Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 116

 

2017 оны 02 сарын 17 өдөр     Дугаар 156/ШШ2017/00116    Хэнтий аймаг

        
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 156/2017/00004/И
Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Цэрэндулам даргалж, тус шүүхийн “Б” танхимд хийсэн хуралдаанд:
Нарийн бичгийн дарга: Н.Болор-Уянга оролцов.
Хэнтий аймгийн Дадал сумын 3 дугаар баг “Балж” гэдэг газар нутаглах, Хурган хуацай овогт Доржийн Тунгалагийн “ажиллаж байсан байдлыг тогтоолгох” хүсэлтийг 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, 2016 оны 12 дугаар сарын 20-нд иргэний  хэрэг үүсгэн  хянан  хэлэлцэв. 
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Хүсэлт гаргагч Д.Тунгалаг нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа: Би 1976 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн Хэнтий аймгийн Дадал сумын “Хөдөлмөр” нэгдэлд саальчнаар ажилд орсон. Миний хөдөлмөрийн дэвтэрт ажилд орсон болон ажлаас чөлөөлсөн тушаал бичигдсэн ч 1980 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Хэнтий аймгийн Дадал сумын “Хөдөлмөр” нэгдлийн “Онон” бригадад малчнаар ажиллаж байсан баримт байхгүй байна. Архиваас миний дээрх хугацаанд ажиллаж байх үеийн цалингийн тодорхойлолт олдсон тул шүүхээр дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоолгох хүсэлт гаргасан юм. 
Иймд 1980 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Хэнтий аймгийн Дадал сумын “Хөдөлмөр” нэгдлийн “Онон” бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг минь тогтоож өгнө үү гэжээ. (хх-ийн 1, 23 тал) 
Шүүх хуралдаанд хавтаст хэргээс бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Хүсэлт гаргагч Хурган хуацай овогт Доржийн Тунгалаг нь 1980 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Хэнтий аймгийн Дадал сумын “Хөдөлмөр” нэгдлийн “Онон” бригадад малчнаар 
ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасан байна. 
Шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж үзэв.
Хүсэлт гаргагч Д.Тунгалагийн хөдөлмөрийн дэвтэр нь зөрчилтэй тул аймгийн нийгмийн даатгалын хэлтэс нь тэтгэвэр тогтоолгох боломжгүй гэжээ.
Хүсэлт гаргагч нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасны дагуу өндөр насны тэтгэвэр тогтоолгох боломжгүй болсон байна. 
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Д.Тунгалаг нь ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргах эрхтэй байна.
Хүсэлт гаргагч СЙ-61041505 регистрийн дугаартай, Хурган хуацай овогт Доржийн Тунгалаг нь 1980 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1980 оны 05 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл, 1982 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1989 оны 10 дугаар сард Хэнтий аймгийн Дадал сумын “Хөдөлмөр” нэгдлийн “Онон” бригадад малчнаар ажиллаж байсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн доорх бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд: 
1. Гэрч Н.Жавзанхандын: ... Би 1984 оноос 1993 оныг хүртэл хугацаанд Хэнтий аймгийн Дадал сумын “Хөдөлмөр” нэгдэлд малчин, саальчнаар ажиллаж байсан ... Д.Тунгалаг нь 1976 оноос 1989 оныг хүртэл хугацаанд Хэнтий аймгийн Дадал сумын “Хөдөлмөр” нэгдлийн “Онон” бригадад малчин, саалчнаар ажиллаж байсан. ...  гэсэн мэдүүлэг. (хх-ийн 26-27 тал)
2. Хөдөлмөрийн дэвтэрт: Д.Тунгалагийн ... 1976 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Хөдөлмөр нэгдлийн Онон бригадад саалчнаар томилсугай ... 1993 оны 12 дугаар сарын 25-ны өдөр зохион байгуулалт өөрчлөгдсөн учир малчнаас чөлөөлөв ... гэжээ. (хх-ийн 3-13 тал) 
3. Хэнтий аймгийн архивын цалингийн тодорхойлолтод: Хүсэлт гаргагч Д.Тунгалагийн 1980 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1980 оны 05 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл, 1982 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1989 оны 10 дугаар сард авч байсан цалинг он, сараар нь бичсэн байна. (хх-ийн 15 тал) 

4. Монгол улсын иргэний үнэмлэхийн хуулбарт: Хурган хуацай овогт Доржийн Тунгалаг, 1961 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр төрсөн, СЙ-61041505 регистрийн дугаартай гэжээ. (хх-ийн 17 тал)
5.Хүсэлт гаргагч Д.Тунгалагийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, (хх-ийн 23 тал) зэрэг болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасныг баримтлан хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлэв.
Хүсэлт гаргагч Д.Тунгалаг нь өөрийнхөө эзгүйд шүүх хуралдаан хийлгэх хүсэлтийг шүүхэд гаргасан байна. (хх-ийн 27 тал)
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар түүнийг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэв. 
Хүсэлт гаргагч Д.Тунгалагийн 1980 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1980 оны 05 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл, 1982 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1989 оны 10 дугаар сард Хэнтий аймгийн Дадал сумын “Хөдөлмөр” нэгдлийн “Онон” бригадад малчнаар ажиллаж байсан болох нь дээрх бичгийн нотлох баримтуудаар нотлогдон, тогтоогдсон тул ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна. 
Харин 1980 оны 6, 7, 8, 9, 10, 11, 12 дугаар саруудад,  1989 оны 1,2,3,4,5,6,7,8,9,11,12 дугаар саруудад Хэнтий аймгийн Дадал сумын “Хөдөлмөр” нэгдлийн “Онон” бригадад малчнаар ажиллаж байсан талаарх бичгийн нотлох баримтуудаа шүүхэд ирүүлээгүй байна. Иймд дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлгүй байна. 
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйл, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан хүсэлт гаргагч СЙ-61041505 регистрийн дугаартай, Хурган хуацай овогт Доржийн Тунгалагийг 1980 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1980 оны 05 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл, 1982 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1989 оны 10 дугаар сард Хэнтий аймгийн Дадал сумын “Хөдөлмөр” нэгдлийн “Онон” бригадад малчнаар ажиллаж байсныг сэргээн тогтоож, нэхэмжлэлээс үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. 
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд  хянан шийдвэрлэх  тухай  хуулийн 60 дугаар  зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагч Д.Тунгалагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2-т зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд зохигчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь анхан шатны шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурьдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Л.ЦЭРЭНДУЛАМ