Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 08 сарын 24 өдөр

Дугаар 1534

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхбадрал,

улсын яллагч Б.Оюунцэцэг,

шүүгдэгч Б.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Мд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2006 00000 2082 дугаартай хэргийг 2020 оны 08 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн Б.М, 1983 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Хэнтий аймгийн Батноров суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Хэнтий аймгийн Батноров сум, 4 дүгээр баг, Баянбулагт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай,

Шүүгдэгч Б.М нь 2020 оны 07 дугаар сарын 11-ний өдрийн оройн 23 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэр, Дунд Дарь-Эхийн 47 дугаар гудамжны 2337 тоотод Б.Түмэнжаргалтай хувийн таарамжгүй харилцаа үүсгэн улмаар түүний толгойн үснээс гараараа зулгааж зулайн хуйхны зүүн урд хэсэгт 8х4см талбайд үсийг унагаж, зулай дагзны хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл үүсгэж, хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүгдэгч Б.М шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй, урьд үнэн зөв мэдүүлэг өгсөн, хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна”  гэв.

Хохирогч Б.Түмэнжаргал мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2020 оны 07 дугаар сарын 11-ний өдрийн 23 цагийн үед би гэр болох Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, ДДЭ-ийин 47-2337 тоот гэртээ нөхөр хүүхдүүд, ах, бэр, нарын хамт байж байхад манай ах М гэнэт сууж надтай хэрэлдээд тэгж байснаа миний үсийг зулгаасан. Миний үсийг халцартал зулгаасан байна. Манай ээжийг доромжлоод байхаар нь та бас ээжээс гараагүй юу гэж хэлэхэд босч ирээд миний үсийг зулгаасан...би бусдыг цохиж зодсон зүйл байхгүй. Харин Түмэнжаргал миний үснээс зулгаасан болохоор би болиулах гэж зүүн гарын эрхий хуруунаас нь хазаж гарыг нь тавиулсан. 0.5 литрийн савалгаатай Соёрхол нэртэй архийг М болон түүний эхнэр Нэргүй, Мөнх-Эрдэнэ бид 4 хувааж уусан. М миний толгойн үснээс зулгаагаад байхаар нь би зүүн гарын эрхий хуруунаас нь хазаж өөрөөсөө холдуулсан... ” гэх мэдүүлэг /хх-ийн 8, 12/,

Яллагдагч Б.М мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Түмэнжаргал надад хандаж намайг ядарч явахад тусалсангүй, мөнгөөр тус болдоггүй гэх мэтээр хэлээд, түүнээс болж Түмэнжаргал бид 2 хоорондоо маргалдсан. Тухайн үед би баруун гараараа Түмэнжаргалын толгойн үснээс зулгаасан ба Түмэнжаргал намайг түлхэж холдуулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 35/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №8472 тоот дүгнэлтэд: 

1. Б.Түмэнжаргалын биед зулай, дагзны хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой хуучин гэмтэл байна.

3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. гэх дүгнэлт. /хх-ийн 24/, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 32/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 29/ зэрэг нотлох баримтыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болно.

Шүүгдэгч Б.М нь 2020 оны 07 дугаар сарын 11-ний өдрийн оройн 23 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэр, Дунд Дарь-Эхийн 47 дугаар гудамжны 2337 тоотод Б.Түмэнжаргалтай хувийн таарамжгүй харилцаа үүсгэн улмаар хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь

Хохирогч Б.Түмэнжаргалын: “...2020 оны 07 дугаар сарын 11-ний өдрийн 23 цагийн үед би гэр болох Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, ДДЭ-ийин 47-2337 тоот гэртээ нөхөр хүүхдүүд, ах, бэр, нарын хамт байж байхад манай ах М гэнэт сууж надтай хэрэлдээд тэгж байснаа миний үсийг зулгаасан. Миний үсийг халцартал зулгаасан байна...” гэсэн мэдүүлэг, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

Прокуророос шүүгдэгч Б.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Иймд шүүгдэгч Б.Мд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Хохирогч Б.Түмэнжаргал нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдав.

Шүүгдэгч Б.Мд хуульд заасан ял хөнгөрүүлэх болон ял хүндрүүлэх нөхцөл байдал аль аль нь тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Б.М нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн ба түүний хувийн байдал болон прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 600.000 торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн болно. Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.

Шүүгдэгчийн цалин хөлс, орлого зэргийг харгалзан үзэж шүүхээс түүнд оногдуулсан торгох ялыг хуульд заасны дагуу 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Б.Мыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар Б.Мд 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар Б.Мд оногдуулсан торгох ялыг 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Б.М нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Б.М нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Б.Мд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.                    

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧТ.ШИНЭБАЯР