Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 2017/ДШМ/074

 

Д.Гт холбогдох эрүүгийн хэргийн тухай

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч М.Мөнхдаваа даргалж, шүүгч Д.Эрдэнэбилэг, Т.Даваасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Улсын яллагч В.Дэлгэрмаа

Шүүгдэгч  Д.Г

Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Өлзийбаяр

Нарийн бичгийн дарга Д.Сайннямбуу нарыг оролцуулан;

Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Байгалмаа даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 196 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч улсын яллагч В.Дэлгэрмаагийн бичсэн 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 40 дүгээр эсэргүүцлээр  Д.Гт холбогдох эрүүгийн 1714000400034 дугаартай хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч М.Мөнхдаваагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, Д.Г, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй

Д.Г нь 2017 оны 7 дугаар сарын 14-ний өдөр Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7/А-д заасан “Согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, мөн Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.2 дахь хэсэгт заасан “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтуудыг зөрчиж замын хөдөлгөөнд оролцсоны улмаас Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Түйн голын гүүрэн дээр сөрөг урсгалтай замд 24-97 БНА улсын дугаартай Приүс маркийн автомашин жолоодож яваад 34-54 УБО улсын дугаартай Тоёота раум маркийн авто машинтай мөргөлдсөний улмаас дотор зорчиж явсан *******ийн биед хүндэвтэр хохирол, *******, *******, ******* нарын биед хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

Баянхонгор аймгийн прокурорын газраас  Д.Гт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх: Сүх овогт Даваанямыг *******ийг согтуурсан, мансуурсан, үедээ автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас нэг хүний биед хүндэвтэр, гурван хүний биед хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2-ийн 2.1 дэх хэсэгт зааснаар  Д.Гийг тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 1 жил 6 сар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, мөн зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах, зөрчөөгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх ял оногдуулахгүй болохыг мэдэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар П.*******т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах нэмэгдэл ялын хугацааг 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн тоолж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8 дахь хэсэгт зааснаар  Д.Г нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5, 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  Д.Гт хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Улсын яллагч В.Дэлгэрмаа 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 40 дугаар эсэргүүцэлдээ: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь үндэслэлгүй байна.

Учир нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэж хуульчилсан, шүүхээс  Д.Гийг согтуурсан, мансуурсан үедээ автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцох ёстой байхад шийтгэх тогтоолд  Д.Гийг согтуурсан, мансуурсан үедээ автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас нэг хүний биед хүндэвтэр, гурван хүний биед хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь шүүхээс шүүгдэгчийг Эрүүгийн хуульд байхгүй зүйл ангиар гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна.

Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулахаар улсын яллагчийн эсэргүүцэл бичив гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор В.Дэлгэрмаа гаргасан дүгнэлтэндээ: Эсэргүүцлээ дэмжиж байгаа тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулж хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх дүгнэлтийг гаргаж байна гэв.

Шүүгдэгч  Д.Гийн өмгөөлөгч П.Өлзийбаяр тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Улсын яллагчийн бичсэн эсэргүүцлийг дэмжиж байна. Иймд шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах саналтай байна гэв.

ХЯНАВАЛ:

 Д.Г нь 2017 оны 7 дугаар сарын 14-ний өдөр Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7/А-д заасан “Согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, мөн Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.2 дахь хэсэгт заасан “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтуудыг зөрчиж замын хөдөлгөөнд оролцсоны улмаас Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Түйн голын гүүрэн дээр сөрөг урсгалтай замд 24-97 БНА улсын дугаартай Приүс маркийн автомашин жолоодож яваад 34-54 УБО улсын дугаартай Тоёота раум маркийн авто машинтай мөргөлдсөний улмаас уг тээврийн хэрэгсэл дотор зорчиж явсан *******ийн биед хүндэвтэр, *******, *******, ******* нарын биед хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 6-10-р тал/, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 11-19-р тал/, хохирогч *******, ******* /хх-ийн 28-33, 34-38-р тал/, иргэний нэхэмжлэгч *******, ******* /хх-ийн 40-41, 43-44-р тал/, гэрч *******, *******, *******, ******* /хх-ийн 45-46, 47-49, 50-52, 53-54-р тал/ нарын мэдүүлэг, *******, *******, ******* нарын биед хөнгөн гэмтэл учирсан талаар гарсан Баянхонгор аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 317, 318, 322 тоот дүгнэлтүүд /хх-ийн 62, 68, 74-р тал/, мөн хохирогч *******ийн биед “...зүүн шилбэний шаант ясны далд хугарал гэмтэл тогтоогдлоо, дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх шинжээчийн 2017 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 332 тоот дүгнэлт /хх-ийн 87-88-р тал/,  Д.Гийн биеэс авсан цусанд хийсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 7070 тоот химийн шинжээчийн “...*******ийн биеэс авсан цус гэж хаягласан цусанд 2.6 промилли спиртийн агууламж илэрсэн, цусанд илэрсэн 2.6 промилли спирт нь согтолтын хүнд зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 101-102-р тал/,  Д.Г нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн холбогдох зүйл, заалтуудыг зөрчсөний улмаас уг зам тээврийн осол гарахад шууд нөлөөлсөн болохыг тогтоосон Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 12 дугаар дүгнэлт /хх-ийн 107-108-р тал/ зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдан анхан шатны шүүх хуралдааны шатанд шинжлэн судалсан хэрэгт ач холбогдол бүхий бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулан  Д.Гт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийг зөв хэрэглэн, зөв зүйлчилсэн, анхан шатны шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн үйл баримтын талаар хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудад тулгуурлан үндэслэл бүхий дүгнэлт хийж шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Ийнхүү хэргийн үйл баримтыг тогтоосон нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, дээрх нотлох баримтуудыг цуглуулахдаа хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлаагүй, шүүхээс хууль ёсны үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчиж нотлох баримт цуглуулан бэхжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй, эдгээр нотлох баримтуудаар хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай бөгөөд үнэлэх боломжтойгоос гадна анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасантай нийцсэн байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Харин анхан шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт шүүгдэгч  Д.Гийг гэм буруутайд тооцохдоо үйлдсэн гэмт хэргийн талаар хуулийн зохих диспозицийг зөв сонгож гэм буруутайд тооцоогүй, тухайн хэрэгт холбогдолтой зарим асуудлуудыг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зохих зүйл заалтуудыг дутуу бичсэн зэрэг алдаа зөрчил гаргасан байгааг шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах замаар залруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иймд улсын яллагч В.Дэлгэрмаагийн бичсэн эсэргүүцлийн дээр дурдсан хэсгийг хүлээн авч, харин эсэргүүцлийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулж хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх гэсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн

1 дэх хэсгийн 1.4-т заасныг тус тус заасныг удирдлага

болгон ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 196 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтад “...Шүүгдэгч Сүх овогт Даваанямыг *******ийг согтуурсан, мансуурсан үедээ автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас нэг хүний биед хүндэвтэр, гурван хүний биед хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай...” гэснийг “...Шүүгдэгч Сүх овогт  Д.Гийг согтуурсан, мансуурсан үедээ автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай...” гэж өөрчилж,

Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5, 6 дахь заалтуудад “...36.8 дугаар зүйлийн...” гэсний дараа “...1 дэх хэсгийн...” гэж нэмж тус тус нэмэлт өөрчлөлт оруулж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээн, улсын яллагч В.Дэлгэрмаагийн бичсэн 2017 оны 40 дүгээр эсэргүүцлийн “...шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулж хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх...” гэснийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХДАВАА

               ШҮҮГЧИД Д.ЭРДЭНЭБИЛЭГ

                             Т.ДАВААСҮРЭН