| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Буянтын Дуламсүрэн |
| Хэргийн индекс | 185/2020/0765/Э |
| Дугаар | 758 |
| Огноо | 2020-08-20 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | П.Эрдэнэбаатар |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 08 сарын 20 өдөр
Дугаар 758
2020 08 20 2020/ШЦТ/758
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Амаржаргал,
Улсын яллагч П.Эрдэнэбаатар,
Шүүгдэгч Н.Т, түүний өмгөөлөгч Г.Нарантуяа нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар,
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Тд холбогдох эрүүгийн 1909007100982 дугаартай хэргийг 2020 оны 08 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1996 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнд машин механизмын операторчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эмэг эх, эх, ах, эгчийн хамт Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Зүүнбаян-Уул 16 дугаар гудамж, 71 тоотод оршин суух,
Урьд: 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн №252 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж уг ялыг 2 жил 6 сарын хугацаагаар тэнсэж хянан харгалзсан,
Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/
Шүүгдэгч Н.Т нь 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Авлигатай Тэмцэх газрын орчим хохирогч Д.Өнөрсайханы эзэмшлийн Самсунг галакси Нөт-89 маркийн гар утсыг түүний өмсөж явсан куртикны баруун талын халааснаас хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Н.Т нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “…Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.
Эрүүгийн 1909007100982 дугаартай хэргээс:
Шүүгдэгч Н.Т мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2019 оны 02 дугаар сарын 12-ны өдөр 14 цагийн үед Авлигатай тэмцэх газрын урд талын явган хүний зам дээр урд явж байсан эмэгтэйн халаас руу гараа оруулж түүний эзэмшлийн самсунг нөт 9 маркын гар утсыг хулгайлж авсан. Уг утсыг Тэди төв дээр 600.000 төгрөгөөр үл таних хүнд зарсан. Хэд хоногийн дараа цагдаад баригдаад утас авсан чэнжээс аваад хохирогч охинд буцааж өгсөн. Харин утасны чэнж ахад 600.000 төгрөгийг буцааж өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 75-77 дугаар хуудас/,
Хохирогч Д.Өнөрсайхан мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2019 оны 02 дугаар сарын 12-ны өдөр 15 цаг 35 минутын орчим явж байгаад куртикны баруун талын халааснаасаа Самсунг Галакси Нөт-9 маркийн гар утсаа алдсан. Тухайн үед гар утсаа алдсан гэдгээ 2-3 минутын дараа мэдээд Хүүхдийн 100-д байрлах Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтсийн иргэдэд үйлчлэх төвийн хяналтын камерын бичлэгийг шүүж үзэхэд 15 цаг 41 минутын орчим намайг 20-25 орчим насны улаан хүрэн өнгийн малгайтай цамцтай хар өнгийн кепикэн малгайтай цагаан өнгийн үстэй захтай богино хиймэл арьсан наапан куртиктэй 2-3 эрэгтэй намайг дагаж байгаа бичлэг байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 29-30 дугаар хуудас/,
Мөрдөгчийн магадлагаа “...Шинжилгээний үр дүн тогтоогдсон нөхцөл байдлын талаар: ҮНЭГҮЙ.МН сайтаар нэвтэрч, ижил төрлийн хуучин, Галакси нөт-9 загварын гар утасны талаар зураг, үнэ, бусад мэдээллийг харьцуулах аргаар судлахад алдсан гэх Галакси 9 нь 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр 290.000 төгрөгийн үнэлгээтэй байгаа болохыг магадлан тогтоов...” гэжээ /хх-ийн 13-14 дүгээр хуудас/,
Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэлд /хх-ийн 15 дугаар хуудас/,
Эд зүйл буюу хохирлын мөнгө хүлээн авсан тухай тэмдэглэлд “...24 ширхэг 20.000, 24 ширхэг 5.000 төгрөгийн мөнгөн дэвсгэрт буюу нийт 600.000 төгрөгийг гарган өгснийг 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 19 цаг 22 минутанд хүлээн авав...” гэжээ /хх-ийн 24 дүгээр хуудас/,
Эд зүйл буюу хохирлын мөнгө хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэлд “...24 ширхэг 20.000, 24 ширхэг 5.000 төгрөгийн мөнгөн дэвсгэрт буюу нийт 600.000 төгрөгийг гарган өгснийг хүлээлгэн өгөв...” гэжээ /хх-ийн 25 дугаар хуудас/,
Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэлд “...Наран-Одгэрэл овогтой Тайванаас гаргаж өгсөн Самсунг галакси нөт 9 загварын хар өнгийн ямар нэгэн эвдрэл гэмтэл байхгүй гар утсыг хохирогч Доржнамжин овогтой Өнөрсайханд хүлээлгэн өгөв...” гэжээ /хх-ийн 26 дугаар хуудас/,
“Дамно” ХХК хөрөнгийн үнэлгээний тайланд “...Үнэлэгдэж буй хөрөнгө нь Samsung galaxy note 9 маркийн гар утас болно. Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 2.000.000 /хоёр сая/ төгрөгөөр үнэлэгдэв...” гэжээ /хх-ийн 67-68 дугаар хуудас/,
Гэрч М.Ганбат мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Тус өдөр 15 цагийн орчимд гурван залуу ирээд “манай эгчийн гар утас байна, бид 600.000 төгрөгөөр зарах хүсэлтэй байна” гэх үед тус утсыг 600.000 төгрөгөөр авсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 31-32 дугаар хуудас/,
Шүүгдэгч Н.Ты иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 36 дугаар хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 35 дугаар хуудас/, төрсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 37 дугаар хуудас/, Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 86-91 дүгээр хуудас/, хохирогчийн хүсэлт /хх-ийн 81 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримт шинжлэн судлав.
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Н.Т нь 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Авлигатай Тэмцэх газрын орчим хохирогч Д.Өнөрсайханы эзэмшлийн “Самсунг галакси Нөт-9” маркийн гар утсыг түүний өмсөж явсан куртикны баруун талын халааснаас хулгайлан авч 2.000.000 /хоёр сая/ төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтанд хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Д.Өнөрсайханы мэдүүлэг, “Дамно” хөрөнгийн үнэлгээний тайлан, эд зүйл хураан авч хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, гэрч М.Ганбатын мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдлоо.
Шүүгдэгчээс хохирогчийн эд хөрөнгийг нууцаар авсанаа мэдүүлсэн, хохирогчоос эд хөрөнгөө алдсаныг мэдүүлж, хохирогчид бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учирсан болохыг хөрөнгийн үнэлгээний тайлангаар тогтоосон, хохирогчийн эд зүйлийг бусдаас хураан авсан тэмдэглэл зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар шүүгдэгч Н.Ты үйлдэл нь “Хулгайлах” гэмт хэргийн шинжийг агуулсан гэж шүүх үзлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.
Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, тэрээр өөрийн гэм буруу, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирлыг буцаан төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлснийг шүүх хүлээн авч шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүх шүүгдэгч Н.Тг бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсаны улмаас бусдад бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Хохирогч Д.Өнөрсайханы “...гар утсаа буцааж авсан. Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн хүсэлтээ илэрхийлсэн /хх-ийн 81/, хохирогчоос хохирлын эд хөрөнгийг буцаан авсан болон иргэний нэхэмжлэгчид учирсан төлбөрийг төлсөн зэрэг нь хэрэгт авагдсан тэмдэглэлд тусгагдсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх шүүгдэгч Н.Тг гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид Н.Тд эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хохирогчид төлөх төлбөргүй байдлыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Н.Тд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор 248 /хоёр зуун дөчин найм/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч Н.Т нь 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдрөөс 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдөр хүртэл нийт 31 хоног цагдан хоригдсон байх ба Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 2-т заасны дагуу түүний цагдан хоригдсон хугацааны нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож /31*8=248/ 248 цагийг хасч нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдэлсэнд тооцов.
Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг дурьдлаа.
Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж амар хялбар аргаар мөнгөтэй болох гэсэн шунахай зорилго, нийгэмд зөв амьдрах зан төлөвшил дутагдсан нөхцөл байдал шалтгаалсан гэж үзэхээр байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1,4, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Н.Тг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Тг /хоёр зуун дөчин найм/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ты цагдан хоригдсон 31 хоногийн нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцон /31*8=248/ 248 цагийн ажлыг эдлэх ялаас хасч тооцон ял эдэлсэнд тооцсугай.
4. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хохирогчид төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсарган хадгалсугай.
6. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Н.Тд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДУЛАМСҮРЭН