Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 2020/ШЦТ/121

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч Ч.Байгалмаа даргалж

Улсын яллагч: В.Дэлгэрмаа

Нарийн бичгийн дарга Ж.Чимэддорж

Шүүгдэгч Б.Д, түүний өмгөөлөгч Г.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар шүүгдэгч Б.Д т холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ******* дугаартай хэргийг 2020 оны 03 дугаар сарын 26-ний өдөр  хүлээн авч хянан хэлэлцэв.     

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1998 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Баянхонгор аймгийн ******* суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Д нь 2019 оны 11 дүгээр сарын 27-наас 2019 оны 11 дүгээр сарын 28-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Баянхонгор сумын нутаг дэвсгэрт байрлах ******* гаднах авто тээврийн хэрэгслийн зогсоолд байсан Г.******* эзэмшлийн ******* улсын дугаартай авто тээврийн хэрэгслийн цонхыг хагалж эд зүйл хулгайлан бусдад 305.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь :            

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 

Шүүгдэгч Б.Д ын мөрдөн байцаалтанд өгсөн

... Би 2019 оны 11 дүгээр сарын 27-ны өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 28-нд шилжих шөнийн 01 цагийн үед Баянхонгор аймгийн Баянхонгор сум нутаг ******* ар талын орон сууцны хажууд зогсоолд эхнэртээ чи машин дотроо сууж байгаарай гэж хэлчихээд машинаас гарч орон сууцны гадна авто зогсоолд дээр очоод цагаан өнгийн истана маркийн авто машины хаалгыг татсан чинь онгойгоогүй тэгээд урд талын копудыг нь татсан чинь онгойхгүй урд талын хуванцар нүүрэвч нь хагарчихсан. Тэгээд жолоочийн ар талын цонхыг хагалаад дотроос нь аккумлятор дугуй хийлдэг цахилгаан насос, МР 3 тоглуулагч удирдлагын хамт, утас цэнэглэгч, эвхдэг жижиг хутга, олон салаа утас цэнэглэгч залгуур зэрэг эд зүйлийг аваад машиндаа буцаж суугаад гэртээ очиж амарсан...Миний хувьд тухайн тээрийн хэрэгслийн цонхийг хагалж ороод дотроос нь эд зүйл хулгайлсан нь үнэн....гэх мэдүүлэг /хх-ийн 72, 132-133/,

Хохирогч Г.Ц огтын мөрдөн байцаалтанд өгсөн

 ... шөнийн 01 цагийн үед цонх онгорхой байсан чинь хүн хөөе машинаас юм хулгай хийгээд зугтаачихлаа гэж орилсон. Тэгээд би тагтан дээрээ гараад өөрийнхөө машиныг харсан чинь ямар нэгэн хүн харагдахгүй байсан. Би унтах гээд хэвтэж байтал дээд давхрын С.Б манайд орж ирээд таны машин руу хүн ороод юм аваад зугтаачихлаа гэж хэлсэн. Би тэр залуутай хамт гараад харсан чинь миний эзэмшлийн ******* улсын дугаартай авто машины зөв талын жолоочийн арын цонхны шилийг хагалсан байсан бөгөөд цонхоор харахад авто машины аккумлятор алга болчихсон харагдсан... гэх мэдүүлэг /хх-ийн 49/

Насанд хүрээгүй гэрч Н.Ү гийн мөрдөн байцаалтанд өгсөн

 ...2019 оны 11 дүгээр сарын 27-ны өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 28-нд шилжих шөнө 01 цагийн үед манай найз банди Б.Д бид хоёр таксинд явахаар манай төрсөн эгч Н.Л ийн эзэмшлийн автомашинтай аймгийн төвөөр жоохон явсан чинь таксинд суух хүн олдохгүй байсан бид хоёр шөнийн 02 цагт Улаанбаатараас ирэх автобусыг тосож таксинд явдаг юм билүү гээд байж байтал Б.Д Баянхонгор аймгийн Баянхонгор сумын нутаг ******* араар тойрч зогсоод буух гэхээр нь би чи хаачих гэж байгаа юм гэхэд тэрээр чи машиндаа байж байгаарай гэж хэлээд буугаад явчихсан. Би машиндаа байж байтал 20 орчим минутын дараа Б.Д нь нэг аккумлятор бас нэг хар ууттай зүйл авч орж ирсэн тэр хөөе гээд хүн дуугарах шиг болсон ... гэх мэдүүлэг /хх-ийн 54-55/,

Гэрч С.******* мөрдөн байцаалтанд өгсөн

 ... гэртээ байж байтал шөнийн 01 цагийн үед гадаа цонх хагарах чимээ гарахаар нь би тагтан дээрээ гарч харсан чинь байрын авто машины зогсоол дээр байсан  доод  айлын Г.Цгуайн машинд жижиг гэрэл асаад хүн байгаа бололтой байсан. Тэгээд харж байсан чинь дотроос нь нэг хүн юм аваад гарч байхаар нь хөөе чи юун хүн гэхэд тэрээр тоохгүй цаашаа яваад жижиг суудлын машинд суугаад явчихсан. Гадаа харанхуй байсан болохоор тухайн хүнийг царай төрх, хувцас хунарыг нь сайн харж чадаагүй, эрэгтэй хүн  байсан би шууд доошоо буугаад Г.Цахынд орж хэлээд түүний хамт гарч машин дээр нь очсон чинь машиныг нь жолоочийн арын цонхыг нь хагалсан байсан. Г.Цах машин дотор эд зүйлээ үзээд аккумлятор болон өөр бусад зүйлүүд алга байна гэж байсан ... гэх мэдүүлэг /хх-ийн 57/

Баянхонгор аймгийн “Энх нахиа” ХХК-ны шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн № 627 дугаар шинжээчийн... хулгайлсан эд зүйлийн зах зээлийн үнэ ханш нь нийт 305 000 төгрөгийн үнэтэй болохыг тогтоосон... гэх дүгнэлт /хх-ийн 65/

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол, / хх-ийн 1-2/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх-ийн 12-15/, камерийн бичлэгт үзлэг хйисэн тэмдэглэл / хх-ийн 16-17/, эд зүйл, баримт бичгийг хураан авсан тухай тэмдэглэл / хх-ийн 27-28/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл / хх-ийн 30-31, 38/, эд хөрөнгө битүүмжлэх тогтоол,тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/ хх-ийн 42-43/,иргэний үнэмлэхний лавлагаа / хх-ийн 74-75/, шүүгдэгч Б.Дын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах / хх-ийн 88-89/, шүүгдэгч Б.Дын хувийн байдалтай холбоотой баримт / хх-ийн 77-89 /зэрэг болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.   

Баянхонгор аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Дд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч болон арван зургаан насанд хүргээгүй хохирогч, арван зургаан насанд хүргээгүй гэрч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

Хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууц , хууль бусаар  бүр мөсөн үнэ төлбөргүйгээр эзэшилдээ авч, өөрийн болгон захиран зарцуулах боломж бүрдүүлсэнээр төгссөнд тооцдог.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас үзэхэд

шүүгдэгч Б.Д нь 2019 оны 11 дүгээр сарын 27-наас 2019 оны 11 дүгээр сарын 28-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Баянхонгор сумын нутаг дэвсгэрт байрлах ******* гаднах авто тээврийн хэрэгслийн зогсоолд байсан Г.******* эзэмшлийн ******* улсын дугаартай авто тээврийн хэрэгслийн цонхыг хагалж эд зүйл хулгайлан бусдад 305.000 төгрөгийн учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь

Шүүгдэгч Б.Дын... истана маркийн авто машины хаалгыг татсан чинь онгойгоогүй урд талын копудыг нь татсан чинь онгойхгүй, ...жолоочийн ар талын цонхыг хагалаад дотроос нь аккумлятор дугуй хийлдэг цахилгаан насос, МР 3 тоглуулагч удирдлагын хамт, утас цэнэглэгч, эвхдэг жижиг хутга, олон салаа утас цэнэглэгч залгуур зэрэг эд зүйлийг авсан..гэх мэдүүлэг /хх-ийн 72, 132-133/,

Хохирогч Г.*******...С.Бманайд орж ирээд таны машин руу хүн ороод юм аваад зугтаачихлаа гэж хэлсэн гараад харсан чинь миний эзэмшлийн ******* улсын дугаартай авто машины зөв талын жолоочийн арын цонхны шилийг хагалсан цонхоор харахад авто машины аккумлятор алга болчихсон харагдсан... гэх мэдүүлэг /хх-ийн 49/

Насанд хүрээгүй гэрч Н.Ү... Б.Д Баянхонгор аймгийн Баянхонгор сумын нутаг ******* араар тойрч зогсоод чи машиндаа байж байгаарай гэж хэлээд буугаад явчихсан,...20 орчим минутын дараа Б.Д нь нэг аккумлятор бас нэг хар ууттай зүйл авч орж ирсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 54-55/,

Гэрч С.******* ... гадаа цонх хагарах чимээ гарахаар нь тагтан дээрээ гарч харсан чинь байрын авто машины зогсоол дээр байсан Г.Цгуайн машинд жижиг гэрэл асаад хүн байгаа бололтой дотроос нь нэг хүн юм аваад гарч цаашаа яваад жижиг суудлын машинд суугаад явчихсан... гэсэн мэдүүлэг /хх-ийн 57/

Баянхонгор аймгийн “Энх нахиа” ХХК-ний шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн №627 дугаар шинжээчийн ... хулгайлсан эд зүйлийн зах зээлийн үнэ ханш нь нийт 305 000 төгрөгийн үнэтэй болохыг тогтоосон дүгнэлт /хх-ийн 65/  зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.Д нь 2019 оны 11 дүгээр сарын 27-наас 2019 оны 11 дүгээр сарын 28-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Баянхонгор сумын нутаг дэвсгэрт байрлах ******* гаднах авто тээврийн хэрэгслийн зогсоолд байсан Г.******* эзэмшлийн ******* улсын дугаартай авто тээврийн хэрэгслийн цонхыг хагалж эд зүйл хулгайлан бусдад 305.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл, шүүгдэгчийн хулгай хийсэн обьект нь хүн тээвэрлэх зориулсан суудлын автомашин бөгөөд бусдын хадлагаас хамгаалсан зориулалтын цоож бэхэлгээтэй, хохирогч эд хөрөнгөө түр хадгалахаар уг автомашинд үлдээсэн байхад нь цонхны шилийг нь хагалж дотроос нь эд зүйл хулгайлсан нь хэргийн үйл баримтаар тогтоогдсон тул дээрх шүүгдэгчийн үйлдэл тусгайлан хамгаалсан агуулахад нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Уг гэмт хэргийн хохирогч Г.Ц хулгайд алдагдсан эд зүйл болох нийт  405000 төгрөгөөр үнэлсэн эд зүйлийн үнэлгээ баримт хэрэгт авагдсан ба уг үнэлгээний талаар хохирогч, шүүгдэгч хэн аль нь маргаагүй, шүүгдэгч Б.Д нь  бусдын эд зүйлийг хулгайлж авсан өөрийн үйлдлийг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.

Шүүгдэгч Б.Д нь хохирогч Г.Ц хулгайд алдагдсан 100 ампертай аккумлятор, мрз хөгжим, гар  утас цэнэглэгч, цахилгаан ноцосс  зэргийг буцааж өгсөн / хх-ийн 30-31/,  гэмт хэргийн улмаас болон машинд учирсан учирсан хохирлыг барагдуулсан,  хохирогч Г.Цнь нэхэмжлэх зүйлгүй  талаар илэрхийлсэн байх тул шүүгдэгчийн бусдад төлөх төлбөргүй, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлж арилгасан гэж үзнэ.

Шүүгдэгч Б.Д нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй байна.

Шүүгдэгч Б.Д нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлж барагдуулсан зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. 

Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Д д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч Б.Д ыг тусгайлан хамгаалсан агуулахад  нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр  нууцаар хууль бусаар авсан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм бурутайд тооцож, хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч Б.Д д ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 1-т заасан “… гэмт хэрэг түүнд хүлээлгэх хариуцлагыг энэ хуулиар тодорхойлно…” мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-т заасан “… Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна…” гэсэн хууль ёсны болон шударга ёсны зарчмуудыг баримталж, шүүхээс шүүгдэгч Б.Д ын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдлыг харгалзан хэргийн хэмжээний дотор ял шийтгэлийг оногдуулах бөгөөд тэрээр хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг биет байдлаар нь нөхөн төлж барагдуулсан зэргийг харгалзан тухайн зүйл ангид заасан хорих ялын  доод хэмжээгээр ял оногдуулж,  шүүгдэгчийн эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Б.Д ын 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 29-ны өдрийг хүртэл баривчлагдсан нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож эдлэх ялаас хасч шийдвэрлэх нь зүйтэй байна.   

Хохирол нөхөн төлүүлэх зорилгоор шүүгдэгч Б.Д ын эзэмшлийн ....Samsung маркийн гар утас...ыг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх прокурорын тогтоолыг хүчингүй болгож, дээрх зүйлсийг хэрэгцээний дагуу Б.Д д буцаан олгож, шүүгдэгч Б.Д нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй  болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 , 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн  3.1,  36.8, 36.10-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч овогт Б.Д ыг тусгайлан хамгаалсан агуулахад нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр  нууцаар хууль бусаар авсан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар шүүгдэгч Б.Дыг 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-т зааснаар шүүгдэгч Б.Дт оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч Б.Д ын баривчлагдсан нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож эдлэх ялаас хассугай.  

5. Шүүгдэгч Б.Д ын эзэмшлийн ....Samsung маркийн гар утас битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, дээрх зүйлсийг хэрэгцээний дагуу Б.Дд буцаан олгосугай.

6. Шүүгдэгч Б.Д нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй,  хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй  болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч Б.Д д хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрөөс эхлэн тоолсугай.

8.Шийтгэх тогтоол уншиж  сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор   Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Д т хэрэглэсэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Ч.БАЙГАЛМАА