Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 05

 

 

 

                

Чандмань-Увс ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

            Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг  шүүгч Д.Көбеш даргалж, шүүгч М.Нямбаяр, шүүгч Д.Жамбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй хийж, Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11  дүгээр сарын 28-ны өдрийн 764 дүгээр шийдвэртэй, Чандмань-Увс ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Увс дулааны станц ХХК-д хобогдох иргэний хэргийг нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Жамбалсүрэнгийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Чандмань-Увс ХХК-ийн захирал М.Мөнхөө, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Батгэрэл, Ж.Энхжаргал /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ё.Мөнхгэрэл нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Чандмань-Увс ХХК-ийн  нэхэмжлэлийн шаардлага: Газрын төлбөр 9.746.100 төгрөг гаргуулж, Чандмань-Увс ХХК-ийн эзэмшлийн газарт байгаа Увс дулааны станц ХХК-ийн зөвшөөрөлгүй баригдсан конторын барилгыг албадан чөлөөлж, газар чөлөөлөхийг даалгах

 

Увс дулааны станц ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага: Увс дулааны станц ХХК-ийн хууль ёсны эзэмшил газарт байгаа Чандмань-Увс ХХК-ийн усан сангийн зориулалт бүхий 5 ширхэг байгууламжийг албадан чөлөөлж, газар чөлөөлөхийг даалгах

 

Чандмань-Увс ХХК-ийн  нэхэмжлэлийн агуулга: “Монгол Улсад зах зээл эхэлсэн 1990 оны үед гол үйлдвэрлэгч Барилга үйлдвэрлэгч бааз зогсонги байдалд орсноор дамжуулах цэвэр усны станцын усны хэрэглээ багасч 1995 онд цэвэр усны 3 дугаар өргөгч станц ашиглалтгүй байдалд орж станцын барилга, 3 ширхэг 500 м3 багтаамжтай усан сан, тэр үед өргөтгөлөөр баригдаж байсан 2000 м3 багтаамжтай 1 ширхэг усан сангийн байгууламж, инженерийн шугам сүлжээ, хамгаалалтын хашааны хамт аймгийн усан хангамжийн нөөцийн бүртгэлд авч тухайн үеэс хойш Чандмань-Увс ХХК-ийн үндсэн хөрөнгийн данс бүртгэлд тусгагдсан байдаг. Үүнээс хойш уг газар ямар нэгэн шийдвэрээр өөрчлөгдөөгүй байгаа болно. Чандмань-Увс ХХК-ийн хууль ёсны эзэмшлийн газар нь кадастрын зурагт тусгагдсан цэвэр усны байгууламжийн объектууд бүхий урт нь 126 м, өргөн нь 119 м, нийт 14994 м2 газар юм. Уг газрыг Увс дулааны станц ХХК нь 2003 оноос хойш ямар ч төлбөргүйгээр 13 жил эзэмшиж байгаа юм. Иймд Монгол Улсын Засгийн газрын 1997 оны 152 дугаар тогтоолд газрын эзэмшил, газрын төлбөрийн тухай, мөн тогтоолын дагуу Улаангом сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 1998 оны 2 тоот, 2005 оны 4/21 тоот тогтоолын дагуу газар эзэмшигч, ашиглагчийн газрын зориулалттай газрын хэмжээнээс хамааран жилд ногдох газрын төлбөрийг тооцох аргачлалын дагуу 1 м2 газрын төлбөр 50 төгрөг гэж тооцвол компанийн газрын төлбөр жилд 14994м2 х 50 төгрөг = 749700 төгрөг. Нийт 13 жил х 749700 = 9746100 төгрөгийн төлбөрийг Увс дулааны станц ХХК-аас тус тус гаргуулж өгнө үү” гэжээ.

 

Увс дулааны станц ХХК-ийн нэхэмжлэлийн агуулга: “Увс аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн шийдвэрээр 2003 онд Увс дулааны станц ХХК-ийг хувьчлан авч хууль ёсны өмчлөгч нь болсон. Дулааны станц хувьчлагдан Увс дулааны станц ХХК болж өөрчлөн байгуулагдах үед 36.000 /гучин зургаан мянга/ метр2 газар дагалдан ирсэн бөгөөд Газрын тухай хуулийн холбогдох заалтын дагуу Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын 2005 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 01 дүгээр захирамжийн дагуу шинэчилсэн бүртгэлд бүртгүүлж, газар эзэмших гэрчилгээгээ шинэчлэн авсан байдаг. Одоо тус компани нь Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын 2006 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 0088436 дугаар бүхий газар эзэмших эрхийн гэрчилгээний дагуу 36.000 метр2 газрыг хууль ёсны дагуу эзэмшиж зохих татвар, төлбөр хураамжаа тасралтгүй төлсөөр ирсэн. Увс дулааны станц ХХК-ийн хууль ёсны газар дээр Чандмань-Увс ХХК-ийн ашиглалтнаас гарсан 5 ширхэг байгууламж хууль бусаар байгаагаас үүдэн газраа зориулалтын дагуу ашиглаж, эзэмшлийн газар дээрээ Дулааны станцын өргөтгөл барих, үйлдвэрлэлийн зориулалтын барилга байгууламж барихад саад учирч байна. Хариуцагч Чандмань-Увс ХХК нь дээрх байгууламжуудаа өнөөдрийг хүртэл ямар нэг байдлаар ашигладаггүйгээс гадна өнөөдрийг хүртэл манай байгууллагын харуул хамгаалалтанд байлгадаг. Газрыг хязгаарлагдмал эрхтэйгээр ашиглуулах талаар санал тавихад ямар нэг хариу өгөөгүй бөгөөд манайд ямар нэг төлбөр төлдөггүй. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.4 дэх заалтад өмчлөгчийн хууль бус эзэмшлээс хөрөнгө шаардах эрхийг хууль ёсны эзэмшигч нэгэн адил хэрэгжүүлэхээр заасан нь газар эзэмшигч Увс дулааны станц ХХК-д хамааралтай юм. Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлд заасны дагуу нэхэмжлэгч Увс дулааны станц ХХК эзэмшлийн газраа зориулалтын дагуу эзэмшиж, ашиглахын тулд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.3 дахь заалтын дагуу зөрчигдсөн эрхээ сэргээлгэхийг хүсэж байна.” гэжээ.

 

Чандмань-Увс ХХК-ийн тайлбарын агуулга: “Хэрвээ Увс дулааны станц ХХК тухайн газарт конторын барилга барих байсан бол ямар нэгэн газрын шийдвэр, албан тоот байх, мөн барилга барих техникийн нөхцөл барилга ашиглалтад оруулсан улсын техникийн комиссын акт, бичиг баримтууд байх ёстой. Чандмань-Увс ХХК-ийн хууль ёсны эзэмшил газарт байгаа хариуцагч Увс дулааны станц ХХК-ийн түр конторын барилгыг албадан чөлөөлж, нэхэмжлэгчийн эзэмшлийн газрыг чөлөөлөхийг хариуцагчид даалгаж өгнө үү. Мөн газар эзэмшиж байсан төлбөрийн талаар Увс дулааны станц ХХК-ийн өөрийн эзэмшил газар нь аймгийн газрын кадастрын зурагт тодорхой харагдаж байгаа бөгөөд одоо байгаа хашаан дотор тусад нь шавар хэрмэн хашаагаар тусгаарлагдсан газар юм. Улаангом сумын Засаг даргын захирамж нь газар эзэмших гэрээг дүгнэсэн агуулгатай байгаа болохоос Увс дулааны станц ХХК-д газар эзэмшүүлээгүй байна. Мөн энэ захирамж нь Газрын тухай хуульд заасан болзол журмын дагуу гараагүй байна. Газрын гэрчилгээнд Засаг дарга биш газрын даамал гарын үсэг зурах ёстой. Иймд Увс дулааны станц ХХК-ийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй.” гэжээ.

 

Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11  дүгээр сарын 28-ны өдрийн 764 дүгээр шийдвэрээр: “1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Чандмань-Увс ХХК-ийн хариуцагч Увс дулааны станц ХХК-д холбогдох газрын төлбөр 9.746.100 төгрөг гаргуулж, Чандмань-Увс ХХК-ийн эзэмшлийн газарт байгаа Увс дулааны станц ХХК-ийн зөвшөөрөлгүй баригдсан конторын барилгыг албадан чөлөөлж, газар чөлөөлөхийг даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагч Увс дулааны станц ХХК-ийн нэхэмжлэгч Чандмань-Увс ХХК-д холбогдох Увс дулааны станц ХХК-ийн хууль ёсны эзэмшил газарт байгаа Чандмань-Увс ХХК-ийн усан сангийн зориулалт бүхий 5 ширхэг байгууламжийг албадан чөлөөлж, Чандмань-Увс ХХК-д газар чөлөөлөхийг даалгасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчЧандмань-Увс ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 241.088 төгрөг, хариуцагч Увс дулааны станц ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Чандмань-Увс ХХК-аас улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг гаргуулж хариуцагч Увс дулааны станц ХХК-д олгосугай.” гэж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч Чандмань-Увс ХХК болон түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга: “Увс дулааны станц ХХК-ийн нэхэмжлэлтэй Чандмань-Увс ХХК-д холбогдох ирргэний хэргийг Увс аймаг даөхв сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 406 дугаар шүүгчийн захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хяна шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-т заасан “урьдчилан шийдвэрлүүлэх журам хэрэглэхээр байна.” гэсэн  үндэслэлээр буцааж байсан. Гэтэл  Чандмань-Увс  ХХК-ийн нэхэмжлэлтэй Увс  дулааны станц ХХК-д холбогдох иргэний хэрэгт мөн үүнтэй адил урьдчилан шийдвэрлүүлэх журам хэрэглэхээр байтал энэхүү журмыг хэрэглэлгүй, иргэний хэрэг  үүсгэн нэхэмжлэлийг хүлээн авч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн байна. Хавтаст хэрэгт усан сангийн  зориулалт бүхий 5 байгууламжийн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ авагдсан ба Иргэний хуулийн 84 дүгээр зүйлийн 84.3, 85 дугаар зүйлийн 85.2-т заасантай нийцэхгүй байна. Усан сангийн зориулалт  бүхий 5 байгууламжийн газрыг Чандмань-Увс ХХК эзэмшдэг болох нь Газрын харилцаа,  барилга хот байгуулалтын  газрын 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 393 тоот, мөн тус газрын 11 дүгээр сарын 24-ний өдрийн 418 тоот зэрэг эрх бүхий этгээдийн хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байхад анхан шатны шүүх энэхүү баримтад ямар нэг дүгнэлт хийгээгүй орхигдуулсан байна. Нэгж талбарын дугааргүй, дулааны үйлдвэрлэлийн зориулалтаар инженжрийн шугам сүлжээ бүхий  газарт газарт эзэмшүүлэх эрх олгогдоогүй этгээд болох Улаангом сумын Засаг даргын шийдвэрийг үндэслэн Увс  дулааны станц ХХК-ийн  нэхэмжлэлийн  шаардлагыг хангаж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 764 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг хуульд заасан журмаар үнэлээгүй, зохигчдын хооронд үүссэн эрхзүйн маргаанд Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэснээс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.

Чандмань Увс ХХК-ийн “Зөвшөөрөлгүй баригдсан конторын барилгыг албадан чөлөөлөхийг “Увс дулааны станц” ХХК-д даалгах, газрын төлбөрт 9.746.100 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлтэй хэргийг 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдөр, мөн Увс дулааны станц ХХК-ийн “Эзэмшил газарт байгаа усан сангийн зориулалт бүхий Чандмань Увс ХХК-ийн 5 ширхэг байгууламжийг албадан чөлөөлж, газар чөлөөлөхийг даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлтэй хэргийг 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдөр тус тус хүлээн авч иргэний хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажилгааны явцад Увс дулааны станц ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтанбадралтын хэрэг нэгтгүүлэх хүсэлтийг үндэслэн Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 1479 дүгээр шүүгчийн захирамжаар нэгтгэж /2 дугаар хавтас 55, 56 дугаар тал/,  Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.4-т зааснаар Чандмань-Увс ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,  Увс дулааны станц ХХК-ийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэжээ.

Увс дулааны станцын түр конторын барилгын техникийн нөхцөл, газрын зөвшөөрөлтэй эсэх, хэдийд баригдсан нь тодорхойгүй боловч  36000 м2 газар 20 жилийн хугацаатай дулааны үйлдвэрлэлийн зориулалтаар газар эзэмших эрхийн  2005 оны 01 дүгээр сарын 04-ний  өдөр 0088436 дугаартай гэрчилгээ авсан болох нь  уг гэрчилгээгээр, /1 дүгээр хавтас, 7 дугаар тал/ 5  ширхэг усан сангийн байгууламж нь Чандмань Увс ХХК-ийн өмчлөл болох нь схема  /1 дүгээр хавтасны 28-29 дугаар тал, 2 дугаар хавтасны 19-22 дугаар тал /, үл хөдлөх эд хөрөнгийн 10 дугаартай бүртгэлийн гэрчилгээ /2 дугаар хавтас, 26 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудаар тус тус тогтоогджээ. 

Түр конторын барилга болон 5 ширхэг усан байгууламжийн газрын байршил, солбилцол давхцсан болох нь Увс дулааны станц ХХК-ийн / 2643049/ -ийн эзэмшиж байгаа газрын байршлын кадастрын зураг /1 дүгээр хавтас, 15 дугаар тал/,  Увс дулааны станц ХХК-ийн эдэлбэр газрын ашиглалтын байдал /1 дүгээр хавтас, 51-52 дугаар тал/,  Үл хөдлөх эд хөрөнгийн 1997 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 10 дугаартай гэрчилгээгээр /2 дугаар хавтас, 26 дугаар тал/, мөн  зохигчид газар  эзэмшлийн  асуудлаар маргаж, уг маргаанийг Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 406 дугаар захирамжаар /1 дүгээр хавтас, 34 дүгээр тал, 2 дугаар хавтас 8 дугаар тал/ “Урьдчилан шийдвэрлүүлэх журам”  зөрчсөн үндэслэлээр хэрэгсэхгүй болгосныг, Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 24 дүгээр тогтоолоор /1 дүгээр хавтас 8-9 дүгээр тал, 2 дугаар хавтас 31 дүгээр тал/ хэвээр баталсан.

Увс дулааны станц ХХК нь Увс аймгийн  Засаг даргад хандан Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.2-т зааснаар 2016 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 1/31 албан бичгээр гомдол гаргасан бөгөөд Увс аймгийн  Засаг дарга 2016 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 1/479 албан бичгээр “шүүхээр хянан шийдвэрлүүлэх маргаан тул шүүхэд хандана уу.” гэсэн хариу ирүүлсний дагуу Увс дулааны  станц ХХК нь Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.2-т зааснаар шүүхэд нэхэмжлэл гаргасан нь хууль зөрчөөгүй байна. Өөрөөр  хэлбэл Увс дулааны станц ХХК нь Иргэний хэрэг шүүхэд хяна шийдвэрлүүлэх тухай хуульд заасан урьдчилан шийдвэрлүүлэх  журмыг хангасан байна.

Усан сангийн 5 ширхэг байгууламж болон түр конторын зориулалттай барилгын  хууль ёсны эзэмшигч нь өөрийн өмчлөлийн буюу эзэмшлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх буюу эзэмших эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй ба Увс дулааны станц ХХК болон  Чандмань-Увс ХХК нь нэхэмжлэл тус бүрт дурдсан барилга,  байгууламжийн газар эзэмших эрхийг мөн уг эрхээ хэрэгжүүлэхэд саад болсон ямар үйлдлийг нөгөө тал гаргасан нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдож тогтоогдоогүй байхад анхан  шатны  шүүх Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.4 дэх заалтыг хэрэглэсэн нь буруу болжээ.

Зохигчдын маргаж буй үл хөдлөх эд хөрөнгө болох 5 ширхэг усан сангийн байгууламж болон конторын барилга нь  Иргэний хуулийн 84 дүгээр зүйлийн 84.3-т заасан  “газраас салгамагц зориулалтын дагуу ашиглаж үл болох эд юмс үл хөдлөх эд хөрөнгөд хамаарна” мөн хуулийн 85 дугаар зүйлийн 85.2-т заасан “түр зуурын хэрэгцээг хангах зорилгоор бус, байнгын зориулалттай, газартай салшгүй бэхлэгдсэн байшин, барилга, байгууламж болон бусад зүйл нь газрын үндсэн бүрдэл хэсэг байна.” гэх зохицуулалтыг шүүх  анхаараагүйгээс нэхэмжлэлийн үндэслэлийг зөв тодорхойлоогүй байна.

Усан сангийн 5 ширхэг байгууламж Чандмань Увс ХХК-ийн өмчлөлд байхад байрлаж байгаа газрыг Увс дулааны станц ХХК-д эзэмшүүлсэн нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, 31.4 дэх хэсгүүдэд заасан  шаардлагуудыг зөрчсөнөөс гадна өмчлөгчийн эрхийг гагцхүү хуульд заасан үндэслэлээр хязгаарлах Иргэний хуулийн 103 дугаар зүйлийн 103.1 дэх хэсгийн зохицуулалттай нийцээгүй болно.    

Увс дулааны станц ХХК-д холбогдох газрын төлбөрт 9.746.100 төгрөг гаргуулж, түр конторын барилгыг албадан чөлөөлж, эзэмшлийн газрыг чөлөөлөхийг Увс дулааны станц ХХК-д даалгахыг хүссэн Чандмань-Увс ХХК-ийн нэхэмжлэлийг, мөн Чандмань-Увс  ХХК-д холбогдох 5 ширхэг сангийн байгууламжийг албадан чөлөөлж, эзэмшлийн газрыг чөлөөлөхийг Увс Чандмань ХХК-д даалгахыг хүссэн Увс дулааны станц ХХК-ийн нэхэмжлэлийг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Давж заалдах шатны шүүхээс зохигчдын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Чандмань-Увс ХХК-ийн давж заалдах гомдлыг хангаагүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1.-т зааснаар ЧандманьУвс ХХК-ийн  нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид  төлсөн 241.088 төгрөг, Увс дулааны станц ХХК-ийн нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг, мөн  Чандмань-Увс ХХК-ийн давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг тус тус төрийн сангийн дансанд хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн  167.1.4-т  заасныг удирдлага болгож, ТОГТООХ нь:

 

1. Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 764 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 93 дугаар зүйлийн 93.1-т зааснаар  нэхэмжлэгч Чандмань-Увс ХХК-ийн “Газрын төлбөр 9.746.100 төгрөг гаргуулж, Чандмань-Увс ХХК-ийн эзэмшлийн газарт байгаа Увс дулааны станц ХХК-ийн зөвшөөрөлгүй баригдсан конторын барилгыг албадан чөлөөлж, газар чөлөөлөхийг даалгах” тухай, мөн Увс дулааны станц ХХК-ийн “Увс дулааны станц ХХК-ийн хууль ёсны эзэмшил газарт байгаа Чандмань-Увс ХХК-ийн усан сангийн зориулалт бүхий 5 ширхэг байгууламжийг албадан буулгаж, газар чөлөөлөхийг даалгах ” тухайн эхэмжлэлийн шаардлагыг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч Чандмань-Увс ХХК болон түүний өмгөөлөгч Б.Батгэрэлийн давж заалдах гомдлыг хангахгүй  орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1.-т зааснаар ЧандманьУвс ХХК-ийн  нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид  төлсөн 241.088 төгрөг, Увс дулааны станц ХХК-ийн нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг тус тус төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1.-т зааснаар Чандмань-Увс ХХК-ийн  давж  заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид  төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр  үлдээсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар  давж заалдах шатны “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”,  “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” үндэслэлүүдээр зохигч,гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн иргэний хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.КӨБЕШ                              

ШҮҮГЧИД                                                       М.НЯМБАЯР

 

Д.ЖАМБАЛСҮРЭН