад би ор луу түлхсэн, тэгэхэд тэнд байсан хүмүүс хориглосон учир би дахин гар хүрээгүй энэ талаар тэнд байсан хүмүүс хэлэх байх. Хүний хамар яс болон шүд нь унах хүртэл цохиж зодсон зодоон болоогүй харин тэр өрөөнд орох үед Бтай Н маргалдаж зодолдоод амнаас нь цус гарчихсан зодолдож байсан...” гэх мэдүүлэг /196-198/,

 

Шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болох:

- эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 85, 86-рт/,

- оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 88, 93-рт/,

- иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 89, 92-рт/,

- **** компанийн тодорхойлолт /хх-ийн 97-рт/ болон хэрэгт цуглуулж бэхжүүлсэн бусад нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үзэв.  

 

            Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Ц.Б нь  согтуугаар 2020 оны 03 дугаар сарын 21-ний шөнө 02 цагийн орчим Баянгол дүүргийн 5 дугаар хороо, “Шинэ өглөө” зочид буудлын 301 тоот өрөөнд хохирогч С.Н-тай маргалдаж, улмаар түүнийг зодож, эрүүл мэндэд нь уруулд язарсан шарх, зөөлөн эдийн няцрал эрүүнд няцарсан шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч Е.Ц нь согтуугаар 2020 оны 03 дугаар сарын 21-ний шөнө 02 цагийн орчим Баянгол дүүргийн 5 дугаар хороо, “Шинэ өглөө” зочид буудлын 301 тоот өрөөнд хохирогч С.Н-тай маргалдаж, улмаар түүнийг зодож, эрүүл мэндэд нь үүдэн дээд баруун 1 дүгээр шүд, зүүн 1, 2 дугаар шүдний булгарал, хоншоор яс, хатуу тагнай дайрсан сэтэрсэн хугарал, баруун чихэнд няцарсан шарх бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь:

 

хохирогч С.Н-ын шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Ц инженер уурлаад над руу дайрч миний нүүр рүү гараараа цохьсон ба нилээд олон удаа толгой, нүүр, нуруу руу өшиглөхөд нь би газар унасан. Миний шүд унах болсон шалтгаанд энэ хоёр хүний аль алиных нь нөлөө байгаа. Б ах архины шилээр нүүрэн тус газар цохих үед мөн Ц гараар нүүр, толгой руу өшиглөж цохих үед шүдэнд уг гэмтлүүд үүссэн. Б шилээр цохих үед эрүү уруулын язарсан шарх үүссэн ба цохиулсан даруй эрүү, уруул язарч цус гарч байсан. Баруун чихний няцарсан шархыг Ц миний толгой руу өшиглөх үед үүссэн....” гэх мэдүүлэг,

гэрч Г.О-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...зодуулсан гээд байгаа залуугийн /С.Н/ өрөөнд ороход хамар, баруун талын чихнээс цус гоожсон, баруун талын чих нь тэр чигтээ цус болсон, нүүр нь нилээд цус болсон байдалтай байсан...” гэх мэдүүлэг,

гэрч Б.Е-ны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...өрөө рүү явж ортол зодоон болсон бололтой сандал энд тэндгүй ширээний хөл хугарсан ор, хөнжил, даавуу цус болсон байдалтай байсан. Нэг туранхай залуу, настайдуу туранхай эрэгтэй хүнтэй барилцаад авсан наад талд нь 2,3 эрэгтэй нь боль гэсэн зогсож байсан...” гэх мэдүүлэг,

гэрч Ж.У-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Б ах ширээн дээр байсан 0,75 граммтай Болор архины шилийг аваад Наранбаярыг цохьсон. Ц ах гаднаас орж ирээд тар гээд загнаж байсан ба Н-тай маргалдаад тэр хоёр зууралдаад авахаар нь би дундуур нь ороод Ц ахаа одоо больчих гээд зууралдаж байхдаа куртикийг нь урчихсан чинь чи гарч бай гээд намайг өрөөнөөс гаргасан. Эргээд ороод иртэл Н-ын амнаас цус гарчихсан сууж байсан. Анх эхлээд Б ах архины шилээр нүүр лүү нь цохиход уруулын доод талын эрүү хэсгээр цус гарч байсан. Дараа нь өрөөнөөс гараад эргээд ороод иртэл ам нь нилэнхүйдээ цус болсон байсан...” гэх мэдүүлэг,

гэрч Э.Т-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Б, Н-тай маргалдаж байснаа ширээн дээр байсан архины шилээр Н-ын нүүр рүү нэг удаа цохьсон. Гэтэл Н-ын амнаас цус гарсан.  Тэгээд Наранбаяр, Ц хоёр маргалдаад заамдалцаж аваад бие биенийхээ шанаа, нүүр хэсэг рүү 2-3 харилцан цохилцсон...” гэх мэдүүлэг,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...С.Н-ын биед 1 шүдний булгарал,  2 шүдний хугарал, уруулд язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, эрүүнд няцарсан шарх баруун чихэнд няцарсан шарх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн цохих цохигдох хүчин зүйлээр уг гэмтэл үүснэ. Хатуу мохоо зүйлд шил гар аль аль нь ордог. Уг гэмтлийг шилээр болон гараар цохиж үүсгэснийг тогтоох боломжгүй. Уг гэмтлийн зэргийг харахад 3 удаагийн үйлчлэлээр үүснэ. Шил болон гараар дээрхи гэмтлийг учруулсан болох эсэх тал дээр аль алинаар нь уг гэмтэл үүснэ. 1 шүдний булгарал 2 шүдний хугарал нь цохих цохигдох хүчин зүйлээр үүснэ...” гэх мэдүүлэг,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 3936 дугаартай дүгнэлт

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 667 дугаартай дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт шүүгдэгч Ц.Б-ыг, мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт шүүгдэгч Е.Ц-ыг тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч Ц.Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн,

Шүүгдэгч Е.Ц-ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Иймд шүүгдэгч Е.Ц-ын өмгөөлөгч Ц.Б-н шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1-д заасны дагуу шүүгдэгч Е.Ц-ыг ялаас чөлөөлж өгнө үү...” гэх хүсэлтийг хүлээн авах үндэслэлгүй байна.

 

Шүүгдэгч Ц.Б болон түүний өмгөөлөгч нар гэм буруугийн талаар маргаж, мэтгэлцээгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Хохирлын талаар:

Хохирогч С.Н-ын эрүүл мэндэд хөнгөн, хүндэвтэр хохирол учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх болон бусад зайлшгүй зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу хор уршигт тооцогдох юм.

 

Хохирогч С.Н нь хавтаст хэрэгт нийт 651.171 /зургаан зуун тавин нэгэн мянга нэг зуун далан нэгэн/ төгрөгийн баримт гаргаж өгсөн ба шүүгдэгч Ц.Б, Е.Ц нар хохирогч С.Н-т тус бүр 350.000 /гурван зуун тавин мянган/ төгрөгийн хохирол төлсөн талаарх баримтаа шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн тул шүүгдэгч нар нь хавтаст хэрэгт авагдсан баримтын хүрээнд хохирол төлбөрийг төлсөн болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Хохирогч С.Н гэмт хэргийн улмаас учирсан хохирол болон цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжилнэ гэж мэдүүлсэн тул энэхүү гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Ц.Б, Е.Ц нараас жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ. 

 

Эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлт:

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Ц.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Е.Ц-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар 2000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.000.000 /хоёр сая/ төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг мөн гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, шүүгдэгч нар гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, цаашид гарах эмчилгээний зардлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн болон тэдгээрийн хувийн байдлыг харгалзан шүүгдэгч Ц.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянган/  төгрөгөөр торгох ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Е.Ц-т 1200 /нэг мянга хоёр зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.200.000 /нэг сая хоёр зуун мянган/ төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч нарт ял хөнгөрүүлэх болон ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 /нэг/ ширхэг сидиг хэрэгт хавсарган үлдээх нь зүйтэй байна.

 

            Хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Е овогт Ц-н Б-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч Б овогт Е-н Ц-ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай. 

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ц.Б-д 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянган/  төгрөгөөр торгох ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Е.Ц-т 1200 /нэг мянга хоёр зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.200.000 /нэг сая хоёр зуун мянган/ төгрөгөөр торгох ял тус тус оногдуулсугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Ц.Б-д оногдуулсан 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгийн торгох  ял,

Шүүгдэгч Е.Ц-т оногдуулсан 1200 /нэг мянга хоёр зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.200.000 /нэг сая хоёр зуун мянган/ төгрөгийн торгох ялыг 90 /ер/ хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тус тус тогтоосугай.  

 

4.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Ц.Б, Е.Ц нар торгох ялыг биелүүлэхгүй зайлсхийвэл торгох ялын 15 /арван тав/ нэгжийг 1 /нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг тус тус тайлбарласугай. 

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2-д зааснаар хохирогч С.Н нь гэмт хэргийн улмаас учирсан эмчилгээний зардал болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Ц.Б, Е.Ц нараас жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 /нэг/ ширхэг сидиг хэргийн хамт хавсарган үлдээсүгэй.

 

7. Хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Б, Е.Ц нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

                              ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                   Л.ОДОНЧИМЭГ