| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Буянтын Дуламсүрэн |
| Хэргийн индекс | 185/2020/0776/Э |
| Дугаар | 763 |
| Огноо | 2020-08-26 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Я.Мөнхзаяа |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 08 сарын 26 өдөр
Дугаар 763
2020 08 26 2020/ШЦТ/763
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цогбаяр,
Улсын яллагч Я.Мөнхзаяа /томилолтоор/,
Шүүгдэгч Ж.Б түүний өмгөөлөгч П.Учралгэрэл нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.Бг холбогдох эрүүгийн 2009014701015 дугаартай хэргийг 2020 оны 08 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1984 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Төв аймгийн Угтаал суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо Цахлайн 13 дугаар гудамж 44 тоотод оршин суух, урьд:
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн №271 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн,
Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/
Шүүгдэгч Ж.Б нь 2020 оны 05 дугаар сарын 04-ны өдөр Багшийн дээд чиглэлийн автобусанд зорчиж явсан хохирогч Б.Энхмаагийн эзэмшлийн Айфоне Икс маркийн гар утсыг Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр Багшийн дээдийн их сургуулийн автобусны буудал дээр буух үед нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 1.047.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Ж.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “…Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.
Эрүүгийн 2009014701015 дугаартай хэргээс:
Шүүгдэгч Ж.Б мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Би 2020 оны 05 дугаар сарын 04-ний өглөө 08 цагийн орчимд 13-ын автобусны буудал дээрээс багшийн дээд чиглэлийн автобусанд суусан. Багшийн дээд дээр буух үед хамт буух гэж байсан эмэгтэй хүний гар утас цүнхэн дотроос нь цухуйж байхаар нь аваад буусан. Тэндээсээ такси бариад Жуков орохоор явсан. Таксинаас буугаад явж байгаад халаасаа үзэхэд гар утас алга болсон байсан. Би тухайн үед биеийн тамирын өмдтэй явж байсан ба таксинд унагасан юм шиг байна лээ. Одоогоор хохирол барагдуулсан зүйлгүй. Ажил хийж байгаа учир хохирлыг төлж барагдуулна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 24 дүгээр хуудас/,
Хохирогч Б.Энхмаа мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Би 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдөр 08 цаг 05 минутын үед Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр 13 дугаар автобусны буудлын хойд талын буудлаас 01-051 дугаартай “Мишээл” экспо чиглэлийн автобусанд суусан. Автобусан дотор явж байх үед бор царайтай 35-40 орчим насны залуу над руу хараад байхаар нь би холдсон. Тэр үед би гар утсаараа хөгжим сонсоод явж байсан бөгөөд Багшийн дээдийн автобусны буудал дээр буух гээд автобусны картаа зуруулах үед хөгжим тасарсан. Би автобуснаас буугаад тухайн хүнийг хайгаад олоогүй. Би гар утсаа 1.100.000 төгрөгөөр үнэлж байна. Гарсан хохирлоо нөхөн төлүүлэх хүсэлтэй байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 13 дугаар хуудас/,
Таньж олуулах ажиллагаа явуулсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 8-10 дугаар хуудас/,
“Дамно” ХХК хөрөнгийн үнэлгээний тайланд “...Үнэлэгдэж буй хөрөнгө нь Iphone X маркийн гар утас болно. Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 1.047.000 /нэг сая дөчин долоон мянга/ төгрөгөөр үнэлэгдэв...” гэжээ /хх-ийн 18-19 дүгээр хуудас/,
“Хаан” банк мөнгөн шилжүүлгийн баримт “...1047000 төгрөгийг Б.Энхмаад шилжүүлсэн тухай...” /хх-ийн 41 дүгээр хуудас/,
Шүүгдэгч Ж.Бийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 44 дүгээр хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 30 дугаар хуудас/, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн №271 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 37-39 дүгээр хуудас/, хохирогчийн хүсэлт /хх-ийн 40 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримт шинжлэн судлав.
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Ж.Б нь 2020 оны 05 дугаар сарын 04-ны өдөр Багшийн дээд чиглэлийн автобусанд зорчиж явсан хохирогч Б.Энхмаагийн эзэмшлийн “Айфоне Икс” маркийн гар утсыг Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр Багшийн дээдийн их сургуулийн автобусны буудал дээр буух үед нь түүний цүнхнээс хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 1.047.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтанд хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Б.Энхмаагийн мэдүүлэг, “Дамно” хөрөнгийн үнэлгээний тайлан зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдлоо.
Шүүгдэгчээс хохирогчийн эд хөрөнгийг нууцаар авсанаа мэдүүлсэн, хохирогчоос эд хөрөнгөө алдсаныг мэдүүлж, хохирогчид бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учирсан болохыг хөрөнгийн үнэлгээний тайлангаар тогтоосон, зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар шүүгдэгч Ж.Бийн үйлдэл нь “Хулгайлах” гэмт хэргийн шинжийг агуулсан гэж шүүх үзлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.
Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, тэрээр өөрийн гэм буруу, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлснийг шүүх хүлээн авч шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүх шүүгдэгч Ж.Бийг бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсаны улмаас бусдад бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Хохирогч Б.Энхмаагаас “...хохирол төлж барагдуулсан тул гомдолгүй...” гэсэн хүсэлтээ илэрхийлсэн /хх-ийн 40/, хохирогчоос хохирлын мөнгийг буцаан авсан болох нь хэрэгт авагдсан баримтанд /хх-ийн 41/ тусгагдсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх шүүгдэгч Ж.Бийг гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэхь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Ж.Бт эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хохирогчид хохирлоо нөхөн төлсөнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Ж.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэхээр шийдвэрлэв.
Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Ж.Б нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдлаа.
Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж амар хялбар аргаар мөнгөтэй болох гэсэн шунахай зорилго, нийгэмд зөв амьдрах зан төлөвшил дутагдсан нөхцөл байдал шалтгаалсан гэж үзэхээр байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1,4, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ж.Бг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Бийг /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Ж.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг тус тус дурдсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажлыг биелүүлээгүй бол биелүүлээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлын нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
5. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
6. Шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ж.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДУЛАМСҮРЭН