Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 0020

 

Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

            Нэхэмжлэгч: Ц.Ц-н нэхэмжлэлтэй

            Хариуцагч: Булган аймгийн Засаг дарга /З.Б/, аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын дарга /Б.Э/ нарт  холбогдох

            “Булган аймгийн Булган сумын Спортын төрөлжсөн сургалттай ерөнхий боловсролын сургуулийн захирал, Хангал сумын Хялганат тосгоны ерөнхий боловсролын сургуулийн захиралын орон тоог тус тус нээлттэй зарласан сонгон шалгаруулалтыг хүчингүй болгох, Хялганат тосгоны бүрэн дунд сургуулийн захирлын албан тушаалд томилуулах”-ыг хүссэн шаардлага бүхий 158/2018/0018/З дугаарын индекстэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ц.Ц, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.О, хариуцагч аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, хариуцагч Боловсрол, соёл, урлагийн газрын дарга Б.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Г нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

     Нэхэмжлэгч Ц.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие нь аймгийн Засаг даргын 2014 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн Б/107 тоот захирамжаар Булган аймгийн Хангал сумын Хялганат тосгоны ерөнхий боловсролын сургуулийн захиралаар томилогдон ажиллаж байтал аймгийн Засаг даргын 2016-2020 онд хэрэгжүүлэх “Хөгжлийн хөтөч” хөтөлбөрт заасны дагуу сэлгэн ажиллах саналыг тавьж, Булган сумын спортын төрөлжсөн сургалттай сургуулийн захиралаар томилогдон ажиллахаар болсон. Тухайн үед 2 жилийн хугацаатай спортын төрөлжсөн сургалттай сургуулийн захиралаар ажиллаад эргээд Хялганат тосгоны ерөнхий боловсролын сургуулийн захиралаар ажиллуулна гэсэн. Намайг спортын сургуулийн захиралын үүрэгт ажлыг гүйцэтгэж байхад Хялганат тосгоны ерөнхий боловсролын сургуулийн захирал, спортын төрөлжсөн сургалттай ерөнхий боловсролын сургуулийн захиралын албан тушаалуудыг сул орон тоо гэж үзэн, дээрх албан тушаалуудад нээлттэй сонгон шалгаруулалт зарласан нь хууль бус байна. Энэ сонгон шалгаруулалтын талаар надад мэдэгдээгүй бөгөөд намайг ажлын байргүй болгож байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Миний бие нь нэхэмжлэлийн шаардлагаас Булган сумын Спортын төрөлжсөн сургалттай ерөнхий боловсролын сургуулийн захиралын ажлын байрыг нийтэд зарласан сонгон шалгаруулалтыг хүчингүй болгуулах шаардлагаас татгалзаж байна. Иймд Булган аймгийн Засаг дарга З.Б-н захиалгаар Боловсрол, соёл, урлагийн газрын дарга Б.Э-н явуулж буй Хангал сумын Хялганат тосгоны бүрэнд дунд сургуулийн захирлын ажлын байранд зарласан хууль бус сонгон шалгаруулалтыг хүчингүй болгож, миний үндсэн ажлын байр болох Хангал сумын Хялганат тосгоны бүрэн дунд сургуулийн захирлаар эгүүлэн томилж өгнө үү” гэв.

     Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч Ц.Ц нь 2014 онд сонгон шалгаруулалтад орж тэнцэн, Хялганат тосгоны бүрэн дунд сургуулийн захирлын албан тушаалд томилогдсон. Ажиллаж байх хугацаанд буюу 2017 онд хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусахаас өмнө ажил олгогчийн зүгээс Булган сумын спортын төрөлжсөн сургалттай сургуулийн захирлаар сэлгэн ажиллах санал тавьж, харилцан тохиролцсоноор Булган суманд ирж ажилласан байдаг. Аймгийн Засаг даргын “Хөгжлийн хөтөч” хөтөлбөрийг хэрэгжүүлэх үндэслэлээр хэд хэдэн сургуулийн захирлыг хооронд нь сольж ажиллуулсан. Ингэхдээ хүмүүсийн хувь заяагаар тоголсон асуудал харагдаж байна. Хялганат тосгоны бүрэн дунд сургуулийн захирлын ажлын байр сул ажлын байр биш юм. Хариуцагч аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэгчийг шилжүүлэн ажиллуулсан гэх боловч Боловсрол, соёл, урлагийн газрын дарга сэлгэн ажиллуулсан гэж хоорондоо зөрж тайлбар гаргаж байгаа нь ойлгомжгүй байна. Ямар ч байсан нэхэмжлэгчийг хуулийн дагуу сонгон шалгаруулалтад орж тэнцээд ажиллаж байсан ажлын байрнаас нь ажил олгогчийн саналаар өөр албан тушаалд томилон ажиллуулж байсан нь тогтоогдож байна. Иймд нэхэмжлэгч Ц.Ц-н нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, түүнийг үндсэн ажлын байр болох Хялганат тосгоны бүрэн дунд сургуулийн захирлын албан тушаалд нь томилох шийдвэр гаргаж өгнө үү” гэв. 

     Хариуцагч Булган аймгийн Засаг дарга З.Б шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Иргэн Ц.Ц-н гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Ц.Ц-г Хангал сумын Хялганат тосгоны бүрэн дунд сургуулийн захирлаар ажиллаж байхад Булган аймгийн Засаг даргын 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн Б/29 тоот захирамжаар тус сургуулийн захирлын ажлаас чөлөөлсөн. Ажлаас чөлөөлөх үндэслэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1, Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.5 дах заалтууд болон Хөдөлмөрийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.1 дэх заалтыг үндэслэсэн өөрөөр хэлбэл талууд харилцан тохиролцсоны үндсэн дээр хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгон, ажлаас чөлөөлж, аймгийн Засаг даргын 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн Б/34 тоот захирамжаар Булган сумын спортын төрөлжсөн сургалттай ерөнхий боловсролын сургуулийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон. Захирамжуудад нэхэмжлэгч нь гомдол гаргах эрх байсан боловч ямар нэг гомдол гаргаагүй бөгөөд албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон захирамжийн дагуу Булган суманд ирж ажилласан. Нэхэмжлэгч нь Хангал сумын Хялганат тосгоны бүрэн дунд сургуулийн захирлын сонгон шалгаруулалтад орж тэнцэн, уг албан тушаалдаа ажиллаж байсан боловч ажил олгогчтой харилцан тохиролцсоны үндсэн дээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн, хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон учир тухайн албан тушаалыг сул орон тоо гэж үзэх үндэслэлтэй. Түүнчлэн Булган сумын спортын төрөлжсөн сургалттай ерөнхий боловсролын сургуулийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон нь уг сул ажлын байранд сонгон шалгаруулалт явуулж захирлыг томилох зохицуулалттай холбоотой юм. Ц.Ц-г 2 жил ажиллуулаад эгүүлэн хуучин сургуульд нь томилно гэсэн ямар нэг тохиролцоо хийгдээгүй, тиймдээ ч өмнө ажиллаж байсан сургуулийн захирлын ажлаас харилцан тохиролцсоны үндсэн дээр чөлөөлж, одоо ажиллаж байгаа сургуулийн захирлын сонгон шалгаруулалтад тэнцээгүй учир түр орлон гүйцэтгэгчээр томилсон. Дээрх захирамжуудын агуулгад ч тодорхой хугацааны дараа хуучин ажилд нь эгүүлэн томилох тухай дурьдаагүй болно. Дээрх сул ажлын байруудад Монгол улсын Засгийн газрын 2018 оны 258 дугаар тогтоол, Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 06 дугаар тогтоолыг баримтлан олон нийтэд нээлттэй сонгон шалгаруулалт зохион байгуулах чиглэлийг Боловсрол, соёл, урлагийн газарт өгсөн болно. Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж хүлээн зөвшөөрөх боломжгүй байна” гэжээ.

     Хариуцагч аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч Ц.Ц нь Хялганат тосгоны бүрэн дунд сургуулийн захирлын албан тушаалаас Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1-д заасны дагуу ажлаас чөлөөлөгдөж, хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон. Ингээд Спортын төрөлжсөн сургалттай ерөнхий боловсролын сургуулийн захирлын албан тушаалд түр томилогдсон байгаа. Тухайн үед нэхэмжлэгч ажил олгогчтой харилцан тохиролцож шилжин ажилласан. Хялганат тосгоны сургуулийн захирлын албан тушаалаас чөлөөлөгдөж хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон тул тодорхой хугацааны дараа эргэн очно гэсэн ойлголт байхгүй. Хэрвээ зөвшөөрөхгүй байсан бол аймгийн Засаг даргын захирамжуудад гомдол гаргах эрх нээлттэй байсан. Тухайн үед гомдол гаргаагүй хүлээн зөвшөөрсөн атлаа одоо гомдол гаргаж байгаа нь ойлгомжгүй юм. Аймгийн Засаг даргын зүгээс нэхэмжлэгчийг Спортын төрөлжсөн сургалттай сургуулийн захирлаар шилжүүлэн томилсон байгаа. Харин тус сургуулийн захирлын ажлын байранд тухайн үед сонгон шалгаруулалт зарлаагүй, Ц шалгаруулалтад ороогүй тул түр томилсон байгаа. Хялганат тосгон бүрэн дунд сургуулийн захирлын албан тушаалаас харилцан тохиролцож чөлөөлөгдсөн ба хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон тул тухайн ажлын байр нь сул ажлын байр гэж үзнэ. Нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй” гэв.

Хариуцагч аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын дарга Б.Э шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ”Нэхэмжлэгч Ц.Ц нь Хангал сумын Хялганат тосгоны бүрэн дунд сургуулийн захирлаар ажиллаж байхад аймгийн Засаг дарга харилцан тохиролцож Хөдөлмөрийн тухай хуулийн 37.1.1 дэх заалтыг үндэслэн ажлаас чөлөөлсөн. Уг захирамжаар иргэн Ц.Ц нь тус сургуулийн захирлын үүрэгт ажлаас чөлөөлөгдсөн болохоос нөөцөд үлдсэн эргүүлж томилно, сэлгэн, шилжүүлж ажиллана гэсэн зүйл заалт байхгүй. Нэхэмжлэгчийн хувьд 2014 онд Хялганат тосгоны бүрэн дунд сургуулийн захирлын сонгон шалгаруулалтад орж тэнцэн ажиллаж байснаас бус Булган сумын спортын төрөлжсөн сургалттай ерөнхий боловсролын сургуулийн захирлын ажлын байрны сонгон шалгаруулалтад орж тэнцсэн иргэн биш юм. Төрийн үйлчилгээний албан хаагчдад сэлгэн ажиллах хуулийн зүйл заалт байхгүй байна. Дээрх хуулийн заалтыг баримтлан мөн Монгол улсын Засгийн газрын 2018 оны 258 дугаар тогтоол, Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 60 дугаар тогтоолыг баримтлан сул ажлын байруудыг олон нийтэд нээлттэй зарлан сонгон шалгаруулалт явуулсан. Спортын төрөлжсөн сургалттай ерөнхий боловсролын сургуулийн захирлын сонгон шалгаруулалтыг явуулахад ямар нэг өргөдөл авах түр орлон гүйцэтгэгчийг ажлаас чөлөөлж байж зарлах хууль эрх зүйн заалт байхгүй тул бид заавал ажиллаж байгаа албан тушаалтныг чөлөөлөх юм уу өргөдөл авах шаардлага байхгүй. Дээрх ажлын байрууд нь сул ажлын байр юм. Учир нь хөдөлмөрийн хуульд заасны дагуу чөлөөлөгдсөн хүн хэдэн жилийн дараа эргэж ажиллана гэдэг байж болохгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй“ гэв.   

ҮНДЭСЛЭХ нь:

            Булган сумын спортын төрөлжсөн сургалттай ерөнхий боловсролын сургуулийн захирал Ц.Ц-с Булган аймгийн Хангал сумын Хялганат тосгоны бүрэн дунд сургуулийн захирал, Булган сумын спортын төрөлжсөн сургалттай ерөнхий боловсролын сургуулийн захирлын албан тушаалд нээлттэй сонгон шалгаруулалт зарласныг хууль бус болсон гэж  үзэж тухайн ажлын байранд сонгон шалгаруулалт зарлах захиалга өгсөн аймгийн Засаг дарга, сонгон шалгаруулалтыг зохион байгуулах Боловсрол, соёл, урлагийн газарт тус тус холбогдуулан “дээрх ажлын байранд нээлттэй сонгон шалгаруулалт зарласныг хүчингүй болгох, 2014 онд сонгон шалгаруулалтад орж тэнцэн томилогдон ажиллаж байсан Хангал сумын Хялганат тосгоны бүрэн дунд сургуулийн захирлын албан тушаалд томилуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.  

            Шүүх уг нэхэмжлэлийг хүлээн аваад захиргааны хэрэг үүсгэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байх хугацаанд нэхэмжлэгчээс маргаан бүхий акт буюу Боловсрол, соёл, урлагийн газраас зарласан сонгон шалгаруулалт, дээрх ажлын байруудтай холбоотой үйл ажиллагаа явуулахыг түдгэлзүүлэх хүсэлт ирүүлснийг урьдчилсан хэлэлцүүлгээр хэлэлцэн 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 78 тоот шүүгчийн захирамжаар хэргийг эцэслэн шийдвэрлэж, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хугацаанд дээрх үйл ажиллагааг түдгэлзүүлсэн байна[1].

            Нэхэмжлэгчээс шүүх хуралдааны явцад “Спортын төрөлжсөн сургалттай ерөнхий боловсролын сургуулийн захирлын ажлын байранд сонгон шалгаруулалт зарласныг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан бөгөөд энэхүү татгалзал нь хэн нэгний эрх, ашиг сонирхолыг хөндөхөөргүй байх тул татгалзлыг баталж, уг шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.  

   Булган аймгийн Засаг даргаас Боловсрол, соёл, урлагийн газарт 2018 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 01/1112 дугаар албан бичгээр маргаан бүхий ажлын байруудад сонгон шалгаруулалт зарлаж, зохион байгуулах захиалгын дагуу аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын даргын 2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн А/25, 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн А/36 тоот тушаалуудаар сонгон шалгаруулалтыг зохион байгуулах ажлын хэсэг томилсон байна[2]. Дээрх шийдвэрийн дагуу Төрийн албаны зөвлөлийн Булган аймаг дахь салбар зөвлөлөөс сонгон шалгаруулалтыг 2018 оны 10 дугаар сарын 25, 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрүүдэд тус тус зохион байгуулахаар нийтэд зарлажээ[3].   

Нэхэмжлэгч дээрх захиргааны байгууллага, албан тушаалтны шийдвэрүүдийг эс зөвшөөрч гомдол гаргасан байх ба дээрх шийдвэрүүд нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасан захиргааны актад хамаарч байна.

Нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ “аймгийн Засаг даргын “Хөгжлийн хөтөч” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн захирлуудыг хооронд нь сэлгэж ажиллуулсан боловч үндсэн ажлын байрыг сул орон тоо гэж үзэж сонгон шалгаруулалт зарласан нь хууль зөрчсөн, ажил олгогчтой тохирсны үндсэнд өөр ижил албан тушаалыг түр орлон гүйцэтгэж байсан тул өөрийн үндсэн ажлын байранд эгүүлэн томилуулах” гэж тодорхойлсон.

Хариуцагч тал “ажил олгогч, ажилтан хоёр харилцан тохиролцож хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон тул тухайн ажлын байрыг сул ажлын байр гэж үзэж сонгон шалгаруулалт зарласан, төрийн үйлчилгээний албан хаагчид сэлгэн ажиллах гэсэн зохицуулалт Хөдөлмөрийн хуулинд байхгүй” гэж маргажээ.

Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд Монгол улсын иргэний эдлэх үндсэн эрхийг тунхагласан ба 4 дэх хэсэгт “ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах, цалин хөлс авах, амрах, хувийн аж ахуй эрхлэх эрхтэй. Хэнийг ч хууль бусаар албадан хөдөлмөрлүүлж болохгүй” гэжээ.

Нэг. “Хялганат тосгоны бүрэн дунд сургуулийн захирлын ажлын байрыг нийтэд нээлттэй зарласан сонгон шалгаруулалтыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагын тухайд: Нэхэмжлэгч Ц.Ц нь Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д заасан шаардлагыг хангаж, 2014 онд Боловсрол, соёл, урлагийн газраас зохион байгуулсан “Хялганат тосгоны бүрэн дунд сургуулийн захирлын ажлын байранд зарласан сонгон шалгаруулалт”-д орж тэнцэн, аймгийн Засаг даргын 2014 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн Б/107[4] дугаар захирамжаар тус сургуулийн захирлын үүрэгт ажилд томилогдон Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3 /”хөдөлмөрийн гэрээ” гэж нэг талаас ажилтан нь ажил олгогчоос хуульд нийцүүлэн тогтоосон хөдөлмөрийн дотоод журмын дагуу тодорхой ажил гүйцэтгэх, нөгөө талаас ажил олгогч нь ажилтанд хөдөлмөрийн үр дүнд тохирсон цалин хөлс олгох, хууль тогтоомж болон хамтын гэрээ хэлэлцээрт заасан хөдөлмөрийн нөхцөлөөр хангах тухай харилцан үүрэг хүлээсэн тохиролцоог ойлгоно/ -т заасны дагуу хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан нь хэрэгт авагдсан 2015[5], 2016[6] оны хөдөлмөрийн гэрээгээр тогтоогдож байна. Аймгийн Засаг дарга нэхэмжлэгч Ц.Ц нарын хооронд 2016 оны 8 дугаар сарын 30-ны өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээгээр тогтоосон хугацаа дуусахаас өмнө буюу 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдөр аймгийн Засаг даргын Б/29[7] тоот захирамжаар нэхэмжлэгч Ц.Ц-г үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. Нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн аймгийн Засаг даргын Б/29 тоот захирамж нь Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар  зүйлийн 37.1.1 /талууд харилцан тохирсон үндэслэлээр хөдөлмөрийн гэрээ дуусгавар болно/, Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15 /Аймаг, нийслэлийн Засаг дарга аймаг, нийслэлийн боловсролын газрын сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийг томилох, тэдгээрийг үр дүнгийн гэрээний хэрэгжилт болон аймаг, нийслэлийн боловсролын газрын саналыг үндэслэн чөлөөлөх бүрэн эрхтэй/, ажил олгогч, ажилтан нарын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.1 /Ажилтныг Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 37 дугаар зүйлийн 37.1 дэх заалт болон бусад хууль тогтоомжид заасан үндэслэлээр энэ гэрээнд заасан ижил албан тушаалын ажил гүйцэтгүүлэхээр өөр сургуульд шилжүүлэн ажиллуулж болно. /Боловсрол, соёл, урлагийн газартай харилцан зөвшилцсөний үндсэн дээр сургуулийн захирлыг солилцох, сэлгэн ажиллуулах//-д заасныг тус тус үндэслэн гарсан байна. 

Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15-д ерөнхий боловсролын сургуулийн захирлыг ажлаас чөлөөлөх үндэслэл нь тэдний үр дүнгийн гэрээний биелэлт болон Боловсрол, соёл, урлагийн газрын саналыг харгалзахаар заасан байх ба тухайн үед нэхэмжлэгч нь 2016 оны үр дүнгийн гэрээний биелэлтийг хангалтгүй биелүүлсэн тухай нотлох баримт байхгүй, Боловсрол, соёл, урлагийн газраас нэхэмжлэгчийг чөлөөлөх тухай саналыг аймгийн Засаг даргад ирүүлээгүй зэргээс харахад ажил олгогч ажилтан хоёр тохиролцож ажлын байрнаас чөлөөлөгдсөн гэж үзэх үндэслэлтэй.  Нэхэмжлэгч нь 2014 онд Хялганат тосгоны бүрэн дунд сургуулийн захирлаар томилогдсоноос хойш сумын Засаг даргатай үр дүнгийн гэрээг жил бүр байгуулан ажилласан байдаг ба үр дүнгийн гэрээний биелэлтийг “хангалттай сайн” үнэлүүлж, түүнд сумын Засаг даргын захирамж[8]-аар үр дүнгийн урамшуулал, ур чадварын нэмэгдэл олгож байсан байна. Мөн аймгийн Засаг даргаас ерөнхий боловсролын сургуулийн захирлын ажлыг хагас, бүтэн жил, улирлаар дүгнэж ур чадварын нэмэгдэл олгодог ба нэхэмжлэгч Ц.Ц нь ажиллаж байх хугацаандаа хийсэн ажлын тайланг хугацаанд нь хүргүүлж, тодорхой хувиар үр дүнгийн урамшуулал авч байсан нь Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн захирал, эрхлэгч нарт үр дүнгийн урамшуулал олгох тухай аймгийн Засаг даргын захирамжууд, түүний хавсралт[9]-аар тогтоогджээ. Үүнээс харахад нэхэмжлэгч Ц.Ц-г үр дүнгийн гэрээний хэрэгжилт хангалтгүй гэж Хялганат тосгоны бүрэн дунд сургуулийн захирлын ажлаас чөлөөлөөгүй, харин ажил олгогчийн зүгээс ижил төрлийн албан тушаалд ажиллах санал тавьж, нэхэмжлэгч саналыг хүлээн авснаар тэд харилцан тохиролцож хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон гэж үзэхээр байна.

Мөн ажил олгогч аймгийн Засаг дарга, ажилтан Ц.Ц нарын хооронд 2016 оны 8 дугаар сарын 30-ны өдрөөс 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдөр хүртэл 1 жилийн хугацаатайгаар байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.1-д “Ажилтныг Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 37 дугаар зүйлийн 37.1 дэх заалт болон бусад хууль тогтоомжид заасан үндэслэлээр энэ гэрээнд заасан ижил албан тушаалын ажил гүйцэтгүүлэхээр өөр сургуульд шилжүүлэн ажиллуулж болно“ гэж заасан байх ба уг заалтыг баримтлан ажилтан Ц.Ц-н хөдөлмөрийн гэрээний хугацааг дуусахаас өмнө буюу 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдөр ажлаас нь чөлөөлж, өөр ижил төрлийн албан тушаал /Булган сумын спортын төрөлжсөн сургалттай ерөнхий болосвролын сургуулийн захиралын албан тушаал/-д томилсон байна[10]. Нэхэмжлэгч энэ талаар тайлбарлахдаа “ажил олгогчийн зүгээс “Хөгжлийн хөтөч” хөтөлбөрийг хэрэгжүүлэх үүднээс надад санал тавьж, бид харилцан тохиролцож энэ ажлын байранд ажиллах саналыг хүлээн авсан” гэсэн  нь Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д заасан хөдөлмөрийн гэрээний гол нөхцөлийг ажилтан ажил олгогч хоёр харилцан тохирсон гэж үзэх үндэслэлтэй. Өөрөөр хэлбэл ажил олгогч, ажилтан хоёр харилцан үүрэг хүлээхээр байгуулсан хөдөлмөрийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.1-д заасны дагуу ижил албан тушаалын ажил гүйцэтгүүлэхээр өөр сургуулийн захиралтай солилцон, сэлгэн ажиллуулах талаар тохиролцсоноор аймгийн Засаг дарга нэхэмжлэгчийг үндсэн ажлаас нь чөлөөлж, өөртэй нь зөвшилцсөний дагуу шилжин очиж ажиллах ажлын байранд түр томилсон болох нь нотлогдож байна.    

Хариуцагч аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О-с “нэхэмжлэгчийг өөр ажил албан тушаалд шилжүүлэн ажиллуулсан” гэж маргаж байгаа боловч тухайн үед аймгийн Засаг дарга нэхэмжлэгч Ц.Ц-г өөр ижил төрлийн албан тушаалд шилжүүлэн томилсон нь нотлогдохгүй байна. Харин аймгийн Засаг дарга “Хөгжлийн хөтөч” хөтөлбөрийг хэрэгжүүлэх үүднээс ерөнхий боловсролын сургуулийн захирлуудыг хооронд нь сэлгэж ажиллуулж байгаа гэдэг нь хэрэгт авагдсан аймгийн ИТХурлын долоо дахь удаагийн сонгуулийн ээлжит 9 дүгээр хуралдааны санал шүүмжлэл, “Аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны “Хөгжлийн хөтөч” хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний биелэлт”-ийг 2017 оны жилийн эцсийн байдлаар гаргаж танилцуулсан танилцуулгын 1.1.1.5-д “Булган сумын зургаан цэцэрлэгийн эрхлэгч, Сэлэнгэ, Бугат, Хангал, Хялганат, Спортын дунд сургуулийн захирлуудыг 2016 оноос эхлэн үе шаттайгаар сэлгэн ажиллуулж байна” гэсэн нь нэр бүхий 5 сургуулийн захирлыг хооронд нь сольж, сэлгэн ажиллуулсан нь нотлогдож байна[11]. Ийнхүү хөтөлбөр хэрэгжүүлэх үүднээс сургуулийн захирлуудыг хооронд нь тодорхой хугацаагаар сэлгэж ажиллуулсан учраас сэлгэгдэн очиж байгаа ажлын байранд түр тушаалаар томилсон гэж үзэх үндэслэлтэй. Нэгэнт аймгийн Засаг даргаас боловсролын салбарт ахиц гаргах үндсэн зорилтын хүрээнд сургуулийн захирлуудыг хооронд нь сэлгэн ажиллуулах, сайн туршлагыг дэлгэрүүлэх зорилгоор хэрэгжүүлж буй хөтөлбөрийн үр дүнд өөр албан тушаалд түр томилогдон ажиллаж байгаа ажилтны үндсэн ажлын байрыг сул ажлын байр гэж үзэхгүй. Өөрөөр хэлбэл Төрийн албаны тухай хуульд тавигдах шаардлагыг хангаж, сонгон шалгаруулалтын дүнд томилогдсон албан тушаалтан ажил олгогчтой харилцан тохиролцож өөр сургуульд ижил төрлийн албан тушаалыг эрхэлж байгаа нь түүнийг анх томилогдсон ажлын байрнаас бүрмөсөн чөлөөлөгдсөнд тооцохгүй.

Хариуцагч талаас сонгон шалгаруулалтыг Засгийн газрын 258 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх үүрэг чиглэлийн дагуу Төрийн албаны зөвлөлийн 60 дугаар тогтоолд заасан журмаар зохион байгуулж байгаа гэж маргасан боловч Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 60 дугаар тогтоолоор баталсан “Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам” –ын 2.1-д “Удирдах албан тушаалд томилогдох ажилтныг томилох эрх бүхий этгээд хууль тогтоомжид заасны дагуу сул орон тоо гарснаас хойш ажлын 14 хоногийн дотор тухайн ажлын байрыг нөхөх, уг албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах захиалгыг ажлын байрны тодорхойлолтын хамт Салбар зөвлөлд болон аймаг, нийслэлийн Боловсролын газарт харъяаллын дагуу ирүүлнэ”, 1.4.3-т “Орон нутгийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтыг тухайн аймаг, нийслэлийн Боловсролын газар энэхүү журамд заасны дагуу тус тус зохион байгуулна” гэж тус тус заасантай нийцэхгүй байна. Учир нь журамд зааснаар төрийн үйлчилгээний удирдах албан тушаалтны сул орон тоог томилох эрх бүхий этгээд захиалга өгсний дагуу сонгон шалгаруулалтыг харъяа Боловсролын газар зохион байгуулахаар журамд заасан байтал Боловсрол, соёл, урлагийн газраас 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 1/181, 1/182[12] тоот албан бичгүүдээр Хялганат тосгоны бүрэн дунд сургуулийн захирлын орон тоог зарлахаар аймгийн Засаг дарга болон Төрийн албаны Булган аймаг дахь салбар зөвлөлд тус тус санал хүргүүлж, уг саналын дагуу аймгийн Засаг даргаас 2018 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр 01/1112 дугаарын албан бичгээр Хялганат тосгоны бүрэн дунд сургуулийн захирлын албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтыг зохион байгуулах чиглэлийг Боловсрол, соёл, урлагийн газарт хүргүүлсэн нь дээрх журмыг зөрчсөн байна.

 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О-с Булган аймгийн Засаг даргын зөвлөлийн 2018 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн хурлын 16 дугаартай тэмдэглэлийг шүүх хуралдаанд нотлох баримтаар гаргаж, сургуулийн захирлуудын сонгон шалгаруулалтыг зарласан талаар нэхэмжлэгч болон бусад захирлуудад мэдэгдсэн нь захиргааны байгууллага гаргах шийдвэрийн талаар оролцогчид сонсгох ажиллагааг хийсэн гэж маргаж байгаа боловч уг хуралдааны тэмдэглэлээс харахад хэлэлцэх асуудал нь сэлгэн ажиллаж байгаа 5 сургуулийн захирлын албан тушаалыг нийтэд нээллтэй зарлах сонгон шалгаруулалтын талаар бус “Сургуулийн өвөлжилтийн бэлтгэл ажил”-ын талаар хэлэлцсэн байна. Хэлэлцсэн асуудлыг шийдвэрлэхийн өмнө Засаг даргаас Засгийн газрын 258 дугаар тогтоолын талаар дурьдаад уг тогтоолтой холбогдуулан зарим захирлын албан тушаалд сонгон шалгаруулалт зохион байгуулах болсон талаар хэлсэн байх боловч хуралдааны тэмдэглэлд Хялганат тосгон, Сэлэнгэ, Хангал, Бугат, Спортын дунд сургуулийн захирлын албан тушаалыг сонгон шалгаруулалт зарлах тухай тусгагдаагүй, дээрх 5 сургуулийн захирлуудыг шалгалтанд орох талаар дурьдаагүй байна.  Энэ нь захиргааны байгууллага шийдвэр гаргахын өмнө эрх ашиг нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны байгууллагаас гарах шийдвэрийн талаар тайлбар, санал гаргах боломжийг олгоогүй, сонсох ажиллагааг явуулаагүй гэж үзнэ.  

Мөн Боловсрол, соёл, урлагийн газар нь Боловсролын тухай хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.7-д заасан “орон нутгийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн захирал, эрхлэгчийг сонгон шалгаруулах ажлыг зохион байгуулах” эрхийг хэрэгжүүлэхдээ Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйл /Нөхцөл байдлыг тогтоох/, 25 дугаар зүйл /Нотлох баримт цуглуулах/, 26 дугаар зүйл /Оролцогчийг сонсох/, 27 дугаар зүйл /Сонсох ажиллагааг явуулах/ -д тус тус заасан захиргааны байгууллагын хүлээх үүргийг биелүүлэлгүй, нэхэмжлэгчийн үндсэн ажлын байрыг сул орон тоо гэж үзэн шууд сонгон шалгаруулалт зарласан нь дээрх хууль болон Төрийн албаны зөвлөлөөс баталсан журмыг зөрчсөн байх тул Хялганат тосгоны бүрэн дунд сургуулийн захирлын ажлын байрыг нийтэд нээлттэйгээр сонгон шалгаруулахаар зарласан сонгон шалгаруулалтыг хууль бус гэж үзэж хүчингүй болгох нь зүйтэй байна.

Хоёр. “Хялганат тосгоны бүрэн дунд сургуулийн захирлын албан тушаалд эгүүлэн томилуулах” шаардлагын тухайд: Хариуцагч нарын зүгээс “төрийн үйлчилгээний албан тушаалтанд сэлгэн ажиллах гэсэн ойлголт байхгүй, Төрийн албаны тухай хуульд заасан сэлгэн ажиллах тухай зохицуулалт гагцхүү төрийн жинхэнэ албан тушаалтанд үйлчилнэ” гэж маргадаг боловч төрийн үйлчилгээний удирдах албан тушаал буюу ерөнхий боловсролын сургуулийн захирлын албан тушаалын орон тоог нийтэд нээлттэй зарлаж, сонгон шалгаруулалт явуулж байгаа үндэслэлээ Монгол улсын Засгийн газрын “Төрийн албаны сахилга, хариуцлага, дэг журмыг чангатгах тухай” 258 дугаар тогтоолын 1.5 /төрийн захиргааны төв болон төрийн захиргааны байгууллагын удирдах албан тушаалд албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байгаа удирдах албан тушаалтнуудын сонгон шалгаруулалтын захиалгыг 2018 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийн дотор Төрийн албаны зөвлөлд хүргүүлж, сонгон шалгаруулалтын дагуу удирдах албан тушаалтныг томилох/ дах заалт гэж тайлбарласан нь ойлгомжгүй байх ба хариуцагчийн тайлбарууд хоорондоо зөрчилдөж байна.  

Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5-д “Үйлчилгээний албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн эрх зүйн байдлыг Хөдөлмөрийн хууль, энэ хууль болон хууль тогтоомжийн бусад актаар тогтооно” гэж заасан бөгөөд төрийн үйлчилгээний удирдах албан тушаалтныг Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлд заасны дагуу сэлгэн ажиллуулахад харшлах зүйлгүй гэж аймгийн Засаг даргаас хэд хэдэн сургуулийн захирлуудыг хооронд нь хольж сэлгэн ажиллуулсан гэж үзэх үндэслэлтэй. Ингэхдээ харилцан үүрэг хүлээсэн хөдөлмөрийн гэрээний 3 дугаар  зүйлийн 3.1 дэх заалтыг баримталж ажлаас чөлөөлсөн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.7-д заасан “хууль тогтоомж, хамтын ба хөдөлмөрийн гэрээнд заасан тохиолдолд албан тушаалыг хэвээр хадгална” гэсний дагуу нэхэмжлэгчийн үндсэн ажлын байрыг хадгалах үүргийг ажил олгогч хүлээсэн гэж үзнэ. Учир нь нэхэмжлэгч өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөөгүйн дээр ажил олгогчтой харилцан тохиролцож, хөдөлмөрийн гэрээнд заасан заалтын дагуу өөр ажил үүргийг түр хугацаагаар гүйцэтгэж байсан нь Засаг даргын ажлаас чөлөөлсөн захирамж болон хэрэгжүүлж буй хөтөлбөр, арга хэмжээний биелэлтийн тайланд тодорхой тусгагдсанаар нотлогдож байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.3-т “хуульд заасан бусад тохиолдолд ажил олгогч нь ажилтныг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн авах үүрэгтэй” гэсэн байх бөгөөд “хуульд заасан бусад тохиолдол” гэдэгт Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.7-д заасан хөдөлмөрийн гэрээнд заасны дагуу өөрийн үндсэн ажлын байранд албан үүргээ гүйцэтгээгүй үед нь түүний ажлын байрыг хэвээр хадгалах зохицуулалтыг Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлд заасан зохицуулалттай адилтган үзэхэд харшлах зүйлгүй гэж үзлээ. Аймгийн Засаг дарга буюу ажил олгогч өөрийн мөрийн хөтөлбөр болон 2016-2020 онд хэрэгжүүлэх “Хөгжлийн хөтөч” хөтөлбөрийг боловсруулах, хэрэгжүүлэхдээ төрийн үйлчилгээний удирдах албан тушаалтан болох сургууль, цэцэрлэгийн захирал, эрхлэгч нарыг хооронд нь сольж, сэлгэн ажиллуулснаараа тэднийг Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3-т заасны дагуу урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн авах үүрэгтэй.

Нэхэмжлэгч Ц.Ц-н хувьд төрийн үйлчилгээний удирдах албан тушаалтан байх бөгөөд өмнө зарласан сонгон шалгаруулалтад орж тэнцэн, хуулийн дагуу томилогдсон албан тушаалтан байтал түүнийг ажил олгогчийн санаачилгаар өөр ижил төрлийн албан тушаалд түр томилон ажиллуулж байснаараа урьд эрхэлж байсан албан тушаалаасаа татгалзсан гэж үзэх үндэслэлгүй бөгөөд түүнийг урьд эрхэлж байсан  ажлын байранд нь эгүүлэн томилох шийдвэр гаргах нь ажил олгогчийн үүрэг тул нэхэмжлэгчийг Хялганат тосгоны бүрэн дунд сургуулийн захирлын албан тушаалд томилох шийдвэр гаргахыг хариуцагч аймгийн Засаг даргад даалгах нь зүйтэй байна.  

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1, 106.3.4, 107, 108 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, 11 дүгээр зүйлийн 11.5, Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 36 дугаар зүйлийн 36.1.3, Боловсролын тухай хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.7, 30 дугаар зүйлийн 30.1.15-д заасныг тус тус баримтлан  Боловсрол, соёл, урлагийн газраас “Хангал сумын Хялганат тосгоны бүрэн дунд сургуулийн захирлын орон тоог нийтэд нээлттэй зарлан, сонгон шалгаруулалт явуулах” шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Ц.Ц-г Булган аймгийн Хангал сумын Хялганат тосгоны бүрэн дунд сургуулийн захирлын албан тушаалд томилох шийдвэр гаргахыг Булган аймгийн Засаг дарга /З.Б/-д даалгасугай.
  2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3-д зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа “Спортын төрөлжсөн сургалттай ерөнхий боловсролын сургуулийн захирлын ажлын байрыг нээлттэй зарласан сонгон шалгаруулалт”–тай холбогдох хэсгээс татгалзсаныг баталж, уг нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.  
  3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч аймгийн Засаг дарга /З.Б/-аас 35100 /гучин таван мянга нэг зуун/ төгрөг, Боловсрол, соёл, урлагийн газрын дарга /Б.Э/-аас 35100 /гучин таван мянга нэг зуун/ төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.  
  4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.3, 108.4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч нар шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхэд  давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Б.МӨНХЖАРГАЛ

 


[1] Хавтаст хэргийн 82-84 дүгээр тал

[2] Хавтаст хэргийн 10, 29, 83 дугаар талууд

[3] Хавтаст хэргийн 6-9, 612-64 дүгээр талууд

[4] Хавтаст хэргийн 13, 56-59 дүгээр талууд

[5] Хавтаст хэргийн 14-15 дугаар тал

[6] Хавтаст хэргийн 38-40 дүгээр тал

[7] Хавтаст хэргийн 37 дугаар тал

[8] Хавтаст хэргийн 85-89 дүгээр тал

[9] Хавтаст хэргийн 101-120 дугаар тал

[10] Хавтаст хэргийн 36 дугаар тал

[11] Хавтаст хэргийн 128-130  дугаар тал

[12] Хавтаст хэргийн 26 дугаар тал