Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 08 сарын 19 өдөр

Дугаар 753

 

 

 

 

 

 

 

   2020          08              19                                       2020/ШЦТ/753

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Одончимэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Будхүү,

улсын яллагч Б.Батнасан,

шүүгдэгч Ц.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

              

Баянгол дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш овогт Ц-н –О-д холбогдох эрүүгийн **** дугаартай хэргийг 2020 оны 08 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *** оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 53 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, хувиараа засварчны ажил эрхэлдэг,  ам бүл 1, Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Хустайн 2 дугаар гудамж ** тоотод оршин суух, урьд ** оны 05 дугаар сарын 23-ны өдрийн ** дугаартай Улаанбаатар хотын шүүхийн таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн **-д зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, ** оны 07 дугаар сарын 20-ны өдөр тэнсэн суллагдсан, /регистрийн дугаар **/ Ш овогт Ц-н -О.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ц.О-д нь 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс 07-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт ***  тоотод Ж.Э-тай маргалдан улмаар түүнийг гараараа болон архины шилээр цохиж, ир үзүүртэй зүйл болох хутгаар хатгаж биед баруун өгзөгний хатгагдсан шарх, баруун бугалга баруун гарын эрхий хурууны шарх гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.О мэдүүлэхдээ:

“...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй...” гэв.

 

Хавтаст хэргээс мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч болон хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтуудаас:

 

хохирогч Ж.Э мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...:2020 оны 07 дугаар сарын 06 өдрийн 9 цагийн үед Баянгол дүүргийн 9 дүгээр хороо 27-1150 тоотод байх Огийн гэрт очих үед О, Д, О-гийн дүү О, Ж нар 0.75 граммын хэмжээтэй Стандарт нэртэй архи талд нь ортол уусан байсан. Би тухайн архинаас нь 50 грамм уусан... О бид хоёр тэдний гэрээс 10 цаг болж байхад гарсан. Би Б гэдэг найзаасаа 500 грамм монгол архи авсан. Тэр архиа О-гийн гэрт орж Д, О бид гурав уусан. Тэгээд О бид хоёр тэдний гэрээс гараад явж байтал манай танил таараад би машинд нь сууж явсан. Удалгүй би тэр хүнээр Огийнд хүргүүлээд  гэрт нь орох үед О, түүний дүү О, Ж, Д нар 0,75 хэмжээтэй Монгол стандаарт нэртэй архи хувааж уугаад сууж байсан ба би тэр архинаас уусан. Архиа ууж дуусаад 2020 оны 07 сарын 06 өдрийн 20 цаг 30 минутын үед Ж, О хоёр гэрээс гарч яваад удалгүй Одхүу бид хоёр араас нь гараад  явсан. 2020 оны 07 дугаар сарын 06-ны орой 21 цагийн үед ойр байрлах дэлгүүрээс 0,5 литрийн хэмжээ бүхий Их моигол нэртэй архи авчирч Д, О бид гурав хувааж уусан. Архи ууж байх үед О гутлаа тайлаад миний өвөр дээр тавихаар нь би хөлөө ав шивэр үнэртэж байна гэж хэлтэл надад шивэр байхгүй гэж хэлээд уурлаад босоод ирсэн. Тэгээд миний зүүн чихний дээд хэсэгт гараараа нэг удаа цохьсон. Би зүрүүлээд өвчүү хавьд нь цохьсон. Огийнх гэрэлгүй байсан. О хүтга хаанаас авсан талаар нь би мэдэхгүй байна. Нэг мэдэхэд миний баруун өгзөг хэсэгт хутгалсан. Д босч ирээд хутгийг нь булааж авсан. Тэгтэл О надад хандан чамайг гүйцээнэ гэж хэлээд архины шил авч ширээний ирмэг дээр хагалж над руу дайрсан. Шил хагалах үед үүрмэг нь үсрээд миний бие рүү шигдсэн. Би гарах гээд мөлхөх үед Д Ог тэврээд үлдсэн. Тэгээд би хадам эгчийн дэлгүүрт очиж түргэн дуудуулсан. Миний баруун хөл 2020 оны 03 сарын 27-ны өдөр шилбэ хэсгээрээ хугарсан. Би аппрадтай хөлтэй байгаа. Надад О-гээс нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол санал байхгүй... “ гэх мэдүүлэг /хх-ийн 11-12-рт/,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 07 дугаар сарын **-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн *** дугаартай дүгнэлтэд:

1. Ж.Э-н биед баруун өгзөгний хатгагдсан шарх, баруун бугалга, баруун гарын эрхий хурууны шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн, ирмэгтэй зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хатгах, зүсэх үйлдлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. /хх-ийн 25-26-рт/ гэжээ.

 

шүүгдэгч Ц.О-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...2020 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Баянгол дүүргийн ** дүгээр хороо, *** тоотод манай гэрт 21 цагийн үед Д, Э бид гурав 0.75 гарммын хэмжээтэй Хамаг монгол гэх нэртэй архи хувааж уусан. Тэгээд байж байтал Э надад хандан би Амгалангийн атман, чи муу юу юм гэж хэлээд агсан тавих гээд байхаар нь чи гэртээ харь гэж хэлсэн. Гэтэл май муу банди минь гэж хэлээд миний нүүр хэсэгт цохиж, таягийг минь хугалсан. Тэгэхээр нь уур хүрээд ууж байсан архины шилээр Э-н мөр хэсэгт цохиход архины шил хагарсан. Тэгээд ширээн дээр байсан шар иштэй хутгийг авч айлгах зорилгоор Э руу чичтэл баруун өгзөг хэсэгт нь орчихсон байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 35-36-рт/,

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болох:

- эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 41-рт/,

- оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 55-рт/,

- иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 56-рт/,

- Хаан банкны депозит дансны хуулга /хх-ийн 57-61-рт/ болон хэрэгт цуглуулж бэхжүүлсэн бусад нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үзлээ.

 

            Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Ц.О нь 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс 07-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт ***тоотод Ж.Э-тай маргалдан улмаар түүнийг гараараа болон архины шилээр цохиж, ир үзүүртэй зүйл болох хутгаар хатгаж биед баруун өгзөгний хатгагдсан шарх, баруун бугалга баруун гарын эрхий хурууны шарх гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

хохирогч Ж.Э-н “...О гутлаа тайлаад миний өвөр дээр тавихаар нь би хөлөө ав шивэр үнэртэж байна гэж хэлтэл надад шивэр байхгүй гэж хэлээд уурлаад босоод ирсэн. Тэгээд миний зүүн чихний дээд хэсэгт гараараа нэг удаа цохьсон. Би зүрүүлээд өвчүү хавьд нь цохьсон. О-гийнх гэрэлгүй байсан. О хүтга хаанаас авсан талаар нь би мэдэхгүй байна. Нэг мэдэхэд миний баруун өгзөг хэсэгт хутгалсан. Д босч ирээд хутгийг нь булааж авсан. Тэгтэл О надад хандан чамайг гүйцээнэ гэж хэлээд архины шил авч ширээний ирмэг дээр хагалж над руу дайрсан...” гэх мэдүүлэг,

шүүгдэгч Ц.О-гийн миний нүүр хэсэгт цохиж, таягийг минь хугалсан. Тэгэхээр нь уур хүрээд ууж байсан архины шилээр Эрдэнэбаатарын мөр хэсэгт цохиход архины шил хагарсан. Тэгээд ширээн дээр байсан шар иштэй хутгийг авч айлгах зорилгоор Э руу чичтэл баруун өгзөг хэсэгт нь орчихсон байсан...” гэх мэдүүлэг,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн *** дугаартай дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Ц.Од холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч Ц.О-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар:

Хохирогч Ж.Э-н эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу хор уршигт тооцогдох юм.

 

  Хохирогч Ж.Э нь хавтаст хэрэгт болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирлын баримт гаргаж өгөөгүй тул гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Ц.О-гээс жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ. 

 

Эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлт:

Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгчийн хувийн байдал болон анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг нь харгалзан үзэж Ц.О-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгчид ял хөнгөрүүлэх болон ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Эд мөрийн баримтаар хураагдан ирсэн нийт 20 сантиметр шар иштэй, ишний урт нь 10 сантиметр 1 /нэг/ ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Эд мөрийн баримт устгах комисст даалгаж шийдвэрлэв.

 

            Хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Ш овогт Ц-н О-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ц.О-д /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Ц.О нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найм/ цагийн ажлыг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2-д зааснаар хохирогч Ж.Э нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Ц.О-гээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

5. Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн нийт 20 сантиметр шар иштэй, ишний урт нь 10 сантиметр 1 /нэг/ ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн Тамгын газрын Эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

6. Хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.О-д авсан хувийн  баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

                              ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                   Л.ОДОНЧИМЭГ