Шүүх | Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Зоригтбаатарын Ганзориг |
Хэргийн индекс | 113/2018/0013/З |
Дугаар | 113/ШШ2019/0001 |
Огноо | 2019-01-08 |
Маргааны төрөл | Газар, |
Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 01 сарын 08 өдөр
Дугаар 113/ШШ2019/0001
Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Ганзориг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны II танхимд нээлттэй хийж,
Нэхэмжлэгч: (1) У овогт А.Б (РД:), Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын 1 дүгээр баг, 7-2-24 тоотод оршин суух;
(2) Б овогт Т.Г (РД:), Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын 2 дугаар баг, Өвгөн хонхор гэх газарт оршин суух;
(3) Э овогт Г.Д (РД:), Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын 1 дүгээр баг, 6-1-6 тоотод оршин суух;
Хариуцагч: (1) Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал;
(2) Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын Засаг дарга;
Гуравдагч этгээд: “С” ХХК (РД:), Улаанбаатар хот, Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, 1-40 мянгат, 7-1 тоотод оршин байх;
“Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 05 дугаар тогтоол, Шивээговь сумын Засаг даргын 2018 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн А/70 дугаар захирамжийн 1 дэх заалтын ... 2 дугаар багт 21 дүгээр зөрлөгийн баруун урд талд 22.5 га газрыг үйлдвэрлэлийн зориулалтаар эзэмшүүлэх ... хэсэг болон 2018 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн А/95 дугаар захирамжийг тус тус хүчингүй болгуулах”[1] тухай шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А.Б, Т.Г, Г.Д, хариуцагч Шивээговь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ц.Э, түүний өмгөөлөгч бөгөөд хариуцагч Шивээговь сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Р нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Шивээговь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 05 дугаар тогтоол нь 2018 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй, иргэдийн оролцоог хангаж санал, асуулга аваагүй газрыг “С” гэх компанийн саналаар шуурхай хуралдан, үйлдвэрлэлийн зориулалтаар газар эзэмшүүлэх тогтоол гаргахдаа Монгол улсын Үндсэн хууль, Газрын тухай хууль, Байгаль орчны тухай хууль, Нийтийн сонсголын тухай хуулиуд болон бусад холбогдох тогтоомжуудыг судлах үүргээ биелүүлээгүйгээс үүдэн иргэд хоорондын маргаан үүсч, нийтлэг эрх ашиг болох эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх, түүнийг хамгаалуулах эрхүүд зөрчигдөхөд хүрээд байна.
Үүнд 1/ Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2 дахь хэсгийг зөрчин 2018 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй газар болох 21 дүгээр зөрлөгийн баруун урд талд 22.5 га газарт нүүрс баяжуулах үйлдвэрлэлийн зориулалтаар эзэмшүүлэх, ашиглуулах иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол гаргасан. 2/ Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.6, 28 дугаар зүйлийн 28.1.15 дахь хэсэг, Нийтийн сонсголын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4 дэх хэсэг, Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн албан бичгийн 2, 5, 8 дугаар заалтуудыг үл тоосон. 3/ Дээрх газар нь 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс 2045 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд олгогдсон байгаа “Э” гэх компанийн “Хүрэн дух” гэх ашиглалтын талбайтай давхцуулан олгосон нь хууль зөрчсөн үйлдэл болсон.
Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дээрх 05 дугаар тогтоолыг үндэслэн Шивээговь сумын Засаг даргын 2018 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн А/70 дугаар захирамжаар 21 дүгээр зөрлөгийн баруун урд талд үйлдвэрлэлийн зориулалтаар 22.5 га газрыг дуудлага худалдаанд оруулахаар мөн адил дээрх хуулиудыг зөрчиж захирамжилсан нь тухайн газарт нүүрс угаах, баяжуулах болон шохойн чулуу боловсруулах, гөлтгөнө тээвэрлэх үйлдвэрлэл явагдаж эхлэхэд хүрээд байна. Хэрвээ энэ газар дуудлага худалдаагаар ороод үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглагдаж эхэлвэл Шивээговь сумын салхины дээд талд байрлаж хүн болон малын эрүүл мэндэд хортойгоор нөлөөлж, малчдын малын бэлчээр мөн өвөлжөө, хаваржааны газрууд талхлагдан тоос, тоосонцор нь иргэдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж, ундны усны бохирдол үүсгэж, Хаялага нуурын усыг шугам татан авч ашиглан нуурыг усгүйдэлд хүргэж, малын бэлчээр, байгалийн тэнцвэрт байдал алдагдахад хүрэх аюул тулгараад байгаад сумын малчид, иргэд эсэргүүцэж байгаа нь Монгол улсын Үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 1, 16 дугаар зүйлийн 2 дахь зүйлд заасан нийтийн эрх ашгийг хөндөж сумын 3000 гаруй иргэн түүн дотор 21 дүгээр зөрлөгийн төмөр замчдын эрүүл мэндэд шууд ноцтойгоор нөлөөлж, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх, нөхцөл алдагдахад хүрээд байна. Энэ газрын асуудлыг асуудлыг анхан шатандаа иргэдийн оролцоотойгоор шийдүүлээгүй учир Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь хэсэгт заасанчлан захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, дээрх хууль бус тогтоол, захирамжуудыг хүчингүй болгуулахыг хүсч байна” гэжээ.
Нэхэмжлэгч нар 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: “... Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын Засаг даргын 2018 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн А/95 дугаар захирамжийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж байна. Бидний маргаантай байгаа Шивээговь сумын Засаг даргын 2018 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн А/70 дугаар захирамжийг үндэслэн 2018 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн А/95 дугаар захирамжаар олгогдсон 000310255 дугаар бүхий газрын гэрчилгээг үйлдвэрлэлийн зориулалтаар газар эзэмшүүлэхээр гарсан. “С” ХХК-ийн үйл ажиллагаа явуулж эхэлснээр олон муу үр дагаврууд бий болж, байгалийн тэнцвэр алдагдах аюул нүүрэлж болзошгүй болоод байгаад анхаарч “С” ХХК-ийн үйл ажиллагааг зогсоолгож, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ, нийгмийн нөлөөллийн үнэлгээ болон бусад хийгдэх ёстой нөлөөллийн үнэлгээг хуулийн дагуу дэс дараалалтай хийлгэсэн эсэхийг шалгуулах шаардлагатай гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж байна” гэжээ.
Хариуцагч Шивээговь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал шүүхэд гаргасан тайлбартаа: “Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2 дахь хэсэгт зааснаар сумын Засаг дарга өргөн мэдүүлсний дагуу иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хуралдаж, олонхийн шийдвэрээр тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө болон нэмэлт өөрчлөлтүүд батлагдсан. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь газар зохион байгуулалтын төлөвлөгөө болон нэмэлт өөрчлөлтүүдийг батлахдаа Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйл, Нийтийн сонсголын тухай хуулийн дагуу сонсох ажиллагаа явуулах нөхцөл байдал үүсээгүй тул сонсох ажиллагаа явуулаагүй болно. Учир нь тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглуулах газрууд нь Шивээговь сумын иргэдийн эзэмшлийн газартай давхцаагүй, тус газруудад айлын өвөлжөө, хаваржааны газар ороогүй учир хэн нэг иргэн болоод нэхэмжлэгч нарын эрх ашиг зөрчигдөөгүй гэж үзэж байна. Мөн Нийтийн сонсголын тухай хуулийн дагуу тухайн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг батлахтай холбоотойгоор иргэн болоод төлөөлөгчдөөс сонсох ажиллагаа явуулах тухай хүсэлт хуулийн дагуу ирүүлээгүй тул заавал сонсох ажиллагаа явуулах шаардлагагүй юм” гэжээ.
Хариуцагч Шивээговь сумын Засаг дарга шүүхэд гаргасан тайлбартаа: ““С” ХХК-иас ирүүлсэн албан бичиг, төсөл хөтөлбөрийг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд уламжилж ажилласан. Төслийг иргэдийн Төлөөлөгчдийн Хурал сонсгол явуулж, олонхиороо шийдвэрлэж, газар олголтыг хуулийн хүрээнд зохион байгуулахыг Засаг даргад үүрэг болгосон. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 05 дугаар тогтоолоор сумын 2018 оны газар зохион байгуулалтын тухайн жилийн төлөвлөгөөнд нэмэлтээр 2 нэгж талбарт шинээр газар эзэмшүүлэхээр батлагдсан. Үүнд сумын 2 дугаар баг, 21 дүгээр зөрлөгийн баруун урд талд 22.5 га газрыг үйлдвэрлэлийн зориулалтаар эзэмшүүлэхээр баталсан. Тухайн нэгж талбаруудад газар эзэмших, ашиглах, өмчлөх эрхийн гэрчилгээний дагуу дуудлага худалдааг сумын Засаг даргын 2018 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн А/70 дугаар захирамжаар 2 байршилд Засгийн газрын 2016 оны 10 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах журам”-ын дагуу цахим хэлбэрээр дамжуулан иргэдэд ил тод, нээлттэй 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 09.00 цагаас эхлэн 17.00 цаг хүртэл тасралтгүй зохион байгуулан ажилласан. Тус нэгж талбарын дуудлага худалдаагаар орон нутгийн орлогод 73.000.000 төгрөг оруулан дуудлага худалдааны ялагчтай гэрээ байгуулсан.
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.3 дахь хэсэгт заасан сумын Засаг даргын нийтлэг бүрэн эрхийн дагуу, өөрийн эрх хэмжэээний хүрээнд 2018 оны А/70 дугаар захирамжийг гаргаж ажилласан болно. Тус газар нь сумын хот байгуулалтын 700 га газарт хийгдсэн ерөнхий төлөвлөгөөнд хамаарахгүй газар юм. Сумын иргэд, малчин өрх бэлчээрийн газаргүй болсон зүйл байхгүй болно. Нийтийн сонсголын тухай хуульд заасан сонсгол явуулах жагсаалтад хамаарахгүй гэж үзэж байна. Манай сумын газар нутгийн 50 гаруй хувь нь ашигт малтмалын ашиглалтын талбайд хамаардаг, сумын төв нь хүртэл ашиглалтын талбайд орсон байдаг. “Э” ХХК нь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, засаг захиргаанд мэдэгдэлгүй, хууль бусаар хайгуулын зөвшөөрлөө ашиглалтын болгосон тул манай сум орон нутгийн зүгээс газар олголтоо зохион байгуулаад явахад хууль зөрчсөн зүйл байхгүй болно” гэжээ.
Хариуцагч Шивээговь сумын Засаг дарга нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагад өгсөн тайлбартаа: “Сумын Засаг дарга нь 2018 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн А/95 дугаар захирамжийг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын “сумын 2018 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлтээр газар оруулах тухай” 05 дугаар тогтоолыг үндэслэн өөрийн хуулиар олгогдсон эрх хэмжээний хүрээнд гаргасан тул хууль зөрчсөн зүйл байхгүй. Нэхэмжлэгч нэр бүхий иргэдийн зүгээс дээрх байдлаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна: 1/ 2018 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн А/95 дугаар захирамж гарснаар нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй, цаашид зөрчигдөхгүй учир нэхэмжлэл гаргах эрх бүхий этгээд гэж үзэх боломжгүй. 2/ 2018 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн А/95 дугаар захирамж гарсныг нэхэмжлэгч нар тухайн үед мэдэж байсан бөгөөд шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн. Иймд нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Гуравдагч этгээд “С” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: ““С” ХХК-ийн хууль ёсны эрх, ашиг сонирхол хөндөгдөж байна. Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын 2 дугаар баг, 21 дүгээр зөрлөгийн баруун талд 22.5 га үйлдвэрлэлийн зориулалттай газрыг дуудлага худалдаанд оролцож ялсан тул гэрээ байгуулан дуудлага худалдааны төлбөрт 73.000.000 төгрөгийг төлсөн. 2018 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн А/95 дугаар захирамж гарч, уг захирамжаар Шивээговь сумын 2 дугаар баг, 21 дүгээр зөрлөгийн баруун талд байршилтай 22.5 га газрыг үйлдвэрлэлийн зориулалтаар 15 жилийн хугацаагаар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн. Уг захирамжийн дагуу 000310255 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг авч нүүрс боловсруулах үйлдвэрийн төслийн ажил эхлээд байгаа. Уг үйлдвэр нь нүүрс боловсруулах үйлдвэр бөгөөд газар түүний хэвлийг ухах, ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулахгүй, малын бэлчээр, байгалийн тэнцвэр алдагдахад хүргэх сөрөг нөлөө бүхий үйл ажиллагаа явуулахгүй юм.
Нүүрс боловсруулах үйлдвэр ашиглалтад орсноор нэхэмжлэгч нарын ямар эрх, ашиг сонирхол хөндөгдөж, зөрчигдөж байгаа, мөн зөрчигдөх гээд байгаа нь ойлгомжгүй, тодорхойгүй мөн иргэдийн төлөөлөл гэж өөрсдийгөө нэрлэх боловч хэдэн иргэнийг ямар эрхийн үндсэн дээр төлөөлж байгаа нь тодорхойгүй бөгөөд нэхэмжлэгч нарыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нэхэмжлэл гаргах эрхтэй эсэх, уг газар олголтын улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн, зөрчигдөж болзошгүй этгээд мөн эсэхэд эргэлзээтэй байна. Иймд нэхэмжлэлийн үндсэн шаардлага болон нэмэгдүүлсэн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу цуглуулж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан тайлбартай харьцуулан дүгнэж, дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
“С” ХХК нь Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын Засаг даргад хандан, 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 18/04 дүгээр албан бичгээр “үйлдвэрлэлийн зориулалтаар газар эзэмших тухай” хүсэлт гаргасан ба Засаг даргаас уламжилсан саналын дагуу Шивээговь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 05 дугаар тогтоолоор “2 дугаар баг 21 дүгээр зөрлөгийн баруун урд талд, 22.5 га талбай бүхий газрыг үйлдвэрлэлийн зориулалтаар эзэмшүүлэх”-ээр сумын 2018 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмж тусгажээ.
Улмаар Шивээговь сумын Засаг даргын 2018 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн А/70 дугаар захирамжаар дээрх газрыг цахим дуудлага худалдааны журмаар зохион байгуулж, ялагч болсон “С” ХХК дуудлага худалдааны үнэ болох 73.000.000 төгрөгийг төлж, гэрээ байгуулснаар уг газрыг эзэмших эрхтэй болсныг сумын Засаг даргын 2018 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн А/95 дугаар захирамжаар баталгаажуулж, гэрчилгээ олгосон байна.
Нэхэмжлэгч А.Б, Т.Г, Г.Д нарын хувьд “Сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй байршилд газар олгосон, газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт оруулахдаа нийтийн сонсгол явуулж, иргэдийн оролцоог хангаагүй, газрын асуудал хариуцсан мэргэжлийн байгууллагын зөвлөмж чиглэлийг мөрдөөгүй, газар эзэмшүүлэхдээ хууль зөрчсөн”, мөн нэхэмжлэгч А.Б “сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаас төлөөлөгч миний эрхийг хангаагүй, газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт оруулах асуудлаар хуулийн хугацаанд материал тарааж танилцуулаагүй” гэж шаардлагын үндэслэлийг тодорхойлно.
Харин хариуцагч болон гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгчөөс “сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хуулиар олгосон бүрэн эрхийн дагуу, олонхын саналаар газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт оруулсан, бусдын эрх ашгийг хөндөхгүй учраас нийтийн сонсгол явуулах шаардлагагүй, “С” ХХК-д газар эзэмшүүлэхдээ Газрын тухай хуулийг зөрчөөгүй, эдгээр шийдвэрээс нэхэмжлэгч нарын эрх зөрчигдөөгүй” зэргээр татгалзлаа тодорхойлж, маргах тул эдгээр захиргааны акт, маргааны үйл баримттай холбогдуулан гаргасан тэдгээр үндэслэлд шүүхээс дараах байдлаар дүгнэлт өгөв. Үүнд:
I. “Сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй байршилд газар олгосон, төлөвлөгөөнд нэмэлт оруулахдаа нийтийн сонсгол явуулж, иргэдийн оролцоог хангаагүй” гэх нэхэмжлэгч нарын тайлбарын тухайд;
Газрын тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь газрыг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах, түүнтэй холбогдсон бусад харилцааг зохицуулахад оршино” гэж зааснаас гадна энэ харилцаанд баримтлах зарчим, газар эзэмшүүлэх нөхцөл шаардлагыг тодорхойлж, төрийн захиргааны болон нутгийн өөрөө удирдах байгууллагын хэрэгжүүлэх эрх хэмжээг тусгаснаас үзвэл газар зохион байгуулалтыг төлөвлөж, эзэмшүүлэхтэй холбоотой аливаа харилцааг энэ хуулиар нарийвчлан зохицуулсан байна.
Тухайлбал, газар зохион байгуулалтыг төлөвлөж, эзэмшүүлэх харилцаанд эдлэх сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бүрэн эрхийг тус хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2-т “тухайн шатны Засаг даргын өргөн мэдүүлсэн ... тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг хэлэлцэн батлах” гэж, сумын Засаг даргын бүрэн эрхийг 20.2.3-д “...тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төслийг тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүлэх”, 21 дүгээр зүйлийн 21.4.3-д “... сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу сумын хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэж, зохион байгуулах” гэж тус тус заажээ.
Дээрх зохицуулалтаас үзвэл, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь Засаг даргаас ирүүлсэн саналыг үндэслэн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг батлах, сумын Засаг дарга нь уг төлөвлөгөөнд тусгасан байршилд газар эзэмшүүлэх шийдвэр гаргахаар байна.
“Сумын жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг батлах” нь гагцхүү тухайн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын эдлэх, хуулиар олгосон бүрэн эрх ба төлөвлөгөөг батлах цаг хугацаа, давтамж зэргийг тогтоосон, хязгаарласан зохицуулалтыг Газрын тухай хуульд тусгайлан заагаагүй тул газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд “нэмэлт, өөрчлөлт” оруулж буй эрх бүхий этгээдийн шийдвэрийг түүний агуулгад үл хамааруулах буюу эрх зүйн үр дагаврын хувьд “батлах” гэдгээс тусад нь авч үзэх боломжгүй юм.
Хэрэгт цуглуулсан бичгийн нотлох баримтуудаар[2] “С” ХХК 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр сумын Засаг даргад хүсэлт гаргасан, сумын Засаг дарга 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд санал хүргүүлсэн, Хурлаас 2018 оны 5 дугаар сарын 15-ны өдөр газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт оруулж, 2018 оны 5 дугаар сарын 24-ний өдөр сумын Засаг дарга уг байршилд дуудлага худалдаа явуулах шийдвэр гаргасан тухай үйл баримт тогтоогдох ба энэ нь Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2, 20.2.3, 21 дүгээр зүйлийн 21.4.3-д заасантай нийцжээ.
Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт оруулсны дараа сумын Засаг дарга газар эзэмшүүлэх ажлыг зохион байгуулсан байх тул “газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй байршилд газар олгосон” гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй юм.
Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2018 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 1/428, Говьсүмбэр аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 2018 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 01/82 дугаар албан бичигт тус тус дурдсан зөвлөмж нь шатлан захирах ёсны хамаарал бүхий гүйцэтгэх эрх мэдлийн буюу нутгийн захиргааны байгууллага хооронд хүргүүлсэн чиглэл байх тул “хуульд заасан эрхийн дагуу газар зохион байгуулалтын төлөвлөгөөг баталсан” гэх хариуцагч сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тайлбарыг буруутгах үндэслэлгүй байна.
Харин сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөөг батлахдаа нийтийн сонсгол хийж, иргэдийн оролцоог хангах шаардлагатай байжээ.
Нийтийн сонсголын тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь төрийн байгууллага, албан тушаалтан энэ хуульд заасан асуудлаар нийтийн сонсголыг зохион байгуулж төрийг удирдах хэрэгт иргэдийн оролцоог хангахад оршино” гэж заасан бөгөөд 5 дугаар зүйлийн 5.1.1-д “ ... нийтийн эрх ашгийг хөндсөн асуудлаар шийдвэр гаргахын өмнө төрийн байгууллага, албан тушаалтан, иргэн, хуулийн этгээд, мэргэжлийн шинжээчээс санал сонсох, мэдээлэл авах үйл ажиллагааг” нийтийн сонсгол гэж тодорхойлжээ.
Нэхэмжлэгч нар “төлөвлөгөөнд нэмэлт оруулахдаа нийтийн сонсгол явуулж, иргэдийн саналыг аваагүй” гэх үндэслэлээ “газар зохион байгуулалт бол нийтийн эрх ашгийг хөндсөн асуудал бөгөөд төлөвлөгөөг баталсан шийдвэр нь Нийтийн сонсголын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.5-т заасан захиргааны хэм хэмжээний акт” зэргээр тайлбарлана.
Хариуцагч, түүний өмгөөлөгчийн зүгээс “газар зохион байгуулалтын төлөвлөгөөгөөр хэн нэгний эрх ашгийг хохироохгүй тул сонсгол явуулах шаардлагагүй, тус хуулийн 8 дугаар зүйлийн 8.3-д хамаарахгүй тул сонсгол явуулах үндэслэл байгаагүй” гэж маргасан.
Нийтийн сонсголын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.1.3, 4.2, 4.2.2, 6 дугаар зүйлийн 6.2.5-д зохицуулснаас үзвэл “төлөвлөлт” нь сонсголын нэг төрөл ба нутгийн өөрөө удирдах байгууллагаас хуульд заасан нийтийн ашиг сонирхлыг хөндсөн асуудлаар шийдвэр гаргахын өмнө, сонсгол явуулахдаа, тус хуулийг дагаж мөрдөхөөр хуульчилсан байна.
Газар зохион байгуулалтын төлөвлөгөө баталсан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 05 дугаар тогтоол нь Захиргааны ерөнхий хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, 65 дугаар зүйлийн 65.1, 67 дугаар зүйлийн 67.1-д заасныг хангахгүй тул захиргааны хэм хэмжээний акт болохгүй, харин тус хуулийн 73 дугаар зүйлийн 73.1, 73.1.2-т заасан “газар зохион байгуулалт, төлөвлөлт” гэдэгт хамаарах тул энэ үндэслэлээр, Нийтийн сонсголын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.5, 6.4-д заасан журмын дагуу сонсгол явуулах учиртай байна.
Учир нь газар зохион байгуулалтын төлөвлөгөө бол Монгол улсын газрын нэгдмэл сан, түүний ангилалд хамаарах газрыг ямар зориулалтаар эзэмшүүлж ашиглуулахыг тодорхойлох үндсэн баримт бичиг бөгөөд нийтийн хэрэгцээ шаардлагад тулгуурладаг тул нийтийн ашиг сонирхлыг хөндсөн асуудал мөн.
Нийтийн сонсголын тухай хуульд заасан төлөвлөлтийн сонсгол зохион байгуулах харилцаанд тус хуулийн 8 дугаар зүйлийн 8.3, 8.3.1, 8.3.2-т заасан “нутгийн өөрөө удирдах байгууллагаас ерөнхий хяналтын сонсгол заавал явуулах тохиолдол”-ыг зохицуулсан хэм хэмжээ хамаарахгүй тул хариуцагчийн өмгөөлөгчийн тайлбарыг хүлээн авах боломжгүй.
Газар зохион байгуулалтын төлөвлөгөөг батлахдаа дээр дурдсанчлан иргэдийн оролцоог хангаж, сонсох ажиллагаа явуулаагүй нь захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагаа боловч тус хуульд заасан нийтийн сонсгол явуулаагүй нь уг шийдвэрийг хүчингүй болгох эрх зүйн үр дагавар үүсгэхгүй байна. Учир нь Нийтийн сонсголын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д “Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ” гэж зааснаас өөр эрх зүйн үр дагаварыг тодорхойлсон зохицуулалтыг тус хуульд тусгаагүй байна.
II. “Газар эзэмшүүлэхдээ хууль зөрчсөн” гэх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийн тухайд;
“С” ХХК-иас 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 18/04, 2018 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 26/02 дугаар албан бичгээр Шивээговь сумын Засаг даргад гаргасан “газар эзэмших хүсэлт”-д дурдсан газар нь тус хуулийн 33.1.1-д заасан газар эзэмших зориулалт, 29.1-29.3-т заасан газар эзэмших хэмжээ-нд тус тус хамаарахгүй.
Иймд Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т “энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ ...” гэж заасны дагуу 22.5 га газрыг дуудлага худалдааны журмаар үйлдвэрлэлийн зориулалтаар эзэмшүүлсэн.
Энэ нь тус хуулийн 33 дугаар зүйлийн 33.4-д “... газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд эзэмшүүлж болохоор зааснаас бусад газарт газар эзэмшүүлэхийг хориглоно” гэж заасныг зөрчөөгүй ба 29 дүгээр зүйлийн 29.6, Засгийн газрын 2003 оны 28 дугаар тогтоолын 8 дугаар хавсралтын 6-д заасан “аж ахуйн нэгж, байгууллагад үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх зориулалтаар эзэмшүүлэх газрын дээд хэмжээ”-нд нийцжээ.
Шивээговь сумын Засаг даргын 2018 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн А/95 дугаар захирамжаар дээрх газрыг эзэмшсэн “С” ХХК нь Монгол улсад бүртгэлтэй[3] хуулийн этгээд байх бөгөөд эзэмшсэн газар нь сумын Засаг даргаас газрын дуудлага худалдаа явуулж, газар эзэмших эрх олгохоос өмнө буюу 2018 оны 5 дугаар сарын 15-ны өдөр газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан болох нь дээрх байдлаар тогтоогдоно.
Шивээговь сумын Засаг даргын Тамгын газрын 2018 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 3/654 дүгээр албан бичиг, аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 01/456 дугаар албан бичиг, тус газрын мэргэжилтэн Д.М-ийн үйлдсэн “иргэн аж ахуйн нэгжийн эзэмшиж ашиглаж буй газрын зураг”, А.Б-ийн өмчлөлийн газрын кадастрын зураг, улсын бүртгэлийн гэрчилгээ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаас[4] үзэхэд нэхэмжлэгч нарын хувьд Шивээговь сумын 2 дугаар багт Газрын тухай хуулийн дагуу эзэмшиж буй газар байхгүй болох нь нотлогдож байна.
Иймд Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.2, 31.3-т заасан газар эзэмшүүлэхэд тавигдах шаардлагыг гуравдагч этгээд болох “С” ХХК хангасан байна гэж дүгнэв.
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д “Сум, ... /–ын/ Засаг дарга ... дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 31.1.3-д “Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх, аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг хууль тогтоомжид заасны дагуу шийдвэрлэх” гэж заасныг өмнөх хэсэгт тайлбарласан Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2, 20.2.3, 21 дүгээр зүйлийн 21.4.3 дахь заалтуудтай хамтатган авч үзвэл сумын Засаг даргын 2018 оны А/70, А/95 дугаар захирамжаар “С” ХХК-д эзэмшүүлсэн газар нь “тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө”-нд тусгагдсан, газар эзэмшигч нь дээрх байдлаар тавигдах шаардлагыг хангасан, түүнд Газрын тухай хуульд заасан журмын дагуу газрыг эзэмшүүлсэн байх тул нэхэмжлэгч нарын энэ тайлбар үндэслэлгүй байна.
III. “А.Б, Т.Г, Г.Д нар нэхэмжлэгч байх шаардлагыг хангаагүй, тэдний эрх хууль ёсны ашиг сонирхол бодитоор зөрчигдөөгүй болох нь тогтоогдсон” гэх хариуцагч, гуравдагч этгээдийн татгалзлын үндэслэлийн тухайд;
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-д "нэхэмжлэл гэж хүн, ... -ээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд тусгайлан заасан бол захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдон үүссэн маргааныг шийдвэрлүүлэхээр захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг" гэж тодорхойлсон.
Өөрөөр хэлбэл, 1/ хүний хувьд захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар; 2/ нийтийн эрх ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээдээс хүрээлэн буй орчин, нийтийн эрүүл мэндийг хамгаалах асуудлаар; тус тус нэхэмжлэл гаргах эрхтэй.
Нийтийн эрх ашгийг төлөөлөх эрх бүхий этгээд гэдэгт Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3, 18.3.1, 18.3.2-т зааснаар “нэхэмжлэлийн шаардлага нь тухайн байгууллагын дүрмийн зорилгод нийцсэн, дүрмийн дагуу сүүлийн 3-аас доошгүй жил тогтвортой үйл ажиллагаа явуулсан” төрийн бус байгууллагыг ойлгох тул нэхэмжлэл гаргасан иргэд энд хамаарахгүй.
Мөн А.Б, Т.Г, Г.Д нар Шивээговь сумын буюу 2 дугаар баг дахь 21 дүгээр зөрлөгийн оршин суугчид, малчдаас Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20, 28 дугаар зүйлд заасны дагуу итгэмжлэл аваагүй, шүүхэд ирүүлээгүй ба өөрсдийн нэрийн өмнөөс нэхэмжлэл гаргасан энэ тохиолдолд бусдыг төлөөлcөн гэж үзэхгүй.
Нэхэмжлэгч нарын гаргаж ирүүлсэн “сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 05 дугаар тогтоол, сумын Засаг даргын 2018 оны А/70, А/95 дугаар захирамжийг эсэргүүцсэн иргэдийн хүсэлт”, “Хаялга нуураа хамгаалах хөдөлгөөн: гадны иргэн, хуулийн этгээдэд газар өгөхийг эсэргүүцсэн бичиг”, иргэн Ц.Т, Т.Г, Г.Ц, Р.Э нарын өргөдөл, хүсэлт зэрэг[5] нь захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд тухайн иргэдийг төлөөлөх хууль ёсны итгэмжлэл биш тул “Үндсэн хуульд заасан журамт үүргээ биелүүлж, нийгмийн сайн сайхны төлөө нутгийн иргэдийг төлөөлж нэхэмжлэл гаргасан” гэх нэхэмжлэгч нарын тайлбарыг хүлээн авах боломжгүй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1-д зааснаар “захиргааны актыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн” үндэслэлийг тодорхойлох шаардлагатай болно.
Нэхэмжлэгч нарын хувьд “Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 05 дугаар тогтоол, Шивээговь сумын Засаг даргын 2018 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн А/70, 2018 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн А/95 дугаар захирамжийг тус тус хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулж шүүх хуралдаанд “бидний эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдсөн”, А.Б-ийн хувьд нэмж “Хурлын төлөөлөгчийн хувьд Хурлын үйл ажиллагааны талаар мэдээлэл авах, санал хүсэлт өгөх эрх зөрчигдсөн” зэргээр[6] дурджээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.5-д зааснаар “нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн нэхэмжлэл гаргаж байгаа этгээдийн хувьд”, 52.5.6-д зааснаар “захиргааны хэм хэмжээний актыг хүчингүй болгуулах”-аар шаардсан тохиолдолд л “нэхэмжлэгчийн эрх, эсхүл нийтийн ашиг сонирхол зөрчигдөж болзошгүй” гэж маргах эрхтэй тул нэхэмжлэлийн өргөдөлд тодорхойлсон[7] “одоогоор хэн ч хохироогүй, “С” ХХК-ийн үйл ажиллагааны үр дагаврыг амсаагүй, үйлдвэрлэл явуулж эхэлбэл малчид, иргэд хордоно. Эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдөж болзошгүй байна” гэдэг үндэслэл “захиргааны актыг хүчингүй болгуулах” тухай энэ нэхэмжлэлийн шаардлагад хамаарахгүй.
Нэхэмжлэгч А.Б нь “Хурлын төлөөлөгчийн хувьд Хурлын үйл ажиллагааны талаар мэдээлэл авах эрх зөрчигдсөн”, “сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаас төлөөлөгч миний эрхийг хангаагүй, газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт оруулах асуудлаар хуулийн хугацаанд материал тарааж танилцуулаагүй” гэх үндэслэлийг илэрхийлэх боловч шүүх “иргэн” А.Б-ийн нэхэмжлэлээр захиргааны хэрэг үүсгэсэн тул хувь хүнийхээ хувьд эдлэх эрх зөрчигдсөн эсэхэд эрх зүйн дүгнэлт өгнө.
Шивээговь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 01, 2018 оны 05 дугаар тогтоол, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн хуралдааны 01 дүгээр тэмдэглэл зэргээс үзэхэд А.Б нь тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч бөгөөд “Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт оруулах” асуудлыг хэлэлцсэн хуралдаанд оролцсон байна.
Түүний хувьд анх шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ энэ тухай дурдсантай холбогдуулан тус шүүхийн шүүгчийн 2018 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 113/ШЗ2018/0070 дугаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулах хугацаа тогтоож, энэ талаар дүгнэлт хийж байсан[8]. Иймд А.Б-ийн иргэнийх нь хувьд хуулиар олгосон эрх зөрчигдсөн эсэх тухай маргаанд “сумын иргэдийн Төлөөлөгч”-ийн хувьд эдлэхээр хуульд заасан бүрэн эрх зөрчигдсөн эсэхийг шүүх дүгнэж шийдвэрлэхгүй тул түүний тайлбарыг хүлээн авахгүй.
Нэгтгэн дүгнэвэл, (1) Шивээговь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 05 дугаар тогтоолоор газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт оруулж, сумын Засаг даргын 2018 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн А/70, 7 дугаар сарын 02-ны өдрийн А/95 дугаар захирамжаар маргаан бүхий газрыг “С” ХХК-д эзэмшүүлсэн харилцаа нь Газрын тухай хуульд заасан холбогдох журмыг зөрчөөгүй, газар эзэмшигч нь тус хуульд заасан шаардлагыг хангасан. Нийтийн сонсгол явуулаагүй нь 05 дугаар тогтоолыг хүчингүй болгох эрх зүйн үр дагавар үүсгэхгүй.
(2) Нэхэмжлэгч А.Б, Т.Г, Г.Д нар нь сумын иргэдийг төлөөлөх эрхийг илэрхийлсэн итгэмжлэлийг ирүүлээгүй тул тэдний нэрийн өмнөөс нэхэмжлэл гаргах боломжгүй ба “маргаан бүхий захиргааны актуудыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд тэдний тодорхойлсон “зөрчигдөж болзошгүй эрх” хамаарахгүй.
(3) Нэхэмжлэгч нарын хувьд маргаан бүхий газартай эзэмшиж буй газар нь давхацсан зэргээр газар эзэмшигчийн эрх зөрчигдөөгүй, А.Б, Г.Д нарын маргаан бүхий газар байрлах Шивээговь сумын 2 дугаар багт оршин суудаггүй зэрэг үйл баримт хэрэгт цуглуулсан бичгийн нотлох баримтаар тогтоогдсон.
Үүнийг нэхэмжлэгч Т.Г-ийн “Би энэ бэлчээрийг ашигламаар байна. монгол хүнд газар өгөх юм бол эсэргүүцэхгүй, хятад хүнд газар зарах юм бол эсэргүүцээд явна”, Г.Д-ийн “... миний эрх зөрчигдөөгүй, нэхэмжлэл хангагдах юм бол захиргаа шийдвэр гаргахдаа иргэдийг сонсдог болж, зөв голдрилдоо орно”, А.Б-ийн “нэхэмжлэлийг хангавал буруу шийдвэр гаргасан дарга нарын гэм буруутайг тодорхойлно” гэх тайлбарууд[9], шүүх хуралдаанд шинжлэн судалсан бусад бичгийн нотлох баримтуудтай харьцуулан дүгнэхэд “бидний эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдсөн” гэх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзэв.
“Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг дарга нар нь “С” ХХК-ийн захиалгаар энэ газрыг олгосон” гэх нэхэмжлэгчийн, “нэхэмжлэгч нар улс төрийн зорилгоор миний нэр хүндийг унагах гэж нэхэмжлэл гаргасан” гэх хариуцагчийн тайлбарууд нь маргаж буй захиргааны актуудын үндэслэлд холбогдолгүй учир шүүх эрх зүйн дүгнэлт хийхгүй.
Мөн “нэхэмжлэлийг хангавал “С” ХХК хохирно, манай компани уг газарт маш их хөрөнгө оруулалт хийсэн” гэх хариуцагч, гуравдагч этгээдийн тайлбарыг шийдвэрийн үндэслэл болгоогүйг дурдахын сацуу энэ шийдвэр нь маргаан бүхий захиргааны актуудаас бусад захиргааны байгууллагын шийдвэр, үйл ажиллагааны талаар захиргааны хэргийн шүүхээр, бусад асуудлаар ерөнхий харьяаллын шүүхээр эрхээ хамгаалуулах нэхэмжлэгчийн эрхийг хязгаарлахгүй болохыг тэмдэглэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.3, Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2, 21 дүгээр зүйлийн 21.4.3, 33 дугаар зүйлийн 33.1.2, 33.4–т заасныг баримтлан А.Б, Т.Г, Г.Д нарын гаргасан “Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 05 дугаар тогтоол, Шивээговь сумын Засаг даргын 2018 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн А/70 дугаар захирамжийн 1 дэх заалтын ... 2 дугаар багт 21 дүгээр зөрлөгийн баруун урд талд 22.5 га газрыг үйлдвэрлэлийн зориулалтаар эзэмшүүлэх ... хэсэг болон 2018 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн А/95 дугаар захирамжийг тус тус хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсгийг баримтлан нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 114 дүгээр зүйлийн 114.1–д зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.ГАНЗОРИГ
[1] Нэхэмжлэгч нар 2019 оны 1 дүгээр сарын 08-ны өдрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “Шивээговь сумын Засаг даргын 2018 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн А/70 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагаа “тус захирамжийн 1 дэх заалтын “... 2 дугаар багт 21 дүгээр зөрлөгийн баруун урд талд 22.5 га газрыг үйлдвэрлэлийн зориулалтаар эзэмшүүлэх” хэсгийг хүчингүй болгуулах” гэж тодруулсан болно. /Хэргийн III хавтасны 17 дахь талд/
[2] Хэргийн I хавтасны 52-53, 55-56, 104, 107-108, 123-131, 157-158 дахь талд
[3] Хэргийн I хавтасны 207, 209-211 дэх талд “С” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, компанийн дүрэм авагдсан.
[4] Хэргийн I хавтасны 153-154, II хавтасны 238, 246-247
[5] Хэргийн II хавтасны 10-21, 167-169, III хавтасны 11 дэх /ар нүүрийн хамт/ талд
[6] Хэргийн III хавтасны 18, 21, 22 дахь талд авагдсан 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлд
[7] Хэргийн I хавтасны 3 дахь талд
[8] Хэргийн I хавтасны 9-10, 12-16, 123-131, 231 дэх талд
[9] Хэргийн III хавтасны 22, 29-31 дэх талд авагдсан 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлд