| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Буянтын Дуламсүрэн |
| Хэргийн индекс | 185/2020/0775/Э |
| Дугаар | 762 |
| Огноо | 2020-08-26 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | Я.Мөнхзаяа |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 08 сарын 26 өдөр
Дугаар 762
2020 08 26 2020/ШЦТ/762
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цогбаяр,
Улсын яллагч Я.Мөнхзаяа /томилолтоор/,
Шүүгдэгч Ц.М (өөрөө өөрийгөө өмгөөлж) нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар,
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Мд холбогдох эрүүгийн 2009016060990 дугаартай хэргийг 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 1965 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр төрсөн, 54 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 1, ганцаараа, Сонгинохайрхан дүүргийн 43 дугаар хороо, Алтай 4 дүгээр гудамж, 430 тоотод оршин суух, урьд:
2002 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Нийслэлийн шүүхийн 11 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 247 дугаар зүйлийн 1-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан,
Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/
Шүүгдэгч Ц.М нь Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо Номин худалдааны төвийн урд талын төв зам дээр 2020 оны 05 дугаар сарын 23-ны өдөр хохирогч Б.Энх-Амгалангийн эзэмшлийн Самсунг Эс 8 маркийн гар утсыг бусдын өмчлөл эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж 324.000 /гурван зуун хорин дөрвөн мянга/ төгрөгийн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.М мэдүүлэхдээ “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.
Эрүүгийн 2009016060990 дугаартай хэргээс:
Шүүгдэгч Ц.М мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Би тухайн өдөр өөрийн эзэмшлийн 35-71 УАА улсын дугаартай “Мазда фамила” маркын машинтайгаа явж байхад зам дээр нэг гар утас байсан. Машинууд дайрчих шахаад өнгөрч байхаар нь би хажууд нь зогсоод тухайн гар утсыг авсан. Намайг авч явж байхад тэр утсанд хоёр удаа “миний охин” гэсэн дугаараас дуудлага ирсэн. Би маргааш нь авч яваад Саппорогын тэнд гар утас засварын газар 40.000 төгрөгөөр кодыг нь гаргуулаад өөрийн сим картыг хийгээд хоёр хоног барьж байхад над руу цагдаагаас ярьсан. Би тухайн гар утсыг хүлээлгэн өгсөн. Би үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байна. Гар утсыг хүлээлгэн өгч тэр хүнийг хохиролгүй болгосон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 29-33 дугаар хуудас/,
Хохирогч Б.Энх-Амгалан мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2020 оны 05 дугаар сарын 23-ны өдөр 17 цагийн үед би Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо “Номин” худалдааны төвийн урд талын зам дээр машинаасаа буугаад мод үзэж байгаад буцаад машиндаа суусан. Миний “Самсунг эс 8” маркын гар утас алга болсон байсан. Утсаа хайж байтал нэг хүн миний машины хажуу талаас нэг юм аваад 35-71 УАА улсын дугаартай автомашинд суугаад явсан. Би хаясан гар утсаа хамгийн сүүлд машинаасаа буухдаа халаасандаа хийсэн. Машинаасаа буухдаа гээсэн байж магадгүй. Тэр хүн олж аваад явсан байх гэж бодож байна. Миний гээсэн утас “Самсунг Эс 8” маркын гар утас байсан. Би гар утсаа бүрэн бүтэн хүлээн авсан. Надад одоо ямар нэгэн гомдол санал байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 8-11 дүгээр хуудас/,
“Дамно” ХХК хөрөнгийн үнэлгээний тайланд “...Үнэлэгдэж буй хөрөнгө нь “Самсунг эс 8” загварын гар утас болно. Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 324.000 /гурван зуун хорин дөрвөн мянга/ төгрөгөөр үнэлэгдэв...” гэжээ /хх-ийн 16-17 дугаар хуудас/,
Эд зүйл хураан авсан тухай тэмдэглэлд “...Самсунг эс-8 загварын ард шил нь хагарсан, дэлгэцны баруун дээд зүүн доод баруун доод буланд дэлгэцны шил хагарсан цэнхэр өнгийн гар утас 1 ширхэгийг хураан авав...” гэжээ /хх-ийн 20 дугаар хуудас/,
Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэлд “....Самсунг эс-8 загварын хар өнгийн гар утас 1 ширхэгийг хүлээлгэн өгөв...” гэжээ /хх-ийн 21 дүгээр хуудас/,
Шүүгдэгч Ц.Мын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 36 дугаар хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 52 дугаар хуудас/, гэрлэлт цуцлалтын бүртгэлийн лавлагаа /хх-ийн 51 дүгээр хуудас/, Нийслэлийн шүүхийн 2002 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн №11 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар /хх-ийн 39-46 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Ц.М нь Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо “Номин” худалдааны төвийн урд талын төв зам дээр 2020 оны 05 дугаар сарын 23-ны өдөр хохирогч Б.Энх-Амгалангийн эзэмшлийн гээгдэл “Самсунг Эс 8” маркийн гар утсыг бусдын өмчлөл эзэмшилд байгааг мэдсээр байж өөртөө авч завшсаны улмаас 324.000 /гурван зуун хорин дөрвөн мянга/ төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Б.Энх-Амгалангийн мэдүүлэг, эд зүйл хураан авч хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар түүний гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдлоо.
Дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Ц.М нь бусдын гээгдэл эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж зохих байгууллагад мэдэгдэлгүйгээр авч, хувьдаа завшсан болох нь нотлогдсон байх ба түүний уг үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.
Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, тэрээр өөрийн гэм буруу, прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагыг сайн дураараа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршгийг буцаан нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлснийг хүлээн авч шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүх шүүгдэгч Ц.Мыг гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Хохирогч Б.Энх-Амгалангаас “...эд зүйлээ бүрэн бүтэн буцааж авсан тул ямар нэг гомдол саналгүй...” гэсэн хүсэлтээ /хх-ийн 56/ илэрхийлсэн, энэ талаар баримт хэрэгт авагдсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх шүүгдэгч Ц.Мыг гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо буцаан төлсөнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн харицлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Ц.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор болох 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгчийн цалин хөлс, бусад орлого олох боломж, нөхцлийг харгалзан торгох ялыг 3 сарын хугацаанд төлүүлэх нь зүйтэй гэж үзэв.
Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Ц.М нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдав.
Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчээс нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж амар хялбар аргаар эд хөрөнгөтэй болох гэсэн шунахай зорилго, нийгэмд зөв амьдрах зан төлөвшил хэвшээгүй нөхцөл байдал шалтгаалсан гэж үзэхээр байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1,4, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Ц.Мыг гээгдэл эд хөрөнгө бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Мыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Мад оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Шүүгдэгч Ц.М нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.М нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг дурдсугай.
6. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Мад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДУЛАМСҮРЭН