Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 221/МА2022/0204

 

 

 

 

 

 

 

 

          А нын итгэмжлэгдсэн төлөөлөөгч

М.Сын гомдолтой захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Батбаатар

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Д.Баатархүү

Илтгэсэн шүүгч Э.Лхагвасүрэн

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагч Д.Ц

Хэргийн оролцогчид:

Гомдол гаргагч А нын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С

Хариуцагч Увс аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Д.Ц

Гомдлын шаардлага: Увс аймгийн Татварын хэлтсийн улсын байцаагчийн 2021 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийн 017661 дүгээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 66 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Гомдол гаргагч А нын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С, түүний өмгөөлөгч Б.Б

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Э

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Батбилэг

Хэргийн индекс: 124/2021/0080/З

                                                     ТОДОРХОЙЛОХ нь:

1.Гомдол гаргагч А нын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Саас Увс аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Д.Цд холбогдуулан “...2021 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийн 017661 дүгээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

2.Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 66 дугаар шийдвэрээр: 

“...Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.5 дугаар зүйлийн 1.2, 3.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг баримтлан гомдол гаргагч А нын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Сын гомдлыг хангаж, Увс аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2021 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийн 0176461 дүгээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож” шийдвэрлэжээ.

3.Давж заалдах гомдлын агуулга: Увс аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Д.Ц дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1.“... Анхан шатны шүүх маргааны үйл баримт, маргаан бүхий актад хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийхгүйгээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосон нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй.

Мөн гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн нэхэмжлэлийг хүлээн авч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан.

3.2.Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д “Нам, эвсэл тухайн аймаг, нийслэл, сум дүүрэгтээ сонгуулийн зардлын төгрөгийн нэг данстай байна”, 50.3-д “Нам, эвсэл ... сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийг санал авах өдрөөс 20-оос доошгүй хоногийн өмнө төрийн аудитын орон нутаг дахь салбар байгууллагад мэдэгдэж, бүртгүүлэх үүрэгтэй” гэж заасан бөгөөд энэхүү хуулиар тогтоосон үүргийн зөрчсөн тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21-д зааснаар хариуцлага оногдуулахаар хуульчилсан.

3.3.Увс аймаг дахь А н нь орон нутгийн сонгуулиар дээрх хуульд заасан үүргээ биелүүлээгүй зөрчил гаргасан, өөрөөр хэлбэл сонгууль болохоос 20-иос доошгуй хоногийн өмнө буюу 2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн дотор бүртгүүлэх үүрэгтэй атал Увс аймгийн А н зардлын дансыг бүртгүүлэхээр мөн оны 9 дүгээр сарын 29-ний өдөр 30 дугаар албан тоотоор хандсан нь хуульд заасан хугацааг хэтрүүлсэн. Улмаар зардлын дансыг бүртгүүлэхгүйгээр сонгуульд оролцсон зөрчил гаргасан болох нь тогтоогдсон.

3.4.Гомдол гаргагчийн зүгээс Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд төлөөлж оролцох эрхгүй этгээдийг оролцуулсан үндэслэлээр маргаж байгаа боловч аймгийн А нын дарга бланк, тамга тэмдэг, гарын үсэг бүхий албан бичгээр Г.Болор-Эрдэнийг оролцуулахаар нэр ирүүлсэн.

3.5.Одоо өөрөө энэхүү захиргааны хэрэгт итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа нь Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явагдаж байсан, шийтгэлийн хуудас гарсан талаар огт мэдээгүй, мэдэгдээгүй, оролцоог хангаагүй үндэслэлээр гомдол гаргаж байгаа нь ойлгомжгүй.

3.6.Нөгөөтээгүүр А наас итгэмжлэлээр оролцож байгаа гэх боловч А н одоогийн байдлаар 2 тамгатай, 2 даргатай хэн нь хууль ёсны дарга болох нь тодорхойгүй нөхцөл байдал нь нийтэд илэрхий, түүнчлэн М.Сын гарын үсэг бүхий албан бичгийг үндэслэн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан нь эрх бүхий албан тушаалтныг буруутгах, оролцоог хангаагүй, холбогдогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэх үндэслэл болохгүй гэж үзэж байна.

3.7.Мөн хэн нь дарга байх, өмнө оролцож байсан төлөөлөгч одоо больсон нь тухайн намын дотоод асуудал бөгөөд тухайн үед нэр ирүүлсний дагуу зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсныг төлөөлөх бүрэн эрхгүй этгээдийг татан оролцуулсан, оролцоог хангаагүй мэтээр маргаж, шүүх ч мөн энэ үндэслэлээр дүгнэлт хийсэн нь үндэслэл бүхий болж чадаагүй.

3.8.Түүнчлэн маргаан бүхий шийтгэлийн хуудас 2021 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр гарч, 2021 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр танилцуулагдсан, албан ёсоор 2021 оны 5 дугаар сарын 18-нд Монгол шуудангаар хүргүүлсэн байхад шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг шүүх анхаарч үзээгүй.

Иймд Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 66 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүхийн шийдвэрээр татварын улсын байцаагчийг шийтгэл ногдуулахдаа А нын хууль ёсны төлөөлөгчийг зөв сонгоогүйгээс холбогдогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол ноцтой зөрчсөн буюу зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журам зөрчигдсөн гэсэн үндэслэлээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосон нь буруу, түүнчлэн маргаан бүхий актын хууль зүйн үндэслэлд дүгнэлт хийгээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, давж заалдах гомдлыг хангав.

1.Ардчилан намын Увс аймгийн намын хорооны Хэрэг эрхлэх газрын дарга М.С 2021 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 7 дугаар албан бичгээр тус аймгийн татварын хэлтэст хүргүүлсэн тайлбартаа “…зохион байгуулсан ажлын талаарх мэдээллийг тухайн үед аймгийн намын хорооны Хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байсан Г.Болор-Эрдэнээс тодруулж болно” гэснийг Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21-т заасан сонгуулийн зардлын дансыг бүртгүүлэх талаар хуульд заасан журмыг зөрчсөн эсэх талаарх зөрчлийн хэрэг шалган шийдвэрлэх ажиллагаанд холбогдогчийн хууль ёсны төлөөлөгч томилсон гэж үзнэ.

Учир нь дээрх зөрчил шалгах ажиллагаа Улсын Их Хурлын бус харин 2020 оны орон нутгийн ээлжит сонгуульд А нын Увс аймгийн намын хороо 41 хүнийг нэр дэвшүүлж оролцохдоо намын сонгуулийн зардлын дансыг хуульд заасан хугацаанд бүртгүүлээгүйтэй холбоотой байх тул үүнд А нын дүрэмд заасны дагуу тус намыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдээс олгогдсон итгэмжлэл бүхий этгээдийг л холбогдогчоор татаж оролцуулах ёстой гэж дүгнэх нь хэт өрөөсгөл юм. 

Иймд тус намын аймгийн намын хорооны Хэрэг эрхлэх газрын даргын дээрх албан бичгийг үндэслэн улсын байцаагчийн 2021 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 1 дүгээр тогтоолоор Г.Болор-Эрдэнийг холбогдогчийн хууль ёсны төлөөлөгчөөр томилсныг буруутгах үндэслэлгүй.

Үндсэндээ шүүхэд гаргасан гомдлын болон шүүхийн шийдвэрийн үндэслэлүүд нь анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 301 дүгээр захирамжтай шууд холбоотой, өөрөөр хэлбэл уг захирамжаар А нын Увс аймгийн намын хорооны Хэрэг эрхлэх газрын дарга М.Сын одоогийн маргаан бүхий шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах гомдлоор өмнө үүсгэсэн захиргааны хэргийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-д заасан “нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй болон нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан” гэсэн үндэслэлээр хүлээн авахаас татгалзсан, мөн ийнхүү татгалзахдаа “…А нын гомдлоор зөрчлийг хянан шийдвэрлэх ёстой байх бөгөөд Увс аймгийн А нын хороо нь дунд шатны намын байгууллага тул бие даасан хуулийн этгээдийн эрхгүй…” гэх зэрэг хууль зүйн үндэслэлгүй, маргаанд хамааралгүй дүгнэлтээс улбаатай байна.

Шүүгчийн энэхүү захирамжид тухайн үед гомдол гаргаагүйгээс хуулийн хүчин төгөлдөр болсон ч энэ нь дээрх дүгнэлтийг зөвтгөх үндэслэл болохгүй бөгөөд одоогийн тохиолдолд аймгийн намын хорооны Хэрэг эрхлэх газрын дарга М.Сд итгэмжлэл олгосон А нын Хэрэг эрхлэх газрын дарга Б.Г-Оыг тус намыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд гэж үзэхэд ч учир дутагдалтай.

Тухайлбал шүүхийн шийдвэрт дурдсан А нын удирдлага, намын даргын талаарх намын дүрмийн 4.1.4, 4.1.5-д “Хэрэг эрхлэх газрын дарга”-ыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдэд хамааруулаагүй байх тул энэ маргааны тухайд А наас бус харин тус намын Увс аймгийн намын хорооны Хэрэг эрхлэх газрын даргыг холбогдогч, эсхүл холбогдогчийн төлөөлөгчийг томилох эрх бүхий этгээд гэж үзнэ. 

Иймд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хууль болон холбогдогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол ноцтой зөрчигдсөн гэх шүүхийн дүгнэлт үндэслэлгүй.

2.Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д “Нам, эвсэл тухайн аймаг, нийслэл, сум, дүүрэгтээ сонгуулийн зардлын төгрөгийн нэг данстай байна”, 50.3-т “Нам, …нь сонгуулийн зардлын дансны дугаар, банкны нэрийг санал авах өдрөөс 20-оос доошгүй хоногийн өмнө төрийн аудитын орон нутаг дахь салбар байгууллагад мэдэгдэж, бүртгүүлэх үүрэгтэй” гэж заасан, гэтэл 2020 оны орон нутгийн сонгууль мөн оны 10 дугаар сарын 15-ны өдөр товлогдсон бөгөөд хуулийн заалт ёсоор 9 дүгээр сарын 25-ны дотор сонгуулийн зардлын дансны талаарх мэдээллийг холбогдох байгууллагад бүртгүүлээгүй болох нь тогтоогдсон тул А ныг Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21-д заасны дагуу 100 сая төгрөгөөр торгосон нь хуульд нийцжээ.

“…Төрийн банкны тус аймаг дахь салбарт 2020 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр нээлгэсэн 16200062718 тоот дансыг аймгийн Төрийн аудитын газарт бүртгүүлэхээр 9 дүгээр сарын 29-ний өдрийн 30 дугаар албан бичгээр хандсан боловч тус газрын дарга хүлээн аваагүй талаарх гомдол гаргагчийн тухайн үед Увс аймгийн татварын хэлтэст гаргасан тайлбар болон шүүхэд гаргасан гомдол нь хуульд заасан хугацааг хэтрүүлсэн болохын хангалттай нотолгоо болно.

Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21 дэх хэсэгт “Сонгуулийн зардлын дансыг бүртгүүлэх, зардлын дансанд мөнгөн хөрөнгийг төвлөрүүлж, зарцуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн бол гэснийг Улсын Дээд шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 128 дугаар тогтоолд “сонгуулийн зардлын дансыг бүртгүүлэх”, “зардлын дансанд мөнгөн хөрөнгийг төвлөрүүлж зарцуулах” гэсэн хоёр үйлдлийг таслалаар зааглан өөр өөр төрлийн эхлэл, төгсгөлтэй бие даасан тусдаа зөрчил болохыг тодорхойлсон, …аль нэг шинж нь хангагдаагүй бол зөрчилд тооцохгүй гэж тайлбарлах боломжгүй…” гэж дүгнэсэн.

Хуулийн дээрх зохицуулалтыг өөр хоорондоо харилцан хамааралгүй, нийлмэл бус тус тусдаа зөрчилд тооцогдох болохыг шүүхийн хуулийн хүчин төгөлдөр тогтоолоор эцэслэн дүгнэсэн энэ тохиолдолд “…сонгуулийн хугацаанд намын дансаа ил тод байршуулан мэдээллийг цахимаар олон нийтэд хүргэж байсан, данс ашиглах талаар ямар нэгэн зөрчил гаргаагүй учир Увс аймаг дахь төрийн аудитын байгууллага болон “А т а” ХХК-ийн дүгнэлтүүдээр зөрчилгүй гэдэг нь тогтоогдсон…” гэх тайлбаруудаар зардлын дансаа бүртгүүлээгүй зөрчлийг зөвтгөх, шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох үндэслэл болохгүй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 66 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3, Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21-д заасныг тус тус баримтлан А нын Увс аймгийн намын хорооны гаргасан тус аймгийн Татварын хэлтсийн улсын байцаагчийн 2021 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийн 0176461 дүгээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай” гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагч Увс аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Д.Цгийн давж заалдах гомдлыг хангасугай.  

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэсэн үндэслэлээр хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 5 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.БАТБААТАР

 

ШҮҮГЧ                                                                     Д.БААТАРХҮҮ

 

ШҮҮГЧ                                                                     Э.ЛХАГВАСҮРЭН