| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лодойн Цэрэндулам |
| Хэргийн индекс | 156/2017/00122/И |
| Дугаар | 126 |
| Огноо | 2017-02-24 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2017 оны 02 сарын 24 өдөр
Дугаар 126
2017 оны 02 сарын 24 өдөр Дугаар 156/ШШ2017/00126 Хэнтий аймаг
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хэргийн индекс: 156/2017/00122/И
Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Цэрэндулам би,
Хариуцагч: Хэнтий аймгийн Батноров сумын 6 дугаар баг, Бүрдийн 7-7 тоотод оршин суух, Адуучин овогт Нэргүйн Ганзоригт холбогдох, (РД:СА 76052013)
Нэхэмжлэгч: Хэнтий аймгийн Батноров сумын “Сум хөгжүүлэх сан”-гийн нэхэмжлэлтэй,
"зээл, зээлийн хүүгийн 1 441 159 төгрөгийг гаргуулах" тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Батноров сумын “Сум хөгжүүлэх сан” нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: ... Н.Ганзориг нь 2013 оны 05 дугаар сарын 23-ны өдөр 3 000 000 төгрөгийн зээлийг 18 сарын хугацаатай, сарын 0.25 хувийн хүүтэйгээр зээлийн гэрээ байгуулж, зээлдэж авсан юм. Гэрээний хугацаа дууссан боловч зээлдэгч Н.Ганзориг нь зээлийн төлбөрөө төлж барагдуулаагүй өнөөг хүрч байна. Үндсэн зээлийн үлдэгдэл 1 370 000 төгрөг, зээлийн хүү 71 159 нийт 1 441 159 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Иймд Н.Ганзоригоос зээл, зээлийн хүүгийн 1 441 159 төгрөгийг гаргуулж, хохирлыг барагдуулж өгнө үү гэжээ. (хх-ийн тал)
Хариуцагч Н.Ганзориг нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Батноров сумын “Сум хөгжүүлэх сан”-гаас шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Би 2013 оны 05 дугаар сарын 23-ны өдөр тус сангаас 3 000 000 төгрөгийг зээлж авсан нь үнэн. Одоо үндсэн зээлийн үлдэгдэл, хүү, нийт 1 441 159 төгрөгийг 2017 оны 08 дугаар сарын 01-ний дотор төлж барагдуулна. Энэ хэрэгт маргаантай зүйл байхгүй тул өмгөөлөгч авахгүй, нэхэмжлэлтэй холбогдуулан гаргах бичгийн нотлох баримт байхгүй гэжээ. (хх-ийн тал)
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Батноров сумын “Сум хөгжүүлэх сан” нь хариуцагч Н.Ганзоригоос "зээл, зээлийн хүү, нийт 1 441 159 төгрөгийг гаргуулах”-аар шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч Н.Ганзориг нь нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хүлээн зөвшөөрч Батноров сумын “Сум хөгжүүлэх сан”-гаас нэхэмжилсэн зээл, зээлийн хүү, нийт 1 441 159 төгрөгийг 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж баталгаажуулсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол хөндөгдөөгүй, хуульд харшлахгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Хариуцагч Н.Ганзоригт холбогдох, Батноров сумын “Сум хөгжүүлэх сан”-гийн нэхэмжлэлтэй, “зээл, зээлийн хүү нийт 1 441 159 төгрөгийг гаргуулах” тухай иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Батноров сумын “Сум хөгжүүлэх сан” нь улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч Н.Ганзоригоос улсын тэмдэгтийн хураамжийн 19 004 төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлогод оруулсугай.
3. Шүүгчийн захирамжийг хариуцагч Н.Ганзориг нь 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн дотор сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан биелүүлэхийг дурьдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүгчийн захирамжид давж заалдах, хяналтын журмаар хэргийг хянуулахаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.
ШҮҮГЧ Л.ЦЭРЭНДУЛАМ