Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 06

 

 

 

           

 

           

 

 

 

А.Содномын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

            Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг  шүүгч М.Нямбаяр даргалж, шүүгч Д.Көбеш, шүүгч Д.Жамбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй хийж, Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн  2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 45 дугаар шийдвэртэй, Увс аймгийн Улаангом сумын 6 дугаар багт оршин суух, Бөөгүүд овогтой Амирдагвын Содномын нэхэмжлэлтэй, хариуцагч Увс аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газарт холбогдох иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Жамбалсүрэнгийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч А.Содном, түүний өмгөөлөгч Д.Дамдинсүрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн  төлөөлөгч Ц.Дэжидмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Жаргалсайхан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлага: Ажилд эгүүлэн тогтоолгох тухай.

 

Нэхэмжлэлийн агуулга: “Би 2013 оны 7 дугаар сард Увс аймгийн Нийгмийн халамж үйлчилгээний хэлтсийн сахиулын ажилд орсон ба давхар слессарийн ажил хийдэг байсан. 2015 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр тус байгууллага нь дулааны шугамд холбогдож, 4 харуулын орон тоо гарч, би харуулаар ажиллах болсон. Увс аймгийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтэс нь Увс аймгийн Хөдөлмөрийн хэлтэстэй нэгдэж, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар болсон бөгөөд тус газрын дарга Д.Цогт-Очир 2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр надад 219 тоот мэдэгдлийг ирүүлсэн. Уг мэдэгдэлд миний орон тоо цөөрсөн учраас 11 дүгээр сарын 03-ны өдрөөс эхлэн ажлаас чөлөөлөх тухай мэдэгдэл байсан. Ингээд намайг ажлаас халж, миний ажлын байранд Цэдэн-Иш гэдэг хүнийг ажилд авсан байна. Иймд Увс аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын дарга Хөдөлмөрийн хууль зөрчиж, өөр ажилтан авсан учир тус газрын даргын 2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 219 тоот мэдэгдэл, 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн Б/51 тоот тушаал зэргийг хүчингүй болгож, намайг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож өгнө үү.” гэжээ.

 

Хариуцагчийн тайлбарын агуулга: “Нийгмийн халамж үйлчилгээний хэлтэст харуулаар ажиллаж байсан А.Содном нь намайг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргаар томилогдон ирж ажиллахаас өмнө 2016 оны 8 дугаар сарын 17-ны өдөр Нийгмийн халамж үйлчилгээний хэлтсийн даргын Б/28 тоот тушаалаар үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн байсан. А.Содном нь тус хэлтэс татан буугдаж, ажлаас чөлөөлөгдсөн тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.3-т зааснаар А.Содномтой байгуулсан хөдөлмөрийн гэрээ цуцлагдсан гэж үзэх үндэслэлтэй. Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн Б/51 тоот тушаал нь А.Содномыг ажлаас чөлөөлсөн тушаал биш, харин ажлаас чөлөөлөгдөсний тэтгэмж олгох тухай тушаал юм. А.Содном сахиулаар ажиллаж байх хугацаандаа буюу эд хөрөнгө хадгалж, хамгаалах үүргийг хүлээж байхдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасныг зөрчиж байсан тул харуулын үүрэгт ажилд тэнцэхгүй гэж үзэж ажилд томилохоос татгалзсан. Иймд А.Содномын нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй .” гэжээ.

 

Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 45 дугаар шийдвэрээр: “1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар Увс аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 219 тоот мэдэгдэл, 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн Б/51 тоот тушаалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэгч А.Содномыг Увс аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын үйлчилгээний ажилтан буюу харуулын үүрэгт ажилд эгүүлэн тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч А.Содном нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, хариуцагч Увс аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулж Увс аймгийн Төрийн сангийн 150000941 тоот дансанд оруулсугай.” гэж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн давж заалдах гомдлын агуулга: “Иргэний хэргийн анхан шатны шүүх нь А.Содномд тэтгэмж олгох тухай Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн Б/51 тоот тушаалаар ажлаас халсан гэж үзэж иргэний хэрэг үүсгэн шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. А.Содном ажлаас чөлөөлөгдөсний тэтгэмжээ авсан бөгөөд энэ нь ажлаас чөлөөлөгдсөн болохоо өөрөө хүлээн зөвшөөрч байгаа хэрэг юм. Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын даргын “А.Содномд тэтгэмж олгох тухай”  Б/51 тоот тушаал нь агуулгын хувьд захиргааны акт гэж үзэх үндэслэл бий. Захиргааны актыг илт хууль бус гэж үзэж хүчингүй болгох нь иргэний хэргийн анхан шатны шүүхэд харьяалах маргаан биш. А.Содном нь Нийгмийн халамжийн үйлчилгээний хэлтэст сахиулаар байнгын ажлын байранд ажиллаж байгаад 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс үүрэгт ажлаас чөлөөлөгдөж мөн өдрөөс харуулаар ажилласан гэх боловч Нийгмийн халамжийн үйлчилгээний хэлтэст харуулын орон тоо байхгүй байсан бөгөөд одоо ч байхгүй.  Нийгмийн халамжийн үйлчилгээний хэлтэс 2015 оны 11 дүгээр сард нийтийн халаалтад холбогдож галчгүй ажиллах болсон. Иймд халаалтын улиралд ажилладаг 4 галчтай тохиролцсоны үндсэн дээр ТҮ-2 зэрэглэлийн шатлалаас ТҮ-1 зэрэглэлийн шатлалаар цалинжуулж, халаалтын хугацаанд харуулаар ажиллуулаад зуны улиралд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцон ажиллаагүй хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нь байгууллагаас төлдөг. А.Содномын тухайд 2016 оны 07 дугаар сард 192.000 төгрөгөөр тооцож байгууллагаас 21.120 төгрөг дээрх журмаар төлсөн байдаг нь энэ нь байнгын ажпын байр биш гэдэг нь нотлогдож байгаа. Байнгын ажлын байр биш учир хөдөлмөрийн гэрээг талууд хугацаатай байгуулсан. А.Содномтой байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацаа 2016 оны 11 дүгээр сарын 02-нд дууссан тул А.Содномыг ажилд эгүүлэн тогтоосон анхан шатны шүүхийн шийдвэр  хууль зүйн үндэслэлгүй байна.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байх ба шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагад нийцжээ.

 

Хөдөлмөрийн тухай хууль зөрчин гаргасан “Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн Б/51 дүгээр тушаал, 2016 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 219 дүгээр мэдэгдлийг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоолгохыг хүссэн” А.Содномын нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 45 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн төлөөлөгч Д.Цогт-очир давж заалдах гомдол гаргажээ.

 

Нэхэмжлэгч А.Содномыг ажлаас чөлөөлсөн тушаал гаргахгүйгээр түүнд ажлаас чөлөөлөгдсөний нэг удаагийн тэтгэмжийг олгох тухай Увс аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн Б/51 дүгээр тушаалаар /хэргийн 26 дугаар тал/ 1 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний олговор олгож, хөдөлмөрийн харилцааг захиргааны санаачилгаар дуусгавар болгосон нь үндэслэлгүй байна.

 

Увс аймгийн Нийгмийн халамж үйлчилгээний хэлтсийн даргын 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн Б/28 дугаар тушаалын /хэргийн 23 дугаар тал/ хавсралтад дурдсан нэр бүхий ажилтнуудыг 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлж шинэчлэн байгуулагдсан Хөдөлмөр, халамж үйлчилгээний газарт цалингийн сангийн хамт шилжүүлсэн нь зохигчдын дунд үүссэн хөдөлмөрийг харилцааг дуусгавар болох үндэслэл болохгүй ба ажил олгогчоос А.Содномтой байгуулсан хөдөлмөрийн гэрээний /хэргийн 9-10 дугаар тал/ 13-т “хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусмагц талууд түүнийг цуцлах санал тавиагүй бол гэрээ анх заасан хугацаагаар сунгагдсанд тооцох”-оор заажээ.

 

Ажил олгогчоос  хөдөлмөрийн гэрээнд заасан хугацаа  дуусаагүй, мөн хөдөлмөрийн гэрээнд байгуулага шинэчлэгдэн зохион байгуулагдсан тохиолдолд хөдөлмөрийн гэрээг дуусгавар болох нөхцлийг хөдөлмөрийн гэрээнд тусгаагүй  үед А.Содномд 2016 оны  09 дүгээр сарын 21-ний өдөр “хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай” мэдэгдэл хүлээлгэн өгсөн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, болон хөдөлмөрийн гэрээний 12,13 дахь заалтуудыг зөрчжээ.

 

Хөдөлмөр, Халамжийн Үйлчилгээний Ерөнхий Газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Б/12 тушаалын хавсралтаар Увс аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын бүтэц, орон тоог батлахдаа үйлчилгээний ажилтныг 4 гэж тогтоосон байна. Тус орон тоонд урьд ажиллаж байсан ажилтнуудыг ажилд нь хэвээр үлдээх болон шинээр хөдөлмөрийн гэрээ байгуулж авсан  ажилтнуудыг ямар шалгуураар тухайн ажилд  авсан нь тодорхойгүй, хэрэгт үүнийг нотолсон баримт авагдаагүй байна.

 

Хариуцагчийн давж заалдах гомдолд дурдсан “Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн Б/51 тоот тушаал нь захиргааны акт тул захиргааны хэргийн шүүх шийдвэрлэх харьяалалтай хэргийг иргэний хэргийн шүүх шийдвэрлэж харьяалал зөрчсөн, А.Содномын ажлын байр нь байнгын ажлын байр биш гэх үндэслэлүүд нь нотлох баримтаар тогтоогдохгүй байна.

Хариуцагчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож,Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 45 дугаар шийдвэрийг хэвээр үлдээх үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т заасан үндэслэлээр хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн  167.1.1-т  заасныг удирдлага болгож, ТОГТООХ нь:

1. Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны  2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 45 дугаар шийдвэрийг хэвээр  үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч Увс аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газар нь давж заалдах гомдол гаргахдаа төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар  давж заалдах шатны “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” үндэслэлүүдээр зохигч,гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн иргэний хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     М.НЯМБАЯР                        

ШҮҮГЧИД                                                       Д.КӨБЕШ

 

Д.ЖАМБАЛСҮРЭН